Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэмэх ба хасахтай УРАН


Хуучнаар ЗХУ-ын геологичид манай орны ураны нөөц, ерөнхий үнэлгээг 1990-ээд оны эхээр гаргасан гэдэг. Тэгэхдээ өндөр уулын бүс болон Монгол Хятадын хилийн дагуу 50-100 км өргөн зурвас нутгаас бусад газарт уран, торий, калийн илрэл ямар байгааг тогтоосон байна. Монгол орны ураны тархалтад өгсөн үнэлгээгээр 1.5 сая тонн таамаг нөөцтэй. Үүнээс хагас сая тонн нь 14 хөндийд тархсан тунамал чулуулагт бий гэнэ. Харин үлдсэн хэсэг нь бараг судлагдаагүй. Өнөөгийн судалгаагаар  үйлдвэрлэлийн ач холбогдлоор нь авч үзвэл манай оронд тунамал чулуулагт агуулагдсан ураны ордууд илрэх төлөв хамгийн их байна. Өөрөөр хэлбэл, Чойр, Сайншанд, Хайрхан зэрэг цэрдийн галавын чулуулгаар баялаг хөндийд ураны хэд хэдэн орд илрүүлэн судалж буй. Ийм төрлийн ураны орд нь хайгуул болон олборлох технологийн зардал хамгийн бага шаарддаг  аж.

Цөмийн энергийн газрын мэдээллээр өнөөдөр ураны хайгуулын 87 лиценз бий гэдэг. Манай улс цаашид уран олборлоод шар нунтаг гаргаж экспортолох бодлого баримталж байгаа. Тэгэхдээ цөмийн хог хаягдал нутаг дэвсгэртээ булшлахгүй, атомын цахилгаан станц барихгүй хэмээж буй билээ.

Нэг малчны хотыг бус тухайн бүс нутгийг хамарсан дүгнэлт гаргах ёстой гэв

Манай улсын нөөц нь тогтоогдсон ураны томоохон ордын нэг бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан-Уулд бий.  Эдүгээ энэ ордын хайгуулын лицензийг  Францын “Арева” компани нь эзэмшиж судалгаа хийж буй. Эрдэс баялгийн зөвлөл тус ордын нөөцийг 6.2 мянган тонн хэмээн баталсан. Эдүгээ туршилтын олборлолтоор 2000 тонн ураны хүдэр олборлосон. Ингэснээр тус ордоос ураны хүдрээ газрын гүнд уусган олборлоход эдийн засгийн үр ашигтай гэдгийг баталжээ. Гэвч он гарснаас хойш  уг  ордыг тойрсон маргаан дэгдээд  байгаа билээ. 

Учир нь, шинэ оны зааг дээр Дулаан-Уулын ураны ордын ойрхон нутаглаж буй малчин Д.Норсүрэнгийн 21 тугал хорогдсон юм. Ингээд  цацраг идэвхит бодист хордсон, хордоогүй гэдэг маргаан гараад буй билээ. Энэ талаар Цөмийн энергийн болон Мал эмнэлгийн газар, МХЕГ хэд хэдэн удаа дүгнэлт гаргасан. Үүнээс гадна Засгийн газраас ажлын хэсэг томилж хяналт шалгалт хийж өнгөрсөн долоо хоногт  дүгнэлтээ гаргаад байна. Монголын байгаль орчны иргэний зөвлөл төрийн бус байгууллагынхан энэ дүгнэлтийг эсэргүүцэж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.

Тэгээд “Засгийн газрын  томилсон төрийн байгууллага, эрдэмтдийн ажлын хэсэг төл мал хорогдсон нь цацрагийн хордлого  болон ураны ол­бор­лолттой  холбоогүй гэсэн дүгнэлт гаргалаа. Тэгвэл юунаас болж ийм олон төл мал хорогдсоныг  ажлын хэсэг тодорхой тогтоох ёстой байсан. Энэ ажлын хэсэг  гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд орон нутагт ажилласан. Тэгээд дөрөвдүгээр сарын 11-нд дүгнэлтээ гаргана гэсэн боловч тавдугаар сарын 1-нд  гаргасан юм. Энэ  дүгнэлт нь туйлын хангалтгүй байна. Иргэд,  төрийн бус байгууллагууд хар­дах эрхтэй. Төр ураны хайгуул,  олборлохтой холбоо­той хяналт шалгалт ямар төвшинд байгаагаа тодорхой гаргаж ирэх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг үзвэл силен, зэс, сурьмагийн хордлого байх магадлалтай  гэсэн.    Зөвхөн нэг  суманд гарсан нэг асуудалд  бүрэн дүгнэлт гаргаж чадахгүй байна. Энэ нь үнэхээр харамсалтай” хэмээв.

Үүнээс гадна өөрсдийнхөө авсан гэрэл зургуудыг үзүүлж тайлбар хийлээ. Үүнд бөгсөн бие нь мэдээгүй төрсөн ишиг,  өрөмдлөг хийсэн газарт химийн бодис асгарсан байдал, малын дотор эрхтэнд толбо сууж  өвчилсөн зураг үзүүлсэн юм. Тэгээд ингэж өвчилсөн малыг хүнсэнд хэрэглэхэд эргэлзээтэй гэлээ. Мөн “Арева” компани хайгуулын дээж буюу кернээ хэрхэн хадгалж буй гэрэл зураг бас үзүүлэв. Уг  зурагт хайгуулын дээжээ гадаа ил задгай тавьж дээгүүр нь гялгар цаасаар бүтээсэн байна. Зарим бүтээлэг нь урагджээ. Үүнийг тус төрийн бус байгууллагын төлөөлөгчид “цацраг идэвхит  эрдсийн дээжийг ингэж хамаагүй хадгалж болохгүй. Эндээс үзэхэд цацрагт бодисын хор нөлөө тухайн орчинд тархаж магадгүй. Тэгэхгүй гэх баталгаа алга” гэсэн юм. Ингээд цааш нь “Шавар, хог хаягдлын цэгийн хаалт, хамгаалалт сайн хийдэг гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр тийм биш. Биднийг шалгалтаар очиход  нэг хогийн цэг нь хаалгагүй байсан. Үүнд нь нэг үхэр ороод үхсэн байсан юм. Иймд тэр газарт ураны хайгуулын сөрөг нөлөө гарсан байж болох талтай. Гэтэл үүнийг нарийвчлан тогтоосонгүй. Ингээд  Монголын байгаль орчны иргэний зөвлөл тэнд хэдэн тугал цацрагаар хордсон эсэхийг л тогтоохоор хангалтгүй ажилласан гэж үзэж байна” гэв.

Тугал хорогдсон дүгнэлт зөржээ

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн гишүүн Ч.Мөнхбаяр “Ерөнхий сайдын томилсон ажлын хэсгийн дүнг харахад зөрчилтэй зүйл байна. Өмнө нь, мал эмнэлгийн байгууллагын гаргаж байсан дүгнэлтүүдэд хүнд металлын нөлөөллөөс болж хорогдсон гэсэн. Тухайлбал тус бай­гууллагын  гуравдугаар сарын 19-нд гаргасан дүгнэлтэд “хүнд металлын ужиг явцтай хордлогын улмаас тугал хорогдсныг тогтоов” гэсэн. Гэтэл хамгийн сүүлд гаргасан дүгнэлтэд хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлт илрээгүй гэлээ.  Бас малчин Д.Норсүрэнгийн бэлчээрээс авсан хөрс,  усны дээжийн химийн найрлага стандарт хэмжээнд байна гэсэн. Хэрэв энэ нь стандартын хэмжээнд байгаа бол тугалын хорогдол нь хаанаас ямар силен, зэс, сурьма гарч ирээд  хордсон  юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Уг нь, мал эмнэлгийн дүгнэлт нь улам тодорхой, өргөн хүрээтэй гарах болов уу гэж бид үзэж байсан. Гэтэл ажлын хэсэг зөвхөн Д.Норсүрэнгийн мал цацрагаас болж хорогдсон уу үгүй юу гэдгийг л нотлохоор явцуу  ажиллсан нь харагдаж байгаа юм.

Яагаад гэвэл, уран хайх олборлох явцад өөр ямар сөрөг үр дагавар гарч байгаа талаар нэг ч зүйл хэлсэнгүй. Улаанбадрах суманд төрийн болон төрийн бус байгууллагууд янз бүрийн  шалгалт хийж ирсэн. Тэгэхэд ураны хайгуул хийж буй компаниуд холбогдох бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй зам тавьсан, шавар асгах цэг байгуулсан зөрчил илэрсэн юм. Мөн зөвшөөрөлгүйгээр худаг өрөмдөж гаргасан. Ойр орчмын байгалийг сүйтгэж заг устгадаг. Монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй. Ойр орчмын өвөлжөө, хавар­жаанд амьдарч буй малчдын малаас янз бүрийн эм­гэг гажигтай төл олноор төр­дөг зөрчил гарсан. Бас үйлд­вэрлэлд хэрэглэсэн усаа хадгалах нүхээ гялгар уутаар доторлосон ч тэр нь ураг­даж бохир ус хөрсөнд шингэж байсан. Энэ бол Зөвхөн Улаанбадрах суманд тулгарч буй асуудал биш. Уул уурхайтай олон аймаг суманд гарч байгаа зөрчил шүү дээ” гэж ярилаа.

Баян шарга төрийн бус байгууллагын тэргүүн Л.Бор “Засгийн газрын ажлын хэсэгт 100 гаруй эрдэмтэд оролцож, 92 сая төгрөг зарцуулж бүтэн зургаан сар ажилласан ч дүгнэлт нь хангалтгүй байна. “Арева” компани хэвлэлийн хурал хийхдээ тэр бүс нутагт байгалийн цацрагийн фон өндөртэй гэж мэдэгдсэн. Гэтэл Цөмийн энергийн газар цацрагийн фон стандарт хэмжээнд байна гэсэн. Энэ зөрүүтэй мэдээлэл нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Цөмийн энергийн хуульд хяналтын механизмыг тусгасан заалтгүй. Зөвхөн журмаар зохицуулна гэсэн байдаг. Тэгэхээр Монгол Улс уран олборлох болвол хяналт сул байх нь. Монгол орон өргөн уудам нутагтай. Гэтэл Цөмийн энергийн газрын хэдхэн байцаагч хяналт тавьж чадахгүй байгаа нь энэ үйл явдлаас харагдаж байна” гэлээ.
Ийнхүү Байгаль орчны иргэний зөвлөл төрийн бус байгууллагынхан Засгийн газрын ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхээс гадна  уран хайх олборлох, баяжуулах талаар ард түмний санал асуулга явуулна гэв. Мөн уран олборлож шар нунтаг гаргахыг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан