Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аятунгаа хийгээд Монгол дахь хүүхдийн эрх

Филиппин эртэй ханилж яваад есөн сартай хүүхдээ “Энэ хүүхэд үхэх ёстой” гээд хана руу шидсэн 22 настай Тодруулын Аятунгаа гэдэг хүүхний тухай л шуугьж байх шив дээ. Хэргийн гол нь Филиппиний хууль тогтоох байгууллага түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан гэж буруутгаж байгаа тухай гадаадын сайтууд бичиж байна. Гэтэл Т.Аятунгаа болохоор өөрийгөө буруугүй, харин ч хүүхдийг нь нөхөр гээд байгаа эр нь хулгайлсан, өөрийгөө хохирогч гээд байгаа. Хэнийх нь ч зөв, хэн нь буруутай байлаа энд нэг л зүйл бидэнд сургамж болмоор байна.
Бид ч, гадаадынхан ч “хүүхэд бол бидний ирээдүй” гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ хүүхдийн эрхийг ингэж хамгаалдаг юм байна. Хүүхэдтэй зүй бусаар харьцсан хүнийг гэмт хэрэгтэн гэж үзээд бүр олон улсын цагдаагийн байгууллага-Интерполоор эрэн сурвалжилж байна. АНУ-д насанд хүрээгүй хүүхдийг гэрт нь эзэнгүй ганцааранг нь орхиход хуулийн хариуцлага оногдуулдаг, хүүхдээ алгадчихвал хүүхэд нь цагдаад мэдэгдэж дуудах эрхтэй байх жишээтэй.
Зөвхөн хуулийн хүрээнд ч төдийгүй, ард иргэд ч хүүхдийн төлөө байнга анхаарч сэтгэл тавьдаг. Манай умард хөрш ОХУ-д хүүхэд алга болох, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахад бараг л хот даяараа эсэргүүцэн, цагдаагийн байгууллага, сайн дурынхан нийлээд хэдэн хоногийн турш эрж хайдаг.
Өнгөрсөн онд Брянскт арван настай охин алга болоход цагдаагийнхан ойр орчмын цагдаагийн байгууллагын ажилтнуудыг дайчлаад 500 гаруй цагдаа эрж эхлэхэд хотын иргэд сайн дураараа оролцож хотыг, орй орчмын ойг бүхэлд нь самнаж байлаа.
Өнгөрсөн онд гарцаар гарч явсан эмэгтэйг хүүхэдтэй нь дайрсан эмэгтэйн гэрийн гадаа хотынх нь иргэд жагсаал хийж жолооч 20 настай эмэгтэйг хариуцлагад татахыг шаардаж байлаа.
Энэтхэгт оюутан охиныг зургаан залуу автобусанд хүчирхийлснээс амь алдсан, айлын бага насны хоёр  охиныг хүчирхийлэн алаад худагт хаясан хэргийн төлөө тус орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, хаа сайгүй жагсаал цуглаан болж хууль сахиулагчидтай мөргөлдөж байна.
Харин манайд яадаг билээ. “Хүүхдийг хатуу гараар хүмүүжүүлэх ёстой” гэсэн эрт балар цагийн үзэл өнөө ч хадгалагдсаар, хүүхдээ зодохыг байх ёстой зүйл мэтээр ханддаг.
Ердөө өнгөрсөн 12 дугаар сард нийслэл хотод долоон  настай хүүг хойд эцэг нь гурван цагийн турш зодож сэхээнд оруулсан хэрэг гарсан.
СХД-ийн цагдаагийн хэлтсийн ахмад М.Эрдэнэбилэг “Хүүг зодсон хойд эцгийг хэрэг гарсан өдөр баривчлан саатуулсан ч дүүргийн Прокурорын газар хорих үндэслэлгүй хэмээн батлан даалтад гаргасан. Өчигдөр хэрэгтнийг саатуулах хүсэлтээ прокурорынхонд дахин хүргүүлсэн” гэсэн байна. Анзаарвал манай хууль хүүхдэд ийм хайр энэрэлгүй хэрэг үү, эсвэл прокурорынхон өөрсдөө нойтон сормуустай юмны бараа хараагүй сувай сударган хэрэг үү. Олон нийт ч энэ талаар нэг их анзаарахгүй өнгөрдөг. Сайндаа л хэвлэлүүд жаахан шуугьж дуулиан болгоод, сайт дэр хэдэн сэтгэгдэл бичээд болоо.
Одоо нэг сар өнгөрөөд ирэхээр бүр мартсан. Хүүхдийн цус нулимсаар гараа угаасан этгээд өнөдөр та бидний дунд инээд алдаад алхаж яваа. Аягүй бол өнөө жаахан амьтныг дахиад л тамлаж байгаа.
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч бүсгүй дөнгөж төрсөн хүүхдийг шалз түлсэн хэрэг байна. Одоо тэр сувилагч сайндаа л “хатуу сануулах” арга хэмжээ аваад өнгөрөө биз.
Хүүхэд алга болсон тухайд ч манай цагдаагийнхан таг чиг. Эрэл сурал болсон ээж аав, ах дүү нарыг нь “Найзындаа л байгаа биз. 72 цаг болоогүй байхад бид эрэхгүй ээ” гэж загнаж хөөгөөд явуулна. 72 цаг нь болчихвол ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Т.Сайнжаргал телевизээр баяр ёслолын байдалтай нэг удаа зарлаад л гүйцээ. Хэн ч эрж сурахгүй, хэн ч хайхгүй.
Жилд хэчнээн хүүхэд алга болж, хэдэн хүүхэд авто замын осолд өртөж, хэдэн хүүхдийг эцэг эх нь хатуу ширүүнээр зодож байна вэ. Энэ талаар хэн хөөцөлдөж, санаа тавьж байна вэ. Хэчнээн хүүхэд орон гэргүй тэнүүчилж, орц хонгилд хоног төөрүүлж байна.
Өнгөрсөн 2012 оны эхээр 11 дүгээр ангийн хүүхэд алга болоод 20 орчим хоногийн дараа амь алдсан байхыг нь олсон. Үүнд хэн анхаарч ажилласан бэ. Чухамдаа цагдаагийнхан эрээгүй л болохоос биш цогцос нь ёстой л хамар доор минь Багатэнгэрийн аманд  байсан. Одоо энэ талаар хэн санаа тавьж байна. Бодвол цагдаагийн байгууллагаас асуувал “шалгаж байгаа” гэсэн хариу өгнө л дөө. Хэдэн зуун жил шалгах юм бүү мэд.
Монгол Улсын  Хүний эрхийн комисс хаана байна вэ. Энэ байгууллага бол ердөө шоронгийн хоригдлуудын эрхийг хамгаалдаг байгууллага болсон гэхэд хилсдэхгүй. Байсхийгээд л шоронгуудаар явж хоригдлууд ямар хоол идэж байна, унтах ор дэвсгэр нь ямар байна гэдгийг шалгадаг байгууллага. Саяхан бас нэг том ажил хийсэн нь цэргийн албан хаагчдын эрх хэрхэн зөрчигдөж байгааг шалгасан дуулдана билээ.
Тэдний хувьд хүүхдийн эрхийн асуудал ёстой хөндлөнгийн асуудал гэж болно. Удахгүй УИХ-ын гишүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг шалгаж нэг мундаг тайлан бичих биз.
Ард иргэдийн хувьд ч өөрсдөө хүүхдээ зоддог болоод л тэр биш байлтай, хүүхэдтэй хэрцгий хандаж байгаа хэргийг юман чинээ санахгүй. “Надад хамаагүй, хаданд чимээгүй” гэсэн байдлаар хандана.
Аятунгаа бүсгүйн хэрэг ч яг үүнээс л, энэ л сэтгэхүйгээс  үүдэлтэй. Надаас л гарсан юм чинь би зодоход яадаг юм гэж тэр эмэгтэй жинхэнэ монгол сэтгэлгээгээр бодож. Чухамдаа тэр эх орондоо байж байгаад, өөрийнхөө гэрт хүүхдээ ингэж зодсон бол хэн ч яах ч үгүй болохоор тэр. Хуулийн байгууллагууд ч тоохгүй, айл аймгийнхан нь ч тоохгүй. Ёстой болдог зүйл болоод л өнгөрнө. Цагдаа дуудвал “гэр бүлийн дотоод асуудал” гээд очих ч үгүй.
Аятугнгаагийн тухай материал гарсан сайтууд дээрх сэтгэгдэл ч яг л энэ монгол сэтгэхүйг илэхийлээд байна. Бараг л өмөөрөх хандлагатай.
Гэтэл филиппиний цагдаагийнхан болохоор интерполоор эрэн сурвалжилж байна.
Өнөөдөр Монголд 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн нэг баримт байна. Үүнийг хэн гаргасан бэ. Лав л монголын төр гаргаагүй. Энэ талаар мэддэг, судалгаа хийдэг байгууллага монголын төрд байхгүй л болов уу. Гадаадын төсөл хөтөлбөр, буяны байгууллага л гаргасан байх.
Хүүхэд багачуудынхаа төлөө энэ монгол төр хэзээ анхаардаг болно доо, хөөрхий.

Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Тэр хулгар чихт Бямбадорж энэ хэдэн хүүхдийн төлөө анхаараасай билээ. Хүний эрхийн комисс, Хүүхдийн төлөө газар уг нь байгууллага ч мундахгүй олон байгаа л даа. Даанч сэтгэл дутаад байгаа юм.
Х.Өлзийбаяр сайн бичжээ. Ерөнхийлөгчийн чихэнд хүртэл хүүхдийн тухай бичээрэй. Амжилт.
Unekheer khuukhdiin tukhai bodokhoor setgel ovdmoor baidag. Khuukhdee ankhaaraya ...khuukia changatgaya Erkhem Erenkhiilogchoo ...
Unekheer khuukhdiin tukhai bodokhoor setgel ovdmoor baidag. Khuukhdee ankhaaraya ...khuukia changatgaya Erkhem Erenkhiilogchoo ...
нээрээ манайх хүүхдийн төлөө жаахан анхаарах хэрэгтйэ болж дээ.Хүүхдийн төлөө газар гэж байна уу та минь ээ
Хамгийн их уншсан