Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дайн, өвчин, өлсгөлөнд идэгдсэн Африк


Төв Африкийн Бүгд Най­рам­дах Улсын нийслэл Банги хотыг босогчдын “Селека” бүлэглэл эзлэн авсны дараа албан ёсны Ерөнхийлөгч Фран­суа Бозизе нь хөрш зэргэлдээ Ардчилссан Конго руу зугатсаны дараа босогчдын удирдагч Мишель Жотия гэгч нь өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлав. Шинэ Ерөнхийлөгч нь тун удалгүй бүх нийтийн санал асуулга хийж, ардчилсан сонгууль явуулахаа амлав.
Гэвч бодит байдал тэс өөр. Хотод орж ирсэн босогчид дээрэм тонуул хийх нь хэрээс хэтрээд байгаа аж. Тэд гудамжинд тавьсан машинаас эхлээд дэлгүүр, лангуу, чинээлэг айл гээд өөд­тэй өнгөтэй болгоныг дээрэм­дэж байна. Дайран дээр давс гэдгээр олныг хамарсан эмх замбараагүй байдлыг да­лим­дуулсан хотын ядуу ир­гэд ч энэ тонуулд маш идэвх­тэй оролцож байгаа тухай Бан­ги хотод байрладаг га­даадын дипломат газруудын ажилт­нууд мэдэгдэж байгаа юм.
Уг нь,  “Селека” бүлэглэл нь Засгийн газартайгаа хэлэл­цээр хийж, гал зогсоон найрам­даад байсан ч гэнэт гэрээг зөрчин дайралт хийсний үр дүн нь энэ. Африкийн энэ хэсэгт колончлолын үеэс л асар их нөлөөтэй Франц нь хотын олон улсын нисэх буудлыг хамгаалах зорилгоор цэргээ оруулаад байгаа гэнэ.
Дан ганц энэ улсад байдал ийм байгаа юм биш. Хар гэгддэг Африк тив тэр аяараа дайн, цуст аллага, дээрэм то­нуулаар дүүрэн байгаа нь эмгэнэлтэй. Хүн төрөлхтөн үүссэн эх өлгий болсон энэ тивд оршдог 55 улс байгалийн асар их баялагтаа тулгуурлан Сингапур, Швейцарь шиг биш юм гэхэд ядаж л бидний хавьцаа амьдраад байж болмоор. Гэвч ингэж сайхан амьдрахад нь саад болж байгаа олон зүйл байна.

Эхнийх нь колончлолын үр дагавар. Африк тивд хэн нь илүү том газар эзэлж авах вэ гэж их гүрнүүд булаалдаж байх үедээ тухайн газар ямар соёлтой, ямар овог омог амьдарч байсныг тоож байсан удаа үгүй. Манайх гээд л булаагаад авсан бол болоо. Хоорондоо газраа булаацалдаж байлдаж байгаад эвлэрэхээрээ газрын зураг дэлгээд дээгүүр нь харандаа шугам барьж шулуун татаад “Үүнээс нааш манайх, түү­нээс цааш танайх” гээд хуваа­чихдаг. 

Эсвэл газар зүйн онцлог буюу уул нурууд, гол мөрнөөр зааглаад “Тэр голоос урагшаа танайх, тэр нуруунаас наашаа нь манай” гээд хуваачихдаг байсан гэх яриа бий. Тэр дотор нь багтсан омгууд хоорондоо эвтэй найртай байна уу, соёлын  ба шашны ялгаа нь ямар байна хэнд ч хамаагүй. Ингээд колончлолын эрин үе дуусахад нөгөө эзэрхэж байсан гүрнүүд явж үлдсэн хэд нь яг нөгөө хуучин зургаар нь улс байгуулаад амьдарч эхэлжээ. Цагаан арьст эзэрхэгүүд байх үед хэн ямар омгийнх нь огт хамаагүй бүгд адилхан дээрэлхүүлж байсан бол эрх чөлөөтэй болмогц гэнэт бүгд чи ч тэр овог, би ч энэ омог, чи тийм шашинтай, би ч ийм шашинтай гэдгээ гэнэт санасан нь мэдээж. Үүний үр дүн одоо хүртэл арилаагүй үргэлжилсээр.

Наад захын жишээ нь Мали улс. Энэ улсад бамбара, малинке, бозо, сомоно, догоны, сенуфо, бобо, фульбе, тукулерууд, туарегууд, маврууд гээд олон омог байдаг. Эдний дийлэнх нь хар арьстан бол туарег, маврууд нь араб гаралтай. Өнгөрсөн жил Малид цэргийнхэн төрийн эргэлт гарч улс орон нь эмх замбараагүй байдалд ормогц араб гаралтай омгууд нь шууд салан тусгаарлах ажиллагаа явуулж нэлээд хэсэг газар нутгийг эзлээд суучихсан. Төрөөс буусан буулгасан хоёр ойлголцож ядаж байтал лалын хэт явцуу үзэлтнүүдийн бүлэглэл хүчээ аваад Малийг бүхэлд нь лалын шашны Шариатын хуулиар амьдардаг улс болгоно гээд дайтаж эхэлсэн. Хэрэв ийм улс болж хувирвал Франц нөлөөгөө алдах болохоор цэргээ оруулж тэдэнтэй дайтаад нэлээд хэдэн сар болж байгаа юм.

Дараагийн жишээ нь Судан. Дотроо лалын шашинт умард ба христийн шашинтан голдуу өмнөд хэсэг гээд үндсэн хоёр хэсэгт хуваагдчихсан. Хоорондоо олон жилийн турш дайтаж 2011 онд л Өмнөд хэсэг нь тусгаар тогтносон. Одоо ч дайны байдалтай байгаа Өмнөд Суданд манай энхийг сахиулагчид байрлаж буй болохоор та бараг гадарлах биз. Ливи улс байна. Дарангуйлагч Муаммар Каддафийг түлхэн унагаад ардчиллыг байгуулна гээд бөөн юм болсон ч бүтээгүй. Омог, овог болгон өөр өөрийн гэсэн арми, өөрийгөө хамгаалах зэвсэгт бүлэглэл байгуулаад бүгд жалга, довоо хамгаалаад хэвтчихсэн. Өрнөдөөс мөнгө, зэвсэг, зөвлөхүүдийн тусламж аваад байдаг төв Засгийн газар юу гэх нь тэдэнд огт хамаагүй. Бүгдийг нь ахин нийлүүлнэ гэвэл олон жил үргэлжилж, олон мянган хүний аминд хүрэх дайн хийх шаардлагатай.

Ирак байна. Да­ран­гуйлагч Сад­да­мыг америкчууд унагаж “За та нар ингээд сайхан ардчилсан улс байгуулаарай” гээд яваад өгсөн. Тэднийг гарангуут курдууд нь “де факто” буюу албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй ч үнэн хэрэгтээ тусгаар улс байгуулчихсан. Үлдсэн арабууд нь хоорондоо суннит ба шиит гэж шашны урсгалын ялгаагаар хуваагдан байлдаад нэлээд хэдэн жил болж. Сирид мөн л Асадыг дэмжигч алавууд, тэдний эсрэг өрнөдийн санхүүжилттэй суннитууд, аль алинтай маргахгүй байгаа курдууд гээд бас л хуваагдчихсан иргэний дайн хийгээд хоёр жил болж байна. Омог хоорондын мөргөлдөөний хамгийн эмгэнэлтэй жишээ 1994 онд Руандад болсон юм. Төрийн эргэлт гарч Засгийн эрхийн гартаа авсан хүн амын олонхи хуту омгийнхон цөөнх тутси омгийнхныг “Цагаан арьстнуудын гар хөл болж, биднийг дарлаж байсан болохоор хүйс тэмтэр” гээд 100 хоногийн дотор хоёр сая гаруй тутсиг хоморголон устгасан байдаг.

Африк тивийг хөгжихөд саад болж байгаа дараагийн нэг алхам бол мөн л ко­лонч­лолын үр дагавар. Аф­ри­кийг эзэрхэж байсан их гүрнүүд зөвхөн цөөн тоо­ны хүнийг л тухайн га­зар нутгийг захирахдаа ашиг­ладаг, тэдэндээ Европ соёл, боловсролоос заадаг байсан болохоор дийлэнх нь одоо хүртэл бичиг үсэггүй, боловсролгүй.

Тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн эх­лэхэд ямар ч л байсан эрх чөлөө тусгаар тогтнол хэрэгтэй, гадаадын дарангуйлал хэрэггүй хэмээн тэмцсэн хэдэн хүн. Ингээд улс орноо удирдахаас эхлээд байгалийн баялгаа ашиглах хүртэл юм болгоноо өөрсдөө сайн мэдэхгүй болохоор эргээд нөгөө эзэрхэг улсуудаас ил далд ямар нэг байдлаар тусламж авах шаардлагатай болно. Газрын тос, шатдаг хий, кобальт ба зэсийн орд, марганцын орд, алт, цагаан алт, төмрийн хүдэр уран, фосфорит гээд байхгүй гэх зүйл үгүй. Даан ч ядаж л яаж олборлоод, яаж борлуулахаа мэдэхгүй. Тэгэхээр цагаан арьст ах нараасаа асууна. Нөгөөдүүл нь том компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Алтан дээр суусан гуйлгачин байлтай нь биш гээд тухайн улсын эрх баригчид нь ядаж ашиглаад улсад нь мөнгө өгч байгаа нь зөв гээд сууж байсан биз. Хэдий нутгийн иргэдийг асар хямд үнээр хөлслөн өндөр ашигтай ажиллаж байсан ч яваандаа хагас татвараа төлөхөөс зайлсхийх, хууль бус олборлолт явуулах гэх мэт илүү өндөр ашиг авах шаардлагатай болоход нөгөө элитүүдэд нь авлига өгч аргалдаг болжээ. Ингэсээр ихэнх хуучин элит нь авлигад автсан хоорондоо төрөл садны холбоотой нэг омгийн хүмүүс болж хувирдаг. Тэд ямар ч үнээр хамаагүй Засгийн эрхийг алдахгүй гэж зүтгэх нь ойлгомжтой. Харин одоо шинээр гарч ирж байгаа харьцангуй мэдлэг, боловсролтой залуу үед нь энэ таалагдахгүй учраас эсэр­гүүцэнэ. Нөгөөдүүл нь хариуд нь улс төрийн хэлмэгдүүлэлт явуулна, хорооно үр дүнд нь иргэний дайн, төрийн эргэлт.  Товч­хон хэлэхэд боловс­рол­гүй, үүнээс үүдсэн эх орон гэсэн ойлголтгүйгээс үүдэлтэй авлига. Энэ бүх авлига, иргэний дайн, төрийн эргэлт, газрын баялгийн ямар ч хяналтгүй замбараагүй олборлолтоос хамгийн их хохирдог нь жирийн иргэд. Дээдэс нь тэднийг хүн гэж тоохоо байдаг. Байсхийгээд л дайтаад, засгийн эрхээ булаацалдаад, аль болох их авлига авах гээд яваа дээдсүүдэд доодсын амьдрал хамаагүй нь мэдээж. Тиймээс Африкийн тоотой хэдэн орныг эс тооцвол боловсрол, эрүүл мэнд, халамжийн салбар гэж огт байдаггүй. Тиймээс ч энэ улсад дэлхийн хэмжээнд ДОХ-ын халдвартай хүмүүсийн 70 хувь байна. Өмнөд Африк, Египет, Тунис, Марокко гэх мэт цөөн хэдэн улсыг эс тооцвол бага, дунд боловсрол эзэмшдэг хүүхдүүдийн тоо маш бага. Хамгийн их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа тив нь Африк. Ардчилсан Конго улсад хүн амын 74 хувь, Этиоп 46 хувь, Танзанид 44 хувь, Нигерид 9 хувь, Кенид 31 хувь, Суданд 26 хувь, Зимбабвед 47 хувь, Замбид 46 хувь нь тус тус өлсгөлөнд нэрвэгдээд байна гэхээр ...Энэ олон сая хүний хэд нь өнөөдөр үхэж, хэд нь амьдрах вэ гэдэг нь олон улсын хүнсний тусламжаас л шууд хамаарч байгаа юм. Гэхдээ энэ тивийн улс болгон ийм байдалтай байгаа хэрэг биш гэдгийг хэлэх хэрэгтэй.

Сири, Ливи, Ирак зэрэг улс нь өрнөдийн тусламжтайгаар хувьсгал хийгээд биеэ даан тогтвортой, тайван хөгжиж яваа улсын тооноос хасагдсан. Египетэд удахгүй болох сонгууль нь цаашдын хувь тавиланг нь шийднэ. Одоогоор байсхийн үймээн, тэмцэл гарсаар тус улсад ирэх жуулчдын тоо багасч нэлээд хохирол амсаад байгаа юм. Ангола, Алжир нь тайван хөгжлийн замд байгаа ч хүн амын дундах өвчлөл их, баялгийн хувиарлалт тэгш бус, хүн амын дийлэнх нь ядуу амьдралтай гээд асуудал олон.

Африк тивээс хамгийн өнгөтэй өөдтэй яваа улс нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс. Хэдхэн хоногийн дараа энэ улсад БРИКС буюу Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн эдийн засаг нь хамгийн хурдацтай хөгжиж яваа таван орны удирдагч нарын уулзалт болно.
Энэ тавын тэргүүнүүд нь Африкийн орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзана. Тэгэхээр хар тивийг алтан тив болгох талаар олон асуудлыг хөндөх нь гарцаагүй. Ядаж л нэг нь ингээд өнгөлөг яваад байвал нөгөөдүүл нь үлгэр жишээ аваад өөрсдийгөө өөд нь татах нь гарцаагүй биз.

0 Сэтгэгдэл
tim shuu unher goy hellee
Tsagaan sar ba xar nulimas
bid end jingee hasah geed l. tand humuus ulsuud l.
Tsagaan sar ba xar nulimas
Тийм шүү. яг үнэн. одоогийнхоо амьдралыг хайрлах хэрэгтэй
Bidnii udur tutmiin egel jiriin amidral uur humuusiin huvid muruuduud muruuduud olj avch chadahgui zuudnii amidral n baih yum da!
tim shuu unher goy hellee
Тийм шүү. яг үнэн. одоогийнхоо амьдралыг хайрлах хэрэгтэй
Хамгийн их уншсан