Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв банкууд алт худалдах бус худалдан авагч болсон тул үнэ буурахгүй


Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын алт олборлолт буурч ирсэн. Энэ нь, хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, урт нэртэй хууль, олборлолтын хамгийн бага зардал шаарддаг алтны шороон ордын нөөц дуусч, олноороо хаагдаж эхэлсэнтэй холбоотой гэдэг. Гэвч 2010 онд зургаан тонн алт олборложээ. Энэ нь, тухайн жилд дэлхийн хэмжээнд олборлосон нийт алтны хоёр хувь болсон байна. Харин дараа жил нь таван тонн алт олборлосон нь гурван жилийн хугацаанд хамгийн их алт олборлосонд тооцогдож байгаа юм. Урьд нь, алтны шороон ордуудын гарц өндөр, хэвийн ажиллаж байхад, дэлхийд жилд олборлож буй алтны зургаан хувийг нийлүүлдэг байв. Ирэх жилүүдэд алт, зэсийн болон томоохон үндсэн ордууд ашиглалтад орохоор олборлолт нь нэмэгдэнэ хэмээж буй. Хоёр жилийн өмнө  Монгол Улсын эрдэс баялгийн санд давхардсан тоогоор алтны 540, шороон ордод 206, үндсэн 50 ордод 1278 тоннын нөөц  бүртгэгдсэн байдаг.

Дэлхийн хэмжээнд 2009 оны байдлаар үндсэн болон шороон ордоос 161 мянган тонн алт олборлосон тооцоо бий. Харин сүүлийн жилүүдэд алт олборлолт 1.6 хувиар нэмэгдэж жилийн 78.4 сая унцид хүрчээ. Хэдийгээр олборлолт  нэмэгдсэн ч, дэлхий нийтэд хүдэр дэх алтны агууламж буурах хандлагатай болсон байна. Иймээс нэг унци алт олборлолтын зардал ойролцоогоор 544 ам.доллар байсан бол эдүгээ 200 хувиар нэмэгдсэн судалгаа бий. Тэгэхээр уг металлын үнэ өсөх гол шалтгааны нэг нь энэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийд жилд 8.1 сая унци алт олборлох хүчин чадалтай 58 уурхай ашиглалтад оржээ. Үүнд, уурхайн хүчин чадал нөөцөөрөө Хойд болон Латин Америкийн орнууд тэргүүлж буй бөгөөд 21-25 хувийг нь эзэлж буй. Удаад нь, Австрали, Африк, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон Европ, Номхон далайн орнууд тус тус эзэлж байна. Судлаачид хэдийгээр дэлхий дахины жилд олборлох алтны хэмжээ нэмэгдсэн ч, үнэ буурахгүй гэдэг.  Учир нь, олборлолтын зардал нэмэгдсэн, эрэлт өндөр хэвээр байгаа аж. Улс орнуудын төв банк урьд нь алт худалдагч байсан. Гэвч 2008 оны эдийн засгийн хямралаас хойш алтны зах зээлд гол худалдан авагчид болжээ.

Хамгийн том худалдан авагчаар Хятадын Ардын банк, Энэтхэгийн Нөөцийн банк тэргүүлж буй аж. Эдгээр банк сүүлийн жилүүдэд өөрсдийн хөрөнгөө 10-17 сая орчим унци алтаар нэмэгдүүлж ирсэн  гэдэг. Мөн Оросын төв банк болон хөгжиж буй орнууд жилд 8-12 сая унци алт худалдан авсан судалгаа гарчээ.
Алтны үнэ өндөр байгаа нь гоёл чимэглэлийн үнийг өсгөхөөс гадна үйлдвэрлэлд хэрэглэх алтны хэмжээг нэмэгдүүлжээ. Жишээ нь, үйлдвэрлэлд жилд 70 гаруй сая унци алт хэрэглэж ирсэн аж. Тэр дундаа электроникийн үйлдвэрлэлд хэрэглэх алт өссөн байна. Судлаачид цаашид үйлдвэрлэлд хэрэглэх алт нэмэгдэж, жилд 80 орчим сая унци болно гэжээ.

Европын өрийн хямрал, дэлхийн хөрөнгө санхүүгийн зах зээлийн уналт хоёр жилийн өмнө уг металлын үнийг унци нь 1850 ам.доллар хүртэл өсгөж, түүхэнд дээд амжилт тогтоосон удаатай. Гэвч үнийн энэ огцом өсөлт удалгүй буурч, унци нь 1600 ам.доллар болсон. Үүнээс хойш 1530 ам.доллар болсон удаа бий. Харин энэ сарын дундаж үнийг шинжээчид 1582 ам.доллар байхаар тооцож буй юм. Энэ нь, он гарснаас хойш 0.4 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Гэвч он дуустал алтны үнийн хэлбэлзэл 1600-1660 ам.доллар байх таамаглал бий. Тэгэхээр алтны үнэ буурах бус харин ч өсөх чиглэл заах нь. Нөгөө талаар, манай улсын алт олборлолт нэмэгдэх хандлагатай болсон нь эдийн засгийн чадавхиа бэхжүүлэхэд бас нэг тулгуур болох бололтой.  

0 Сэтгэгдэл
ene sedeveer iim bodit medeelel ogson mash chuhal yum iim medeeleliig manai tor zasgiin bolon gishuud unshij unen bodit baidald dugnelt hiij ALAT olborloltoo nemgduulj balyutiin hanshnii savalgaag zogsooj ediin zasagch mash chuhal hoshuureg bolno shuu
Хамгийн их уншсан