Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сарын төсөвтэй Оюу толгой зардал хэтэрсэн шалтгаанаа тайлбарлах л болж дээ

Монголд орж ирсэн гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт Оюу толгой төсөл өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нд ганц ч хоногийн төсөвгүй болох дээрээ тулсны эцэст ТУЗ нь нэг сарын төсөв баталж өгөөд байна. Ингэхдээ төслийн зардлын талаар  хувь нийлүүлэгч хоёр тал маргаантай байгаа учир яагаад зардал төлөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн болохыг тайлбарлах болзолтойгоор төсвийг нь баталж өгсөн аж. Хэдийгээр хувь нийлүүлэгчид маргаанаа шийдвэрлэж, эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй ч ирэх зургадугаар сараас бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх төслийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ийнхүү ганц, хоёр сараар ч болов төсөв хөрөнгийг нь шийдэж өгч байгаа юм.
Энэ оны эхээр Оюу толгойн ТУЗ мөн л хоёр сарын төсөв баталж өгсөн юм. Дэлхийн хамгийн том зэс, мөнгөний ордын нэг болох Оюу толгойн төсөв ийнхүү нэг, хоёр сараар торгоох хэмжээнд явж байгаа нь төсөл гүйцэтгэгчид болон энэ төслөөс жишээлэн Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдын санааг зовоож, болгоомжлох байдалд оруулах эрсдэлтэй хэдий ч Монгол Улс газар доорх баялгаасаа чухам хэдий хэмжээний үр ашиг хүртэж чадах юм бэ гэдгийг тодруулах нь манай улсын хувьд нэн чухал байгаа юм.  Үүнээс гадна татвар, менежментийн төлбөр, төслийн удирдлагын ил тод байдал гээд сайтар хэлэлцэж, нэг мөр ойлголтод хүрэх шаардлагатай нэлээд асуудал бий.
Энэ бүх ярвигтай асуудлыг Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө Монголын тал гаргаж тавьсан нь өөрөө Монголын шаардлага бол цэвэр улс төр, аажимдаа мартагдана гэсэн ойлголт гадныханд төрүүлээд байна.Үнэндээ гадаадын томоохон хэвлэлүүд Оюу толгой төсөл, Рио Тинтогийн Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн халуурал төдийгөөр л тайлбарлаж байгаа. Үүн дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн түрүү сард Оюу толгойн талаар хийсэн хатуу мэдэгдэл бүр ташуур өгч, энэ ойлголтыг лавшруулчихсан. Тиймээс нэг талаас улс төрийн тоглолт хийж байна гэж харж буй хөрөнгө оруулагч талынхан улс төрийн нөхцөл байдал тайвширтал хүлээзнэх, асуудлыг намжаах бодлого ч барьж байж болох.
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон Макрей өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт бодитой ахиц гарсан” гээд “Гэхдээ зарим асуудал олон талыг бодолцож үзэх шаардлагатай ярвигтай асуудал учраас цаг хугацаа шаардах нь мэдээжийн хэрэг”  гэсэн байна. Үүнээс харвал тэд үнэхээр яарахгүй байгаа бололтой.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан