Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ТЭМТРЭХҮЙ” ДОР МЭДРЭЭРЭЙ

Хараагүй хүн аливаа биет зүйлийн тухай төсөөлөл авахын тулд хүрч мэдрэх, тэмтрэх зайлшгүй шаардлагатай. Гэвч уран баримал, музейн үзмэр, аливаа биет бүтээлд гар хүрэх хориотой байдаг нь хараагүй иргэдэд хаалттай гэсэн үг юм. Манай улсад амьдардаг 9500 орчим хараагүй иргэнд дээр дурдсан бүтээл, үзмэр хаалттай. Уг нь, энэ байдал дэлхийн улс орнуудад аль хэдийнэ улиг болж, тэмтэрч мэдрэх зориулалттай үзмэрүүд бүхий музей газар бүрт бий болсон байдаг. Тэгвэл ийм төрлийн үзэсгэлэн Монголд анх удаа нээгдлээ. “Тэмтрэхүй” нэртэй үзэсгэлэнгийн бүтээлийг харааны бэрхшээлтэй багачууд урласан нь бас нэгэн онцлог. 116 дугаар тусгай сургуулийн 16 сурагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард керамик урлагт суралцаж эхэлжээ. Тус сургуулийн техник хөдөлмөрийн багш Дэлгэржаргал болон “Керамик арт” студийн дөрвөн багш хүүхдүүдэд шавар урлалын нарийн чимхлүүр бүхнийг зааж буй юм. Хүүхдүүд 100 шахам бүтээлээрээ өөрсдийн үзэсгэлэнг нээгээд байна. Гаднаас нь харвал шаазан мэт гялалзах шавар аяга, хонх, халбага, ан амьтан, гэр, цасан хүн, гацуур мод, жимснүүд, таваг, сандал, ширээ гээд олон төрлийн зүйл урлаж үзэсгэлэнд дэлгэжээ. Өнгө будаг, хэлбэр дүрс, загвар дизайн гээд олон зүйл сурагчдын оюун санаанд бүрэлдээд, одоо бодит бүтээл болж танхимд эгнэлээ. “Тэмтрэхүй” төслийг Монголын уран зургийн галерей санаачилж, “Нээлттэй нийгэм хүрээлэн” дэмжин ажилласан гэнэ.
Хэдий энэ үзэсгэлэн хараагүй хүн бүтээлийг тэмтрэх боломж нээн өгч байгаа ч Монгол Улсын иргэн бүрт зориулсан гэж зохион байгуулагчид онцлов. Уран зургийн галерейн менежер Г.Ялалт “Үзэсгэлэн үнэ төлбөргүй. Зөвхөн хараагүй гэлтгүй хараатай хүмүүс ч ирж үзээсэй. Хараагүй хүн юмыг яаж мэдэрдгийг ойлгуулах гэж хайрцагтай үзмэр байрлуулсан. Үүнийг үзээд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зам, талбай, гарц, хаалга зайлшгүй байх ёстойг бага ч гэсэн мэдрэх байх” гэсэн юм. Үнэхээр танхимд дөрвөн хайрцаг байрлуулж, хүмүүс хоёр гараа хийж доторх бүтээлийг эргүүлж, тойруулан барьж үзэх аж. Хайрцагт гараа хийж бүтээлийг сонирхвол хэлбэр л мэдрэхээс өнгөний нийцэл, загварын шийдэл нүдэнд буухгүй байлаа. Гэсэн ч ингэж тэмтэрч үзэх нь хараагүй хүнд тодорхой хэмжээгээр урлагийн бүтээлийн сайхныг мэдрэх цор ганц боломж. Тэдний гарын мэдрэхүй сайн хөгжсөн учраас хоёр гараараа энгийн хүнээс хавьгүй илүү төсөөлөл, өөр гоо сайхныг олж хардаг биз ээ.
“Тэмтрэхүй” төслийн бас нэг зорилго нь бусад музей, үзвэрийн танхимууд хараагүйчүүдэд зориулсан бүтээлтэй болох сэдэл өгөх. Үзэсгэлэнгийн эзэн 16 сурагчийг багш, захирал нь эрүүл мэнд, харааны байдал, урлан бүтээх чадвар зэргийг харгалзан сонгожээ. Үзэсгэлэн гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл галерейд нээлттэй байх бол дараа нь бүтээлүүдээ дунд сургуулиудаар аялуулж, үе тэнгийнхэндээ толилуулах аж. Мөн төрөл бүрийн музейд тараан байршуулж олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
Уг төсөлд хамрагдсан сурагчид хэдий ха­раа­ны бэрхшээлтэй ч мэргэж­лийнх­нээс олон бү­тээлээ чамгүй сайн хийж гэсэн үнэлгээ авсан байна. Тухайлбал, урьд нь хараатай байсан хүүхдүүд заан, бар гээд амьтдыг харж байсан болохоор багахан зөвлөгөө өгөхөд л тун чадварлаг урласан гэнэ. Харин төрөлхийн хараагүй хүүхдэд тухайн бүтээлийн талаар ойлголт өгөхөд хүндрэлтэй байсныг багш нар хэлж байлаа. Хэдий тийм ч хүүхдүүд өөрийн ойлгоцоор бүтээлээ урлажээ. Зарим бүтээлд сурагчид нэрээ бичиж үлдээсэн байв. Жодов нэртэй аяга байхад “М” үсгээр тэмдэглэсэн бүтээл цөөнгүй харагдлаа. Бямбаа гэж бас нэгэн барималд сийлсэн бол “Hands on” буюу “Тэмтрэхүй” хэмээх нэр ч таарсан юм.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан