Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Болд-Эрдэнэ: Олон нийтийн сүлжээ бол мэдээллийн нэг л эх сурвалж, сэтгүүл зүй биш


МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, сэтгүүл зүйн доктор /Ph.D/ Б.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та олон нийтийн сүл­жээ хэр ашигладаг вэ. Фэйсбүүк, твиттерт бүрт­гэлтэй юу?
-Нэг их ашигладаггүй. Фэйсбүүк анх ашиглаж бай­гаад больсон. Цагийн гарз юм билээ. Үр дүн нь ч юу юм гэж бодоод ашиглахаа боль­сон. Твиттерийн хувьд санал солилцоод хүмүүстэй холбогдоод байдаггүй ч орж уншдаг. Хүмүүс ер нь юу бодож, бичдэг юм гэдгийг л хардаг.

-Яагаад ярилцлагаа ийм асуултаар эхэлсэн бэ гэхээр олон нийтийн сүлжээ сэтгүүл зүйтэй холбогдох нь хэр зөв юм бэ гэдгийг ерөнхийд сонирхож буй хэрэг. Цахим орчинд сэтгүүл зүйн мэдээлэх үүргийг олон нийтийн сүлжээ сүүлийн үед эрчимтэйгээр эзэлж байна. Фэйсбүүк, твиттерт бичсэн зүйлийг эх сурвалж болгож мэдээ, мэдээлэл бэлтгэх нь зөв хандлага юм уу?
-Нийгмийн сүлжээ, мэдээллийн болон, портал сайтууд, блогийг интернэт сэтгүүл зүй гэж томъёолоод байгаа л даа. Энэ нь уламжлалт сэтгүүл зүйн үүргийг гүйцэтгэнэ гэх ч юм уу сэтгүүл зүйн шалгуураар авч үзэх зүйл байхгүй. Ер нь, хүн төрөлхтний нийгмийн харилцааг гурван үед хуваадаг. Аман болон бичгийн харилцааны үе. Мөн одоогийн хэрэгслийн харилцааны үе гэж. Аман харилцаа бол хүй нэгдлээс эхлээд эзэнт гүрэн үүсэх хүртэл нийгмийн амьдрал, дэг журмыг тодор­хойлж байсан гол судас, цогц нь.
Бичгийн харилцааны үед хууль, ном зохиол, сонин энэ бүхнийг тодорхойлж байсан. Радио үүссэнээс хойш хэрэгсэл гэдэг зүйл нийгмийн харилцаанд илүү нөлөө бүхий байр суурьтай болж эхэлсэн. Радио, телевиз хоёр сонины үргэлжлэл байсан. Гэтэл интернэт гарч ирснээр асуудал огт өөрөөр тавигдаж эхэлсэн л дээ. Интернэт бол хэрэгслийн эрхшээл, давамгайлал гэж яг юу вэ гэдгийг боди­тоор харуулж чадсан. Ра­дио, телевиз тодорхой хэм­жээний орон зай, цаг хуга­цааны хэрэглээний хувьд хязгаарлалттай байсан. Харин одоо бол интернэт хаа сайхгүй, эгшин зуурын, бүх хүнд нээлттэй, үнэгүй, хүн хоорондын хэрэгсэл бол­чихож. Зарим үед радио сонсохгүй, телевиз үзэхгүй, сонин уншихгүй мэдээлэл авч болдог юм байна. Уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийн байр суурь үгүй болж байна гэж ойлгоод байдаг. Энэ бол угаасаа шинэ зүйл биш.

-Шинэхэн дээрээ со­нихон гэж үү?
-Тийм ээ. Радио анх үүсэхэд ном сонин байхгүй болно, телевиз үүсэхэд кино үгүй болно гэж байсан. Энэ бол тийм л зүйл. Интернэт бол олон нийтийн харилцааны хэрэгсэл гэдгийг ойлгох ёстой. Интернэт, сонин, радио, телевиз ч бай сэтгүүл зүйг нийгмийн харилцааны хүрээнд ойлгох учиртай. Интернэт, фэйсбүүк, твиттер, блог бол хүн хоорондын харилцааны нэг зүйл. Энд нийгмийн нөлөө гэдэг зүйл одоогоор байхгүй. Жишээ нь, манайд 20-25 хувьд аман харилцаа явж байгаа. 10 орчим хувьд нь хэрэгслийн харилцааны давамгайлал бий гэж үздэг. Үлдсэн нь уламжлалт мэ­дээллийн хэрэгсэл телевиз, сонин, радиогоор мэдээлэл авч байна. Тэгэхээр бид зөв­хөн Улаанбаатарын эс­вэл фэйсбүүк, твиттер хэ­рэг­лэгчдийн ч юм уу, арай боловсролтой, мэдээлэлд нээлт­­тэй, боломжтой хүмүү­сийн хүрээнд зөвхөн харж болохгүй. Гол асуудал нь ерөө­сөө улс төрөөс л болоод байгаа юм. Улстөрчид нийг­мийн сүлжээг өөрийгөө илэр­хий­лэх, сурталчлах, пиар хийх, нийгэмд нөлөөлөх нэг чухал хэрэгсэл гэж ойлгоод байна. Яахав, хэрэглэдэг хүрээнийхээ хувьд олон нийтийн сүлжээний нөлөө бай­гаа нь үнэн. Гэхдээ Мон­голын нийгмийн хүрээнд бүхэлдээ нөлөөлөх зүйл биш. Хүн хоорондын харил­цааны сүлжээ болохоос улс төрийн, хэн нэгэн бү­лэг­лэлийн харилцааны хэ­рэг­­сэл биш. Харил­цааны хэрэгсэл хэзээ ч болж чадахгүй.

-Яагаад?
-Яагаад гэвэл харилцааны хэрэгсэл хэрэглэгчийн сонголт, хайлт, эргэх холбоогоор тодорхойлогддог. Ха­рил­цаанд оролцогсдын хэм хэмжээ, дэг журамд ямар нэг байдлаар нийгэмших, зо­хицох, нэгдэх үйл явц энд байхгүй. Улстөрчид олон ний­тийн сүлжээг онцлоод, хэт их ач холбогдол өгөөд, намынхаа аппаратаар зохион байгуулалтад орж, сэтгэгдэл бичигчид ч юм уу, фэйсбүүк, твиттерт мэдээлэл тавиад тэр нь эргээд нийгэмд нөлөөлж байна гэж төсөөлөөд байгаа. Нөгөө талаас нүүдлийн соёл иргэншилтэй учраас манайхан хүнээс мэдээлэл сонсох дуртай байдаг. Твит­тер дээр тэгж бичиж гэж аман харилцаагаар дамжиж тодорхой хүрээнд хүрдэг. Гэхдээ зарим сенсаац­тай мэ­дээ­лэл нь шүү дээ. Жишээ нь, Ерөнхийлөгч, Бат­тулга сайд хоёрын твиттерт ярь­сан зүйл ч гэдэг юм уу, үе үе тэсэрсэн асуудлаас болоод хү­рээ нь эрс өргөжих нь бий. Сэтгүүл зүй гэдэг маань ер нь юу болж хувирав аа гэдэг асуудал орчин үед гарч ирээд байгаа. Яг үнэндээ телефон утастай адил зүйл юм. Түргэн шуурхай хүрдэг чанарууд нь байгаа боловч нийгмийн болон хүний мөн чанарт сэтгэлгээний томоохон өөрчлөлт авчирсан нь үгүй. Орчин үеийн нийгэм, эдийн засаг хэрэглээний тал руугаа чиглэж, тэр нь бизнес болсон. Хүн зүгээр мэдээлэл уншаад байхыг хүсэхээ больчихож. Орчин үеийн хүний мөн чанар өөрийгөө илэрхийлэх, шүтэх биш шүтүүлж амьдрах, бие даа­сан байхыг эрмэлздэг болж. Интернэт нь дэлхийн эдийн засгийн хурдацыг ч нэмэгдүүлсэн.

-Интернэт орчинд мэдээ, мэдээлэл оруулж, түгээхийг иргэний сэтгүүл зүй гэж зарим нь тайл­барладаг. Олон нийтийн сүл­жээ тэгэ­хээр мэ­дээлэл өгдгөөрөө ч юм уу, өөр ямар нэг байд­лаараа сэтгүүл зүйн нэг хэсэг болж чадах уу?
-Фэйсбүүк, твиттер, блог бол мэдээллийн нэг л эх сурвалж. Сэтгүүл зүй биш. Сэтгүүл зүйд эх сурвалж чухал болж ирж байгаа юм. Тэр үүднээсээ олон нийтийн сүлжээ нь эх сурвалж мөн үү гэвэл мөн. Гэхдээ үүнийг нь сэтгүүл зүй дагана гэдэг байж болохгүй. Эх сурвалжийн цаана интернэтийн орчноос гадна албаны, мэргэжилтний эх сурвалж, судалгаа чухал. Нэн ялангуяа судалгаа. Олон нийтийн байгууллагатай адил­хан л даа. Олон нийтийн байгууллага гэдгийг бид жагсдаг хүмүүсээр л ойлгож, төсөөлдөг. Ан Сан Сү Чи “Жин­хэнэ мэргэжлийн бай­гуул­лагыг олон нийтийн байгууллага гэдэг” гэж хэлсэн. Манайд тэгвэл огт өөр байна. Талын цөөвөр чоно ч бил үү төрийн бус байгууллага Баярцогтыг шалгуулна гэлээ. Өөр оронд сонсвол инээд нь хүрнэ шүү дээ. Энэ Баярцогтыг өмөөрч байгаа хэрэг биш шүү. Бид олон зүйлийг буруугаар ойлгоод байгаагийн нэг жишээ бол интернэт, твиттер, фэйсбүүк, блогийг мэдээллийн, бүр сэтгүүл зүйн эх сурвалж гэж үзэх. Хүн хоорондын харилцааны орчин учраас хэт үгүйсгэж эсвэл дээдэлж болохгүй. Тэнцвэртэй авч үзэх ёстой.

-Телевизүүд хүртэл ин­тернэтэд хэн юу гэж би­чив, ямар мэдээлэлд хэн юу гэж сэтгэгдэл бичсэн бай­на вэ хэмээн нэвтрүүлэг хий­дэг болсон. Сенсаацтай мэдээлэл түгээж, олны ан­хаарлыг татдаг. Дэлхий сүйрэх, бур­хан төрүүлдэг эмэгтэй гэх мэт?
-Сэтгүүл зүй гэхээсээ илүү нийгмийн амьдрал, сэтгэл зүйтэй холбоотой. Өнөөдөр Монголын нийгэмд агуу ихийн дэмийрэл, төгс төгөлдрийн эрэлхийлэл ч гэх юм уу эсвэл бүр хүнийг амар хялбар байдлаар загварчилж, үнэлж, дүгнэх хийрхэл яваад байгаа. Жирийн амьдралд хүмүүс өргөл барьц өгч, нэг бөөд ташуурдуулж байж өөрийнхөө асуудлыг шийдүүлэх гэдэг болж. Манай нийгэм хэт их хэрэглээний нийгэм болчихсон. Өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй. Тэгсэн мөртлөө хэрэглээ нь их дээд төвшинд оччихсон ийм л нийгэм болоод байна. Тэгэхээр энэ бол хусмаа чамласан хүүхэд шиг л нийгэм бий болжээ гэсэн үг. Улс төр, засаг нь халамжаар дамжуулж эрх мэдэл засаглал авч байна. Мөнгө тарааж эрх мэдэл авах амархан. Мөнгө тараахгүйгээр эрх мэдлээ хадгалж чадах болов уу гэж би боддог л доо. Ийм сэтгэлгээ, хандлага ямар нэг туйлшрал, хэтийдэл, дэ­мийрэл рүү биднийг аваа­чиж байгаа юм. Зөвхөн бурх­наар бөөлждөг биш арван­хоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрнэ гэх мэтээр нийгэмд байж болохооргүй хачин үзэл бодол маш хүчтэй нө­лөөлж байна шүү дээ. Энэ бол Монголын нийгэм сэт­гэл зүйн хувьд тогтворгүй бай­­гаа­гийн шинж.

-Энэ бүхнийг жишээ нь сэтгүүлчидтэй холбож буруутгадаг л даа?           
-Сэтгүүл зүй нийгмийг эмчлэх ёстой гэж хэлэхгүй. Сэтгүүл зүй нийгмийнхээ нэг толь, эд эс нь л байна. Тэгэхдээ эрүүл оюун ухаан сэтгүүл зүйд давамгайлж байх ёстой. Тэгж байж үнэн бодитой, ядаж баримжаатай мэдээллийн тогтолцоог бий болгох хэрэгтэй юм. Телевиз бол ерөөсөө л дүрсний, визуал, үйл явдлын сэтгүүл зүй. Яаж гэдэг асуултад хариулт өгдөг сэтгүүл зүй. Яагаад гэдэгт сонин хариулт өгнө. Юу гэдэгт хариулт өгдөг нь радио. Гэхдээ Монголын телевиз аман харилцааг телевизийн хувилбарт нийцүүлсэн хэлбэр болчихоод байна. Байнга л ярилцлага гаргадаг.

-Ярилцлагын нэвтрүүл­­­­­­гээр дагнасан гэхэд бурууда­хааргүй?
-Мэдээ нь ч гэсэн ярилц­лага. Стэнд ап эхлээд явна араас нь яриа аваад дараа нь дүгнэлт хийгээд л болоо. Мэдээ ийм л загварт орчихсон. Хүмүүст өгөх нөлөөлөл зэр­гээс нь харвал телевиз огт өөр сэтгүүл зүй. Монголын өнөөгийн интернэт сэтгүүл зүй бол сонины сэтгүүл зүйн үргэлжлэл. Сониныг вэб сайтад байршуулчихсан гэ­сэн үг. Интернэтийн давуу тал, технологийн боломжид нийцүүлж хийсэн нэг ч сайт байхгүй. Хамгийн энгийн программуудыг авчраад вэб-2 гэдэг технологи дээр суурилсан, гол өгч байгаа мэдээлэл нь сонины, аман ярианых байх жишээтэй. Гэтэл сайт бол дүрс, зураг, бусад руу хөтлөх, эргэх холбоотой, хавсрагад суурилсан мэдээллийн заг­вар дэглэлтийн орчин бай­даг. Манайх бол зүгээр л уншдаг. Тэр муу, энэ сайн гэдэг сэтгэгдэл бичсэн орчин болгоод хаячихсан. Хөгжихгүй биш хөгжиж л байна. Гэхдээ буруу замаар явж байгаагаас гадна технологи нь хэт хурдтай орж ирсэн учраас бид өөрийн болгож, идээшүүлж чадахгүй байгаа. Ер нь идээшүүлж чадаагүй зүйл маш их бий.

-Дандаа мууг нь яриад яахав. Бас сайн зүйлийг нь ч гэсэн олж харж байгаа байх?
-Сайн нэвтрүүлгүүд бол байлгүй яахав. Мэдээгээр бол “Ийгл телевиз” гайгүй гэж боддог. “Монгол тулгатны 100 эрхэм” бол сайн нэвтрүүлэг. Ток шоу мөртлөө телевизийн давуу тал, дүрс, хэмнэлийг ашиглаж чадсан. Спортын нэвтрүүлгүүд бас сайн. Ер нь бие биеэ хуулбарлаж, давтдаг, нэг л их ярьсан нэвтрүүлгүүд л голдуу байгаа. Мэдээний агуулга нь төрийг дээдлэх, эрс шүүмжлэх хоёр хэсэгт л хуваагдчихаад байна шүү дээ.

-Сонин хэвлэл сүүлийн үед орон зайгаа вэб сай­­­­туудад алдаад байна гэх болсон. Сонины сэтгүүл зүй яваандаа интернэтдээ уус­чих хандлага байна гэх юм?
-Бид нэг зүйлийг нөгөөгөөр нь шахаж гаргах гээд байдаг. Хүүхдүүд одоо 3D  хүүхэлдэйн кино үзэж байна. Гэхдээ зурагтай ном үзэх эрэлт хэрэгцээ байдаг л байхгүй юу. Хүний хүсэл сонирхол эрмэлзлэл гэдэг хязгааргүй. Сонины хувьд мэдээж эдийн засгийн талаасаа цаас ч юм уу өөр олон асуудал бий. Тэгэхдээ сэтгүүл зүй гэдэг эцсийн дүндээ тухайн үндэсний хэлэн дээр л тогтдог. Аман болон бичгийн харилцааг дамжуулж байгаа хэрэгсэл нь сайжраад интернэт болсон. Сэтгүүл зүйн үндэс бол хэл. Ер нь, хэлний гурван том орчин болох аман, бичгийн, хэрэгсэл гурвын аль нэг нь үгүй болно гэж байхгүй.

-Нэг хэсэг чөлөөт хэвлэл шар хэвлэл нэлээн эрэлт­тэй байсан. Харин өнөө үед сенсаац хөөсөн мэдээллийн хэрэгслийн хувилбар нь сайт болчихож. Гэхдээ тэнд мэргэжлийн хүмүүс гэхээсээ хэн чадаж байгаа нь ажиллах болсон нь буруу жишиг ч гэдэг?
-Шар сэтгүүл зүй гэдэг ойлголтыг бид өөрчлөх хэрэгтэй. Энэ бол олон нийтийн хямд хэвлэл. 1830-аад онд эхлэлээ тавьсан “Нар”  гэдэг сэтгүүл олон уншигчтай, хямд, хүнд уншуулахын тулд онигоо, домог, болсон явдал зэргийг бичдэг байсан. Тэр нь явсаар одод руу чиглэж, манайд бол улстөрчдийг бичдэг болсон. Үүний цаана хүний төрөлх мөн чанар, эрэлт хэрэгцээ байгаа юм. Хүн хүнээ тэр тусмаа мууг нь илүү сонирхдог шүү дээ. Хэрэглээгээ дагаад интернэт орчинд орчихсон. Үүнээс нь болоод сэтгүүл зүй унана, алга болчихно гэж байхгүй. Сэтгүүл зүй бол хэл, сэтгэлгээ, хэрэглээтэй холбоотой цогц зүйл.

-Хэл гэхээр дахиад л шүүмж­­лэл хэлнэ. Зөвхөн ин­тер­­нэт орчинд гэлтгүй теле­виз, сонины хэл найруулгыг за­­хын хүн ч шүүм­жилсээр л?
-Хэл шинжлэлийнхэн өөр зүйл ярих байх. Харилцаа гэж харвал хэл өөрчлөгдөх л ёстой. Уламжлалт утга зохиолын хэлний төвшинд сонины хэл байна. Аман харилцаанд телевизийн хэл байна ч гэдэг. Яг ингэж шахна гэдэг түвэгтэй. Сэтгүүл зүйн салбарын хүн учраас тэгж боддог ч байж магадгүй. Материаллаг орчноор дам­жуулж өрнөдийн сэтгэл­гээ, соёл, амьдралын хэв маягт манайхан нэвчиж байна шүү дээ. Энэ бол сэтгэлгээ, хэлэнд ч нөлөө үзүүлнэ. Гадаад үг хэллэг гэхээр төсөөлөл нь өөр болж байна. Өвөрмонголчууд гэхэд хятад сэтгэлгээгээ дагаад өөрөөр сэтгэдэг. Бадрангуй, хатуухан хэлэхэд ямаан омог­той, муу санаатай, дотуур тамир­тай ч гэдэг. Биднийг боло­хоор та нар оросууд гэдэг. Одоо бид англи хэлтний соёл иргэншил, эд зүйлийг дээдлэх болсон. Тэгэхээр үүнийгээ да­гаад өөрөөр төсөөлдөг болж. Жишээ нь, нэг ресторан нээлээ гэхэд монгол нэр өгөх, англиар нэрлэх хоёр эрс ялгаатай болчихож байгаа юм. Ийм болохоор сэтгүүл зүйн хэл найруулгад өрнөджилтийн загвар, үг хэл, томъёолол цаашилбал сэтгэлгээ нь орж ирсэн. Дорнынхон бол али­вааг цогцоор хардаг, өнгөр­сөн үедээ хүндлэлтэй ханддаг, ахмад үеэ дээдэлдэг, би бол юу ч биш гэж боддог. Өөрийгөө илэрхийлэх нь сайн зүйл биш бараг нүгэл ч гэж үздэг. Гэтэл өрнөдийн сэтгэлгээ үүний эсрэг. Одоо үе, өнөөдрөө эрхэмлэдэг, өөрий­гөө дээдэлдэг. Тэгэхээр ийм соёл, сэтгэлгээ ороод ирэхээр зөрчилдөх зүйл маш их. Хамгийн хатуу үнэн гэвэл бид юу ч хийдэггүйд асуудал оршиж байгаа юм. Тэгсэн мөртлөө бид бүхний хаан гэсэн хачин ойлголт нийгэмд байдаг. Иргэн нь төрдөө эрхэлдэг. Эсвэл очиж ч үзээгүй Өм­нөговьд байгаа баялгийг миний өмч гэж боддог. Тэгсэн мөртлөө би Айн Рэндийн но­мыг уншдаг гэдэг. Гэтэл бид Айн Рэн­дийг унших болоогүй байна.

-Тэгээд юу унших ёстой гэж?
-Стив Жобсын “Бүхэн цадиг”-ийг унших хэрэгтэй. Орчин үеийн нийгэм яаж явсан бэ гэдгийн хамгийн тод жишээ Стив Жобс. Тэр номонд Стив Жобс Барак Обаматай уулзаад “АНУ-д инженер байхгүй болчихлоо. Ингэж явах юм бол АНУ нэг өдөр сөнөнө шүү” гэж хэлсэн. Тэгэхээр энэ чинь зөвхөн манай асуудал биш гэдгийг харуулж байгаа юм. Гэтэл бид өөрсдөө юу ч хий­гээгүй, хийхээ ч боддоггүй суу­­гаад байдаг. Эцсийн эцэст би­­дэнд эрүүл оюун ухаан л хэ­рэгтэй байгаа. Тэгэхгүй бол хэт ша­шинжсан, далд ухамсарт ит­­гэ­сэн эсвэл хүчтэй, ухаантай тө­­­рийг дээдэлж байна даа, бид.

-Бүх болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ мэдээлэл өгч байгаа сэтгүүлчдийн нө­лөө буруу гэх нь бас бий л дээ. Тархи угаадаг, нэг та­лын мэдээлэл өгдөг гэж шүүмжилж, үзэн яддаг хэсэг ч байдаг юм шиг?
-Хүн өөрөө өөрийгөө мэддэг нийгэм шүү дээ. Тархи угааж байна гэдэг ч тэгүүлэхгүй эрх нь тэр хүнд бий. Тархиа угаалгаж байгаагаа мэднэ гэдэг чинь хүн биш болчихжээ гэсэн үг. Тэгэхээр худлаа яриа болж таарч байгаа юм. Манайханд төрөөр эсвэл хэн нэг хүчтэй хүнээр бүх зүйлээ зохицуулуулах гэсэн эрмэлзлэл байдаг. Тэр нь улс төрд нөлөөлнө. Хэн нэгэн тэрийг нь улс төрд ашиглана. МАХН гэхэд улс төрийн эмгэнэлт жүжиг байхгүй юу. Яахаараа ийм хүмүүсийг гаргадаг юм. Гараад хийж байгаа зүйлгүй.
Интернэт дэх нийтлэлүүдийг сэтгэгдэлд “ойлго­сонгүй”, “тэ­нэг юм”, “яах гэж ийм юм бичдэг юм” гэсэн байдаг. Ойлгохгүй байсан юм бол яах гэж уншдаг юм. Дургүй юм бол уншихаа л больчих хэрэгтэй.
Элит, дагагсадын байр суурь солигдохоор соёл ир­гэншил мөнхдөг гэдэг. Тэгээд өөр соёл руу автаж уусдаг гэх онол байдаг. Тэр онолоор харахад манайх өнөөдөр яг л ийм байдалд байна. Сократын шударга ёс гэдэг философи бий. Тариачин, жанжин, цэ­рэг гэсэн гуравхан бүлэгт хуваа­даг. Тариачин жанжны байр сууринд очвол шударга ёс биш гэж байгаа. Гэтэл бид нийтээрээ тэгш, нэг тогооноос хооллохыг шударга ёс гэж ойлгодог. Хэрэв ингэж явсан бол хэзээ ч хөгжихгүй байсан.  
Аливааг муулна гэдэг чинь сэтгэл зүйн эрэлт хэрэгцээг хангаж байгаа нэг хэлбэр. Хэн нэгнийг доромжилж байж сайхан унтаж амардаг бол­чихсон юм уу эсвэл. Ер нь, сэт­гүүлч гэдэг өвөрмөц ажил. Гутал хийдэг хүн­тэй харьцуулах боломжгүй. Тий­мээс л эрүүл оюун ухаан сэт­гүүл зүйд давамгайлах ёстой. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан