Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ДАШЗЭВЭГ: СОНГОГДСОН АЙЛУУДЫН ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙГ НЬ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ШИЙДНЭ

Монголын Мянганы сорилтын сангаас “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ын хүрээнд 46,600 гаруй хашааны газрын нарийвчилсан судалгааг хийн, өмчлөх эрхийг нь баталгаажуулахаар болжээ. Энэ хүрээнд тус сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа нар хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн геодези газрын зураглалын мэргэжилтэн Ц.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Төсөлд гэр хорооллын 46 мянга гаруй хашааны газар хамрагдана гэсэн. Ямар шалгуураар сонгосон юм бэ?

-Мянганы сорилтын сан­гаас төслүүдийнхээ хэрэг­жилтийг хянуулдаг нэгж­тэй. Тус нэгжээс өнгөрсөн хугацаанд төсөлд хамрагдах газруудын газар өмчлөлийн байдал, орлогоор нь бүлэг хэсгүүдэд хуваан компьютерт мэдээллийг нь боловсруулан санамсаргүй аргаар сонгосон юм.
Ингээд энэ сарын 25-наас Сонгинохайрхан, Баян­зүрх, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын зарим өрхийн хашааны газрынх нь өмчлөлийн асуудлыг төс­лийн хүрээнд шийдэж өгнө. Сон­гогдсон газрын иргэдтэй манай төслийн гүйцэтгэгч, гэрээлэгч компанийн хүмүүс газрынх нь бичиг баримтыг авч, зөрчлийг нь арилгуулан, дүүргийн Засаг даргын захирамжтай өмчлөх гэрчилгээг нь гаргуулна. Үү­ний­хээ дараа УБЕГ-ын үл хөд­лөхөд бүртгүүлээд тухайн ир­гэнд эцсийн байдлаар бичиг баримтыг нь өгнө гэсэн үг.
-Тэгэхээр сонгогдсон бү­сийн иргэд хаана хандах уу?
-Тэр хэсгийн айлын эзэд гэртээ байхад л болно. Манай гэрээлэгч компанийн хүмүүс сонгогдсон хэсгийн айл нэг бүрээр орж, газар өмчлөлтэй холбоотой материалыг бүр­дүүлэн авч, холбогдох төрийн байгууллагад өгөн эцсийн байд­лаар гаргуулахдаа ямар ч үнэ төлбөргүй хийж өгө­хөөрөө  ач холбогдолтой. Харин нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь ММСС-гийн хүрээнд бүрдүүлэн ирсэн иргэдийн газар өмчлөх хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх зарчмаар энэ төсөл ирэх долдугаар сарын 20 хүртэл хэрэгжих юм. Бид аль болох олон хашааны газрыг өмчлүүлж, бүртгэлийнх нь гэрчилгээг гаргаж өгөх зорилго тавьж байгаа.
-Нийслэлийн гэр хороол­лын иргэдийн хэдэн хувь нь газраа өмчилж авсан байдаг юм бол?
-Энэ бол харьцангуй л даа. 2010 онд мэдээлэл авах зо­рил­гоор судалгаа хий­хэд хотын хэмжээнд 87 мян­ган газрын өмчлөх эр­хийн захирамж гарсан гэж нийс­лэ­­лийн Газрын албанаас ста­тис­тик мэдээлэл тоо байсан. Харин УБЕГ-ын үл хөдлөхөд 51 мянга нь бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, 30 мянган газрынх нь захирамж гарсан ч, Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байсан гэсэн үг. Энэ тоо одоо өөрчлөгдсөн байх л даа. Ер нь, мэдээллийн чанартай хэлэхэд манай төсөл найман бүсэд хэрэгжээд дууссан. Одоо хотод амжилттай хэрэгжвэл гэр хорооллын олон өрх газраа барьцаалан амьдрал, ахуйгаа дээшлүүлэх боломжтой болно.
-Газраа Үл хөдлөх хө­рөнгийн газарт бүрт­гүүлсэн ч хэтэрхий ба­гаар үнэлдэг гэж иргэд ярьдаг. Үнэлгээг яаж тог­тоодог юм  бэ?
-1990 оны Засгийн газрын тогтоолоор газрыг бүсчилж хуваасан суурь үнэлгээ байдаг. Энэ тогтоолоор ерөнхийдөө төрийн байгууллага татвар төлбөр тогтоодог.  Бодит бай­далд газрын үнэ өөр байгаа. Мэдээж, сургууль, цэцэрлэг, төв замтайгаа ойр гээд хашааны газрын үнэ ханш байрлалаасаа хамаараад харилцан адилгүй. Газрын үнэлгээ бага байна гэж олон хүн хэлдэг. Тиймээс газрын үнийг зах зээлийн бодит ханштай ойртуулж үнэлэх ёстой. Яахав. Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгээс газрын үнэлгээг гаргаж ирсэн байдаг юм. Манай төсөл үнэлгээ талаас бус өмчлөх, үл хөдлөхөд бүртгэн эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой. Гэхдээ ерөнхий мэдээлэл өгөх байх.
-Хэдий хугацаанд энэ төсөл хэрэгжин гэр хороол­лын 180 гаруй өрх газраа өмчлөн авч, бүртгүүлсэн байх вэ?
-Манай төсөл 2013 оны долдугаар сарын 20 хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд хэ­дий хэмжээний газрыг амжиж бүртгүүлнэ, төдий чинээ олон айлын газар эдийн засгийн эргэлтэд орно.
-Хэдэн ам.долларын өр­төгтэй төсөл вэ?
-600 мянган ам. долларын өртөгтэй. Зүгээр л судалгаа хийгээд дуусах биш иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, газрынх нь бичиг баримтын зөрчлийг арилгах юм. Энэ төсөлд хууль, олон нийт, техникийн гээд олон хүн хамт­ран ажиллана. Газраа өм­чилсний ач холбогдол, газраа барьцаалбал яах вэ, эдийн зас­гийн эргэлтэд хэрхэн оруулах вэ, хашааны газраа дур мэдэн сунгавал ямар үр дагавар гарах вэ гээд олон талын мэдээлэл, зөвлөгөө давхар өгнө. Тухайлбал, иргэд хажуу айл нь хашаагаа тэлэхээр дагаж сунгадгаас банкинд барьцаалах гэхээр зураг, бодит байдал нь зөрдгөөс зээл авч чаддаггүй. Ийм тохиолдолд хэрхэн хохирдог талаархи ч мэдээлэл өгнө. Маш олон талын ач холбогдолтой төсөл.
-ММСС-гаас хэрэгжүүлж байгаа төслүүд энэ жил дуусна гэж сонссон. Дахин төсөл хэрэгжүүлэх болов уу?
-Тэрийг хэлж мэдэхгүй. Мянганы сорилтын сан 2008 оны есдүгээр сарын 17-ноос 2013 оны есдүгээр сарын 17 хүртэл таван жилийн хугацаатай Монголд нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлнэ гэж гэрээ хийсэн. Ямар ч сунгах нөхцөлгүйгээр. Ерөнхийдөө, МСС-гаас хэрэгжүүлж буй бүх төсөл дуусч байгаа нь үнэн. Дахиж ямар нэгэн төсөл хэрэгжих талаар одоогоор ярьсан зүйл байхгүй. Тодорхой юм алга.

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан