Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Чимэддорж: Бэлчээрийн даац хоёр дахин хэтрээд байна

Малын бэлчээр талхлагдаж, бэлчээрийн ургамлын зvйл єєрчлєгдєж байна. Өөрөөр хэлбэл, мал иддэггvй өвс ургамал ихээр ургаж, ургамлан бvрхэвч тачир сийрэг болж, шимт чанар багасч, элсний нvvлт, хөдөлгөөн идэвхжиж цөлжих vйл явцыг эрчимжvvлж байна. Энэ асуудлын талаар Дэлхий байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хөтөлбөр хэрэгжилт хариуцсан менежер Б.Чимэддоржтой ярилцлаа.

-Тэгэхээр өнөөдөр та бид хоёрын ярилцах гол сэдэв бол бэлчээрийн менежмент. Бэлчээрийн менежмент гэж ямар ойлголт болохыг та тайлбарлаж өгөөч?

-Монгол улсын 120 сая га газрыг бэлчээр нутаг гэж нэрлэдэг. Энэ газар нутгийг хэрхэн зөв зохистой ашиглах, хэрэглэх, түүнийгээ баяжуулах нөхөн сэргээх зэрэг тухайн газрын даацад нь тохируулан зөв зохистой ашиглах төлөвлөх зэрэг ойлголт хамаарч байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд манай оронд цөлжилтийн аюул нүүрлээд байгаа. Нэг шалтгааныг нь бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойтой холбон тайлбарладаг. Энэ тал дээр?
-Байгаль цаг уурын өөрчлөлт, малын тоо толгой хэтэрсэн үүнээс болж бэлчээрийн даац багасч байна. Тухайлбал 2010 онд хийсэн судалгаанд нийт бэлчээр нутгийн 45 орчим хувь нь 50 хүртэлх хувийн бэлчээрийн нөөцтэй байна. 20 орчим хувь нь 51-100 хувь бэлчээрийн хүрэлцээтэй байх жишээтэй. Үндсэндээ бол 10 хувийн бэлчээр нь дахин ашиглах боломжгүй болсон байна. Энэ судалгаанаас үзэхэд малын тоо толгойг бэлчээрийн нөөцөд нь тулгуурлан байлгах зайлшгүй шаардлагатай байна. Монгол улсын хэмжээнд 28 сая орчим тоо толгой мал байх боломжтой гэсэн судалгаа байдаг. Харин одоо бол 44 сая орчим тоо толгой мал байгаа хоёр дахин хэтэрсэн байгаа юм. Ингэснээр өвсөн тэжээлт зэрлэг амьтдын бэлчээр нутагт мал халдаж бэлчээр нутаг хомсдох, унаган нутгаа орхин нүүх, ховордох, устах зэрэг аюул тулгараад байна.

-Бэлчээр нутгийн талхлагдал нь хүний ямар буруутай үйл ажиллагаанаас хамаарч байна?
-Зөвхөн мал аж ахуй эрхлэгчдийн хувьд яривал нүүдэлчин амьдралтай дөрвөн улирлын бэлчээртэй байдаг. Мөн отор нүүдэл их хийдэг уламжлалтай ард түмэн. Харин сүүлийн жилүүдэд отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэргээх зэрэг нь маш багассан. Ерөнхийдөө суурин мал аж ахуйруу шилжиж байна. Нэг газраа хаваржиж, зусаж, зарим тохиолдолд бүүр намарждаг жишээтэй байх. Ингэснээр тухайн бэлчээрийн даац, ургамлын ургах нөхцөлтэй уялдуулаад бэлчээрийг амрааж сэргээж байх шаардлагатай. Энэ байдал нь сүүлийн жилүүдэд  алдагдсан.

-Танай байгууллага өнгөрсөн хугацаанд бэлчээрийн менежменттэй холбоотой ямар ажил, санал санаачлагыг гарган ажилласан бэ?
-Говь-Алтай, Ховд аймгуудыг жишиг болгон бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг боловсруулах санаачлага гаргасан байгаа. Ховд аймгийн хувьд бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн, малын тоо толгой жилээс жилд өсөж байна. Мөн эдгээр хоёр аймаг нь төв газраасаа алс хязгаарлагдмал байдаг учир малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл боломж байдаггүй. Энэ утгаарээ эдгээр аймгийг сонгон авсан. Говь-алтай аймгийн хэмжээнд  бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг гаргасан байгаа. Сум бүр өөрсдийн бэлчээрийн төлөвлөгөөгөө боловсруулсан. Ингэснээр бүх малчид ард иргэд нийтээр менежментийн төлөвлөгөөгөө дагаж мөрдсөн бэлчээр нутаг нөхөн сэргэх, зөв зохистой ашиглах зэрэг боломжууд гарч ирж байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь эхний ээлжинд 5 жилийн хугацаанд хэрэгжинэ.

-Таны дээр дурдсан бэлчээрийн менежментийн хөтөлбөр гэдэг яг ямар ямар үйл ажиллагаа, зарчим байдаг юм бол. Үүнийгээ тайлбарлаач?
-Говь-алтай аймгийн хувьд  үзвэл. Аймгийн хэмжээнд бэлчээрийн чиглэлээр баримтлах бодлого гэж боловсруулсан байгаа. 17 зүйл заалттай. Энэ бодлогын хүрээнд ирэх 5 жил бэлчээр нутгийг ашгилах, сайжруулах, сэргээх гэсэн ерөнхий үйл ажиллагаа тавьж өгдөг. Ерөнхий үйл ажиллагаа дотор нь тийм сумын тийм багийн тийм газар нутгалж буй малчид тодорхой хугацааны дотор ийм газар оторлоно, нүүдэллэнэ. Дараа нь тийм газар нутагруу нүүдэллэнэ зэрэг. Бэлчээр нутгийн судалгааны үндсэн дээр тулгуурлан малчдад зааж өгдөг. Ингэснээр миний дээр дурдсан бэлчээр нутгийг сэргээж, өнжөөж нөхөн сэргээх бүрэн боломжтой болж байгаа юм. Гов-Алтай аймгийн Хар-Ус нуурын цагаан голын арал гэж байдаг. Тэр аралд сүүлийн тав, зургаан жилийн хугацаанд бэлчээрийн томоохон асуудал гарч ирсэн байгаа. Бэлчээр нутаг талхлагдаад байхгүй болсон. Ингээд орон нутгийн ард иргэдийн санал санаачлага, манай байгууллага хамтраад бэлчээрийн мониторингийн хэд хэдэн цэгийг сонгож аван судалгаа хийн ямар учраас ийм нөхцөл байдал бүрдсэн зэргийг тогтоосон байгаа. Голын эргээр ургаж байгаа ургамал өвсийг байнга мал идээд байхаар ургаж чадахгүй ургамлын үндэс багасаад байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс бэлчээрийг өнжөөж ашиглах хэрэгтэй гэдгийг малчдад тайлбарлаж арга зүйн тухай зөвлөгөө өгсөн байгаа. Зургадугаар сарын 10-н гэхэд бүгд цагаан голын арлыг орхиж нүүнэ эргээд 11 сарын 15 гэхэд эхний айлууд нүүж ирнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Ингэснээр гурван жилийн дараа гэхэд бэлчээр нутаг нөхөн сэргэж эргээд малчид ашиг шимээ хүртэж эхлэнэ гэж тооцож байгаа.

-Бэлчээр нутгийн энэхүү доройтол нь малын тоо толгой ихэссэнтэй холбоотой байдаг. Тэгвэл газар дээр нь очиж ажиллаад малчидтай малын тоогоо цөөлөх талаар ярилцаж байсан уу. Малчид энэ тал дээр ямар байр суурь санаа бодолтой байдаг вэ?
-Мэдээж малчид малын тоо толгой цөөтэй ашиг шимтэй, үр өгөөжтэй байхыг хүсдэг. Харин үүнтэй холбоотой хамгийн гол асуудал нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг шимийг хүртэх асуудал байдаг. Ялангуяа төв суурин газраас алслагдмал газар нутагт боломжгүй байдаг. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нөхцлийг төр засгаас нэгдсэн цогц арга хэмжээ, бодлогоор хангаж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Магадгүй баруун бүсийн нутагт малын махыг малчдаас зах зээлийн үнээр байнга авдаг төв нээгдвэл малчид дуртайяа малын тоо толгойгоо багасгах болно.    

-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зорилго, үйл ажиллагааны талаар товч танилцуулаач?
-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн анх тусгай хамгаалалттай газрын сүлжээг бэхжүүлэх талаар үйл ажиллагаа явуулж байсан. Одоо үйл ажиллагаа маань өргөжиж баруун, зүүн бүсийн нутгуудад тулгуурлан ажиллаж байна. Манай байгууллагын гол стратегүүд гэвэл нэгдүгээрт нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх. Хоёрдугаарт тусгай хамгаалалттай газрын сүлжээг бэхжүүлэх, чадавхижуулах. Гуравдугаарт уул уурхайн ажилтай холбоотойгоор зэрлэг, туруутан амьтдын нүүдэл тасрах аюул нүүрлэж байгаа үүнийг яаж сааруулах, зохистой төлөвлөх. Дөрөвдүгээрт зэрлэг амьтдын хууль бус ан агнуур худалдааг зогсоох. Тавдугаарт цэнгэг усны эко системийг хамгаалах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. -Ярилцлага өгсөн таньд баярлалаа.              

       Ц.БАТГЭРЭЛ

0 Сэтгэгдэл
Yg zuw ingeed bodood bhaar tur zasgiin buruu bodlogo hangaltgui uil ajillagaanas tsuljilt uusej bna gsen ug bolj bh shw
Хамгийн их уншсан