Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Түвдэндорж: ЁС ЗҮЙН ДҮРМЭЭ ТОДОРХОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-Саяхан УИХ-ын хэсэг гишүүн АНУ-д ажиллаад ирсэн. Ажлын зорилго юу байв?
-Хоёрдугаар сарын 13-21-нд УИХ-ын дэд дарга С.Баярцогт тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын шүүх эрх мэдлийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцахаар ажлын айлчлал хийлээ. Энэ хүрээнд АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих бүлгийн гишүүдтэй уулзалт хийж, тус улсын Дээд шүүх, шүүхийн захиргаа, Нью-Йоркийн тойргийн шүүх, давж заалдах шатны шүүх, Холбооны Мөрдөх Товчоо, Маршалын албаны үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганы дарга В.Жеремик, Хууль зүйн асуудал эрхэлсэн ЕНБД-ын орлогч П.Обриен нартай тус байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцож уулзалт хийлээ. Бидний ажлын айлчлалын гол зорилго Мөрдөх албаны болон Хамгаалах /Маршалл/ албаны тухай хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан АНУ-ын ижил төрлийн албадуудын үйл ажиллагаатай танилцах явдал байсан юм. Ажлын айлчлал ажил хэрэгч, үр дүнтэй, чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

-Өнгөрсөн намрын чуулганаар Хууль зүйн байнгын хороо ямар ажил хийж гүйцэтгэсэн бэ?
-УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд ХЗБХ эрхлэх асуудлынхаа хүрээнд нийтдээ 26 хууль, УИХ-ын таван тогтоол болон бусад таван асуудлыг хэлэлцэж, Шүүх байгуулах тухай, хаягжуулалтын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэх мэт 14 хууль, Шүүгчийн орон тоо батлах тухай зэрэг таван тогтоолыг нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Мөн байнгын хорооны тогтоолоор хянан шалгах, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий найман ажлын хэсэг байгуулж холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явууллаа. Тухайлбал, Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Ер нь, ХЗБХ эрхлэх асуудлынхаа хүрээнд өнгөрсөн хугацаанд ихээхэн ажил амжуулсан. Цаашид ч хийх ажил их байна. Чуулганы завсарлагаар бид хаврын чуулганд хэлэлцүүлэх асуудлуудаа бэлтгэх, судлах, боловсруулах ажлуудыг хийж байна.

-Та өөрөө ямар хууль санаачилж өргөн барьсан бэ?
-ХЗБХ-ны даргын хувьд байнгын хороогоор хэлэлцэж байгаа бүхий асуудлуудад санал бодлоо тусгуулаад явж байгаа. Харин Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай зэрэг УИХ-ын тогтоолын төслүүдийг Х.Тэмүүжин гишүүний хамт санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Дэгийн тухай хуульд яагаад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон гэхээр санал хураалтын цаг тодорхой бус байдгаас бусад ажил жишээлбэл, иргэд сонгогчид, зочид, төлөөлөгчтэй уулзах уулзалт зэргийг товлоход хүндрэл учирдаг. Уг нь, энэ асуудлыг зохицуулахаар 2010 онд дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 22.3.5 дахь заалтыг шинээр нэмсэн боловч өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Тиймээс баасан гарагийн 11:00 цагт санал хураалт явуулж байхаар нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилсан юм. Ингэснээр иргэд ч ямар хуулиуд батлагдаж байгааг ил тодоор тодорхой мэдэх боломжтой болох юм. Нөгөө нэг хуулийн төсөл болох Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд төрийн тусгай хамгаалатад байгаа иргэн, албан тушаалтан гэмт хэрэгт холбогдон цагдан хорихоор таслан сэргийлэгдсэн, шүүхээр гэм буруутай нь тогтоогдон хорих, баривчлах болон албадан ажил хийлгэхээр шийтгэгдсэн тохиолдолд цалингаас бусад үйлчилгээ, төрийн хамгаалалтыг түр түдгэлзүүлдэг, зогсоодог байх хууль юм.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд иргэн, албан тушаалтан хэнд ч бай шударга ёсны хувьд тэгш эрхийн зарчим үйлчлэх ёстой. Уг нь, энд бас төрөөс олгосон одон медалийн асуудал хөндөгдөнө. Мөн түүнчлэн хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагаанд үүсч буй элдэв зөрчлийг арилгах эрх зүйн шаардлага үүссэн. Тиймээс уг хуулийг санаачилсан.

-УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрмийг хэлэлцэх үед таныг “хүний амь бүрэлгэхэд хүндэтгэх шалтгаан хэрэгтэй” гэсэн талаар сонин хэвлэлээр гарсан. Та энэ талаараа тодруулахгүй юу?
-Тиймээ тэгсэн. Чингис хаан Жамуха андаа хороохын өмнө иймэрхүү үг хэлсэн байдаг. Би асуудалд анхааралтай, нухацтай хандаасай гэсэндээ хааны энэ үгийг дурдсан. Улс төрч, иргэн ч бай хэний ч хувьд ёс зүй нь тухайн нийгмийн нөлөөлөл, зан заншил, өссөн орчин, мэдлэг боловсрол, хүмүүжил зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. УИХ-ын гишүүн иргэд, сонгогчдоос сонгогдсоныхоо хувьд хийж буй үйлдэл, хэлсэн үг, биеэ авч яваа байдал бүхэн нь нийгэмд эерэг болон сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс ч ёс зүйн өндөр хэм хэмжээг шаардах нь зүйн хэрэг. Энэ бүхнээс үзэхэд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээ маш тодорхой болгож, түүнийгээ даган мөрддөг байх хариуцлагын тогтолцоог тодорхой болгох талаар санаагаа хэлсэн нь тэр. Тэгээд шийдвэр гаргах гишүүд нь хэн байх вэ. Өөрөөр хэлбэл, ёс зүйн дэд хороо ямар бүрэлдхүүнтэй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл, ижил эрхтэй УИХ- ын гишүүд нэг нэгнээ ёс зүйтэй, зүйгүй гэж дүгнэлт гаргах нь хэр зохистой бол. Тиймээс ёс зүйн дэд хороог парламентад олон удаа сонгогдсон, ахмад тулхтай, туршлагатай УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх нь оновчтой гэсэн байр суурьтай байгаа юм.

-Засгийн газрын үйл ажиллагааг ямар төвшинд явж байна гэж та бодож байна?
-Шинэчлэлтийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар боллоо. Энэ хугацаанд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр нэлээд ажлыг амжуулаад байна. Макро төвшинд зарим нэг ахиц гарсан. Мөн Оюу толгой, Таван толгой, Чингис бонд, бүтээн байгуулалтын томоохон төслүүд зэрэг асуудлаар улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж уялдаа холбоог сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Монголбанкнаас тодорхой бодлого явуулж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа гурван жилд улс орны эдийн засгийг өөд нь татаж ажлын байр, хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ амьжиргааг эрс дээшлүүлэх шаардлага тулгараад байна. Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү гэсэн салаа замын уулзварт ирээд байна гэж би өмнө нь бичиж байсан. Үүний тулд Засгийн газар эрчимтэй ажиллах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм л даа.

0 Сэтгэгдэл
Хэрэв та санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу, тийм дамжуулан бидэнтэй холбоо барина уу usl.associates005@gmail.com шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг болон мэдүүлгийн маягтыг бөглөсөн байх ёстой. Ажигла. Даниел Chellini
Хамгийн их уншсан