Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Оюунжаргал: Иргэдийг орон сууцжуулах шинэ хөтөлбөрийг дөрөвдүгээр сард батлахаар төлөвлөсөн

Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг шинэчилсэн хувилбараар хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн.  Бэлтгэл ажлаа ч хангаж байгааг албаныхан хэлж байсан. Тэгвэл эл хөтөлбөр хэзээ хэрэгжих талаар Орон сууц санхүүжилтийн корпорацын дэд захирал Д.Оюунжаргалтай ярилцлаа.

-Иргэдийг орон сууцжуу­лах хөтөлбөрийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Иргэдийг орон сууцжуу­лах тухайлсан шинэ хөтөлбөр боловсруулан гаргахаар ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Удахгүй иргэдийг орон сууцжуулах үндэсний хорооноос зээлийн шинэ механизмыг гаргана. Бидний хувьд аль ч Засгийн газрын үед улс төр, намаас үл хамааран урт хугацаанд тогтвортой хэрэгжих хөтөлбөр боловсруулна гэсэн зорилт тавьсан юм. Учир нь, өмнөх Засгийн үед бэлтгэл ажлаа бүрэн хангахгүйгээр хөтөлбөр зарласан нь төр, иргэнээ ч хүндхэн байдалд оруулсан. Тиймээс ийм  байдлыг дахин давтахгүйн тулд ажиллаж байна даа.

-Урт хугацааны тогтвор­той хэрэгжих нөхцөлийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна гэхээр хэзээнээс хэрэгжинэ гэсэн үг вэ?
-Тун удахгүй. Дөрөвдүгээр сард хөтөлбөр батлагдах ёстой. БХБЯ, Монголбанк орон сууцны зээлийн санхүүжилтэд эхний ээлжинд шаардлагатай 800 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж, санамж бичиг байгуулсан.  Харин эл санхүүжилтийг ямар механизм, ямар байгууллагаар дамжуулан олгох вэ гэдгийг Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрөөр батална. Түүнчлэн 800 тэрбум төгрөг дээр Чингис бондын эх үүсвэр нэмэгдэнэ. Арилжааны банкууд ч гэсэн өөрийн эх үүсвэрээ гаргах юм. Тийм учраас орон сууцны зээлийн эх үүсвэр цаашдаа боломжийн, хангалттай. Гол нь, ямар механизм системтэйгээр хүүгээ хэд гэж тогтоон хэдий хугацаатай зээл олгох вэ гэдгийг тодорхой болгох ёстой юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт доголдолтой талууд байсан. Тухайлбал, анх удаа байр авах хүн гэсэн шаардлага тавьснаас эцэг, эхийнхээ байрны ордерт хамтран эзэмшигчээр бичигдсэн залуус тэр дундаа гэр бүлтэй болчихсон хүмүүсийн хувьд мөрөөдөх ч эрхгүй байлаа. Нөгөөтэйгүүр, хөтөлбөрт нэрээ өгсөн барилгын компаниуд давуу эрх эдэлсэн зэрэг сөрөг зүйл ажиглагдсан. Тиймээс зах зээлийн хуулиар бүгдэд тэгш боломж олгох ёстой. Заавал шинэ орон сууц гэхгүй  хуучныг оруулна гэх мэтээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн сул талуудыг зассан байгаа.

-Тэгэхээр энэ хөтөлбөрт хамрагдаж хуучин орон сууц ч авч болох нь ээ?
-Ер нь, ажлын хэсгийнхний яриагаар шинэ, хуучин орон сууц гэж ялгахгүй гэсэн. Энэ нь, иргэдийн худалдан авах төлбөрийн чадварыг бодолцсон хэрэг л дээ. Хөтөлбөр хоёр чиглэлтэй явах юм. Орлого нь боломжийн, тогтвортой ажлын байртай, заавал жижиг талбайтай байр гэхгүй  70, 80, 100 ам.метрийн хэмжээтэй орон сууц авах хүсэлтэй иргэдэд арилжааны банкаар дамжуулан зээл олгоно. Тэгэхдээ одоогийн арилжааны банкны хүүг бууруулж, хугацааг нь уртасгах талаар төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Харин зорилтот бүлэг буюу бага, дунд орлоготой болон төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд арай хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох шаардлага бий. Гол нь, зорилтот бүлгийн хүмүүстээ ямар шугамаар зээл олгох билээ. Тэр дундаа арилжааны банкаар эсвэл тусгай зээл олгодог газраар дамжуулж өгөх юм үү гэдэг механизмаа ярьж байна.

-Иргэд ярьдаг л даа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээлийг ганцхан Төрийн банкаар дам­жуулснаас чирэгдэл үүссэн. Одоо шинээр хэрэг­жих хөтөлбөрийг ОССК-иар дамжуулж болдоггүй юм уу гэж?
-Ийм хүсэлтийг хүмүүс их тавьдаг л даа. Бидэнд бол туршлага бий. Төрийн албан хаагчийн “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Манайхаар дамжуулан зээл авсан хүмүүс хугацаандаа зээлийн төлж байна. Чанаргүй зээл бага. Тэгэхээр ОССК-д туршлага, цаашдаа ч энэ талаар явах боломж бий. Энэ ч хүрээнд зорилтот бүлгийн зээлийг ОССК-иар дамжуулан олгооч ээ гэсэн хүсэлтээ ажлын хэсэг, Иргэдийг орон сууцжуулах үндэсний хороонд тавьсан. Гэвч яам, тамгын газрын болон ажлын хэсгийнхний санал зөрөлдсөн л дөө. Зээлээ арилжааны банкаар дамжуулан олгоод, ОССК барилга бариулах, нийлүүлэлт тал дээр анхааран ажиллах нь зүйтэй гэсэн санал давамгайлж байна.

-Гэхдээ ашгийн байгуул­лага гэдэг утгаараа арил­жааны банкны өндөр босгыг жирийн иргэд давж чадахгүй байна?
-Тийм. Банк бол төлбөрийн чадвар сайтай, баталгаа хөрөнгөтэй хүмүүсийг зээлд хамруулах бодлого барьдаг. Орлого нь нотлогдохгүй бай­гаа хүнийг буцаачихдаг. Одоо “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд манайд материалаа ирүүлсэн 4000 хүний хүсэлтийг Төрийн банк руу явуулахад өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар гэхэд 940 гаруй нь зээлийн шаардлага хангахгүй байна гээд буцаасан байх жишээтэй. Шаардлага хангахгүй байгаа гол шалтгаан нь өрхийн орлого нь хүрэхгүй, орлого нь баримтаар нотлогдохгүй байна гэдэг. Орлого багатай, шинэ залуу гэр бүлийн орон сууцны зээлийн хүсэлтийг  төрийн байгууллагаар дамжуулах нь зүйтэй болов уу гэж бодоод байна. ОССК ийм ч зорилгоор байгуулагдсан. Энэ байгууллагаар дамжвал иргэдэд ч хэрэгтэй.

-Тэр ч тийм шүү. Ганц Төрийн банкаар дамжуулан зээл олгосноор ачааллыг нь ихэсгээд зогсохгүй өнөөдөр хэдхэн хүн үр шимийг нь хүртэж байна?
-Өнгөрсөн сарын сүүлээр тус банкны шалгуурыг даван зээл олгох боломжтой хүмүүсийн зээлийн санхүүжилтийг ший­дэх зорилгоор 30 тэрбу­мын эх үүсвэр олгосон. Төрийн банкинд ОССК-иас материал нь очсон, зээлийг нь шийдээгүй 2500 иргэний хүсэлт бий. Гэхдээ үүнээс байр нь 100 хувь ашиглалтад орсон, зээл олговол нүүгээд ороход бэлэн болсон иргэдийн хүсэлтийг 30 тэрбум төгрөгөөрөө шийдье гэж тогтсон.  Төрийн банкинд ажил нь эхэлчихсэн явж байгаа.

-Яагаад заавал байр нь 100 хувь ашиглалтад орсон хүмүүсийн зээлийг шийдэж байгаа юм бол. Бусад нь яах вэ?
-Байр нь ашиглалтад орчихоод байхад зээл нь бүтэхгүй гэвэл тухайн барилгын компани алданги тооцно гээд гэрээнд нь тусгасан юм билээ. Тиймээс банкны шалгуурыг хангасан, байр нь 100 хувь ашиглалтад орсон хүнд зээл олгоё гэсэн. Харин орон сууц нь ашиглалтад орох болоогүй иргэдийн хувьд орон сууцжуулах шинэ хөтөлбөрт хамрагдах боломжтой учраас ингэж шийдсэн.

