Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Xэдий хэмжээний алт олборлосон бэ?

Хүн төрөлхтөний түүхэнд дэлхийн хэмжээнд цуглуулсан алтны нөөц асар их баймаар. Гэвч бодит байдал дээр дэлхийн хэмжээнд цуглуулсан алтны хэмжээг хааш хааш тэгш талтай шоо болговол нэг талынх нь урт ердөө 20 метр болно гэж дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Уоррен Баффет хэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээлэв.


Гэхдээ энэ талаар “Thomson Reuters GFMS” мэдээллийн агентлаг өөр бодолтой байдаг аж. Энэ агентлагийн гаргасан мэдээгээр дээрх шоо дөрвөлжингийн нэг талын урт нь 20,7 метр болох аж.

Хүн төрөлхтний цуглуулсан алтны нөөцийн талаар огт өөр мэдээлэл гаргасан газар ч байна. Эл мэдээллээр бол хуримтлуулсан алтны хэмжээ 2,5 сая тонн жин татах бөгөөд тал бүр нь 50 метр урт шоо дөрвөлжинтэй тэнцэх юм байна. Хэрэв үнэхээр ийм хэмжээний алт олборлосон байвал Уимболдонд жил болгон явагддаг газрын теннисний талбайг бүхэлд нь бүрхэх бөгөөд бүрхсэн алтан гулдмайн өндөр нь 143 метр болох ёстой юм.

Хүн төрөлхтөний олборлосон алтны хэмжээний талаар мэргэжилтнүүд яагаад ийм ялгаатай тоо хэлж байна вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Ингэж ялгаатай дүгнэлт өгөхөд хүргэж байгаа нэг шалтгаан нь алтыг өдий хүртэл олборлож ирсэн хугацаа юм. Археологийн олдворуудад суурилсан тооцооны дагуу хүмүүс 6000 жилийн тэртээгээс алт олборлож, боловсруулдаг, ашигладаг болсон аж.
Гэхдээ мэргэжилтнүүд яаж ч дүгнэсэн тухайн үед байсан олборлох, боловсруулах технологийн хүчээр хүмүүс ердөө 297 тонн алт гарган авчээ. Харин орчин үеийн технологи нэвтэрснээр олж авсан алттай нийлбэл нийт алтны хэмжээ 155,2 мянган тонн болох аж.

Бусад шинжээч дэлхийн хэмжээнд нийт олборлосон алтны хэмжээ өнөөдөр мэргэжилтнүүдийн зарлаад байгаагаас хавьгүй их гэж үзжээ. Учир нь, албан ёсны мэдээнээс гадна манайх шиг зарим оронд хууль бус олборлолт газар авсан, зарим орон нь стратегийн ач холбогдлын үүднээс олборлож байгаа алтны хэмжээг бодитоор мэдэгдэхийг хүсдэггүй юм байна.

Алт гэдэг нэртэй металлыг хүн төрөлхтөн яагаад ийнхүү хамгийн үнэт металл гэж сонгох болсон нь сонирхолтой. Олон зуу, мянган жилийн ялгаа, соёлыг хил хязгаар зааглаж байсан ч тухайн үедээ өндөрлөгт гарсан бүх л үндэстэн, улс гүрнүүд алтыг хамгийн дээд үнэт эрдэнэ гэж сонгосон байдаг нь сонин. Компьютер, өндөр хөгжсөн хими, физик, уулын олборлох уурхай, олон арван тонны даацтай өөрөө буулгагч, экскаватор гэх мэт зүйл огт байхгүй атлаа тэр олон мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүс хүртэл шар өнгөтэй энэхүү металлыг хосгүй онцгой чанартай гэдгийг мэдээд хамгийн дээд үнэт эдлэлээр сонгосон байдаг нь хамгийн сонин.

Алт ямар шидтэй юм бэ.  Алт нь янз бүрийн химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй. Ердийн нөхцөлд агаарт болон усанд исэлддэггүй, хүчлийн үйлчлэлээр өөрчлөгддөггүй. Хаан хүчил нэртэй өндөр агуулгатай давсан болон азотын хүчлийн холимог, цианит кали эсвэл натрийн хүчиллэг уусмалд л уусдаг. Ийм хосгүй чадвартай болохоор алтаар хийсэн эдлэл хэзээ ч өнгө алдаггүй, бараг мөнхийн бүтээл болдог.
Дэлхийн хөрсөн дэх алтны агуулга маш бага. Өөрөөр хэлбэл, дунджаар дөрвөн тонн уулын чулуулаг тутмаас дөрвөн миллиграмм алт л олборлох боломжтой юм. Тэгэхээр дэлхийн хамгийн ховор элементийн нэг нь алт. Газрын ховор элемент гэсэн нэрээр сүүлийн үед од болоод байгаа палладигаас гэхэд л гурав дахин бага байдаг, мөнгөнөөс 15 дахин бага, вольфромаас 300 дахин бага, одоо хэрүүлийн алим болоод байгаа уранаас 600 дахин бага, зэсээс 10 мянга дахин бага агуулгатай. Тэгэхээр ховор тусам үнэтэй гэсэн зарчим үйлчилнэ гэсэн үг.  
Алтны физик ба химийн чадвар бүр ч биширмээр. Алт нь дэлхийн хамгийн үзэмжтэй бөгөөд хамгийн хүнд металлуудын нэг. Ердөө  46 мм диаметртэй цэвэр алтан бөмбөлөг нь  1 кг жин татна. Хэрэв 20 ам метр талбайтай, өндрөөрөө гурван метртэй өрөөг алтаар дүүргэнэ гэвэл 1150 тонн алт шаардлагатай болно гэсэн үг.
Алтыг асар нимгэн болтол давтан сунгах боломжтой. Жишээлэхэд, 0,001 мм зузаантай алтан ялтас бэлдэх боломжтой. Нэг грамм алтнаас 3000 метр урттай алтан утас цувьж болдог бол нэг кг алтнаас гаргаж авсан алтан ялтсаар 530 ам метр талбайг бүхэлд нь бүрхэх боломжтой.

Элдэв хольцгүй цэвэр алт нь их зөөлөн металл болохоор хумсаараа ч гэсэн зурчихаж болно. Тиймээс алтыг заавал ямар нэг хольцтой хийдэг, 583 ч гэх юм уу. Өөрөөр хэлбэл, 58,3 хувь нь алт бусад нь өөр хольц гэх мэт. Цаашилбал, алтыг бусад металлтай хольвол хайлах температурыг нь багасгадаг төдийгүй алтны механик чанарууд эрс өөрчлөгддөг. Ердөө нэг хувь тугалга агуулсан алтны уусмал нь ширэм шиг хагарамтгай болдог байх жишээтэй. Цахилгаан дамжуулах чанараараа мөнгө, зэсийн дараа орно. Дулаан дамжуулах чадвараараа алмаз, мөнгө, зэсийн дараа орно.

Ховор, физик ба химийн чанар хосгүй, элэгдэлд бага автагддаг зэрэг чанараас болоод алт нь сансар, компьютерийн технологид өргөнөөр ашиглагддаг төдийгүй дэлхийн эдийн засгийн маш чухал хэрэгсэл болсоор ирсэн байдаг. Дэлхийн бараг бүх орны төв банкууд нь алтыг мөнгөн тэмдэгтийн баталгаа болгон хадгалдаг. Гэхдээ ингэж хадгалдаг алтны хэмжээ нь нийт олборлосон алтны тун ялихгүй хувийг эзэлнэ. Бүр нарийвчилбал дэлхийн бүх банкад агуулж байгаа алтны хэмжээг 32 мянган тонн гэж тооцдог. Энэ хэмжээний алтыг бүгдийг нь хайлуулан цутгавал тал бүр нь 12 метр урттай шоо дөрвөлжин болох юм.
Алт энэ мэт олон хосгүй чанартай болохоор олборлолт нь цаашид ч тасрахгүй бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан