Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголыг хэрсэн их бүтээн байгуулалт


Урин дулаан цаг эхэлсэн болохоор бүтээн байгуулалтын ажил хаа сайгүй өрнөж байна. Зуны гурван сартай уралдан замаа засч, шинэ орон сууц сүндэрлүүлж, дулааны нэмэлт эх үүсвэр шийдэх гээд манайд ажил мундахгүй их. Энэ жил Шинэчлэлийн Засгийн газраас олон ажил эхлүүлээд буй. Тухайлбал, зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбож, таван аймагт битүү дээвэртэй худалдааны төв барих, нийслэлд “Гудамж” төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Энэ мэт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явц ямар байгааг долоо хоног бүрийн даваа гарагт олон нийтэд мэдээлж байхаар болжээ. Засгийн газраас хийх уг мэдээллийн эхнийх нь өчигдөр боллоо. Хаана ямар бүтээн байгуулалт өрнөж, ажил нь хэдэн хувьтай байгааг уншигчдадаа хүргэе.


Таван толгой-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам тавина

“Чингис” бондын тодорхой хэсгийг шинэ төмөр зам болон авто замын салбарт зарцуулахаар болсон. Энэ онд Таван толгой-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам барихаар ажлыг нь эхлүүлжээ. Одоогоор суурь бүтцийн далангийн ажил хийж байгаа бөгөөд ирэх жилээс төмөр зам тавьж эхлэх юм байна. БНСУ-ын “Самсунг” компани гүйцэтгэгчээр ажиллаж буй энэ ажлын явц 19.8 хувьтай байгаа гэсэн. 2015 оны аравдугаар сар гэхэд зам ашиглалтад орох юм байна. Мөн Таван толгой-Сайншанд-Чойбалсан-Эрээнцав-Хөөт-Бичигт чиглэ­лийн 1600 км төмөр замын зураг төслийг хийж эхэлсэн аж. Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд 12 аймгийг хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсны зургааг нь энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Авто замын ажлын явцын талаар Зам тээврийн сайд А.Гансүх “”Чингис” бондын хөрөнгөнөөс аймгуудыг хатуу хучилттай замтай болгоход таван тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ онд авто замын салбарт 18 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн 14-ийг нь ондоо багтааж дуусгана. Өндөрхаан-Чойбалсан чиглэлд 143 км замыг “Насны зам” компани гүйцэтгэж байна. Ажлын явц 64.8 хувьтай байгаа” гэв. Харин Хөвсгөл-Булган аймгийг холбох замын ажил удаашралтай байгаа аж. “Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа БНСУ-ын компанийг ажлаа хийж чадахгүй бол Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдье. Солонгосын нэг компанийн аясаар Монголын Засгийн газар байж болохгүй. Хоног хугацаа өнгөрөх тусам цаг алдаж байна. Тиймээс ажлаа түргэл” хэмээн Ерөнхий сайд А.Гансүх сайдад үүрэг өглөө. Харин Баянхонгор аймгийг хатуу хучилттай болгох замын ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 15 гэхэд улсын комисст хүлээлгэж өгөх аж. Түүнчлэн Дорноговь-Чойр-Сайншанд, Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам графикийн дагуу явагдаж байгаа гэсэн.        

Орон сууцны зээлд 146 иргэн хамрагджээ

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилга хот байгуулалтын салбарт 416 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээс энэ онд 200 тэрбумаар нь инженерийн барилга байгууламжийн ажил хийх юм байна. Энэ онд 56 ажил хэрэгжүүлэхийн долоогийнх нь гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулжээ. Тухайлбал, Буянт-Ухаа орон сууцны цогцолборын гүний хоёр цэвэр худаг, шугам, барилга угсралтын ажил, Яармагийн гүүр орчмын инженерийн шугам сүлжээ гэх мэт хэд хэдэн ажлыг хийх юм байна. Дээрх 56 ажлын 35 нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой аж. Энэ онд хийх ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний дотор дуусгахаар талуудтай гэрээ хийжээ.
Энэ сарын 17-ноос иргэдэд жилийн найман хувийн хүүтэй /эдийн засгийн өсөлтөөс хамаарч +1, -1 хэлбэлзэнэ/ зээл олгож эхэлсэн. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Өмнө нь банкны зээлээр орон сууцтай болсон иргэдийн зээлийг найман хувь руу шилжүүлж байгаа. Энэ иргэдийн санал 571.5 тэрбум төгрөг болоод байгаагийн 171.3 тэрбумыг нь шийдсэн. Дахин санхүүжилтэд хамрагдсан 6120 хүн бий. Энэ өрхүүдийн зээлийн ачаалал сард 350-750 мянгаар багасч байгаа. Арилжааны банкуудад 100 гаруй мянган хүн хандаж лавлагаа авсан. Харин долоо хоногийн хугацаанд 146 иргэн орон сууцны зээл аваад байна” гэв. Нийслэлийн 12 хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр 86.5 тэрбум төгрөгийг “Чингис” бондын хөрөнгөөс өгсөн байна.

ТЭЦ-IV цахилгаан станцыг 100 мгВ-таар өргөтгөнө

Засгийн газрын шийдвэрээр ТЭЦ-IV цахилгаан станцыг 100 мгВ-таар өргөтгөхөөр болсон. Уг ажлын санхүүжилтэд Хөгжлийн банкаар дамжуулан 70 сая ам.доллар өгсөн байна. Энэ дагуу ТЭЦ-IV-ийнхэн Уралын турбины заводтой өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэ турбин худалдаж авах гэрээ байгуулжээ. Ирэх ес, аравдугаар сард тус заводоос үйлдвэрлэж гарсан бүтээгдэхүүнүүд манайд орж ирэх бөгөөд ирэх оны хоёр­дугаар сард ТЭЦ-IV цахилгаан станцад турбиныг угсарч эхлэх аж. Харин “Амгалан” дулааны цахилгаан станцын барилгын ажил ирэх сарын 1-нд эхэлнэ. Уг төслийг ирэх оны наймдугаар сард хүлээлгэж өгөх аж. Одоо ойр орчмын газар чөлөөлөх ажил явагдаж байгаа гэсэн. 100 мгВ-ын хүчин чадалтай гурван уурын зуухтай бөгөөд уг станц ашиглалтад орсноор нийслэлийн дулааны эх үүсвэрийг тодорхой хэмжээгээр шийдэх аж. Харин ТЭЦ-III цахилгаан станцыг 50 мгВ-таар өргөтгөх гэж байгаа ч хөрөнгө мөнгийг нь хараахан шийдээгүй байгаа гэнэ.

Нийслэлд 122 км хурдны зам тавих нь

Шинэчлэлийн Засгийн газраас нийслэлд “Гудамж” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд хотын төвийн хэсэг, гэр хороолол, хурдны зам гэсэн гурван чиглэлд бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, хотын төвийн хэсэгт замын уулзварууд дээр анхаарч ажиллаж буй аж. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ онд 33 уулзаврыг шинэчлэхээр болсны 12-ынх нь зураг төслийг хийгээд байна. 7-10 хоногийн хугацаанд нэг уулзаврыг ашиглалтад оруулах юм. Ямартай ч эхний хоёр уулзвар ашиглалтад ороод байгаа. Замын олон уулзвартай болсноор автозамын түгжрэл харьцангуй багасна” гэв. Туул, Сэлбэ голын дагуу хурдны зам тавихаар болжээ. Баянзүрхийн товчооноос Улиастайн уулзвар хүртэл мөн уулын ам бүрээс хурдны зам нийслэл рүү оруулж ирэх аж. Өөрөөр хэлбэл, нийслэлийн аль ч цэгээс хурдны замтай холбогдож болох нь. Зургаан чиглэлд 122 хурдны зам барихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд энэ онд хоёрыг нь ашиглалтад оруулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан