Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Авлигатай тэмцэх нь амар ажил биш юм байна

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр боллоо. Энэ удаагийн уулзалтын үеэр сэтгүүлчид ямар асуудал хөндөж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрхэн хариулсныг товчлон хүргэж байна.

-Өмнөх Засгийн газрын үед Яармагт, эсвэл Хүй долоон худагт шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих тухай ярьж байсан. Тэгэхээр шинэ Цэнгэлдэх хүрээлэн хэзээ баригдах вэ?
-Хаана, ямар Цэнгэлдэх хүрээлэн барих вэ гэсэн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байгаа. Ямар ч байсан манай Засгийн газар үүнийг шийднэ.
-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд мал нь нүдгүй, хөлгүй гэх мэт элдэв гажигтай төл гаргасан тухай ярьж саяхан хэвлэлийнхэнд хандлаа. Тэд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүссэн. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Дорноговь аймгийн иргэн Норсүрэн гуайн үхэр үхсэн тухай асуудлыг өнгөрсөн жилээс л ярьж байна. Холбогдох байгууллагаас хоёр удаа ажлын хэсэг явуулсан. Тэд тус тусдаа дүгнэлтээ гаргасан. Ингэхдээ нэг нь хордсон, нөгөө нь хордоогүй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хамтарсан Ажлын хэсэг гаргаж, Улаанбадрах суманд ажиллууллаа. Энэ ажлын хэсэгт тагнуул, цагдаагийнхныг хүртэл оролцуулсан.
Авсан дээж нь солигдохгүй, холилдохгүй баталгаатай газар байх ёстой учир тагнуул, цагдаагийнхныг ажлын хэсэгт багтаасан. Энэ ажлын хэсэг судалгаа шинжилгээ хийгээд нэг зүйлийг цэглэж чадлаа. Уранаас болж үхэр үхээгүй гэдгийг тогтоосон. Гэхдээ селен, зэсийн хордлого болсон байх магадлалтай гэлээ. Зарим нэг нарийн шинжилгээг олон улсын лабораторт хийлгэхээр дээжээ явуулсан. Ямар хариу гарахыг хүлээж байна. Шаардлагатай гэвэл мэргэжлийнхний оролц­сон ажлын хэсгийг хэвлэлийнхэнтэй уулзуулж, эсвэл Дорноговь аймагт очиж иргэдтэй уулзаж болно. Засгийн газар энэ ажилд 100 орчим сая төгрөг зарцуулсан.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой 17 тэрбум төгрөгийн тендерийн асуудал дахин сөхөгдлөө. “Эрдэнэс Таван Толгой” компанийн зарим ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай ч мэдээлэл гарсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-17 тэрбум төгрөгтэй холбоотой захиалгат нэвтрүүлэг хийж олон нийтэд түгээсэн гэсэн. Энэ хэрэг надад ямар ч хамаагүй. Өмнө нь намайг Ерөнхий сайдаас огцруулах зургаан үндэслэл гаргасан. Сүүлдээ энэ үндэслэл нь гурав болсон. Нэг нь Монголбанктай холбоотой бондын асуудал. Нөгөө нь, төрийн албан хаагчдыг халсан тухай. Гурав дахь нь “Говь повер” гэдэг компанид өгсөн тендерийг надтай холбож, миний ойр дотныхонд нааж байгаа юм. Би тийм зүйл байхгүй гэдгийг УИХ-ын чуулган дээр ч, өмнө нь сэтгүүлчид та нартай уулзахад ч хариуцлагатайгаар мэдэгдсэн шүү дээ. “Эрдэнэс Таван Толгой” компаниас Ерөнхий сайд болон өөр хэн нэг албан тушаалтан тендерт нөлөөлөөгүй гэсэн албан бичгийг ЗГХЭГ-т ирүүлсэн байгаа. Үүнтэй холбоотой нэг зүйлийг хэлье. Авлигатай тэмцэх нь амар ажил биш юм байна гэдгийг өдөр хоног, цаг, минут тутам мэдэрч байна. Авлигатай тэмцэхийн эсрэг янз бүрийн арга саам хайж байна. Сонгуулийн компанит ажлын явцад Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг унагая гэсэн бодолтойгоор ийм зүйл зохион байгуулалттайгаар хийж байгаа.
-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж шийдвэрлүүлэхээр тусгасан. Гашуунсухайт-Таван толгойн чиглэлийн төмөр замыг өргөн царигтай тавихаар шийдвэрлэсэн. Царигийн асуудлыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзээд Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм уу?
-Төмөр замын талаар баримтлах бодлогод Монголын нутагт тавих төмөр зам өргөн царигтай байна гэж заасан. Засгийн газар энэ дагуу ажиллаж байгаа. Таван толгой экспортод бүтээгдэхүүнээ шууд гаргах тохиолдолд цариг ямар байх вэ гэдгийг Засгийн газар шийдвэрлүүлэх учиртай юм. Тэгэхээр царигийн асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзээгүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаад энэ асуудлыг Засгийн газар судлаад УИХ-д оруул гэсэн чиглэл өгсөн. Бид энэ чиглэлийн дагуу ажиллаж байна.
-Хүүхэд хамгааллын талаар Шинэчлэлийн Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-С.Эрдэнэ сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн тодорхой бүлгүүд рүү хандсан бодлогоо тодорхой болгохоор ажиллаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд холбогдох зарим хуулийн төсөл боловсруулж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. Жишээ нь, жирэмсэн эхэд төрөхийн өмнөх таван сар, төрсний дараахь таван сар гээд нийлээд 10 сар 400 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг байсныг хүүхдийг нь хоёр нас хүртэл нь олгодог болохоор хуульд өөрчлөлт оруулж байна.

Б.Цэнгэл

0 Сэтгэгдэл
avilgach hun avilgatai temtsdeggui yum aaa, yadaj ilerhii bolon avilga avsan bol bur hetsuu bh aa
Хамгийн их уншсан