Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2014 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ асуудлыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж инфляцийг бууруулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, хяналт, удирдлагын тогтолцоо, бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм. Ирэх онд Оюутолгойн ордын үйлдвэрлэл энэ оныхоос бараг хоёр дахин нэмэгдэж, “Эрдэнэс-Тавантолгой”-н Баруун болон зүүн цанхын олборлолт эрчимтэй явагдаж, мөн газрын тос, төмрийн хүдрийн олборлолт ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Дөрөвдүгээр цахилгаан станц болон Хөтөлийн цементийн үйлдвэрийн өргөтгөлийг барихын зэрэгцээ цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг үргэлжлүүлж, төмөр замын суурь бүтцийг шинээр барих ажлыг хийнэ гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд тогтоолын төслийн танилцуулга хийхдээ дурдаж байсан юм. Харин өчигдөр үдээс хойш Эдийн засгийн байнгын хороо хуралдаж тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийн талаар УИХ-ын гишүүд, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэснийг Л.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа дурдлаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн С.Бямбацогт төлөвлөгөө хэр бодитой, үнэн зөв байхаас хэрэгжилт нь шалтгаална, гэтэл улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд, богино хугацааны энэ чухал баримт бичигт нухацтай хандах ёстой байтал өчигдөр хэлэлцэх эсэхийг нь шийдээд тэр дор нь анхны хэлэлцүүлгийг хийж батлуулахаар оруулж ирж буйд шүүмжлэлтэй хандаад үндсэн чиглэлийг баталснаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэдэн хувь нь хэрэгжих, бүсийн нэмэгдэл, иргэн бүртээ хишиг хувь хүртээх зэрэг хэрэгжээгүй үлдсэн асуудлыг яаж шийдэхээр тусгасныг тодруулав. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын хүрээг өргөн утгаар нь авч үзсэн. Салбарын яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцсэн. Үндсэн чиглэлд бодлогын асуудал голлож байгаа. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг нэг жилээр биш дөрвөн жилээр төлөвлөж буйгаараа онцлогтой. Бодлогын шинжтэй асуудлыг голлож төлөвлөсөнтэй холбогдуулж цалин хөлс, мөн үнэ тарифийг зохицуулах, сум хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг бодлогын олон чухал арга хэмжээг тусгасан” гэдгээ хэллээ. Харин байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар үндсэн чиглэлийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр байнгын хорооны гишүүд нухацтай ярилцсан. Нэгэнт ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналт гаргаагүй учраас анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг оруулж ирж байгаа юм гэсэн хариулт өгөв. Гишүүн С.Дэмбэрэл ч бодлогын баримт бичиг батлах гэж байж ийм хуумгай халтуурдах маягаар хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Тогтоолын төсөлд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтаар батлах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгох, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг оны эхнээс жигд хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтийн явцыг бүтэн жилээр гаргаж УИХ-д танилцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. Ингээд байнгын хорооноос гаргасан горимын саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 31 нь буюу 56 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 62 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан