УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Л.Цог нарын 24 гишүүн Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-Өршөөлийн тухай хуульд хэчнээн хүн хамрагдах боломжтой вэ. Өмнө гарч байсан хуулиудаас ямар ялгаатай вэ?
-УИХ-д сууж байгаа хүний эрхийн чиглэлээр ажилладаг гишүүд болон Иргэний нийгмийн төлөөллүүд оролцож Өршөөлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Уг хуулийн төслийг боловсруулахын тулд зургаан сар гаруй хугацааг зарцуулсан. Парламентад суудалтай бүх улс төрийн хүчин, бие даагчид уг хуулийн төсөлд гар бие оролцсон. Өмнө нь, Өршөөлийн тухай хуулийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлдэг байсан бол энэ удаа хуул тогтоох байгууллагын гишүүд санаачилж байгаагаараа онцлогтой. Монгол Улсад 2009 оноос хойш Өршөөлийн тухай хууль батлагдаж гараагүй. Манайд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиудыг чанга байна хэмээн шүүмжилдэг. Өнөөдрийн байдлаар Монголд 7000 гаруй хоригдол байгаа. Тэдний 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс байна. Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тарааж байна. Эдгээр иргэнийг нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагагүй хэмээн олон хүн шүүмжилдэг. Нэг жишээ дурдахад, 2-3 удаа гар утас хулгайлсан гэж 10 жилийн ял оноосон байна лээ. Энэ хуулийн төслийг гаргахдаа өмнө нь гарч байсан Өршөөлийн тухай хуулийн давуу болон сөрөг талуудыг сайн хянаж тооцож үзсэн. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдээс гадна гадаад, дотоодод хуулийн чиглэлээр сургууль төгссөн туршлагатай боловсон хүчин ч ажилласан. Энэ удаагийн хуульд өршөөлөөр суллагдахын тулд тухайн ялтан хохирогчдод учруулсан хохирлоо барагдуулсан байх ёстой гэж зааж өглөө. Хэрэв хохирлоо барагдуулаагүй бол ялаа эдэлнэ. Хадгаламж банкны Чимидцэрэн 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэр нь чөлөөлөгдсөн байх жишээтэй. Их, бага хэмжээгээр бусдын эд хөрөнгийг залилсан иргэд мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл, шүүх дээр ял шийтгэл хүлээсэн нөхцөлд хохирлоо заавал төлсөн байх ёстой.
-Энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой вэ?
-Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засагт маш их ач холбогдолтой. ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийг ТЭЦ-III орчимд шилжүүлэхэд хорих байр нь дүүрсэн. Төрөөс зургаан тэрбум төгрөг гаргаж Налайхын орчимд шинээр хорих анги барихаар яригдаж байгаа. Гэтэл энэ мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулах боломж бий шүү дээ. Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийг зөнд нь орхичихдог хандлагыг өөрчлөх бодолтой байна. Ингэхдээ иргэний нийгмийн байгууллагууд тухайн хүндээ анхаарал тавьж, ял эдэлж байсан гэдгээр нь харах бус ажлын байртай болгох чиглэлд анхаарна. Тиймээс бид Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбоо, бусад төрийн бус байгууллагыг идэвхтэй оролцохыг уриална. 2006 онд Өршөөлийн тухай хуулиар суллагдсан иргэдийн 90 гаруй хувь нь дахин ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй байна. Давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрөөс, хүний эрхийн салбарт ажилладаг байгууллагууд хийх юм. Уг хуулийн төслийг УИХ-ын харьяа байгууллага Улсын дээд шүүх, ХЭҮК, Улсын Ерөнхий прокурорт илгээсэн. Энэ газруудаас санал авч хуулийн төсөлдөө тусгаж байгаа.
-Улсын дээд шүүхээс 2.6 жилийн ял сонссон Н.Энхбаяр энэ хуульд хамрагдах уу. Заавал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм хуулийн төсөл боловсруулдаг нь ямар учиртай юм. Хэн нэгэн хүнд зориулсан юм биш үү?
-Энэ хуулийн төсөл боловсруулахад бүх улс төрийн намын гишүүд оролцсон гэдгийг дахин хэлье. Тиймээс дээрх хууль хэн нэгэн хүнд зориулагдаагүй. Н.Энхбаяр Өршөөлийн тухай хуульд хамрагдаж болно. Уг хуульд хамрагдаж суллагдсан иргэдийг орон нутагт нь хүргэх, ажлын байр бусад зүйлээр дэмжлэг үзүүлэх зэргийг тооцоолсон. Урьдчилсан байдлаар 120 сая төгрөг гарах тооцоо гараад байна. Бид уг хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барих байсан ч төрийн байгууллагуудаас саналыг нь авах ёстой байсан учраас хойшилсон. Миний бие энэ хуулийн төсөлд парламентад орж ирсэн цагаас буюу энэ оны нэгдүгээр сараас эхэлж ажилласан.
-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуультай уг хуулийн төсөл хэрхэн уялдаж байгаа вэ?
-Монгол Улсын бүх хуультай уялдана. Үүний дотор Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Эрүүгийн хууль, одоо өргөн бариад буй Гэмт хэргийн тухай хуулийн төслийн хүмүүнлэг энэрэнгүй утга санаа агуулгад ч нийцэж байгаа. Тэр ч утгаараа бид уг хуулийн төслийг боловсруулахдаа хагас жил гаруй хугацаа зарцуулсан.
-Хэр урт настай хууль вэ. Өмнө нь гарч байсан хуулиуд хэрэгжээд дуусч байсан санагдана?
-Энэ хууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжлэх хандлагатай байна. Учир нь, хохирлын асуудлыг гаргаж тавиад байгаа шүү дээ. Тухайн ялтан хохирлоо төлөх хүртлээ суллагдахгүй. Гэхдээ уг хуульд хамрагдаж суллагдах 3000 орчим ялтны учруулсан хохирлын хэмжээ харьцангуй бага байдаг юм билээ. Эцсийн байдлаар судалгаа гараагүй байна. Зарим нэг томоохон хохирол учруулсан яллагдагчийн ялыг 50 хувь чөлөөлнө. Гэхдээ хохирлоо мөн барагдуулсан байх ёстой гэж тусгаж өглөө.
-Уг хууль батлагдсаны дараа ял эдлэх тогтоол нь гарсан хүмүүс хамрагдах боломжтой юу?
-Хууль мөрдөгдөж эхэлсэн өдрөөс өмнө хэрэг үйлдсэн бүх хүмүүст уг хууль үйлчилнэ. Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байж байгаад уг хууль батлагдсаны дараа шийдэгдсэн хүмүүс ч хамрагдах боломжтой. Харин хууль батлагдсан өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ хууль үйлчлэхгүй.
-Хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ. Сонгуулийн өмнө батлагдана гэсэн яриа байсан?
-УИХ-д ойрын хугацаанд өргөн мэдүүлнэ. Өргөн мэдүүлсний дараа Байнгын хороо болон УИХ-аар удахгүй хэлэлцэх байх. Хуулийн төсөл санаачлах эрх УИХ-ын гишүүнд байдаг. Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол тэд хуульд хамрагдана. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр гэмт хэрэгтэй хэрнээ гурван жил хүртэлх ялтай байвал суллагдана. Харин түүнээс дээш ялтай бол 50 хувийг нь чөлөөлнө. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол Өршөөлийн тухай хуульд хамаарахгүй.