Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн зарлиг тайгад


Төрийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг цаатан иргэдэд биечлэн хүргэх, шууд ардчилал, төсвийн шинэтгэл хэрхэн бодит ажил болж буйг газар дээр нь үзэж танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн хойд талын сумд болох Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлүмбэ, Хатгал, Алаг-Эрдэнэ сумдад энэ сарын 13-18-ны хооронд ажиллаад ирлээ.

Ерөнхийлөгчийн гаргасан “Түүхэн зарлиг”

Монгол орны хоймор болсон Хөвсгөлийн сүндэрлэг уулс,  Хоридол сарьдагт урин дулаан  цаг морилсон хэдий ч цэнхэртэн харагдах Дэлгэр хааны уулс цасан дээлээ тайлах яагаа ч үгүй байна. Өвлийг санагдуулам хүйтэн салхи хацар илбэж, сэнгэсэн агаар үе үе  цээж дүүргэнэ. Байгалийн үзэсгэлэнт тогтоц мөнх цэвдэг хөрст, өвөлдөө -50 хэм хүрч хүйтэрдэг онгон зэлүүд тайгад дархад, цаатан, тува зон олон үеийн турш амьдарсаар ирсэн билээ.Үндэсний цөөнх болсон цаатан ястануудын нэгэн жарны турш хүсэн хүлээсэн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан гаргасан нь тэдний хувьд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болж байна.

Эх орны дайны үед хойд хилээр дүрвэн орж ирсэн эдгээр уйгар иргэд Монголоос орогнол хүсч, олон ч удаа хөөгдөн гарч байсан боловч 1957 онд тэднийг Монгол Улсын иргэн, тэр дундаа Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн болгон бүртгэсэн түүх архивт тэмдэглэгдэн үлдсэн байна. Өвөрмөц соёл иргэншилтэй, урцан гэрт амьдардаг тэд эртнээс нааш цаа бугыг гаршуулан тэжээж зургаа дахь хошуу мал болгон үржүүлсээр ирсэн нь уйгар Тува иргэдийн өвгөд дээсийн ариун ёсоо хадгалсаар ирснийх юм. Өнгөрсөн өвөл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаатны отогт саатаж, тэдний ахуй амьдралтай танилцсанаар үндэсний цөөнх болсон иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг шийдэх олон нааштай алхмуудыг хийх эхлэлийг тавьжээ. Үүндээ үндэслэн сая зарлиг гаргасан нь цаатан иргэдийн сэтгэлийг сэргээсэн үйл явдал боллоо.

Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр зүүн тайгын цаатны отгийн иргэдэд гардуулан өгөв. Урцан гэрээс соёл иргэншил рүү шилжих сонирхолгүй тэдний хувьд зарлиг цаг үеэ олсон шийдвэр гэдэг нь эргэлзээгүй. Нар салхи харагдсан брезент, хэдхэн шургаагаар гэрээ хэцээлж сүрлэг өндөр уулс, хөвд тайгаар хүрээлэгдсэн хүний хөл ч хүрээгүй онгон дагшин газартаа тэд эзэн суусаар. Тайгын  өвөрмөц ёс заншил, нүүдэлчин ахуй амьдрал уламжлалаа авч үлдсэн тэдний хувьд үндэсний цөөнх хэмээн нэрлэгдэж төрийн хайр ивээлээс гээгдсэн байсан гэж хэлж болно. Цаа, цаатан мөхлийн ирмэгт ирсэн энэ үед Төрийн тэргүүний зарлиг авралын зарлиг боллоо гэж тувачууд хуучилсан.

1945 оны эх орны дайны үеэр 4,5- хан настай жаахан хүүхдүүд аав ээжтэйгээ дүрвэж ирснээ энэ өдөр сангалзаж  түүх ярих хөгшид эдүгээ арав хүрэхгүй үлджээ. Ерөнхийлөгчийн зочилсон Зүүн тайгын цаатан Ц.Оросбай гуайнд бид очив. Тэрээр “ Ерөнхийлөгчдөө маш их баярлаж байна. Үгээр илэрхийлэхийн арга алга. Нэгэн жаран өнгөрч дээ. Цаа, цаатан мөхлийн ирмэгт тулж ирээд байх энэ мөчид энэхүү зарлиг гарсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болж байна” гэлээ. Цаатан Ц.Пунсал, Д.Өвөгдорж бүгд баярласнаа биднээр дамжуулсан. Энэ өдрүүдэд тайгын цаатны отогт түүхэн тэмдэглэгдэх баярт өдрүүд тохиож байлаа.

Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж авахаар бүгд гоё хувцсаа өмсч баруун тайгаас хүртэл зочид ирсэн байлаа. 1985 онд 590 толгой цаа тоолуулж байсан бол эдүгээ баруун, зүүн хоёр тайгад 64 өрхийн 286 цаатан, 1375 цаа маллаж урцандаа амьдарч байна. 120 хүүхэд сургуульд, 10 хүүхэд их дээд сургуульд суралцаж байна. Тэртээ 1945-1956 онд онгон зэлүүд тайгад  цаатан иргэд суурьшиж цагаан загасны аж ахуйг эрхэлсэн тэр цагаас хойш 1980-аад онд Цагааннуур сумыг байгуулжээ. Тус сумын хүн амын 35 хувийг тува гаралтай цаатан иргэд эзэлж байна. Цагааннуур сумын Цаатан багийн Засаг дарга Л.Шижирболд “ Өвөлдөө цаагаа маллаж, зун, намар, хавартаа хийх ажил бага, хүүхдийн 20 мянган төгрөг, хөгшдийн тэтгэврээс өөр  орлогогүй цаатнуудын хувьд сар бүр 106 мянган төгрөгийн тэтгэмж авах болсонд Монгол Улсын Ерөнхийлөгчдөө их баярлаж байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн зарлиг сурагч, оюутан залуус, ахмадууд бүгдэд нь хамаатай юм. Цаатан иргэд болоод цаан сүргийн цус ойртож байгаа энэ үед тэднийг мөхлийн ирмэгээс аврахад энэхүү зарлиг ач холбогдолоо өгч буйд цаатан иргэд баярлаж байна. Цагааннуур суманд цаа маллан урцанд амьдарч буй цаатнууд сар бүр амьжиргааны баталгаажих төвшинтэй тэнцэх хэмжээний 106 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж авахаар боллоо. Гурван жилд нэг удаа улсын хилийн цаадах  ах дүүтэйгээ уулзахад бүх зардлыг төрөөс хариуцна. Цагааннуур сумын сургуульд тува хэлний анги нээж,  их, дээд сургуульд суралцагсдын төлбөрийг төрөөс 100 хувь даана. Зүүн тайгын цаатан эгч дүү Ж.Хүрлээ Ж. Сайханцэцэг нар “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү зарлигийг сонсоод ОХУ-ын Буриадын Тож, Кызыльд амьдран суугаа ах дүү, хамаатан садан эгчтэйгээ уулзах болсонд баярлаж нойр хүрэхгүй хонож байна” хэмээн хуучилсан. Зарлигийн ачаар цаа маллаад ашиг шим нь  амьралд хүрэлцэхгүй байсан зарим цаатнууд суурьшмал амьдрал сонгож гол руугаа нүүж эхэлжээ. Баруун тайгын Г.Чулуун “ Би Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж аваад тайгадаа буцаж ирж цаагаа маллах шийд гаргалаа. Төрөөс өгөх тэтгэмжийн мөнгөөрөө цаа нэмж авна. Одоо манайх арван цаатай” гэж ярьсан юм. Зарлигийн ачаар олон хүн тайгадаа буцах шийдвэрийг дор бүрнээ хийсэн нь лавтай.  Энэ нь цааны тоо толгой өсч, чанар сайжрахаас гадна олон залуу цаачид төрөх нь ч лавтай.

Шууд ардчилал-Иргэдийн оролцоо бодит биеллээ олж байна

Төсвийн эрх мэдлийг иргэдэд олгосноор ундны усны гачаалд байдаг Хөвсгөл аймгийн Арбулаг сумынхан худгаа засварлахаар болжээ. Харин  Баянзүрх, Улаан-Уул,Ренчинлүмбэ сумд бэлчээрийн нутаг багатай. Тиймээс хадлангийн газраа хашаалж, ногоожуулах эхлэлийг тавьсан байна. Мөн олон жил хурсан хогоо цэвэрлэж, газарт булах олон үйлдэлт трактор авахаар саналаа гаргажээ. Эмнэлэг, сургууль болон бартаа ихтэй зам даваагаа засах гээд тэр бүр биеллээ олдоггүй  ажлуудыг хийж бүтээхээр Орон нутаг хөгжүүлэх сан /ОНХС/-д хуваарилагдсан мөнгөө баталжээ. Сум бүрт Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгын үр шим гарч, газар авч байсан  архидалтын хаяа хумигдсаныг очсон сум бүрийн иргэд ярьж байсан.Баянзүрх сумын “Хас” хүнс, барааны дэлгүүрийн эзэн Р.Цэрмаа “ Манайхантамхины хуулийг хүн бүр дагаж мөрдөж байгаа. Харин архины эсрэг хуулийг нэн даруй гаргах нь зүйтэй” хэмээн ярьж байв. Энэ жил Хөвсгөл аймгийн ОНХС-д 11 тэрбум төгрөг хуваарилагдсан байна.

Төсвийн тухай хууль бол ардчиллыг төгс утгаар нь хэрэгжүүлэх гол хэлбэр, иргэдийн оролцооны эрх зүйг бодитоор тусгасан анхны хууль юм.

Арбулаг сумынхан шууд ардчиллын ачаар худгаа засварлахаар болжээ

 Социализмын үеэс л ундны усны гачаалд байсан Арбулаг сумынхан шууд ардчиллын буянаар амь амьдралыг нь залгуулдаг амин ганц худгаа засварлах болжээ. Сургуулийн цонх хагарахад Сангийн яамнаас зөвшөөрөл авдаг байсан иргэд төсвөө өөрсдөө захиран зарцуулах болсон нь иргэдийн идэвхийг нэмэгдүүлсэн байна. Иргэд анх удаа баг, сумынхаа иргэдийн нийтийн Хуралд оролцож, тэдний гаргасан санал санаачилга дэмжигдэж, хөрөнгө мөнгө нь батлагдсанд урамтай байгаад зогсохгүй өөр хот суурин газар руу дайжиж байсан иргэд хүртэл нутагтаа буцаж ирэх сонголтод нь нөлөөлжээ. Сумын төвийн тавдугаар багийн Иргэдийн нийтийн Хуралд  200 иргэн оролцож  уух усыг нь залгуулж буй ганц худгаа 20 сая төгрөгөөр засаж, тохижуулах саналыг гаргажээ. Худгаа засварлах саналыг сумын ИТХ-аар хэлэлцэж 20 сая төгрөгөөр засахаар болсон. Тус сумын ОНХ-ийн санд 189 сая төгрөг хуваарилагдаад байна.

Арбулаг сумын иргэд, малчид 2005 он хүртэл сумынхаа урд байрлах “Хоолойн” худгаас усаа зөөвөрлөдөг байжээ. Гэвч худгийн усны ундрага муудаж, хүхэр ихээр агуулагдсан учраас хүмүүсийн шүд шарлаж унах, гэдэсний халдварт өвчин гарч эрүүл мэндийн шаардлага хангахгүй байсан тул хаажээ. Сумын ойролцоо 3-4 км-т орших  худаг, горхи булгаас усаа зөөвөрлөдөг байсан нь сумын иргэдэд хүндрэлтэй байв. Харин 2008 онд сумын төвд 130 метрийн гүнээс худаг гаргаснаар одоог хүртэл сумын 3000 гаруй иргэдийг ундаалсаар байгаа юм. Газар нь мөнх цэвдэгтэй учир худаг гурав үелэн өвөл зунгүй хөлдөж усны хомсдолд үе үе ордог. Худгаа хөлдөөхгүй байлгахын тулд гэр бүлийн хоёр өдөр шөнөгүй ажилладаг ажээ. Арван тоннын ёмкостод юүлсэн  усаа иргэдийн хэрэгцээнд өгчихөөд үлдсэнийг нь  шавхахгүй бол хөлдөнө. Байгалийн аргагүй хүчинд дийлдэжэнэ өвөл худгаатаван ч удаа хөлдөөжээ.

Худгийн эрхлэгч Б.Дэлгэрмөрөн, түүний нөхөр Н.Баярмагнай нар “ Газрын гүн нь мөнх цэвдэг учраас өвлөөсөө зундаа илүү хөлддөг. Тиймээс хөлдөх аюулаас сэргийлж бид хоёр жилийн дөрвөн улиралд амрах завгүй, борви бохис хийлгүй ажилладаг. Энэ жил иргэд төсвөө шууд өөрсдөө зарцуулах эрхтэй болсноор 20 сая төгрөгөөр засч тохижуулж өгөхөөр болсонд сумынхаа ард түмэнд маш их баярлаж байна. Бид хоёр гэртээ ч харих боломжгүй өнждөг” гэж ярьж байсан. Худгийг өөр хялбар аргаар ажиллуулах, эсвэл өөр газар худаг гаргах талаар мэргэжлийн байгууллагыг урьж  судалгаа шинжилгээ хийсэн ч мөнх цэвдэгтэй учраас ямар ч боломжгүй тул энэ худгаа тордож амьдрахаас өөр дүгнэлтэд хүрээгүй ажээ. Худгийн дотор тал нь хүйтэн чийгт автсан, зэврүүн байлаа. Тэдний ажиллах орчин нөхцөл хүнд, хүйтэн газар байнга ус хутгаж, ямар ч амралтүй ажиллаж байгаа онцлогийг харгалзан худгийн байрыг орчин үеийн байдлаар засч тэдний амрах орчинг тохижуулж өгөхөөр болсон аж. Худгийн ажиллах онцлогийг энэ хоёроос өөр мэдэх туршлагатай хүн байхгүй ажээ.

Худгийн эздийн амьдардаг тавдугаар багийн Иргэдийн нийтийн Хуралд 137 хүн оролцож 115 хүн худгаа засварлахад саналаа өгсөн бол 105 хүн хог хаягдал тээвэрлэх машин авахаар саналаа өгч түүнд 18 сая төгрөг төсөвлөжээ. Мөн 31 сая төгрөгөөр ашиглагдахгүй болсон хуучин эмнэлгийн барилгыг нийтийн ахуй үйлчилгээний төв болгохоор болжээ. Энэ тухай тус багийн Засаг дарга  Н.Сандуйжав бидэнд хуучилсан. Сумын ОНХС-ийн 189 мянган төгрөгөөр тулгамдаад байгаа 14 ажлыг иргэд эрэмбэлж ИТХ-аар батлуулсан байна.Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярт танилцуулсан юм. Арбулаг сум аймгийн төвөөс 70 км зайд оршдог. 3000 гаруй хүн амтай. Ийнхүү тус сумынхан иргэдийн оролцоотойгоор 2013 оныхоо сумын тулгамдаж буй асуудлыг шийдэж, улмаар 2014 оны ажлаа эрэмбэлж иргэдээсээ санал авч байна.

Отроор нүүдэллэснээс хадлангийн газраа ногоожуулж хашаалах нь чухал

Бэлчээрийн гачаалд үеийн үед байсаар байгаа Баянзүрх сумын малчид намраас хавар болтол зэргэлдээ нутгуудад газар гуйн отор хийж нүүдэллэдэг. 29 мянган га газартай ч бэлчээрийн даац багатай. Хадлан өвс гарц муутай учир бэлтгэж чаддаггүй ажээ. Тус суманд 182 мянган мал оторт нутаглаж тарж өвөлжинө. Энэ байдал нь төрөөс явуулж буй ажил удаашралтай, мэдээлэл оройтож очихоос гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртэж чаддаггүй сөрөг нөлөөтэй. Нутагтаа өвөлжиж мал сүргээ онд бүрэн оруулахад зун, намар хадлангаа хангалттай бэлтгэж авах нь малчдын мөрөөдөл. Малчдадшууд ардчиллын зарчим, төсвийн шинэ хуулийн дагуу  ОНХС-ийн мөнгөө зарцуулах эрх нээгдсэн нь мөрөөдлөө биелүүлэх боломж нь нээгдсэн гэж сумын удирдлагууд ярьж байв. Баянзүрх сумын “Эмт” багийн малчин Д.Гэрэлчулуун, Д.Доржсүрэн, О.Даариймаа нар “Манайх гурван гэрээрээ Арбулаг сумын нутагт өвөлжиж байна. Онд мэнд тавтай орлоо. Бидэнд отроор нүүдэлснээс хадлангийн газраа хашаалж, ногоо тарьж авах нь ашигтай. Одоо иргэдийн санаачлагаар төсвөө баталдаг болсон нь хадлангаа бэлтгэх завшаан олдлоо” хэмээн ярьж байлаа.

Энэ онд тус сумын ОНХС-д 204 сая 500 мянган төгрөг хуваарилагдсан. Сумынхаа Иргэдийн нийтийн Хурлыг ил тод нээлттэй хийж 172 санал гаргажээ. Үүнээс  тулгамдаад байгаа 13 ажлыг эрэмбэлжээ. Эхний ээлжинд хадлангийн газраа хашаалж, ногоожуулах, хог ачих булах зориулалтай олон үйлдэлт трактор авах болсон. Цагаан-Уул суманд оторт явсан малчид хавар Дэлгэрмөрөнхайлаад гарч ирж чаддаггүй бэрхшээлийг харгалзан гүүр тавих санал тавьж дэмжигдсэн аж. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, Эмтийн авто зам, модон гүүрийг шинэчилж,гурван газар худаг гаргах, ахмадын байр, соёлын төв, сумын төвийн гэрэлтүүлэг, мод зүлэг тарих гээд олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, “Эрүүл идэвхитэй амьдрал” клубийн лектор Р.Гижир нарын уулзалтад сумын иргэд идэвхтэй оролцож байлаа.“Шууд ардчилал-иргэдийн оролцоо” хөтөлбөрийн тухайд иргэд ам сайтай байлаа.

Баянзүрх сумын иргэн Л.Батхүү, Ж.Бадамгаа, нэгдүгээр багийн иргэн Л.Жүрмэд, “Тоом” багийн хоньчин Ц.Пүрэвжий, Эмт багийн малчин Ц.Хөххүү нар “Шууд ардчилал-Иргэдийн оролцоо хөтөлбөрийн талаар санал бодлоо хэлсэн юм.  “Төсвөө баталдаг эрх бидэнд олдсон нь амьдралаа идэвхтэй өнгөрүүлэх, сум орон нутгаа хөгжүүлэхэд түлхэц болсон” гэдгээ уулзалт  дээр хэлцгээсэн. Тус сум орон нутагт ажиллах үеэр нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийг хэвшсэн зүйл болгох хандлага иргэдийн дунд бий болсон нь ажиглагдаж байсан.  Ийнхүү иргэний оролцоотой төрийг бий болгох шууд ардчилал хөтөлбөр сум баг бүрт бага багаар эхлүүлэх сайн эхлэл тавигдаж байна. Дархад зон олон өвлийг өнтэй давж урин дулаан цагийг шинэчлэлийн бодлоготой хамт угтаж шууд ардчиллын шинэ салхи сэвэлзэж байна.

