Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгөөр цэцэрлэг барина гэв үү


Ажил ихтэй учраас өөрийн амьдардаг хороогоороо тэр бүр ороод байж чаддаггүй. Ер нь, ажил эрхэлдэг хүмүүсийн ихэнх нь цаг зав муутайгаас болоод хорооны Засаг даргаар хэн сонгогдсон, чухам ямар ажил хийдгийг тэр бүр мэддэггүй. Зайлшгүй тохиолдолд хорооны тодорхойлолт авах гэж орно. Заримдаа ч хажуу айлын Дулам эмээд эсвэл хамаатныхаа хүүхдэд бичиг баримтаа үлдээгээд “Тодорхойлолт аваад тавьчихаарай” гэж аминчлан захих нь хэвийн үзэгдэл болоод буй. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн гэх чихэнд чимэгтэй мэдээ сонсогдсон билээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь бид амьдарч байгаа хороондоо тулгамдаж буй асуудлыг алхам тутамдаа мэдэрч, бухимдан “Энэ ажлыг хэзээ хийх юм бол” гэсэн иргэний байр сууринаас ажигладаг байв. Тэгвэл одоо байдал өөр болсныг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар баталгаажуулж өгсөн юм. Одоо иргэн та хорооны Орон нутгийг хөгжүүлэх санд хэдэн сая төгрөг шилжүүлсэн эсэх, түүнийг ямар зүйлд захиран зарцуулж болох талаар саналаа өгч, хорооныхоо удирдлагад дуу хоолойгоо хүргэх эрхтэй болсон. Манайхан өнгөрсөн хугацаанд төсөв захиран зарцуулах ажилд оролцож байгаагүй. Тиймээс шинэ, шинэлэг ажил учир ойлголт муутай нь илхэн. “Танай хорооны иргэд хуралдаад хорооныхоо нутаг дэвсгэрт нэн түрүүнд хийх ёстой гэж үзсэн ажлаа олонхийн саналаар дэмжсэн бол хэрэгжүүлэх боломжтой болсон шүү” гэхээр эргэлзэж тээнэгэлзсэн харцаар өөдөөс ширтээд байдаг.

Шууд ардчилал-Иргэний оролцооны жилийн хүрээнд бид энэ ажлыг зөвхөн нийслэл гэлтгүй Монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэдэд сурталчлан таниулмаар санагдсан. Энэ жил иргэд маань дүүрэг, хорооныхоо ажилд идэвхтэй оролцоод сурчихвал ирэх онуудад амьдарч буй орчин нь гэрэл гэгээтэй болохсон. Бид энэ ажилд цучил нэмэхээр нийслэлийн есөн дүүргийн хороодын Засаг дарга болон иргэдтэй уулзан дээрхи ажил ямар төвшинд хэрэгжиж буйг цувралаар сурвалжилж байгаа билээ. Энэ удаа бид Баянзүрх дүүргийн II хороог зорив. Тус хороо 11 орчим мянган хүн амтай, 2799 өрхтэй аж. Уг нь, тус хууль хэрэгжиж эхлээд гурван сар гаруй хугацаа өнгөрсөн болохоор өдийд бүх газар Орон нутгийг хөгжүүлэх сандаа мөнгөө төвлөрүүлж, ямар ажилд захиран зарцуулах талаараа иргэдээсээ санал авч, эрэмбэлчихсэн байх гэж бодсон юм. Гэтэл тус хорооны Засаг дарга Ц.Баяржаргал “Манай хорооны Орон нутгийг хөгжүүлэх санд хэчнээн төгрөг төсөвлөснийг мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд огт цэцэрлэггүй хороо олон бий. Тиймээс дүүргийн удирдлагууд тэр мөнгөөр есөн цэцэрлэг барихаар төлөвлөсөн гэсэн. Тэгэхээр энэ жил дээрх мөнгөнөөс өгөхгүй байх. Гурван хорооны мөнгийг нэгтгээд нэг хороонд нэг цэцэрлэг барихаар болсон. Манайх хороондоо цэцэрлэг барих гэхээр газар олдохгүй юм. Гэхдээ иргэдээс цэцэрлэг, сургууль барьж өгөх санал хамгийн их ирдэг. 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 500 сая төгрөгөөр барих тооцоо гаргасан байна лээ. 500 сая төгрөгөөр хамгийн хямд материалаар Канад технологиор цэцэрлэг бариад тэр шүү дээ. Шууд ардчилал-Иргэний оролцооны жилийн хүрээнд зохион байгуулсан сургалтад хорооныхоо 100 гаруй иргэнийг хамруулсан. Хорооны дүрэмтэй болох, иргэдийн хурлаа хийх талаар мэдэж байгаа. Иргэдээс санал авч, түүнийгээ эрэмбэлэх талаар хангалттай сонссон ч бидэнд мөнгө нь байхгүй” хэмээн ярив. Тэгэхээр цэцэрлэгтэй хороо хохироод үлдэх нь. Өөрөөр хэлбэл, цэцэрлэггүй хороондоо Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх ёстой мөнгөө өгчихөөр цэцэрлэгтэй хороонд тулгамдаж буй асуудал байсаар л байна шүү дээ. Үүнээс гадна иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор дүүрэг, хороо, сум, баг бүр нийтийн зарын самбартай байх ёстой. Гэтэл тус хорооныхон өнөөг хүртэл самбараа хийлгээгүй гэнэ. Түүнийг хийлгэх санхүүжилт байхгүй аж. Тэр бүү хэл иргэдийн хурлаа ч зохион байгуулаагүй гэх. Хурал хийх гэхээр байр сав байхгүй гэнэ. Хорооны цогцолбор барилгыг өнгөрсөн онд эхлүүлсэн ч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хөрөнгө мөнгийг нь гүйцэд шийдвэрлэж өгөөгүй учир барилгын ажил зогсонги байдалд оржээ. Тус хорооны өрхийн 85 хувь нь гэр хороололд амьдардаг учир сургууль, цэцэрлэгээс гадна ундны усаа зөөх худаг хэрэгтэй байгаа гэнэ. Мөн Дарь-Эхийн замууд ус зайлуулах шугамгүй учир бороо орсны дараа уулнаас ус бууж зам руу урсч шалбааг үүсдэг байна. Үүнийг шийдвэрлэж өгөхийг иргэд хамгийн их хүсдэг аж.  Гэсэн ч мөнгө байхгүй.

Баянзүрх дүүрэгт дөрвөн тэрбум 400 гаруй сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд хуваарилж өгчээ. Тус дүүрэг 28 хороотой бөгөөд ойролцоогоор нэг хороонд 160 орчим сая төгрөг ногдохоор байж. Энэ мөнгөөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхгүй байхаар хуульд заасан. Иргэдийнхээ хурлыг хийж, олонхийн санал авсан ажлыг хийж гүйцэтгэх учиртай байтал Баянзүрх дүүрэг хорооддоо өнөөг хүртэл мөнгө хуваарилж өгөөгүй нь хачирхалтай. Цэцэрлэг, сургууль барих хөрөнгийг нийслэлийн төсөвт тусгаж хэрэгжүүлж болмоорсон доо. Шууд ардчиллын өлгий болох Швейцарь манайхтай адил ийм тогтолцоогоор явж өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болоод байгаа. Маш жижигхэн газрыг ч оршин суугчид нь хэрхэн ашиглах талаар хуралдаад өөрсдийнхөө ая тухтай амьдрах орчинг бүрдүүлээд хэдийнэ сурчихсан. Тус орны туршлагаас судлан Монгол орноо хөгжүүлэх аян эхлүүлсэн нь хуульд зааснаас бусад ажилд зарцуулагдвал хэчнээн харамсалтай вэ. Иргэд ч энэ талаар маш хангалтгүй мэдлэг мэдээлэлтэй байна. Өмнөх сурвалжлагадаа Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн мөнгөөр өөрсдийнхөө оролцоотой ямар ажилд зарцуулах эрхтэй болсноо мэдсэн эсэхийг иргэдээс асуухад “Анх удаа сонсч байна. Хэзээ тийм шийдвэр гарсан юм бэ” гэж  ихэнх нь өөдөөс асууж байсан. Баянзүрх дүүргийн II хороонд ч мөн ийм байдал давтагдав. Тиймээс иргэдээс авсан яриаг энэ удаа оруулахгүй байхаар шийдлээ.

0 Сэтгэгдэл
Сэтгүүлч яагаад цэцэрлэг барьж болохгүйг тайлбарлаагүй байна. Төсвийн тухай шинэ хуулиар Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх чиглэлийг тодорхой заасан байгаа. Үүнд тус сангийн хөрөнгөөр иргэдийн амьдрах орчинийг сайжруулах тохижилтийн ажлуудыг заавал иргэдээр хэлэлцүүлэн эрэмбэлсний үдсэн хэрэгжүүлэх ёстойг хуульчлан заасан байдаг.
Тэгвэл анх цэцэрлэг барьсан хороо ч тэр үедээ хожоод үлдсэн биз дээ. нэг нь цэцэрлэгтэй болох гэж байхад дунд нь хар муур гүйж байх гэж. Энэ тэнэг сэтгүүлчийн бодож байгааг нь. Ээлжлээд шийдэж болно. Тэнэг мал. Цөөхөн хэдэн төгрөгөөр ам хамарт хүрэхгүй юм хийж байхаар нэг хороо ч гэсэн цэцэрлэгтэй болог дээ. Чамаас дээр юмнууд хороон дарга болдог л юм байна. Цэцэрхэж сурвалжлага хийж дээ:.
Сэтгүүлч яагаад цэцэрлэг барьж болохгүйг тайлбарлаагүй байна. Төсвийн тухай шинэ хуулиар Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх чиглэлийг тодорхой заасан байгаа. Үүнд тус сангийн хөрөнгөөр иргэдийн амьдрах орчинийг сайжруулах тохижилтийн ажлуудыг заавал иргэдээр хэлэлцүүлэн эрэмбэлсний үдсэн хэрэгжүүлэх ёстойг хуульчлан заасан байдаг.
Хамгийн их уншсан