Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтны үнэ унасаар л

Хөрөнгө оруулагчид Европ, АНУ-ын зах зээл дээрх инфляц цаашид ч удааширна гэдэгт итгэлтэй байгаа болохоор алтыг идэвхтэй зарж байна. Улмаар өнгөрөгч долоо хоногт унци алт 1369 ам.доллар болж сүүлийн дөрвөн долоо хоногийн хамгийн доод хэмжээндээ хүрлээ. Бүр нарийвчилбал зургаан долоо хоногийн турш алтны үнэ тогтмол буурсаар бараг долоон хувь хямдарсан байна.
Инфляц удааширснаас гадна алт худалдаж аваад хөрөнгө оруулалт хийх эрэлт мөн л буурсаар байгаа нь үнэ унахад нөлөөлж байгаа аж. Тухайлбал, дэлхийн хамгийн том сан “SPDR Gold Trust”-ийн алтны бодит нөөцийн хэмжээ нь өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагийн байдлаар 1047.13 тонн болсон нь 2009 оноос хойших хамгийн бага хэмжээ юм. Энэ хэмжээ нь мягмар гарагийн үзүүлэлтээс 4.5 тонноор бага, оны эхний байдлаас 303 тонноор бага.
Алтыг хөрөнгө оруулагчид инфляцаас хамгаалах хамгийн найдвартай арга гэж үздэг бөгөөд инфляцын хэмжээ өндөр болоход эрэлт нь нэмэгдэж, удаашрахад даган буурч байдаг. Европт гэхэд инфляц 2011 оноос хойш анх удаа зорилтот хэмжээ болох хоёр хувиас бууж 1.8 хувь болсон байна.
Зэсийн үнэ ч 2013 онд Европын холбооны эдийн засаг уналтын байдалтай байгааг харуулсан мэдээллийн нөлөөгөөр буурчээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын үйлдвэрлэлийн хэмжээ хүлээж байснаас илүү багассан нь зэсийн үнийг дээшлэхэд сайнаар нөлөөлсөнгүй.
Долдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нь 1.5 хувиар хямдарч фунтыг нь 3.2380 ам.доллараар үнэлэн гэрээгээ байгуулж байжээ. Мөн Европын холбооны ДНБ-ний хэмжээ нэгдүгээр улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхээ 0,2 хувиар буурсан байна. Ингэснээр ДНБ зургаан улирал дараалан унаж байгаа юм.
АНУ-ын үйлдвэрлэлийн хэмжээг дөрөвдүгээр сард 0,2 хувиар буурах гэж мэргэжилтнүүд үзэж байсан ч бодит байдал дээр 0,5 хувиар буурсан байна.Энэ бүх мэдээлэл нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэгдэхэд сөргөөр нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
Улмаар манай урд хөршийн эдийн засгийн өсөлт хүлээж байснаас бага байсан нь мөн л зэсийн үнэ буурахад хүргэж байна.
Төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг нүүрсний үнэ 2013 оны гуравдугаар улиралд Азийн орнууд, түүний дотор Хятадын эрэлт буурч байгаатай холбоотойгоор бүр ч буурах тухай коксждог нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч “BHP Billiton Ltd” компани мэдэгдлээ. Ирэх долдугаар сарын 1-нээс эхлээд “BHP Billiton Ltd” тонн коксждог хатуу нүүрсний нэг тонныг 165 ам.доллараар зарах санал тавих аж. Одоогоор төмөрлөгийн үйлдвэрийн нүүрсийг тонн тутамд нь 172 ам.доллароор   зарж байгаа нь энэ оны нэгдүгээр улирлын үнээс 11 хувиар хямд байгаа юм.
Манай улс, Өмнөд Африкаас экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэхтэй зэрэгцэн Австралийн олборлогчид эрэлтээс илүү гарсан хэмжээгээр нүүрс санал болгож байгаа нь ийнхүү үнэ буурахад хүргэх нь. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь нүүрсний үнийг цаашид гарцаагүй буурахад хүргэх аж. Австралиас нийлүүлж байгаа төмөрлөгийн нүүрсний хэмжээ 2013 оны гуравдугаар сард 7.9 хувиар нэмэгдэж 12 сая 800 мянган тоннд хүрсэн бөгөөд энэ улиралд нэмэгдсэн хэвээр байна. Иймд Австралийн банкнаас энэ оны гуравдугаар улирал дахь төмөрлөгийн нүүрсний багцаа үнийг гаргасан бөгөөд тонныг 155 ам.доллар болно гэж үзжээ.
Харин “Goldman Sachs Group Inc” компанийн мэргэжилтнүүд тонн нүүрсний үнэ 165 ам.доллар болно гэж үзсэн байна.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан