Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингис бонд”-ын хөрөнгөөс авто замд 570 тэрбум төгрөг зарцуулна


Улсын хэмжээнд удахгүй их бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонслоо. 

А.Гансүх сайдын танилцуулгаас үзвэл, Зам, тээврийн сайдын багцад 421.4 тэрбум төгрөгийн 123 төсөл, арга хэмжээ батлагджээ. Үүнийг авто болон төмөр зам, иргэний нисэх гэх мэт чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн юм байна.  
Ингээд танилцуулгатай нь холбоотой УИХ-ын зарим гишүүний асуусан асуултад

Зам, тээврийн сайд А.Гансүх болон холбогдох албаныхан ингэж хариуллаа. 

УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж: -Танилцуулгад дурдса­наар шинээр хэрэгжүүлэх 11 төсөл, арга хэмжээнээс хоёр, гуравт нь л сонгон шалгаруулалт зарлах юм байна. Бусдыг нь шууд сонгох нь. Ингэснээр хууль зөрчигдөхгүй юү. Одоо болтол сонгон шал­га­руулалтаа хийхгүй юу хийж байсан юм бэ. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замын хэдэн км-ийг нь тавьчихаад байна вэ. Улаанбаатар хотод энэ жил хэдэн км авто зам тавих вэ. Замын бүтээн байгуулалтад ажил­лах хэчнээн ажиллах хү­чийг гадаадаас оруулж ирэхээр байгаа вэ.


Зам, тээврийн сайд А.Гансүх: -Шууд гэрээ бай­­гуулах 2013 онд хийх есөн замын ажил байгаа. Ту­хайлбал, Мөрөн-Тариалан, Өн­дөрхаан-Чойбалсан чиглэ­лийн замыг 25, 35 км-ээр хуваа­сан. Ингэж хуваасан нь тухайн ондоо ашиглалтад оруулах зорилготой. Тухайн замын ажлыг гүйцэтгэх ком­паниудын хүчин чадалтай нь холбоотойгоор замаа хуваа­сан. Ингэснээр он дамжсан ажил хийхгүй гэсэн үг.
Шууд гэрээ хийхийн тулд Засгийн газраас чи­лэл авсан. Эдгээр замын санхүүжилтийг Хөгжлийн банкинд шилжүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд шууд гэрээ байгуулах үүргийг ЗТЯ-нд өгсөн. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг шууд сонгосноор хууль зөрчихгүй.

Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын дарга Р.Онон: -Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийт 428 км зам тавих ёстойгоос одоо 290 км нь дутуу байгаа. 

Нийслэлийн Засаг дар­гын орлогч Н.Гантөмөр: -Улаанбаатар хотод энэ жил 38 км зам шинээр тавихаар төлөвлөсний 13.4 км нь энэ жилдээ ашиглалтад орно. Одоогоор 87 км замыг шинэчлэн засуулах юм. Нисэх-Яармагийн чиглэлийн 16.6 км зам тавих ажилд гадаадын 250 хүн ажиллуулна гэсэн тооцоо гарсан. Гэхдээ энэ тооны хүн одоогоор Монголд ирээгүй байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж: -Таван толгой-Гашуун сухайт чиглэлд төмөр зам тавих ажил эхлээгүй юм уу?
Зам, тээврийн сайд А.ГАнсүх: -Өнөөдрийн байд­лаар Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 264 км төмөр замын техник, эдийн засгийн тооцоо судалгааг хийж дуусаад, зураг төсөл нь бэлэн болсон. Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан. Газар шорооны ажил нь эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 20 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдсэн байгаа. “Самсунг” компани гүйцэтгэгчээр шалгарч туслан гүйцэтгэгчээр Монголын 11 компани оролцож байна.

УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал: -Замын ком­паниудыг ангилсан гэлээ. Ямар шалгуураар хэрхэн ангилсан юм бэ. Хэзээ тийм ангилал тогтоосон бэ?
Зам, тээврийн сайд А.Гансүх: -Шинээр тавих за­маа 25, 30 км-ээр хувааж, ком­­паниудад хариуцуулж бай­гаа нь тухайн замаа хуга­­­цаанд нь ашиглалтад оруу­лах зорилготой. Замын компа­ниудад ЗТЯ ангилал тог­тоо­гоогүй. Авто замчдын холбоо ангилж, бидэнд компаниудын нэрийг өгсөн. Цаашид ком­паниудыг хийсэн ажлаар нь дүгнэж, өөрөөр хэлбэл, ча­нар­гүй зам тавьсан, ажлаа хуга­цаанд нь дуусгаагүй компа­ниу­дын хар жагсаалтыг гаргах юм.

УИХ-ын гишүүн Ц.Да­ваа­сүрэн: -Нэг км зам тавих өртгийн асуудлыг шийд­вэрлүүлж чадсан уу?
Зам, тээврийн сайд А.Гансүх: -ЗТЯ байгуулагд­сантай холбоотой замын салбарт шинэчлэл хийнэ. Ком­паниудын өрсөлдөх чадвар, чадавхийг дээшлүүлэх талд анхаарч ажиллаж байгаа. Нэг км замын нэгж өртөг хэд байх вэ гэдэгт бид Авто замчдын холбоотой хамтарч тооцоо судалгаа хийсэн. Ингээд нэг км замыг 850 саяас нэг тэрбум төгрөгт чанартай тавих боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан л даа. Энэ тооцоог үндэслэж, Эдийн засгийн хөгжлийн яаманд нэг км замын нэгж өртгийг нэмэх талаар асуудал тавьсан. Харамсалтай нь, төсөв мөнгөний боломжгүй. Тиймээс цаашид энэ асуудлыг Эдийн засгийн хөгжлийн, Сангийн болон Зам тээврийн сайдын хамтарсан журам гаргаж, норм нормативаа шинэчилж батлах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн байгаа.
 
УИХ-ын гишүүн Д.Бат­цогт: -Улаанбаатар хо­тын 22-ын товчооны орчмын замыг гурван жил заслаа. Ингэхэд хотод зам тавьдаг компаниудаа яаж сонгодог юм. Жил болгон замын боржур солих юм. Энэ одоо хэний бизнес юм бэ. Бас Улаанбаатар хотод хурдны зам барих асуудал юу болж байна вэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.ГантөмөР: -22-ын товчооны зам яагаад гурван жил болсон гэхээр 2010 онд ажил гүйцэтгэх тендерт “Бэрх зараа” гэдэг компани ялж, төсвөөс мөнгө авсан. Гэвч ажлаа бүрэн гүйцэтгээгүй. Тиймээс бид шүүхэд өгсөн. Энэ хугацаанд замын ажлыг зогсоогоогүй. Үлдэгдэл таван тэрбум төгрөгөөрөө энэ жил дуусгана. Энэ жилээс замын зөвхөн боржурыг солихгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Боржур сольвол замаа ч гэсэн янзал гэсэн шаардлага тавина. Хурдны замын тухайд Эдийн засгийн хөгжлийн яаманд Засгийн газрын хоёр ч тогтоолоор ажлын хэсэг байгуулсан. Үүний Төсвийн удирдах зөвлөлийн хорооны даргаар гурав хоногийн өмнө би сонгогдсон. Бид 33 уулзварыг янзлах төсөл бэлэн болсон байгаа. 200 орчим сая ам.доллар зарцуулах ажил.

УИХ-ын гишүүн Н.Бат­цэрэг: -“Чингис бонд”-оос төмөр зам болон авто замын ажилд хэчнээн төгрөг гаргуулахаар болсон бэ?
Зам, тээврийн сайд А.Гансүх: -Бондоос төмөр замд 400 сая ам.доллар, авто замд 570 тэрбум төгрөг гаргуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан