Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалын орлого 15-20 хувиар буурах магадлалтай

Эдүгээ ашигт малтмалын үнэ савалгаа ихтэй буурах дүр зураг ажиглагдаж байна хэмээдэг.  Үнийн энэ савалгаанаас болж манай улсын ашигт малтмалаас олох орлого сүүлийн жилүүдэд буурч ирлээ.
2011 он гэхэд ашигт малтмалын үнэ өндөр байв. Тухайн жилд  улсын төсөвт ашигт малтмалаас  1.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Гэтэл  өнгөрсөн онд ашигт малтмалын орлого 35.6 хувиар буурчээ. Ингээд улсын төсөвт 800 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Ашигт малтмалын улсын төсөвт оруулах орлого ийнхүү  буурсан нь нүүрсний  үнэ хямдарч экспорт 15 хувиар багассантай холбоотой. Тухайлбал,  уул уурхайн салбарын ашгийн татварын орлого 50, нөөц ашигласны төлбөр 46.4, гаалын татварын орлого 62 хувиар тус тус буурсан юм.  Энэ оны улсын төсөвт ашигт малтмалын үнийг нэлээд өндрөөр тооцсон. Гэтэл үнэ хямдарч буй тул ашигт малтмалын орлого 15-20 хувиар буурах хандлага ажиглагдаж байна.
Дэлхийн банкны эдийн засагчид “Нүүрсний үнэ ойрын ирээдүйд өсөхгүй. Харин зэсийн үнэ бага зэрэг өсөх хандлага ажиглагдах байх гэж үзэж байгаа. Монгол Улс ашигт малтмалын 2011 оны үнийг жишиг болгон явах юм бол том алдаа болно. Энэ үед ашигт малтмалын үнэ  дээд цэгтээ хүртэл өссөн. Одоо  хямдарч байна” гэсэн тооцоо хийж буй юм. Нүүрсний үнэ Хятадын зах зээл дээр он гарснаас хойш 43 хувиар хямдарчээ. Цаашид ч төдийлэн өсөхгүй  байх гэсэн төсөөлөл бий. Тэгэхээр нүүрсний экспорт, үнэ энэ онд лав өсөхгүй бололтой.
Хэдийгээр нүүрсний үнэ, экспорт багассан ч газрын тосны экспорт олборлолт энэ онд 33 хувиар нэмэгдэв. Мөн алтны экспорт ч 8.4 хувиар өсчээ. Нийт экспортын дийлэнхийг зэс, нүүрс, алт, газрын тос бүрдүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд зэсийн экспорт буурч, нүүрс, газрын тосных өсч ирсэн. Тухайлбал , 2007 онд зэс нийт экспортын 43 хувийг бүрдүүлдэг байж. Гэтэл өнгөрсөн онд 19 хувийг л эзэлжээ. Нүүрсний экспорт буурсан ч нийт экспортод эзлэх хувь нь өндөр хэвээр. Өнгөрсөн онд нийт экспортын 43 хувийг эзэлсэн. Энэ нь өмнөх жилээсээ гурван хувиар буурсан үзүүлэлт ажээ. Зэсийн үнэ он гарснаас хойш савалгаа ихтэй байгаа. Шинжээчид үнэ ханш савалгаа ихтэй байгаа ч төдийлэн буурахгүй хэмээн үзсээр. Учир нь, эрэлт өндөр хэвээр байгаа нь үнэд нөлөөлнө. Мөн шинэ нийлүүлэгч тэр бүр гарч ирэхгүй тул өнөөдөр эрэлтийг хангахад хүндрэлтэй гэж.
2013 онд нийт экспортын 95 хувь нь ашигт малтмал байх тооцоо бий. Тэгэхээр манай улсын эдийн засаг  уул уурхайгаас бүхэлдээ хамаарч байна гэж хэлж болох нь. Эдийн засагчид ашигт малтмалаас олсон орлогын нэг хэсгийг хуримтлуулах ёстой гэдэг. Сангийн яам Баялгийн сан байгуулахаар ажиллаж байгаа билээ. Энэ санд эхний 10 жилд хуримтлуулах  шаардлагатай. Тэгээд хангалттай мөнгөтэй болсны дараа эдийн засгийн эргэлтэд оруулах учиртай хэмээж байна.   Ийм сангийн туршлага дэлхийд олон бий.
Жишээлбэл, өнөөдөр Чил, Ботсвана улс Баялгын сантай. Эдгээр улсын орлогын гол эх үүсвэр нь ашигт малтмал. Тус улсууд ашигт малтмалаа зөв ашиглаж байгаа хамгийн сайн жишээ болдог. Ботсвана улс далайд гарцгүй, эдийн засаг нь ашигт малтмалаас хамааралтай жижиг улс. 1966 онд тусгаар тогтнолоо зарлахад дэлхийн хамгийн ядуу оронуудын нэгж байж. Тухайн үед  тус улсын ДНБ 284 ам.доллар нийтдээ 12 км хатуу хучилттай авто замтай байсан аж. гэвч сүүлийн 50 жилд алмаазны олборлолтоос олсон орлогоо зөв удирдан, зарцуулж эдийн засгаа тогтвортой өсгөж чаджээ. Эдүгээ тус улсын нийт экспортын 80 гаруй хувь нь ашигт малтмал бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 8000 ам.долларт хүрсэн байна. Үүнээс гадна Чили дэлхийн зэсийн зах зээлийн гуравны нэгийг хангадаг. Ингээд зэсийн орлогоос тодорхой хэмжээний мөнгийг хоёр санд хуримтлуулдаг аж. Өөрөөр хэлбэл, Тэтгэврийн нөөцийн сан, Эдийн засаг нийгмийн тогтворжуулалтын санд мөнгө хуримтлуулдаг. 2008, 2010 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ доод хэмжээндээ тултал унасан. Тус улс энэ үед төсөвтөө нүүрлэсэн цочролыг ажрахгүй даван туулжээ. Тухайлбал,  Эдийн засаг нийгмийн тогтворжуулалтын сангийн хуримтлал нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Ингээд тус улс хямралын үед төсвийн алдагдал нь ДНБ-ий дөрвөн хувьтай л гарч эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалж чадсан аж.  Тэгэхэээр манай улс одоо яриад байгаа Баялгийн сангаа яаралтай байгуулж хуримтлалтай болох асуудал залшгүй  тулгарч байна.  

Т.Эрдмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан