Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэгт хүрээлэн нийслэийн усны эх үүсвэрийн 40 хувийг хамгаална


Хүүхэд залуус амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, орой үдшийн цагаар нийслэлчүүд салхилах, амарч тухлах газар алга хэмээн амтай болгон шүүмжлэх болсон. Агаарын бохирдлыг бууруулаад зог­сохгүй энэ бүх бололцоог хангасан цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар болж, ажил нь эхлээд явж буй. Үүнийг хуулиар зохицуулж өгөхгүй бол үе шаттайгаар хийх ажлын газар нутгийн хэмжээ жил ирэх тусам багасаад байгаа аж. Тиймээс  уг асуудлыг нэг мөр шийдэх үүднээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хуулийн төслийг боловсруулснаа өчигдөр олон нийтэд танилцууллаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас зургаан компанид олгожээ

Олон улсын жишигт нийцсэн Үндэсний цэцэр­лэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд Улаанбаатар хотын захирагч 2009 онд захирамж гарган 1280 га газрыг хамруулахаар болсон юм. Улмаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор тус цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөгөөг баталж, ТЭЗҮ судалгааны дагуу ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг ч баталсан аж. Гэвч 2010-2012 оны хооронд энэ цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаас 7.6 га газрыг нэр бүхий зургаан аж ахуйн нэгжид олгож, НИТХ-ын 2011 оны тогтоолоор хил хязгаарыг нь багасган 960 га болгосон байна. Тухайлбал, “Олимп” хорооллын зарим хэсэг болон Тагнуулын ерөнхий газар орон сууц барихаар газар авчээ. Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүргийн 12, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Маршалын гүүрээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуу ундны усны нөөц газрыг хамран байрлах 960 га-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, түүний газар нутгийн эрхзүйн хамгаалалтыг бий болгох зэрэг шалтгаанаар уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл таван бүлэг, 15 зүйлтэй бөгөөд нийслэлийн ундны усны нөөцийг хамгаалах, иргэдийн ая тухтай амрах, зугаалах, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. Хүрээлэнгийн нутаг дэвсгэрт тусгай тоноглол бүхий эмнэлэг, онцгой байдал, цагдаа, ус сувгийн удирдах ажилтны автомашинууд л нэвтрэх боломжтой гэсэн.

Нийт талбайн 90 хувь нь ногоон байгууламж

Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт нийслэлийн ундны усны эх үүсвэрийн 40 орчим хувь нь буй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт шилжих хөдөлгөөн нэмэгдэх болсноос ундны усны хомсдол, агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байгаа. Энэ бүхнийг тодорхой хэмжээгээр хазаарлаж өгөх учиртай уг цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 90 орчим хувь нь ногоон байгууламж, үлдэх хэсэг нь барилга байгууламж, зам талбай байхаар зураг төслийг нь гаргажээ. Өөрөөр хэлбэл, үлдэх 10 хувьд иргэдэд үйлчлэх төвийн байр, нийтийн бие засах газар, усан оргилуур, хиймэл нуур, цөөрөм, спорт цогцолбор, задгай театр, явган хүний болон унадаг дугуйн зам зэрэг багтах нь. Эдгээр нь гүний усны нөөцөд ямар нэг нөлөө үзүүлэхгүй байх үүднээс амралт зугаалга болон тохижилтын байгууламжууд байрлах юм байна. Хүрээлэнгийн ногоон байгууламжийн усалгааны болон хиймэл цөөрмийн усыг Туул гол болон бусад тус бүсэд байрлах ашиглалтаас гарсан худгуудаас татаж авахаар тооцоолжээ. Гадаадын улс оронд ч ийм жишиг байдаг байна. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн 97, Английн Лондон хотын Режэнтс цэцэрлэгт хүрээлэнгийн 90 хувь нь ногоон байгууламж гэнэ.

2020 он гэхэд олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнтэй болно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын бүтээн байгуулалтын ажил дөрвөн үе шаттай явах аж. Хамгийн эхэнд буюу 2011-2013 онд явган хүний болон гүйлтийн зам, авто зогсоол, спортын талбайн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийх юм байна. Энэ ажлын хүрээнд одоогоор 55 га талбайд хөрсний иж бүрэн судалгаа хийж, байгаль орчны үнэлгээ өгчээ. 183 га газрын төлөвлөлтийн зураг хийсний 55 нь ногоон байгууламж, 30 нь нарийвчилсан ажлын зураг аж. Мөн 22 төрлийн 107 гаруй мянган мод сөөг тарьж, арчилгаа усалгаа хийж эхэлсэн байна. Цаашид иж бүрэн зүлэгжүүлэлт, автоматжуулсан усалгааны систем, талбайн иж бүрэн камержуулалт, 183 га-д задгай театр, цэцгийн хүлэмж барихаар төлөвлөсөн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан