Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Би хэн бэ гэдэг бол үнэндээ маш хэцүү асуулт


“Ном унших цаг” булангийнхаа энэ удаагийн зочноор “Майнд” клубийн гишүүн А.Баярцэцэгийг урилаа. Тэрээр удахгүй уншигчдын хүртээл болох гэж буй орчуулгын шинэ номынхоо талаар бидэнтэй хөөрөлдсөн юм.

-Өдрийн мэнд. Германы зохиолч Рихард Давид Прехтийн “Би хэн бэ?, Тийм гэвэл хэдэн би вэ?”сонирхолтой номыг монгол хэлнээ орчуулсан гэж сонслоо. Энэ ном юун тухай өгүүлдэг вэ?
-Юуны өмнө, орчуулгын ажилд минь мэргэжлийн үнэт зөвлөгөө өгч, олон талаар тусалж дэмжсэн С.Молор-Эрдэнэ номын эрхийг авч хэвлэж байгаа “Адмон”-ы Р.Энхбат нарт “Майнд” клуб болон  уншигчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ олон нийтэд зориулж энгийн, хөгжилтэй хэлбэрээр бичигдсэн философийн зохиол. Гэхдээ тун онцгой. Философийн том том асуултууд руу мэргэжлийн түвшинд хэрнээ энгийн ойлгомжтой хэлбэрээр хөтөлж, шинжлэх ухаан, урлаг, түүх гээд мэдлэгийн маш олон салбарынхны бүтээлийг харьцуулж, нэгтгэж, үе үеийн эрдэмтэн судлаачид, философичдыг хооронд нь мэтгэлцүүлж, уралдуулж маш сонирхолтой тайлбарласан байгаа.  Плато, Сократаас эхлээд хүн төрөлхтөн өөрийгөө танихын тулд ямар асуулт тавьж, түүндээ ямар хариултууд өгч байсан тухай энгийн ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн тул уншигч өөрөө өөрийнхөө оюун ухааны гүн рүү аялах танин мэдэхүйн гайхалтай аялал байх болно.

-Энэ номыг орчуулах шалтгаан гарав уу эсвэл нийгмийн захиалга гэж ойлгох уу?
-Ер нь, гадаадад сурч, ажиллаж байгаад ирсэн хэн бүхэн мэднэ дээ. Анх Монголдоо эргээд ирэхэд сайхан ч гэлээ засч залруулчихмаар, зөвөөр зохион байгуулмаар зүйл зөндөө харагддаг. Хүн эхэндээ тун соргог хардаг байснаа удалгүй уусаад улаан гэрлээр адилхан гараад л, адилхан бүдүүлэгтээд л эхэлдэг шүү дээ. Уг нь, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирээд, тэр сурсан эрдмээ бусадтайгаа хуваалцах ёстой шүү дээ. Энэ л логикоор бидний хэсэг залуус Германд төгсч ирээд өөрсдийгөө хөгжүүлэх, сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах, бүр цаашилбал нийгмээ оюуны түвшинд хөгжүүлэх зорилгоор 2010 онд “Майнд” клубийг байгуулан бямба гараг болгонд уулзаж, нийг­мийн тулгамдсан олон асуудлын ту­хай, ямар гарц байж болох тухай ярил­цаж, мэтгэлцэж гараагаа эхэлсэн. Ха­чирхалтай нь, нийгмийн ямар ч асууд­лыг ярьсан эцэстээ бүх гарц нэг л цэгт очоод байсан. Сэтгэхүй гэж нэрлэж хэвшсэн толгой дотор, оюун ухаанд маань л бидний бүх асуудлын үндэс суурь байсан. Бид энэ толгой доторхоо л нэг сайхан цэгцэлж, цэвэрлэж, шинэ мэдлэгээр цэнэглэхгүй бол урагшлахгүй юм байна гэдгийг ойлгосон. Эхэндээ олон нийтэд зориулсан цуврал лекц уншъя, янз бүрийн төслүүд хэрэгжүүлье гээд олон санаа гарсан боловч энэ дундаас эргүүлж тойруулж, нухаж унших сайн ном гаргавал илүү үр дүнтэй юм байна гэж шийдээд, энэ номыг орчуулахаар барьж авсан даа.

-Орчуулгыг “Майнд” клубийн гишүүд хийсэн үү.  Клубийнхээ тухай танилцуулах уу? Номыг нэг л хүн суугаад орчуулчихдаг, гэтэл энэ удаа яагаад бүтэн гурван жил зарцуулан ийм олон хүн ажиллав гэж гайхаж байна л даа?
-“Майнд” клубийн гишүүдээс таван хүн энэ номын орчуулгад ажилласан. Анх 2010 оноос хойш орчуулах гэж бүтэн хоёр жил болоход бүрдсэн баг маань цөөрсөөр цөөрсөөр тавуулаа л тунаж үлдсэн дээ. Эхний хоёр жилийн турш бид номоо ойлгож авах гэж маш их нухсан. Аргагүй л дээ. Номонд 230 гаруй философич, эрдэмтдийн оюуны бүтээлээс оруулсан байгаа, гэтэл бидэнд уншсан нь хэд билээ, үнэхээр гүн цаад агуулгыг ойлгосон нь хэд билээ. Юун орчуулах  манатай. