Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“СОЧИ” ӨВЛИЙН ОЛИМП ЭХЛЭХЭД НЭГ ЖИЛ ҮЛДЛЭЭ

Өвлийн олимпын 22 дугаар наадам ОХУ-ын Сочи хотод эхлэхэд 365 хоног үлдлээ. Энэ үйл явдлыг өчигдөр манай улсад суугаа Оросын элчин сайд В.В.Самолейнко тэмдэглэхдээ Монголын тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авсан юм. ЭСЯ-ны байранд манай улсын тэшүүрчид, цаначид, пара-цаначид гээд өвлийн олимпт хүч үзэх боломжтой тамирчид дасгалжуулагчийн хамт ирлээ. Мөн ССАЖЯ, Олимпын хорооны дарга нар ирж Сочи хотын өвлийн их наадмын талаар саналаа хэлсэн юм. Уулзалтын эхэнд Орос, Монгол хүүхдүүд галт бамбар барьж, танхимд цугласан олныг тойрч олимпын уур амьсгал үүсгэлээ. Тэдний дараа орос сургуулийн монгол сурагчид Сочи олимпын сүлд дууг дуулж сонирхуулсан юм. Мөн оросын тамирчны өмсгөлтэй бяцхан охин цагирагийн гимнастик үзүүлбэрээр олныг баясгаж алга ташуулав. Үйл ажиллагааг нээж элчин сайд В.В.Самолейнко үг хэлж, Сочи хотод олимпын бэлтгэл хэрхэн үргэлжилж байгааг зочдод танилцууллаа.
2007 онд Олон улсын олимпын хорооны хуралдаанаар Сочи хотод дараагийн өвлийн олимп зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хот 22 дугаар өвлийн олимпын наадам зохион байгуулагчаар сонгогдоход Монголын тал дэмжсэн явдалд талархаж буйгаа В.В.Самолейнко илэрхийллээ. Өвлийн олимпын наадам эхлэхэд нэг жил үлдэж буйг манай улсад тэмдэглэн уулзалт хийсэн бол энэ өдрийг ОХУ-ын олон газарт онцолжээ. Тухайлбал, найман хотод олимпын цаг нээх ёслол болсон байна. ОХУ Сочи хотод өвлийн зам, ордон, харилцаа холбоо, зочид буудал, үйлчилгээний газар барьж байгуулсан. Энэ ажилд гурван тэрбум ам.доллар зарцуулжээ. Харин сайн дурын 25 мянган ажилтантайгаар олимпоо зохион байгуулах аж. Олимпын наадмыг сурталчлахын төлөө зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэхэд 13 мянган хүн ирэх тооцоолол гаргажээ. Тэдний бэлтгэсэн, нэвтрүүлсэн мэдээллийг дэлхийн эргэн тойронд гурван тэрбум гаруй хүн хүлээн авч үзэх гэнэ. Сочигийн олимпод 5000 гаруй тамирчин оролцох бол паралимпын тэмцээнд 1350 тамирчин өрсөлдөж, цэц мэргэн, ур чадвар, хүч чадлаа сорих ажээ. Паралимпын төрлүүдэд 44 орны тамирчин өрсөлдөнө. Яг нэг жилийн дараа буюу 2014 оны хоёрдугаар сарын 7-нд эхлэх өвлийн олимпын 22 дугаар наадам нийтдээ 15 хоног үргэлжилнэ. Харин өвлийн 11 дүгээр өвлийн паралимп гуравдугаар сарын 6-17-ны хооронд болно.
Манай улс 1964 онд анх удаа өвлийн олимпод оролцсон. Австри улсын Инсбрук хотод зохион байгуулагдсан наадам анхных байсан бөгөөд түүнээс хойш 12 дахь өвлийн олимпод оролцохоор хүлээж байна. 1964 оны цагаан олимпоос хойш гүйлтийн цана, биатлон, гүйлтийн тэшүүр, шорт-трекийн төрлөөр оролцож байсан билээ. Энэ тухай ССАЖ-ын дэд сайд Д.Түмэнжаргал танилцуулсан юм. Одоогоор манай тамирчид олон улс, дэлхийн аваргын тэмцээнээс олимпын эрхээ авахын төлөө өрсөлдөж байна. Тэрээр Сочи хотод очиж олимпын бэлтгэл ажил ямар байгаатай танилцаад иржээ. Ирэх олимпыг угтаж өвлийн спортын битүү ордон байгуулах ажил энэ хавраас эхэлж буйг дуулгалаа. Уг ордны барилгын ажилд ОХУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн юм.
Өчигдөр болсон уулзалтын үеэр гавьяат тамирчин, ахмад тэшүүрчин Л.Цэндэд дурсгалын гэрэл зураг гардууллаа. Тэрээр манай улсын анхны өвлийн олимпод тугчаар явж байсан бол 1968, 1972 онд ч мөн тугчаар явсан түүхтэй. Түүнийг Инсбрукийн олимпод улсынхаа далбааг намируулан алхаж яваа гэрэл зургийг Олон улсын олимпын хорооноос өөрт нь хадгалуулж байгаа нь энэ аж.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
hi
hi
hi
Хамгийн их уншсан