Улаан-Уул сум нэгдсэн халаалтад холбогдохгүй бол жилд 15000 ширхэг ургаа мод түлшинд хэрэглэж байна

 Улаан-Уул сумынхан жилд зөвхөн түлшиндээ 7200 куб метр мод  хэрэглэдэг. Сургууль 110, эмнэлэг 40, ЗДТГ 45, цэцэрлэгт 20, Хилийн цэрэг 15, хувийн хэвшил тав, айл өрх 2200 машин түлээ түлшинд хэрэглэдэг ажээ. Энэ нь нэг жилд 15000 ширхэг босоо мод унагаж байгаатай тэнцэнэ. Хойд талын бүсийн бүх сумд дунджаар ийм хэмжээний мод түлшинд хэрэглэж байна гээд бодохоор 120 жил ургаж байж нас гүйцдэг мод ямар ихээр сүйдэж буйг тоогоор илэрхийлэхийн аргагүй юм. 2008 оны судалгаагаар 466 мянган га газрыг бүрхсэн ой модтой талбай даруй нэг дахин багассан тоо гарчээ.

Сум байгуулагдсанаас хойш модоо түлж амьдарсаар яваа эдгээр ард түмний  гол хэрэгцээ болсон дулаалгын асуудлыг төрөөс цогц бодлогоор шийдэхгүй бол ОНХС-ийн мөнгөөр шийдвэрлэх боломжгүйг иргэд хэлж байсан. Аймгийн төвөөс 170 орчим км-т орших тус сум 10572 га газар нутагтай. 1112 өрхийн 4268 хүн амьдран суудаг. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард түмэн. Төсвийн шинэ хуулийн дагуу Орон нутгийн хөгжлийн санд 288 сая 400 мянган төгрөг хуваарилагджээ. Иргэдийн санаачлагаар сумаа тохижуулж, явган зам тавих, гүүр зам даваа засах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, архидалтай тэмцэх зэрэг санаачлагыг гаргасан байна. 100 гаруй хүн архины эмчилгээнд хамрагдаж эдгэрэлт 70 хувьтай байгаа ажээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярын иргэдтэй хийсэн уулзалт дээр  “Төгөл багийн засаг дарга Г.Нямбат, О.Доржжигмэд, Тоом багийн малчин Д.Элбэгзаяа, 1-р багийн иргэн М.Батбаяр нар “ Манай аймгийн хойд талын бүсийн сумдын нийтлэг шийдвэл зохих анхаарал татсан асуудал сумын төвүүдийг төвлөрсөн халаатад холбох явдал. Жилд нэг сум дунджаар 3000 машин түлээ түлшинд хэрэглэсээр 30-40 жилийг үдэж байна. Ой мод ихээр сүйдэж модгүй болох аюул нүүрлэж, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж цөлжих хуурайших дохио өгөөд эхэллээ. Төвлөрсөн халаалтын эх үүсвэр болох нүүрсээ Ренчинлүмбэ суманд байрлах Монгушийн нүүрсний ордыг ашиглах боломж байгаа”  гэж тэд хэлж байсан. Харин Монгушийн уурхай байрлах газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан учраас ашиглах боломж сумдын хувьд одоогоор хаалттай байна. Тиймээс шийдвэр гаргах түвшинд Монгушийн ордыг ашиглах эрх олгохыг уламжилж байсан.Тус суманд шууд ардчилал иргэдийн оролцооны талаарх ойлголт муу  байлаа. Тэд өөрсдөө сум орон нутгийнхаа төсвийн нэг хэсгийг захиран зарцуулах эрх мэдэлтэй болж буй нь иргэдэд таатай байна.Сум орон нутаг бүхэнд “Архигүй монголын төлөө хамтдаа” ТББ-ын лектор Р.Гижир архины  хор хохирлын талаар лекцээ уншиж,сумаараа архигүй болох уриалгыг гаргасан Дундговь аймгийн  Дэлгэрхангай суманд бүтээсэн “Томоогүй явж дээ ээжээ” баримтат киног үзүүлсэн юм. Суманд намчирхах, улс төржих байдал газар авсан нь цөөхөн хэдхэн хүн амтай сумдын хувьд дөрвөн жилд ямар нам төрийн эрх барилцана, түүний ах дүү хамаатан садан ээлж дараагаараа сумын бүхий л өнгөтэй өөдтэй газар, объектыг авч мөнгө цаастай ажил руу хошуурна. Улс төржүүлж болохооргүй эмнэлгийн үйлчилгээг хүртэл улс төржүүлж буй нь хамгийн эмгэнэлтэй. Тиймээс улс төрийн намуудын хуулийг даруй гаргах шаардлагатайг онцолж байсан. Ийнхүү төсвийн эрх мэдлийг  сум, багт өгнө гэдэг иргэдэд эрх мэдэл очиж буй тул  ажлын байр байхгүй гэхийн оронд  өөрсдөө төсвөө зарцуулж ажлын байраа бий болгох идэвх санаачлага нь шууд ардчилал, иргэдийн оролцоотой төрийн зарчим ажээ.

Ренчинлүмбэ суманд намын ялгаварал арилаагүй байна

Ренчинлүмбэ сум энэ онд иргэдийн санаачлагаар хийх ажлын саналыг 500 хүнээс авчээ. Энэ нь 3000 гаруй хүн амын 15-хан хувийг эзэлж байна. Малчид нь отроор явсан, орон нутгийн сонгууль давхцаж төсвийн цагалбар батлах хугацаа оройтсон зэргээс шалтгаалан иргэдийн 50 хувийг хамруулж чадаагүй гэлээ. Гэхдээ бусад сумын нутгийн удирдлагууд амжуулаад байхад эднийх шууд ардчилал, төсвийн ил тод байдал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэдхэн хүний саналаар батлуулсан байв. ОНХС-ийн журмын дагуу газар зүйн байрлал, хүн амын нягтаршил зэргээс шалтгаалан 290 сая төгрөг хуваарилсан аж. Тус сум дөрөвдүгээр сарын 14- нд ИТХ-аа хийж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлаа жагсааж, иргэний танхим байгуулах шийдвэр гаргаж байв. Нутгийн удирдлага нь МАН учраас ийнхүү Шинэчлэлийн Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрийн хэрэгжилт удааширалтай байгааг иргэд шүүмжилж байв.

Ренчинлүмбэ сумын иргэн н.Лувсандорж, хоёрдугаар багийн малчин Ц.Гансүх нар “Шууд ардчилал иргэдийн оролцооны жилийн ажлыг өнөөдрөөс л эхлүүлж байна. Уг нь аль эрт жилийн өмнөөс ярьж байсан. Манай сумын удирдлагууд Шинэчлэлийн Засгийн газрын бодлого шийдвэрийг аль болох удаашруулах, иргэдэд мэдээлэл өгөхгүй байх санаатай хүмүүс байдаг. Энэ намын ялгаварлалыг арилгахгүй бол шууд ардчилал төсвийн ил тод байдал харагдахгүй байх талтай” гэж хэлсэн. Сумын төвийн тавдугаар багийн Иргэдийн нийтийн Хуралд 100 хүн оролцож Хар чулуутын зам, даваа засах ажилд 60 хүн санал өгч сумын ИТХ-аар оруулсан ч дэмжигдээгүй ажээ.  Хадлан хашиж хамгаалахад 37 сая төгрөг баталсан бол сумын  баруун, зүүн талд биеийн тамрын талбай байгуулах, мод тарих, хогийн цэгийг түрэх трактор авах зэрэгт зарцуулахаар болсон аж. Тус сумын ЕБС-д 900 гаруй хүүхэд суралцдаг бол З0 гаруй хүүхэд их, дээд сургуульд суралцдаг.Төсвийн шинэтгэлийн хуулиар ОНХС-ийн төсвийг Засаг дарга болон нутгийн удирдлага эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, ах дүү хамаатан садантайгаа нийлж төсвийн мөнгийг шамшигдуулсан тохиолдолд огцрох, хуулийн хариуцлага хүлээх нь хуулиар баталгаажсан байгаа билээ. Иргэний саналыг аваагүй нэг ч ажил суманд хийгдэх боломжгүйг хуулинд заасан. Иймд иргэд төсвөө батлахын хэрээр хянах үүрэг ч хуулиар олгогдсон. Энэ байдал нь шууд ардчилал, иргэний оролцооны нэг хэлбэр. Хуулийг хэрэгжүүлэхэд хайнга хандсан эрх мэдэлтэн чхариуцлага хүлээх хуультай. Орон нутагт намчирах, архидалт арилаагүй байгааг иргэд ийнхүү хэлж байна. “Эрүүл идэвхитэй амьдрал” ТББ-ын лектор Р.Гижир “Архи гэдэг идээний дээж биш, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сүү өргөж амьдаръя” гэсэн уриалгаас Монгол орон тэр дундаа тэдний клубээр дамжин 1000 гаруй залуус архинаас гарч байна” гэдгийг уулзалт бүрт  онцолсон. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум архигүй сум болох амлалт авч 100 гаруй хүн архинаас гарсан, өнгөрсөн цагаан сараар нэг чсогтуу хүн харагдаагүй, ганцхан шил архи зарагдсан гээд хэрэгжүүлж чадвал бүтэхгүй зүйл үгүйг илтгэж байна гэж тэрээр баримтат кино үзүүлэх үеэр хэлж байв. Шаналж зовж байгаа олон  сайхан ээжийгээ баярлуулсан тухай баримтат кино үзүүлсэн нь иргэдийн сэтгэлийн утсыг хөндлөө. Сумаараа архигүй болох туршлагыг нэвтрүүлэхээ ч амлаж байв.

Хатгалынханы сонгох сонгогдох эрх зөрчигдсөөр байна

Социализмын үед нар хамба нандин чавга ер нь нандин бүхэн Хатгал тосгонд л байв.Тухайн үеийн ЗХУ-тай хойд талаар Ханхын боомтоор холбогдожачаа бараа бензин шатахуун, гурил будаа бүгд л далайн тээврээр ирж ёстой түм түжигнэж бум бужигнасан хот байжээ. Гэвч шилжилтийн үед Оростой харилцаа тасарснаарүйлдвэрүүд зогсч, иргэд нь дүрвэж, амьдрал ахуйнь өдрөөс өдөрт доройтсон он жилүүдийг ардаа орхижээ. Харин одоо Хөвсгөл аймгийн  аялал жуучлалын гол бүс нутаг болоод байна. Зэргэлдээ Алаг-Эрдэнэ сумын нэг баг болсон Хатгал тосгоныхонхуулийн цоорхойгоос болж өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуульд нэг ч хүн саналаа өгөөгүй хоцорчээ. Орон нутгийн сонгуулийн хуульд тосгон гэсэн статусыг тусгаж өгөөгүйгээс 1789 сонгогчын эрх энд зөрчигджээ. Энэ тухайгаа Улаанбаатарт ирж хэвлэлийн бага хурал хийлгээд ч тусыг олоогүй. Хатгал тосгоны иргэд сум болох хүсэлтээ шийдвэр гаргах бүх төвшинд илэрхийлсээр байгаа ч шийдэгдэлгүй өдий хүрчээ. Тэдэнд өсч төрсөн нутгаас нь илүү үнэт  зүйл үгүй. Гэвч эрх ашиг тосгон гэдэг нэрээс болж зөрчигдсөөр байгаа юм байна.Уулзалтад нутгийн иргэн н.Дүүжий, н.Ням-Очир нар  сум болох тухай тогтоол шийдвэрийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярт дэлгэрэнгүй тайлбарласан юм. Тэрээр энэ асуудлыг судалж үзээд эргэж хариу мэдэгдэхээ хэлсэн.

Тус тосгоныг Алаг-Эрдэнэ сумын харьяалалаас гаргаж аймгийн төвийн харъяалалтай тосгон болгох шийдвэрийг саяхан гаргасан аж. Үүнд Хатгалынхан бухимдаж дээрээ ямар ч асуудалгүй атал доороо үүнийг завхруулж байна гэж байв. Тус тосгонд 877 өрхийн 3000 хүн ам амьдардаг. 27646 мянган толгой малтай. Хатгал тосгоны орон нутгийн хөгжлийн санд 176 мянган сая төгрөг хуваарилагдсан. Иргэдийн санаачлагаар цэвэр усны зөөврийн машин, хог тээвэрлэж ачиж булдаг машин авахаар болжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн “Иргэдийн шийдвэр эцсийнх байж, дарга нар түүнийг ёсчлон биелүүлдэг хэрэгжилтийг зохион байгуулах юм. Үүгээр бид Монголд амь бөхтэй оршсоор байгаа орон нутагт эрх шилждэггүй, төрийн ажлыг бизнес гэж хардаг, хариуцлага тооцдоггүй гурван том дутагдлыг халж байна” гэсэн үгээр Хатгал тосгоны иргэдийн хэлсэн саналуудыг өндөрлөж байна.

Алаг-Эрдэнэ сум иргэний танхимаа үлгэр жишээ байгуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч аймаг сум бүрт Иргэний танхим байгуулах санаачлагыг гаргасан билээ. Бүгдээрээ хэлэцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэсэн зүйр үг байдагчлан сум орноороо хэлэлцэх асуудал бүрийг иргэдээрээ хэлэлцүүлж, улмаар сумынхаа ИТХ-аар батлах нь Иргэний танхимын үүрэг билээ. Иргэний танхим байгуулахад заавал хөрөнгө мөнгө зарцуулах шардлагагүй аж. Олон хүн багтахаар цэвэр тохилог, техник хэрэгсэл суурилагдсан томоохон заал байхад л болох ажээ. Алаг-Эрдэнэ сум сумын удирдлагын ордон баригдах үеэр уг танхимыг тохижуулжээ. Сумын ИТХ-аар оруулах асуудлаа Иргэний танхимдаа иргэдээр хэлэлцүүлж батлуулдаг хэвшил тогтсон байна. Сумын Тамгын газрын дарга н.Сэнгэбазар “Сумын ОНХС-д 190 сая төгрөг хуваарилагдсан. Иргэдийн санаачлагаар хийх ажлаа эрэмбэлсэн” гэв. Сум аймгийн төвдөө ойрхон учраас хэрэглээний модны хэрэгцээг хангадаг. Сумын хэмжээнд портероор 20 тэвш, Зил130 машины 30 тэвш мод бэлтгэх зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын хэрэглээний болон түлшний мод зөөвөрлөдөг. Газар дээрээ нэг машин түлээ бэлтгэх өртөг 120000-150000 төгрөг аж. Харин аймгийн төвд  350000-390000 болж нэг дахин өсдөг гэнэ.

Энэ байдлыг халж үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах цаг болсныг БОАЖГ-т тэд уламжилж байсан. Сумын байгаль орчны улсын байцаагч Ч.Хишигдэлгэр “Мод бэлтгэх мэргэжлийн нөхөрлөл, компаниар хэрэглээний болон түлшний модоо бэлтгэж байгаа нь нэг талаар нөхөн сэргээлт хийлгэх, хариуцлага тооцох эзэнтэй болох сайн талтай ч иргэдэд хэрэглээний модны цөөн хэдэн гоожин олгох эрх хаагдмал байгаа нь учир дутагдалтай. Иргэд үүнд ихээр бухимддаг” гэлээ.

Аливаа хурал цуглаан зохион байгуулахад иргэд тэр бүр ирдэггүй байсан. Харин шууд ардчилал, иргэдийн оролцоо хөтөлбөр, Төсвийн шинэ хууль хэрэгжиж иргэдэд эрх мэдэл ирснээр хурал, хэлэлцүүлэгт ирэгсдийн тоо нэмэгдсэн нь ажиглагдаж байв. Алаг-Эрдэнэ суманд иргэдийн уулзалтыг хоёр цагийн дараа хийхээр зарласан ч иргэдэд зар маш хурдан тарж цагийн дотор сумын соёлын төв битүү дүүрсэн байлаа. Үүнийг мөн зар мэдээний хууль журам сайн түгсэн, хэрэгжүүлсний тод жишээ гэж хэлж болно.

Ийнхүү хөдөө орон нутагт иргэдийн оролцоо, шууд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлж байна.

Ц.МЯГМАРБАЯР

0 Сэтгэгдэл
zuv shiidver boljee gehdee ulsdaa ajilaj tatvar tuluh heregteishde
zuv shiidver boljee gehdee ulsdaa ajilaj tatvar tuluh heregteishde
huvsgul nutgiin huvch taigiin mongoliin tsaatan arduud 1000 myangan tsaa bugatai bolooroi gej husen eruue.
ene zarlig zuv shiidver shuu dee.nutag orondoo ezen baij chadaj baigaa tedniig demjih yostoi.mongoliin tsaatan arduud bayarlah n argagui shuu dee.
Ерөнхийлөгч шоудахаа болио Үндэсний олонхи чинь тэгтэлээ хөгжиж дэвшээд баяжиж хөлжөө юу зарим нэг чинь гэр бүлээ тэжээхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөж хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр цалинжиж гэр бүлээ арай ядан тэжээж байхад энэ Ерөнхийлөгч юу хийж гийгүүлсэндээ эхэлээд тамирчдын урамшуулал дараа нь цаатны халамж бэ олонхи болоод байгаа жирийн ажиличн иргэддээ ямар тус хүргэсэн юм бэ Ерөнхийлөгч элбэгдоржоо чи тэгээд ч бид цаатнуудад ямар өртэй юм бэ тэд одоо оршин амьдарч буй газар нутгийнхаа уугуул оршин суугчид юм уу Монголчууд бид газар нутагийг булааж авсан юм уу Цагаан арьстнууд Америкийн Индиан, Австралийн аборгеничуудийг хядаж газар нутагаас нь хөөж байсантай адилхан үйлдэл гаргасан юм уу албан хүчээр шашин шүтлэг соёлын дарамт үзүүлж уусгах гэсэн юм уу бид ер нь ямар өртэй юм бэ наад Тува нарын чинь хамаатнууд Монгол малчин айл өрхийг хядаж эд хөрөнгө мал сүргийг дээрэмдсэн жишээ олон байдаг Тува дээрэмчидийн гарт амь насаа алдсан гэр бүлийнхэнд Монголын улсын Ерөнхийлөгч яаж тусалж харж үзсэн юм бэ Монголчуудаа ухаан оролдоо бид ийм хүнийг төрийн толгойд гаргах ямар шаардлага байна аа бидэнд худалаа ярьж шоуддаг хэсэг бүлэгийхний эрх ашигийн төлөө ерөнхийлөгч байх ямар ч шаардлага алга Элбэгдоржоо чи одоо сайн дураараа Монголын төрөөс зайлаад өгөөч
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??
Хамгийн их уншсан