Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мазаалай баавгайг олон нийтийн оролцоотойгоор хамгаална


БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор Ж.Батболд.

Монгол Улсын Амьтны тухай хуулиар нэн ховор 17 зүйл амьтдаас тоо толгойн хувьд цаашид оршин тогтноход хамгийн бага хэмжээнд хүрсэн нь Мазаалай баавгай юм. Монголчууд бид ан амьтнаа хайрлан хамгаалж, бахархан дээдэлдэг асар баялаг уламжлалттай ард түмэн юм. Гэвч сайны хажуугаар саар байдаг жамаар бид сүүлийн 60 жилд монголын байгалиас тахь адуу, соргог бөхөн, цөөвөр чоно гэсэн зүйл амьтныг устгачихсан. Магадгүй тухайн үед эдгээр амьтдыг аврах арга зам нь тодорхойгүй байсан байж болно. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ цаг хугацаанд бидэнд байгаа байгалийн нэн ховор амьтдыг мэдсээр, харсаар байж устгах эрх үгүй юм. Тийм учраас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас нэн ховор Мазаалай баавгайг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах зорилгоор холбогдох талуудын зөвлөлдөх уулзалтыг 2012 оны аравдугаар сараас эхлэн шат дараатай зохион байгууллаа. Удаа дараагийн уулзалтын дүнд 2013 оны нэгдүгээр сарын 23-нд БОНХ-ийн Сайдын тушаалаар Мазаалай баавгайг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 17 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчаар миний бие томилогдон ажиллаж байгаа юм. БИд  Мазаалай баавгайн амьдрах орчныг сэргээх, идэш тэжээлийн ургамлыг тарималжуулах, нэмэлт тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, ангилал зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх, тоо толгой, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчныг нарийвчлан судлах, олон нийтэд танин мэдүүлэх, сурталчлах гэсэн үндсэн гурван чиглэлийн хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Мазаалай баавгайн ангилалзүйн асуудлыг шийдвэрлэхэд нэг алхам урагшилсан. Өөрөөр хэлбэл, манай судлаач Мазаалай баавгай нь Монгол оронд тархсан хүрэн баавгайгаас гарал, үүслийн хувьд өөр буюу хүрэн баавгай биш гэдэг нь тодорхой болохыг нотолсон. Одоо  дэлхийд байдаг 9 зүйл баавгайгаас газарзүйн хувьд хамгийн ойр болох Энэтхэг, Пакистан, Төвд, Гималайн уулсаар тархсан баавгайнаас гарал үүсэл, удамшлын хувьд хэр ялгаатайг тогтоох судалгааг олон улсын генетикийн лабораторид судлаачдаа энэ оны III улиралд ажиллуулахаар гэрээ хэлэлцээр хийсэн.  

Мазаалайн генийн санг хамгаалах ажил бол нэн чухал юм. Одоогоор Мазаалайн бамбаруушийг амьтны хүрээлэнд өгөхөөр судалгаа хийж буй. Манай улсад ийм туршлага байхгүй учраас бамбаруушийг тэжээгээд гаршуулж, цаашид үржилд оруулж чадах газар сонгоно гэдэг их чухал юм байна. Иймээс Хятадын Панда үржүүлсэн туршлагыг ч харах хэрэгтэй гэж үзэж байгаа. Лабораторын нөхцөлд хэрхэн үржүүлсэн зэрэг туршлагаас судалж, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр  хамтарч ажиллахыг  Хятадын Байгаль орчны дэд сайдыг манай оронд ирэхэд нь санал болгосон. Мөн Аляскийн Хар баавгайд үр хөврөл шилжүүлэн суулган үржүүлсэн туршлагатай Өмнөд Солонгосын эрдэмтэдтэй уулзаж, Мазаалайн үр хөврөлийг шилжүүлэн суулгах талаар санал тавьсан. Мөн муугаар ярихад Мазаалай байгальд устаж алга болбол генийн нөөцийг хадгалж үлдэх нь чухал. Мазаалай баавгайн генийн нөөцийг хадгалж буй Сандиегогийн их сургуулийн генобанкийн лабораторт Монгол судлаачдыг генетикийн судалгааны чиглэлээр мэргэшүүлэн ажиллуулж гэрээ хэлцэл байгуулах нь зөв гэж шийдсэн.

Мазаалай баавгайг ичээнээс гарахын өмнө “Монголын бахархал Мазаалай” ТББ хандив цуглуулах ажлыг зохион байгуулсны үр дүнд нэмэлт 10 тонн тэжээлийг Говийн Их Дархан Цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Атас, Ингэс, Шар хулст, Цагаан богд уулсын 15 цэгт тарааж өглөө. Нэмэлт тэжээл тавьсан газруудад хөдөлгөөн мэдрэгч автомат камерууд байрлуулж зураг авч байна. Яг одоо Говийн их дархан цаазат газрын “А” бүсэд Олон улсын баавгай хамгаалах нийгэмлэгийнхэн болон манай мэргэжилтэн ажиллаж байгаа юм. Тус нийгэмлэгийнхэн жил бүр ирж судалгаа шинжилгээний ажлаа хийдэг. Мазаалайд дохиололтой хүзүүвч зүүлгэхээс гадна Мазаалайн үснээс дээж авч генетикийн судалгаа хийдэг. Үсний дээжинд хүний хурууны хээтэй адил давтагдашгүй мэдээллүүд агуулагдаж байдаг учир үсний дээжийг судалснаар тоо толгой болон нас зэрэг мэдээллүүдийг бүртгэдэг. Мазаалайн ангилалзүйн судалгаанаас гадна өвчлөлийн судалгааг хийх шаардлагатай гэж тус нийгэмлэгийнхэн үзэж байгаагаа ажлын хэсгийн уулзалт дээр ярьж, үүнийг ирэх жилээс эхлүүлэхээ хэлсэн.

Мазаалайн тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд иддэг ургамлыг нь тарималжуулж, орон нутагт тэжээлийн цех байгуулах  ажлыг төлөвлөгөөнд тусгаад байгаа юм. Энэ ажлыг “МАМА” ТББ амжилттай эхлүүлсэн. Одоогоор  Эхийн гол болон Баянтооройд хоёр га газарт эрдэнэшиш, шар буурцаг тариалаад 20 гаруй хонож байна. Мазаалай хамгаалах хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн ажлууд хугацаандаа хийгдэж байна.

Мазаалайг аврах үйл хэргийн аяны урт замд дөрөө нэгдэх бүх хүмүүстэй бид хамтран ажиллах болно.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан