Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

I амаржих газрын “шинэ” өдөр


Зах зээлийн нийгэмд шилжснээс хойш нэг ч төрөх эмнэлэг ашиглалтад орсонгүй хэмээн хэл ам дагуулсаар өнөөг хүрсэн. Хэдэн амаржих газрын өргөтгөл, барилга шинээр барих талаар дуншин ярьж байгаа ч нүдэнд харагдаж, гарт баригдахаар олигтой ажил хийлгүй хэдэн эмнэлгийн суурь тавьж орхисон. Харин уд­тал хүлээлгэсэн нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд “Сентерра Гоулд” корпо­рац Эрүүл мэндийн яаманд  хү­лээл­гэн өгсөн. Гэсэн ч Мон­го­лын ирээдүйг хүлээн авах их өргөө болсон амаржих га­зар эхчүүдээ хүлээн авалгүй бай­саар өчигдөр үүдээ нээсэн юм.

Иймээс эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орж дүр төрх нь хэрхэн өөрчлөгдсөнийг сурвалжлахаар Нэгдүгээр амаржих газрыг зорилоо. Биднийг өдрийн 13 цагийн орчим тус  эмнэлэгт очиход төв хаалганы орчим  хөл хөдөлгөөн багатай байв. Эмнэлгийн үүдэнд жирэмсэн эхчүүд, эргэлт, хүлээн авах аль хаалгаар орохыг сум заан тайлбар хийжээ. Төрөхийн өргөтгөлд хөл тавингуут барилгын шинэхэн үнэр хан­хийж, шил толь болсон газар угтаж авах нь тэр. Төв хаалганы хажууд 24 цагийн хяналтын камер, угтах үйлчилгээ, автомат цахил­гаан шат хэд, хэд харагдлаа. Аргагүй л сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан эл барилгыг барьжээ. Төрөхийн хуучин барилгаар ороход хана, дээвэр нь хаа нэгтээ цоорч шавар нь ховхорсон нэг л хүйтэн мэдрэмж төрдөг байсан. Харин шинэ өргөтгөл энэ бүх бодлыг минь  эвдэж орхив. Шинэ барилга  гэсэндээ бүх өрөө нь гэрэл гэгээтэй сайхан харагдаж байсан шүү. Өргөтгөлийн нэг давхарт эмэгтэйчүүд, өдрийн эмчилгээний өрөө, жирэмсэн эхчүүд гэсэн өрөөнүүд байх бөгөөд жирэмсэн эхчүүдийн хяналтын өрөөний үүдэнд нэлээд эхчүүд сууж харагдлаа. Харин эмэгтэйчүүдийн болон өдрийн эмчилгээний өрөө бараг хүнгүй. Энэ үеэр жирэмсэн эхчүүдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсоход өөрийгөө Л.Булгантамир хэмээн танилцуулсан эмэгтэй” Өнөөдөр л  /өчигдөр/ эх­чүүдээ хүлээж авч байгаа болохоор эмнэлгийн талаар ийм, тийм гэж хэлж чадахгүй нь. Хуучин барилгын урд хаалгаар ороход наашаа ир гэсэн. Тэгээд ирээд сууж байна. Олон хаалгаар орж, гарах гэж жаахан будиллаа. Ямар ч байсан сайхан төрөх ашиглалтад оржээ. Ор байхгүй гээд гэр рүүгээ буцахгүй  л болсон байх. Одоо эмнэлгийн тусламж үйлчилгээгээндээ анхаараарай” хэмээн сануул­сан юм.

Өдрийн цайны цаг болоод ч тэр үү эсвэл эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсонтой холбоотой юу ямар ч байсан ачаалал бага. Өргөтгөлийн хувьд эмэгтэйчүүдийн 100, эмгэг нярайн 50 ортой орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эмнэлэг ашиглалтад орж. Шинэ эмнэлэг маань хүчилтөрөгчийн системтэй, тусгай хоол зөөдөг, зорчигчдын гэх хоёр төрлийн лифттэй, цахилгааны саатал гарсан тохиолдолд гурван секундын дотор тогоор хангах дизель цахилгаан үүсгүүртэй зэрэг олон давуу талтай баригдсан гэнэ. Одоогоор дизель цахилгаан үүсгүүрийг амаржих газрын хуучин гурван барилгатай холболт хийх үүднээс хөрөнгө мөнгөний асуудлаа шийдвэрлүүлэх шатандаа явж байгаа гэсэн. Шинэ эмнэлгийн бусдаас ялгарах онцлог нь Монголдоо ганц мэс заслын вакум өрөөтэй. Үүгээрээ эмнэлгийнхэн XXI  зуунд  баригдсан эмнэлэг хэмээн бахархдаг гэсэн. Өргөтгөл арав гаруй тэрбум гаруй төгрөгөөр боссон. 

Ер нь, төрөх эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс олон эх буцдаг. Төрөх хугацаа нь болсон ч ор байхгүй хэмээн хүлээлгэдэг тал бий. Үүнээс болж эх нярайн эндэгдэл ч гардаг. Харин нэгдүгээр амаржих газрын өргөтгөл ашиглалтад орсноор эрүүл мэндийн салбарт нэгэн шинэ түүхэн  хуудас нэмлээ. Хэдийгээр манай улсад төрөлт нэмэгдэж байгаа гэх сайхан мэдээ ар араасаа хөврөх ч төрөх эмнэлэг ашиглалтад орлоо гэсэн мэдээг сүүлийн 20 гаруй жил сонсоогүй. Ийм удаан дуулгаагүй мэдээг сонссон эхчүүд хөөрөн баярласан. Цаашдаа  гурав, дөрөвдүгээр амаржих гээд энэ сайхан мэдээ олон сонсогдох байх хэмээн найдъя.  


Д.Энхбаяр: Тоног төхөөрөмжөөр 100 хувь ханган  ашиглалтад оруулна гэж байхгүй

Нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяртай ярилцлаа.

-Өргөтгөлийн барилга ашиг­лалтад орлоо. Эмнэл­гийн ачааллыг хэр буу­руу­лах вэ?
-Нэгдүгээр амаржих га­зар өргөтгөлтэй болсноор ам­була­торийн тасгийн үйлчилгээ, эмэгтэйчүүдийн болон эх ба­ри­хын хүлээн авах шуурхай үйлчилнэ.  Ингэснээр иргэддээ чирэгдэлгүй, чанартай эм­нэл­гийн тусламж үйлчилгээг үзүү­лэх нөхцөл бүрдлээ. Энэ­хүү өргөтгөл барилга 240 ортой эх барих хэсэг, 100 ортой эмэгтэйчүүдийн эмчилгээний хэсэг, 50 ортой нярайн эмчилгээний хэсэг бий болсон. Ингэснээр төрсөн эмэгтэйчүүдтэй жирэмсэн эхчүүд холилдоод байхгүй  болсон. Нөгөөтэйгүүр, хүүх­дээ тэврээд гарч байгаа бо­лон дөнгөж төрсөн эхийн хажуу­гаар өвчтэй эмэгтэйчүүд  зөрөх­гүй болсон гэсэн үг.

-Өргөтгөл нээгдээд удаа­гүй болохоор эхчүүд  аль хаалгаар орж хаана үйл­члүүлэхээ  мэдэхгүй нэлээд төөрсөн шинжтэй харагдаж байна билээ?
-Эмэгтэйчүүд зүүн тийшээ Сэлбийн гол руу харсан хаалгаар, төрөх ээжүүд хуу­чин хүлээн авахын хаал­гаар, амбулториор зөвхөн зөв­­лө­гөө авах жирэмсэн эх­­чүүд үйлчлүүлж байгаа. Өр­гөт­­гөлийн шинэ барилга ашиг­лалтад орсноор  олон хаал­гаар орж гарах болно. Хэдий ачаа­лал ихтэй байдаг ч, бид түвэг­шээдэггүй. Учир нь, Монголын хүн ам нэмэгдэж байгаа нь сай­хан шүү дээ. 

-Эмнэлгийн ачаалал буурахаар харьяаллын бус эхчүүдийг авах талаар ярьж байна уу?
-Баянгол дүүргийн хэвийн төрөлтийг авахаар төлөвлөж байгаа. Харин ЭХЭМҮТ-д 1,2,3 дугаар амаржих газар эрсдэлтэй төрөлтөө явуулах нь зүйтэй гэсэн бодол бий. Баянгол дүүргийн иргэд гуравдугаар шатлалын буюу ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлээд байж болохгүй. Гуравдугаар шат­лалын ЭХЭМҮТ 1,2,3 ду­гаар төрөхийн хүндрэлтэй тө­рөл­тийг авах хэрэгтэй. Нө­гөө­тэйгүүр, энэ төвийн үйл ажил­лагааг нийслэлийн тө­рө­­хүүд, аймгуудын эрүүл мэн­дийн төвтэй харьцуулж бо­лох­гүй. Үйл ажиллагааг нь шал­гах гэж байгаа бол тусгай үзүүлэлт  гаргах хэрэгтэй. 1,2,3 дугаар төрөх орон нут­гийн байгууллага учир бид хоёр­дугаар шатлалынхаа тус­лам­жийг л үзүүлнэ. 

-Шинэ өргөтгөл ба­ригдсан ч ажиллах боловсон хүчин, зарим тоног төхөө­рөмж дутагдалтай гэсэн?
-Эмэгтэйчүүдийн эмч, эх баригч  хангалттай байгаа. Харин нярайн эмч л жаахан ду­тагдалтай. Ер нь, нярайн эмч зөв­хөн манайд ч биш гадаа­дын улс орнуудад ихээхэн дутаг­далтай байдаг юм би­лээ. Тоног төхөөрөмжийн хувьд  бүх юмыг төгс болгоно гэсэн ойлголт байхгүй. Тухайл­бал, эмнэлгийн то­ног төхөөрөмжийг 100 хувь  хангаад  ашиглалтад оруулж чадахгүй. Ингэхэд асар их хугацаа шаардана. Гэхдээ эмнэлгийн үндсэн шаардлага хангасан учраас бид ашиглалтад орууллаа.

-Одоо өргөтгөлд  ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байна вэ?
-Эмэгтэйчүүдийн тусгай ор. Бид одоо эмэгтэйчүүдийн үзлэгийн орон дээр л эхчүүдээ төрүүлдэг. Төрөхийн ор ээжүүдийг төрүүлээд амраадаг онцлогтой. Эмэгтэйчүүдийн 100 ортой үйлчилгээ үзүүлж байгаа учраас оношилгооны аппарат шаардлагатай. Ямар ч байсан Эрүүл мэндийн яам, нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэсэн.

-Өргөтгөл нэмэгдэхээр ажилтан албан хаагч ч нэ­мэг­дэнэ. Үүний хэрээр төсөв хөрөнгө хэрхэн шийдэгдэх бол?
-Манайх ойролцоогоор 6.1 тэрбум төгрөгийн төсөвтэй гэж бодоход дөрвөн тэрбум төг­рөгийг эмч, ажилчдын цалинд зарцуулдаг. Тэрбум гаруй нь эм, эмийн хэрэгсэлд, үлдсэн тэрбум төгрөгөөр эмнэлгийнхээ ус, дулаан, цахилгааны мөнгийг төлдөг. Ма­най төрөхийг харахад та­ван давхар жижиг байшин шиг харагдах ч, давхарлавал 21 давхар байшинтай тэнцүү. Тэгэхээр 21 давхар байшингийн гэрэл, цахилгаан, дулаан, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хангалтыг тэрбум  төгрөгт багтаадаг. Хуваарилагдсан төсөв ч  хүрдэггүй. Бид ачааллынхаа  тал хувийг хандив тусламжаар болгодог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан