Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Оюун: Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын үндэс суурийг тавихаар ажиллаж байна


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Санжаасүрэнгийн Оюунтай Монгол Улсын байгаль орчны бодлогын талаар ярилцлаа.   


-Байгаль орчин, ногоон хөгжлийн яам жил бүр нэг зорилт дэвшүүлж ажилладаг. Энэ уламжлалын дагуу 2013 оныг Байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласан. Яагаад заавал байгаль орчны боловсрол гэдэг асуудлыг хөндсөн юм бэ?
-Манай яам 2013 оныг Байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласан нь эдийн засаг, нийгмийн бүх салбарт тогтвортой хөгжлийн үзэл санааг суулгаж, хүн амын бүх давхаргад байгаль орчинтойгоо ээлтэй харьцах, ногоон хөгжлийн  үзэл баримтлалыг төлөвшүүлэх зорилт тавьсантай холбоотой. Монголчууд маань байгаль орчинтойгоо харьцах, түүний баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах талаар маш нарийн ухаан, соёл, зан заншилтай ард түмэн. Энэ соёл, зан заншлыг уламжлал болгох, хүүхэд, залуучуудад өвлүүлэх чиглэлээр ажиллах нь энэ жилийн ажлын гол зорилт байх юм. Хүнийг  хүн болгодог эцэг өвгөдийн маань ухаанд байгаль орчинтойгоо харьцах эрдэм маш их шингэсэн байдаг юм билээ.

-Байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд эхнээсээ хэрэгжиж байгаа. Та жишээ болгож заримыг нь дурдвал?   
-Энэ хүрээнд хийх ажлыг олон нийтийн боловсрол, тэр дундаа хүүхэд, залуучуудын   экологийн боловсролд зориулсан форум, уулзалт, лекц, уралдаан тэмцээн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр танин мэдэхүйн боловсрол олгох үйл ажиллагаа гэж хуваан нилээдгүй ажил төлөвлөсөн нь эхнээсээ хийгдэж байна. Тухайлбал, манай яам, БШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр Санамж бичиг үзэглэсэн. Энэ төслийн хүрээнд хүүхэд, залуучуудын байгаль орчны талаархи мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, тэдний байгальтайгаа зөв харьцах хандлагыг нь дунд сургуулийн бага ангиас нь эхэлж төлөвшүүлэх бодлогын суурийг тавина. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалд тусгагдсан сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулах ажлыг 3 тал хамтран хийнэ. Түүнчлэн  боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, уламжлалт шашин, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж танин мэдэхүй, соён гэгээрүүлэх сурталчилгааны ажлыг цогцоор хэрэгжүүлэхээр тодорхой санал, санаачилга гаргасан байгууллагатай хамтран ажиллаж байна. 

-Одоо бэлэн болсон, бас хэрэгжиж эхлэхээр төлөвлөсөн төслүүд юу байна?
-Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Хог Болгон Хог Биш!” төслийг хэрэгжүүлэхээр болж байна. Энэ төслийн хүрээнд хүүхэд залуучуудад зориулсан хог хаягдал гэж юу вэ, түүнийг хэрхэн багасгаж, ангилах вэ, хог хаягдлыг бүтээлчээр дахин ашиглах тухай ТВ хичээлийн сургалтын агуулга боловсруулна. Байгаль орчин-урлагийн боловсролын чиглэлээр багшлах боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг багасгах, дахин ашиглах боломжийн талаар олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэх зорилго бүхий “Хог Болгон Хог Биш!” байгаль орчин,  урлагийн боловсролын телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээр бэлтгэлээ хийж байна. Байгууллагууд ажиллаж буй орчноо ногоон оффис болгож, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг багасгахад хувь нэмэр оруулах үүрэгтэй гэсэн үүднээс Эко сургуулийн хүүхдүүдтэй хамтран байгууллагын орчинд шинжилгээ хийсэн нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна. Хамгийн анхны дугаараар манай яамны орчны шинжилгээг хийсэн, эрчим хүчинд хэмнэлттэй гэрэл  хэрэглэх, ажилтнууд цаасаа хэвлэхийн өмнө хэвлэх үү, үгүй юу гэдгээ сайтар бодох, өрөө тасалгаандаа цэцэг ургуулах гээд л хүүхдүүд олон хэрэгтэй зөвлөмж өгсөн дөө. Энэ зун “National Geographic” сэтгүүлийн газраас  “National Geographic Kids Монгол” төслийг  манай яамтай хамтран хэрэгжүүлнэ. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв болон “Зуслангийн холбоо”-той хамтран ээлж бүрийн нэг өдрийг шинжлэх ухаан танин мэдэхүйн  “National Geographic-ийн өдөр” болгон фото сургалт, комикс зургийн сургалт, гэрийн тэжээвэр амьтдыг асрах сургалт, байгаль орчны танин мэдэхүйн хялбаршуулсан зугаатай сургалт хөтөлбөр, “Шилдэг фото зурагчин хүүхэд шалгаруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ер нь хэвлэл мэдээллийнхэнтэйгээ нэлээд хамтарч ажиллана.

-Сүүлийн үед ногоон хөгжил гэж их ярих болсон. Монголын ногоон хөгжлийн бодлогыг танай яам хариуцаж ажиллана. Ногоон хөгжил гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Ногоон хөгжил гэдгийг байгаль орчиндоо ээлтэйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, өнөө үеийнхэн ирээдүйдээ өвлүүлэх баялагтай байх, хүн бүр хэмнэх сэтгэлгээтэй байх гэж товчоор хэлж болно. Өнөөдөр улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохирсон алсын хараа, арга загвар, хандлагатай хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар энэ үүднээс манай яамны нэрийг Байгаль орчин, ногоон хөгжлийн гэж өөрчлөн, үндсэн чиг үүргийн яам болгосон юм.  Нэг ёсондоо энэ Засгийн газар ногоон хөгжлийн суурийг тавьж байна. Манай яамнаас “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, стратеги, зорилтот хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ ондоо багтаан УИХ, Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Үүнийг батлан хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улс хөгжлийн хандлагаа эрс шинэчилж, тогтвортой хөгжлийн замаар явах болно.

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монголд бодитой нөлөөлж байна. Тийм учраас энэхүү өөрчлөлтөд дасан зохицох бодлого явуулах тал дээр?
-Өнөөдрийн эрчим хүч, хүнс, санхүүгийн хямралын үед дэлхийн тогтолцоо томоохон эрсдлийг давж гарах чадавхи мөхөс болж байгааг мэргэжилтэн судлаачид анхааруулах боллоо. Дэлхийн Эдийн Засгийн Форумд зориулан гаргадаг “Глобал эрсдлийн энэ оны тайлан”-д улам бүр нэмэгдсээр буй агаар мандал дахь хүлэмжийн хий, орлогын тэгш бус байдал, санхүүгийн архаг хомсдлыг ирэх 10 жилийн хамгийн өндөр эрсдлээр тодруулсан байна билээ. Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон хүлэмжийн хийн ялгаруулалтын бууруулалтыг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулахыг гол зорилгоо болгон уур амьсгалд зохицсон хөгжлийг дэвшүүлж байгаа.  Дэлхийн дундажаас бараг 3 дахин хурдацтай явж буй дулаарал нь Монгол орныг улам хуурайшуулах үр дагавартай байна. Энэ нь зөвхөн хөдөө аж ахуй, малчдын амьдралд нөлөөлөөд зогсохгүй Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн  тоо хэт их нэмэгдсэнээр агаар, хөрсний бохирдол, хот орчмын бэлчээрийн доройтол, ажилгүйдэл, нийгмийн үйлчилгээний хүндрэл зэрэг байгаль орчин, нийгмийн асуудлыг хурцатган хотын иргэдэд ч сөрөг үр дагаврыг авчирч байна. Ийм нөхцөлд  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хөгжлийн бодлогыг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахтай харилцан уялдуулбал Монголд болон дэлхийд аль алинд нь үр ашигтай болох тул дасан зохицох технологи нэврүүлэхэд олон улсын санхүүжилтыг олох магадлал ихэсч, хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болно гэсэн бодлого бид барьж байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр Монголын нөхцөлд ажиллах хөргөгч шинээр зохион бүтээх ногоон технологийг БОНХЯ нь Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь малчид маань малынхаа тоог бэлчээрийнхээ даацад тааруулах, зудтай үед малаа цөөлөөд махаа хадгалах “шинэ” хөргөгч ашигласнаар зудад алдах малын тоо цөөрөх төдийгүй бэлчээрийн экосистем ч сайжрах, эдийн засаг, нийгэм болон байгаль орчинд аль алинд нь ээлтэй байхад тусалсан ногоон хөгжлийн төсөл юм. Энэ мэт төлөвлөсөн, хийж байгаа, хийх ажил их байна. Ногоон хөгжлийн эхлэл, суурийг зөв тавьж чадвал бид тогтвортой хөгжиж чадна. 
 
-Ногоон эдийн засаг гэдэг нь ногоон хөгжлийн суурь нь гэж ойлгож болох уу?
 -Дэлхий нийтээр ногоон эдийн засаг бол тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг арилгах арга зам гэж тодорхойлж байгаа билээ. Монгол Улсад тохирсон ногоон эдийн засгийн хэтийн бодлогын үндсийг манай яам дээр хэлсэн стратегийн баримт бичгээрээ дэвшүүлж байна. Ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээлийн механизм болон ногоон ажлын байруудыг бий болгох, хувийн хэвшлийн ажилтнуудад ногоон хөгжлийн мэдлэг боловсрол олгох, биотехнологи, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалтын салбаруудад нөөцийн үр ашгийн 3R (Reduce, Re-use and Recycling)-ын зарчим буюу хаягдлыг бууруулах, эргүүлэн ашиглах, дахин боловсруулж шинэ бүтээгдхүүн үйлдвэрлэх зарчмыг хэрэгжүүлэх зэрэг тулгамдсан асуудал манай улсад олон бий. Үүнийг дан ганц манай яам хийх биш бүх яамд хамтран нэгдсэн бодлого, чиглэлээр ажиллаж байж амжилтанд хүрнэ.

-Ногоон соёл иргэншилд түшиглэсэн нүүдэлчний амьдралын хэв маягийг Монгол Улс бий болгож чадах уу. Даяарчлагдаж буй дэлхийд Монголын сондгойрох нэг онцлог энэ байж болох юм гэдэг үүднээс асууж байгаа юм?
-Монгол үндэсний байгаль, соёлын өв газруудыг бий болгож, ногоон соёл иргэншлийн хөгжлийн бүс болгон хөгжүүлэх бодлогыг бид тавьж байна. Тухайлбал, Алтайн нуруу, Их нууруудын хотгорыг нүүдлийн соёл иргэншлийн өлгий-үндэсний байгаль-соёлын хосолмол өв газар, Бурхан Халдун болон Онон-Балжийн сав газрыг тулгар төрийн үндэсний өв газар, цагаан зээр бүхий хялганат хээрийн байгалийн үндэсний өв, Их говийн байгалийн үндэсний өв, Хөвсгөл нуурын орчмын нутгийг цаатан соёл иргэншлийн өв газар болгож, ногоон технологиор баяжуулан хөгжүүлснээр Монгол орон ногоон байгаль-соёл-түүхийн өвөрмөц орон болох боломжтой. Төв азийн нүүдлийн соёл иргэншлийн өв Монголд маань л үлдээд байна. Байгаль, соёлын аялал жуулчлал, органик мах сүү зэрэг хүнс, ноос, ноолуур, хөөвөр, оёдол сүлжмэлийн брэнд бүтээгдхүүн үйлдвэрлэлийн баталгаат үндэс тавигдана гэсэн их өөдрөг үзэл бодлоор бид ажиллаж байна.

-Одоо танай яамны бодлогын шинжтэй зүйлүүдээс жаахан тодруулья. Усны сав газруудыг хариуцсан захиргаатай болгоно гэж байсан. Энэ хэзээ бодит ажил хэрэг болох вэ?
-Тэгнэ. Нийт 29 сав газрын захиргаа байгуулагдана. Туул голын сав газрын захиргааг байгуулан ажилд нь оруулсан. Энэ онд 13, ирэх онд үлдснийг нь гээд төлөвлөн, одоогоор  бэлтгэл ажлууд нь хийгдэж байна.
 
-Ан амьтдыг хамгаалах талд дээр ямар бодлого барьж байна вэ?
-Бүх амьтан тэдгээрийн амьдрах орчны эрүүл, бүрэн бүтэн байдал дээр оршин тогтнодог байгалийн хуультай. Өөрөөр хэлбэл, амьтдын амьдрах орчин, тархац нутаг нь доройтох, хомсдох тохиолдолд тэд устах аюулд шууд өртдөг. Мөн амьтдын тоо толгойн хомсдолд хууль бус агнуур, зохисгүй ашиглалт, амьтны эд эрхтэний хэрэгцээнээс үүссэн хууль бус худалдаа шууд нөлөөлдөг. Тэгэхээр амьтдыг устах аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Амьтны тухай хуульд хамгааллын үндсэн хэд хэдэн хэлбэрийг хамруулж өгсөн. Нэгдүгээрт, амьтныг байгальд хэвийн өсөх нөхцөлийг хангах зорилгоор амьдрах орчин, тархац нутгийг нь хамгаалах, нүүдэллэдэг амьтдын нүүдлийн замыг чөлөөтэй байлгах. Хоёрдугаарт, амьтныг өмнө нь буюу түүхэн хугацаанд байсан газарт нь сэргээн нутагшуулах. Гуравдугаарт, үйлдвэрлэл, аж ахуйн бусад үйл ажиллагааны явцад амьтан устахаас урьдчилан сэргийлэх хэлбэр орж буй. Дөрөвдүгээрт, байгаль цаг агаарын хүнд үед болон тухайн нутгийн онцлогоос хамааран нэмэлт тэжээл, давс хужир тавих, авран хамгаалах. Тавдугаарт, амьтныг ашиглахад хорио, хязгаарлалт тогтоох. Зургаадугаарт, амьтны нөөц дээр тулгуурласан зохистой ашиглалтыг бий болгох зэрэг хэлбэрийг хамруулан ойлгож болно.
Ер нь ямар ч тохиолдолд агнахыг хориглоно. Зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар, тусгай зөвшөөрлөөр агнаж, барьж болно. Манай яам нэн ховор амьтныг агнаж судлах арга зүйг дэмжихгүй байгаа. Харин амьдаар нь барьж цус, үсний дээж авах, дохиолол бүхий хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөнийг судлахыг зөвшөөрнө. Тодорхой хэлбэл, дэлхийн олон улсад тухайн амьтныг агналгүй судалдаг олон арга зүй бий. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлэхийг дэмжиж ажиллана.

-Зорилтынхоо хүрээнд одоогоор бодитой хийсэн ажил байна уу?
-Бий. Хоёрхон жишээн дээр ярья. Өнгөрсөн жилүүдэд 50-70 угалз, зарим үед 150 угалз, 300 орчим тэхийг гадаадын анчдаар агнуулан улсын төсөвд ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлж байв.  Харин 2013 оноос 15 толгой угалз, 32 тэхийг тусгай төлбөртэйгээр агнуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталжээ. Тогтоосон тоогоор угалз, тэхийн агналт өмнөхөөс тав дахин буурсан байна. Журмаар зэрлэг амьтныг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ан амьтан агнасан төлбөр, хураамжийг 100 хувь тухайн сумын төсөвт төвлөрүүлнэ. Төвлөрүүлсэн мөнгөнийхөө 50 хувийг аргаль угалз, тэхээ хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулах эрх зүйн орчин бүрдсэн юм.  Тухайлбал, нэг ширхэг алтайн угалз агнуулбал 14000 ам.доллар сумын төсөвт орно. Түүнээс 7000 ам.долларыг бэлчээрийг сайжруулах, задгай ус бий болгох, хууль бус агнуурыг бууруулах зэрэг ажлыг нутгийн иргэд зохион байгуулах бүрэн боломж бүрдэж байна гэсэн үг. Тиймээс БОНХЯ 2013 онд агнуурын менежментийн төлөвлөгөөтэй цөөхөн агнуурын бүс нутагт 15 угалз, 32 тэх агнуулах хуваарь хийсэн байна. 2013 оноос эхлэн идлэг шонхор шувууг гадаад улсад хилээр гаргахыг 5 жилээр хориглосон бодлого явуулж байна.

-Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгаль орчныг хамгаалах бодлого боловсруулдаг ч хэрэгжилт дээр нь хяналт тавих эрх нь МЕХГ байдаг. Энэ байдлаас үүдээд ажил цалгардах, хууль журам хэрэгжихгүй байх, улмаар байгаль орчин сүйдэх, хариуцлага тооцохгүй өнгөрөх зэрэг сөрөг үр дагаврууд их гарч байх шиг санагддаг?
-МХЕГ-ын талаархи бодлого чиглэл УИХ-ын энэ хаврын чуулганаар орж ирэх байх. Өнөөдөр манай яамыг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого гаргах, түүнийхээ хэрэгжилтийг хангах чиглэл бүхий зохион байгуулалтын бүтэцтэй гэж ойлгож болно. Ой, усны бодлогын хэрэгжилтийн функц Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр яаманд ирсэн. Харин хяналтын хувьд гадна талд байна. Хяналт нь яамандаа байвал байгаль орчны төрийн бодлого тогтолцооны хувьд зөв болох юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчны талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих,  байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг хянах үүргийг үндсэн чиг үүргийн яам нь хэрэгжүүлэх учиртай гэж манай яамныхан үзэж байгаа.

-Та сайн засаглалыг нэлээд ярьдаг улстөрч. Байгаль орчны салбарын сайн засаглал өнөөдөр ямар байна?
-Байгаль орчны салбарт сайн засаглалыг бий болгоход иргэн бүрийн оролцоо их чухал байна. Байгалийн баялгаас хүртдэггүй нэг ч хүн байхгүй. Гэхдээ тэдгээр баялаг маань шавхагдашгүй биш юм. Өнөө үеийнхэн бид ирээдүйдээ хойчдоо баялгаа бас үлдээх, өвлүүлэх учиртай. Бид энэ салбарт хариуцлагатай, ил тод, тайлагнадаг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Энэ бүхэнд иргэний оролцоо их чухал юм шүү. Түүнчлэн томчуул хүүхэд, залуучуудын байгальд хандах хандлагыг зөв төлөвшүүлэхэд сэтгэл гаргамаар байна. Бас хүүхдүүдээсээ томчуул нь ч сурч хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. 

0 Сэтгэгдэл
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС "Инкорвуз-XXI" Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете "ИНКОРВУЗ-ХХI" Доорхи хаягаар холбоо бариарай: И-мэйл: tamir46@yahoo.com
Хамгийн их уншсан