Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЭД МӨРӨӨДӨЖ, ШАМДАЖ, ИТГЭЖ БАЙГАА

Хөлбөмбөг саяхан л манайд шинэ спорт байсан. Гэхдээ одоо бага насныхнаас эхлээд насанд хүрэгчид хүртэл энэ спортод дурлан хичээллэх болжээ. Монгол хүний зан чанараас болоод багийн спорт хөгждөггүй гэсээр багийн спортыг чөдөрлөж ирсэн бол өдгөө харин ч дэмжин хөгжүүлбэл амжилт атгах цаг иржээ. Үүний нэг жишээ нь өсвөрийн хөлбөмбөгчид. "Дэрэн Сумида" клубын тамирчид Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхээр уйгагүй хичээллэж, суралцаж байна. Тэд удахгүй Шведэд болох олон улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнд оролцохоор явна. Ингээд клубын өсвөрийн тамирчид болон дасгалжуулагч С.Эрдэнэбат, Б.Гарьдмагнай нартай ярилцлаа.

-Дэрэн Сумида клуб хэзээ байгуулагдсан бэ. Тамирчид нь залуухан юм байна?
-Б.Г:-2008 оноос клуб маань байгуулагдсан. Анх 17 настай хүүхдүүдийг элсүүлж авсан ч амжилт олохгүй юм билээ. Тэгээд 2009 оноос Япон хөрөнгө оруулагчидтай хамтран клубээ "Дэрэн Сумида" нэртэй болгоод хүүхдүүдийг бүр бага наснаас нь хичээллүүлж эхэлсэн. Одоо байгаа тамирчдаас хамгийн том нь 14, 15-тай хүүхдүүд л байгаа. 
-Ер нь, ямар ч спорт байнгын бэлтгэлтэй байх ёстой. Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцов. Тун удахгүй гадаадад болох олон улсын тэмцээнд оролцохоор явах гэж байгаа гэсэн?
С.Э: -Саяхан зохион байгуулагдсан хөл бөмбөгийн цомын төлөө тэмцээнд эхний наймд шалгарсан багуудын дунд ирэх есдүгээр сард хөлбөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулагдана. Манайх энэ жил хүрэл медаль авсан. Өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд тоглоод байнгын бэлтгэлтэй. Өдөрт хоёр цагийн бэлтгэл хийдэг. Дулааны улиралд харьцангуй амар. Өвөл заал олддоггүй учраас сургуулиудын зааланд хичээл эхлэхээс өмнө 07 цагаас бэлтгэлээ хийнэ. Зун бүр Шведэд сарын хугацаанд дөрвөн тэмцээн болдог. Энэ тэмцээнд анх удаа 2009 оролцож байсан. Харин энэ жил хоёрт нь оролцох гэж байгаа. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод. 16 тамирчин явна.
-Дөрвөн тэмцээний талаар тод­руулахгүй юү?

Б.Г: -Зэрэглэлээрээ тэгж дугаар­ладаг. Ер нь, Европын орнуудад олон тэмцээн болдог. Хөрөнгө мөнгө байвал хэдэн ч тэмцээнд мэдүүлгээ өгөөд оролцох боломжтой. Уг нь хоноглох байр, хоолыг зохион байгуулагч тал даадаг. Бид замын зардлаа л даахад болох юм. Ингэсэн ч нэг хүүхдийн зардал 2000 ам.доллар. Гадаадын тэмцээнд амжилт гаргахгүй байж ийм их мөнгө төлж оролцоод яах юм гэх хүмүүс байдаг. Тэр тэмцээнд мэргэжлийн тоглогчид ирдэг. Тийм хүмүүстэй мөр зэрэгцэн тоглоод үзвэл манай хүүхдүүдэд туршлага болно. Томрох тусам амжилт нь өсч байгаа. Бас тэр олон улсын тэмцээний үеэр томоохон академийн хүмүүс ирдэг. Хүүхэд сонгох гээд судалгаа хийж байдаг. Манай хүүхдүүдэд сургалт л муу болохоос өөр дутах зүйлгүй шүү дээ. Тийм болохоор академидээ элсүүлэхгүй гэсэн зүйл байхгүй. Хэрэв манай хүүхдүүдээс гадаадад тоглоод, мэргэжлийн тамирчнаа байг гэхэд мэргэжлийн тоглогч болчихвол бидний хичээл зүтгэлийн үр дүн.
-Клубүүдэд ивээн тэтгэгч гэж байдаг биз дээ...?
Б.Г: -Манай клубийн хувьд ивээн тэтгэгч бол тоглолтын хувцас, заалны түрээс гэсэн жаахан юмнуудыг нь төлөөд л нэрээ сурталчлуулаад явдаг. Гэхдээ нөхцөл нь л тийм учраас тэрнээс илүүг хүсээд байх аргагүй.
-Манайхан топ спортын төрөл рүү л хөрөнгө хаяад байх шиг харагддаг. Багийн спорт хөгжихгүй гэсэн үзлээс болоод ч тэр үү?
С.Э: -Багийн спорт хөгжихгүй гээд л байдаг. Хөгжүүлэх гэж дэмжээгүй хүмүүс л тэгж ярьдаг. Интернэт хөгжсөн энэ үед хүүхдүүд гадаадын баг тамирчдын тоглолтыг үзээд тэдэн шиг тоглодог болохыг хүсч байна. Шамдаад, болоод л байна.
-Олон улсын тэмцээнд дөрвөн жилийн турш очиж тоглосон гэлээ. Манайхан ямархуу амжилт үзүүлдэг вэ?
Б.Г: -Ер нь, багийн амжилт дасгалжуулагчаас их хамаардаг гэдгийг бид энэ дөрвөн жилийн хугацаанд ойлгосон. Өнгөрсөн жил Сербийн дасгалжуулагч Монголд ирж ажиллаад манай хүүхдүүд эхний тэмцээндээ 64 багаас тавд орсон. Хоёр дахь тэмцээндээ 64 багаас 16-т орсон. Тэрний дараа бага дэлхийн аваргад хэсгээсээ гараад 64-т үлдсэн. Дэлхийн 100 гаруй орон оролцсон юм. Өнгөрсөн жил тэмцээний өмнө мэргэжлийн багтай тоглоод 1:0-ийн харьцаатай хожсон байна лээ.
-Дасгалжуулагчаас их зүйл хамаардаг гэхээр сургалтын аргазүй нь ондоо байж таарах нь?
Б.Г: -Манайхан бол мэргэжлийн дасгалжуулагч байхгүй. Бид да­раа­гийнхаа үеийг бэлтгэнэ гэсэн зорилгоор тоглож байхдаа сурсан зүйлээ дүү нартаа зааж байгаа.
-Хөлбөмбөгөөр хичээллэж эх­лэх гэж байгаа хүүхдэд тавигдах шаардлага гэж байдаг уу?
Б.Г: -Дээр ярьсан Сербийн дасгалжуулагчаас хүүхдийн хурд нь чухал юм уу, чармайлт нь чухал уу гээд асуусан. Тэр хэлэхдээ, хамгийн гол нь авьяастай байх ёстой гэсэн. Хэрэв авьяастай бол тэрийг нь баяжуулаад явбал хурдан амжилтад хүрэх боломжтой.
-Заал, гадаа талбай гэснээс өвөл зааланд хийсэн бэлтгэл талбайд тоглодог хүүхдүүдэд хангалттай бэлтгэл болж чадах уу?
С.Э: -100 хувийн бэлтгэл болохгүй л дээ. Заалны бэлтгэлийн үеэр тухайн тоглогчийн ур чадвар сайжрах талтай. Гадаа талбай, заал чинь шал өөр орчин шүү дээ.
-Тэгэхээр би юу гэж асуух гээд байна гэхээр манайд өвөл ч бэлтгэлээ хийж болохоор битүү заал барих боломж байдаг болов уу гэж?

С.Э: -Өвөлдөө цас ордог орнууд тийм заалтай. Газар, хөрөнгө санхүү гээд нөгөө л нэг ярьдаг асуудлууд гарч ирнэ. Уг нь, хөлбөмбөгийн ирээдүй гээд л ярих хүн олон байдаг. Гэхдээ хийгээд өгөх хүн алга. Уг нь, 15 дугаар хороололд нэг стадион байгаа. Өмнөх хотын дарга тэр газарт битүү дээвэртэй заал барина гэсэн хотын мэр  солигдоод чимээгүй л болчихлоо шүү дээ.

Багш нартай нь ийн ярилцаад бяцхан хөлбөмбөгчдөөс асуулт асуулаа. Урдаас инээмсэглээд л ганц, хоёрхон үгээр хариулах шавь нараа харсан дасгалжуулагч нь “Ер нь спортоор хичээллэсэн хүүхэд их зөв хүмүүжилтэй болдог юм билээ. Манай хүүхдүүд их даруухан. Хичээлдээ яваад, бэлтгэлээ хийхээр чөлөөт цаг бараг гарахгүй. Тийм болохоор өөр зүйлд уруу татагдахгүй амар байна гээд эцэг эхчүүд нь ч дэмждэг” хэмээн ярилаа.

-Гадаадын тамирчидтай мөр зэрэгцэн тоглоход ямар санагдав. Бидэнд тийм боломж нөхцөл байсан бол тоглолт сайжрах юм байна гэж бодогддог уу?
Багийн ахлагч Б.Амарболд:
-Түрүү жил би анх удаа олон улсын тэмцээнд явсан. Анх гадаад хүүхдүүдийг мундаг гээд бодчихсон учраас талбайд гараад сандарч байсан л даа. Хэсэг тоглоод бидэнд дутах зүйл алга гэдгийг ойлгохоор сандрах зүйлгүй болчихсон. Тоглолтын чанар бидний хичээл зүтгэлээс л хамаарах юм байна гэдгийг олон улсын тэмцээнд оролцоод л мэдэрсэн.
Хаалгач Д.Цэнджав: -Гадаадад хөлбөмбөгийн академи байдаг. Хичээл, бэлтгэл нь хамтдаа болохоор хичээлээ, бэлтгэлээ хийгээд явдаг юм билээ. Манайд тийм академи байгуулагдвал гоё. Бид гараад бэлтгэл хийе гэхээр ганцхан талбайтай. Тэнд нь шууд ороод бэлтгэл хийх эрхгүй. Гараад гүйе гэхээр дөрвөн замтай. Байрныхаа гадаа жонглер мэтийн дасгалуудаа л жаахан давтдаг.
Хагас хамгаалагч Г.Гантогтох: -Бид Шведийн хамгийн жижиг хотод нь очиход л хөлбөмбөгийн заал өчнөөн  байсан. Хараад гайхсан шүү. Манайд тэгэхэд ганц л клуб хувийн заалтай. Манай клуб заалгүй болохоор цагт баригдаж бэлтгэлээ хийдэг. Хэрэв хувийн заалтай бол бэлтгэлээ дууссан ч гэсэн зав гарвал хүүхдүүд дасгалжуулагчийнхаа заасан зүйлийг давтаад байж болно.
-11 тоглогч, сэлгээний тамирчид гээд олон хүүхдийг нэг баг болгож тоглуулахын тулд багийн ахлагч их чухал. Танай багийнхны хувьд тоглолтын үед ч юм уу ер нь зөрчилдөх зүйл гарах уу?
Багийн ахлагч Б.Амарболд: -Тоглолтын үед алдаа гаргавал тэрийг нь засч хэлэх зүйл байдаг. Тэрнээс чи тэг, ингэ гэж заахгүй. Багийнхан маань олон жил хамт тоглож байгаа учраас нэг нэгнийгээ сайн ойлгодог. Зөрчилдөх зүйл гардаггүй.
-Манайхан хөлбөмбөгийг их сонирходог шүү дээ. Та нарын хувьд ямар баг, тамирчинг дэмждэг вэ?
Багийн ахлагч Б.Амарболд: -Хүүхэд бүр өөр өөр. Би бол Португалийн багийг дэмждэг.
 Хөлбөмбөгийн дэлхийн авар­гын тэмцээн болоход нийслэлд газар сайгүй асар баригдаж, үзэгчээр дүүрдэг. Дэмждэг багаа балиашиглаад л гоол оруулбал баярлаж, хөөрөөд хот тэр аяараа хөлбөмбөгөөр амьсгалдаг. Тэгвэл хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнээс хүний багийг дэмжиж байхаар өөрийнхийгөөг дэмжих цаг ойрхон. Ингэхийн тулд бидний дэмжлэг хэрэгтэй. Спортын ирээдүйг зүгээр яриад суух биш хийх цаг иржээ. Манайханд өндөрт хөөрөх итгэл байна.
Тэрийг нь дэмжих цаг яг одоо ирсэн гэдгийг “Дэрэн Сумида” клубийнхэнтэй ярилцаад ойлгосноо сониноороо дамжуулан уриалж байна. Тэд тун удахгүй олон улсын тэмцээнийг зорих нь. Хөлбөмбөгт дуртай бол залуухан тамирчдаа уухайлан дэмжээрэй.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан