Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар 30-300 сая төгрөгийн өртэй


“Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын нэгдсэн түр хороо”-ны тэргүүн Х.Оюунцэцэгээс дараахь зүйлийг тодрууллаа.


-МАН-ын зарим гишүүн Хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа гэсэн. Тухайлбал, хэн, аль хадгаламж зээлийн хоршооноос хэчнээн төгрөгийн зээл авсан бол?
-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар байна. “Бүтээн байгуулалт” ХЗХ-ноос Б.Бат-Эрдэнэ 85 сая, Ц.Нямдорж 300 сая төгрөг авсан байдаг. Г.Занданшатар энэ ХЗХ-ны захирал байсан Энхтөрийг 2004 онд сонгуулийн менежерээр ажиллуулсан. Мэдээж, тодорхой хэмжээний мөнгөөр ивээн тэтгүүлсэн байж таарна. Д.Сарангэрэл ТВ-5 телевизийн захирал байхдаа 2004 онд “Глоб кредит” ХЗХ-гоор Афины олимпыг шууд дамжуулна гэж ивээн тэтгүүлж, 30 сая төгрөг авсан. Түүний хадам ах нь өнөөдөр ХЗХ-ны гурван өрөө байранд амьдарч байгаа. Тиймээс энэ байрыг суллаж өгөх шаардлагыг ч хохирогчид тавьсан. Гэвч хүлээж аваагүй. Хууль хяналтынхан ч очиж, тайлбар авахад “Глоб кредит” ХЗХ-ны байр гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Бид “Бүтээн байгуулалт” ХЗХ-ны удирдлага байсан Энхтөр, Баттөр нартай хоригдож буй ангид нь очиж, уулзсан. Тэд зарим улстөрчдөөс авах ёстой авлага байгаа гэдгийг ч хэлсэн байгаа.

-Танай түр хорооны зүгээс энэ улстөрчдийг зээлээ төлж барагдуул гэсэн шаардлага тавьж байна гэж ойлгож болох уу?
-Тэд зээлээ төлөхгүй л дээ. Тэр байтугай хэргээ хүлээдэггүй улс шүү дээ. Бид ямар ч байсан энэ асуудлыг хөндөж, холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан.

-Дампуурсан ХЗХ-дод хэчнээн зээлдэгч авлагатай байгаа вэ?
-Хоршоодыг зориудаар дампууруулсан нь тодорхой. Зээлдэгчдийн авлага дөрвөн тэрбум төгрөг байна. Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэнд шилжүүлэх явцад 1.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө алга болсон. Одоогоор Төрийн санд 20 орчим тэрбум төгрөг төвлөрсөн байгаа. ХЗХ-дын дампууралд төр буруутай учир энэ мөнгөө буцааж авна гэсэн шаардлага тавьж байна.   
  
-АТГ-ынхан албан тушаалаа урвуулан ашиглаж ХЗХ-дын битүүмжилсэн хөрөнгийг  завшиж, үрэгдүүлсэн гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим албан хаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэчнээн хүн ийм хэрэгт холбогдоод байна вэ?
-Хууль хяналтынхан арваад хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон газрын кадастрын албаны ажилчид хэрэгт холбогдсон. Мөн тэдний дунд Засаг дарга байсан хүн ч бий.

-Хууль зүйн яамнаас гаргасан ажлын хэсэгтэй хохирогчид хамтарч ажилласан. Та нар ХЗХ-дын битүүмжилсэн хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн үү?
-Үгүй. Гэхдээ Дүн шинжилгээ, үнэлгээний комисс гарч ажилласан. Тэд ХЗХ-дын битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдааг хууль бусаар явуулж, зарим хөрөнгийг тухайн үед үнэлсэн үнэлгээнээс хэт доогуур үнээр худалдсан байна гэж дүгнэсэн. Бид яамнаас гаргасан ажлын хэсэгтэй хамтарч ажиллаад битүүмжлэлд ороогүй ХЗХ-дын олон хөрөнгийг илрүүлсэн. Тухайлбал, “Глоб кредит” ХЗХ-ны 68 айлын орон сууц, гарааш, “Баян-Өндөр” ХЗХ-ны хувьцаат компани байна. Энэ хувьцаат компанийг л гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан ажиллуулж байх жишээтэй. ХЗХ-дын хохирогчид хохирлоо бүрэн барагдуулж авахын тулд долоон жил тэмцлээ. Энэ хугацаанд маш хүнд бэрхийг туулсан.

-Хохирогчдын дунд хийсэн судалгааны дүнгээс товчхон танилцуулахгүй юү?
-Хоршоодын нийт 8301 хохирогчийн 700-гийнх нь дунд судалгаа хийж үзсэн л дээ. Тэднээс 58 нь нас барсан байна. Долоон жил айлын хажуу өрөө түрээслэж амьдарсан нь ч байна. Өвчин зовлонд нэрвэгдсэн, мөнгөө алдаж, хохирсноос болж гэр бүл салсан тохиолдол ч олон гарчээ. Харин энэ удаагийн Засгийн газар бидэнд нааштайгаар хандлаа. Хохирол бүрэн барагдуулах тухай хуулийн төслийг дэмжсэн байгаа. Удахгүй УИХ хэлэлцэх байх. Наана нь мэдээж, энэ асуудлыг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

-Хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулахын тулд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-30 тэрбум төгрөгийн хохирол байна. ХЗХ-доос зургаа нь хохирлоо бүрэн барагдуулсан.

0 Сэтгэгдэл
Хүүе ээ, Манай энхрий хайрт МАН-аас чинь шоронд оролгүй үлдэх хүн байна уу. Одоо яана вэ, хөөрхий Ганц худагт Удирдах зөвлөлийн хуралаа хийх болох нь дээ. Тэгээд ***** С.Баяр хурлыг нь удирдана.....хэ хэ хэ
Хамгийн их уншсан