-Иргэдийг орон сууц­жуу­лах шинэ хөтөлбөрт шинэ­чилсэн хувилбараар хэрэг­жихээр үлдсэн хүмүүсийн материалыг шууд хүлээн авах уу. Иргэд ахиад бөөн чирэгдэл болж, шинээр бичиг баримт бүрдүүлэх үү?
-Иргэдийг орон сууцжуу­лах хөтөлбөрийг хэрхэн хэрэг­жүүлэх дүр зураг гаран­гуут зарлана. Одоо бол хэлэхэд эрт байна. Хөтөлбөр батлагдаад санхүүжилтийн механизмаа тодорхойлох ёстой. Банкаар дамжина гэвэл банкаар, зорилтот бүлгийн хүмүүсийн орон сууцны зээл өөр журмаар явна гэвэл бэлтгэл ажил нь хангагдаад эх үүсвэрээ олгох журам нь тодорхой болбол иргэдийн өргөдлийг авч эхэлнэ.

-Банкаар гэхээр дан ганц Төрийн банкаар дамжихгүй гэж ойлгож болох уу?
-Бүх банк хөтөлбөрт оролцох боломжтой. Оролцох эсэх нь тэдний л дур.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зургаан хувийн хүү нь улсыг дэндүү алдагдалд оруулж байна гэж албаныхан ярьж байсан. Хөтөлбөр шинээр хэрэгжихээр зээ­лийн хүүд өөрчлөлт орох уу?
-Хүү бол зургаан хувь гэж байхгүй. Хамгийн багадаа 8-10 байх төлөвтэй байгаа.

-Орон сууцжуулах хөтөл­бөр хэрэгжих дуулианаар байрны үнэ өсч, орон сууцны зах зээлд хөөсрөлт бий болсон. Тэгэхээр байр­ны үнийг өсгөхгүй байх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Орон сууцны үнийг бууруулах олон ажил хийж байна. Барилгын мате­риа­лын үйлдвэрлэлийг дэм­жих хөтөлбөр хэрэгжиж эхэл­сэн. Импортын барилгын материалыг орлох бүрэлдэхүүн үйлд­вэр­лэдэг болох, үйлд­вэрлэгчдэд бага хувийн хүүтэй эргэлтийн зээл олгоё гэх мэтчилэн. Түүнчлэн орон сууцны хороолол барих газрын дэд бүтцийг улсын хөрөнгө оруулалтаар шийдэж өгнө гэж байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа энэ бүх ажил барилгын компаниудыг орон сууцныхаа үнийг хямдхан байлгахад нөлөөлнө. Үүний үр дүнд орон сууцны үнэ хямдарна. Одоо бол зургаан хувийн хүүтэй зээлээс хамаарч байрны үнэ ам.метр нь сая 500- сая 800 мянган төгрөгт хүрч байна. Гэтэл ШӨХТГ-аас хийсэн судалгаагаар барилгын компани барилгаа бариад хангалттай ашгаа олох үнэ ам метр нь сая 200 мянган төгрөг гэж байсан. Гэтэл зах зээлд жижиг ам.метр талбайтай байр ховор. Худалдан авах  иргэдийн эрэлт өндөр байгаагаас үнэ нь өссөн хэрэг. Нөгөөтэйгүүр, шинээр барилга барих зөвшөөрөл өгөхгүй байгаа. Ямартай ч, Шинэчлэлийн Засгийн газраас байрны үнэ өсгөхгүй гэсэн бодлого баримталж байна. Ялангуяа, тансаг биш орон сууцны үнэ айхтар өсөхгүй. Энгийн, талбай багатай орон сууцны үнэ нийтийн эрх ашгийг хөндөхгүй, тогтвортой байх нь л чухал.

-Иргэдийг орон сууц­жуулах ажлын хэсэгт нийс­лэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр орсон. Хэдийгээр хотоос замбараагүй барил­га­жилтыг цэгцэлсэн ч  орон сууцны зах зээлл үнийн хөөрөгдөл бий болгох магадлалтай л юм?
-Шинэ хөтөлбөр маань ажлын гурван хэсэгтэй. Э.Бат-Үүл даргаар ахлуулсан гэр хорооллыг барилгажуулах, БХБ-ын сайд Ц. Баярсайханаар ахлуулсан шинээр орон сууц барих, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөх, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Чулуунбатаар ахлуулсан орон сууцны санхүүжилтийг боловсронгуй болгох гээд ажлын гурван хэсэг бий. Э.Бат-Үүл даргын хэлж байгаагаар гэр хорооллыг барилгажуулах хөрөнгө оруулалтаа шийдээд ажлаа эхлэхээс нааш шинэ суурьшлын бүс гаргахгүй, барилга барих зөвшөөрөл өгөхгүй гэж байна лээ. Тэгэхээр миний бодлоор гэр хорооллын айлуудыг нүүлгэнэ, газраа чөлөөлнө, дэд бүтэц татна гэхээр наанадаж  2-3 жилийн дараа эхний байр ашиглалтад орохоор байгаа. Энэ хугацаанд амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, орон сууцны хэрэглээ улам өснө. Иймд, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нурааж, барилгажуулах хэрэгтэй. Ингэвэл зах зээлд орон сууцны үнэ өсөхгүй, тогтвортой байх юм болов уу гэж бодоод байна.

-Байрны үнэ өсөх нэг шалтгаан нь барилга бари­хад шаардлагатай элдэв зөвшөөрлийн бичиг. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Барилга барих зөвшөөрөл Засгийн газар, БХБЯ-ны тогтоо­лоор шинэчлэгдсэн. Олон шат дамжлагыг багасгая гээд хөнгөвчлөх журам батлагдсан. Гэхдээ байрны үнэ барилгын газрын үнэ, дэд бүтэц, зураг төсөл боловсруулах, санхүүжилт, тухай компанийн авсан зээлийн хүү зэргээс хамаарна л даа. Нэг стандартын үнэ тогтоох боломжгүй. Ямар ч гэсэн иргэдийг орон сууцжуулах шинэ хөтөлбөрөөр өмнөх алдааг засахыг хичээж байна.

-Урт хугацааны орон сууц­ны зээл авч байгаа уч­раас чанар яригдах нь зүйн хэрэг. Гэтэл өмнөх хөтөл­бөрийн хүрээнд буух эзэн, буцах хаяггүй хувь иргэдийн барилга ч багтсан. Барилгын чанарт хэн хяналт тавих вэ?
-Энэ манайхтай холбоотой асуудал биш учраас хэлж мэдэхгүй байна. Холбогдох яам тамгын газар анхаарал тавина. Ер нь, шинэчилсэн хувилбараар хэрэгжих учраас барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлын норм, стандартыг шинэчилнэ гэж ярьж байгаа. Тэгэхээр байдал ч сайжирна байх. Чанарын асуудал нэгдүгээрт тавигдах болно.

-Монголчууд үйлийн үртэй юм шиг хөнгөлөлт, урам­шуулал, хөтөлбөрт хам­рагдахын  тулд юм л бол тодорхойлолт, элдэв би­чиг авах гэж дугаар­ла­­даг болсон. Иргэ­д ши­нэ хөтөлбөрт хамраг­дахад наад зах нь УБЕГ-аас тодорхойлолт авах шаардлагатай юу?
-Элдэв лавлагаа шаардахгүй байх. Ажлын хэсгийнхний ярьж буйгаар анх удаа байр авах иргэн гэж оруулахгүй, дахин авах гэж байгаад нь татвартай болгоё гэсэн санал цухалзаж байна лээ. Гэхдээ энэ урьдчилсан байдлаар ярьсан зүйл шүү. Шинэчилсэн хувилбараар хэрэгжих орон сууцжуулах хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сард л эцсийн байдлаар нийтэд мэдээлнэ.

0 Сэтгэгдэл
UIH iin gishuun D.Zorigtiin duu bizdee.dandaa l ah duu amrag sadnaa turiin tom alban tushiald suulgasan bh yumaa.nuhriinhuu tolgoig za;gisan buzar huuhen.taliigaach nuhur ni huurhii bandaajiig ni hurtel ugaagaad bdag bj bilee.huurhii
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан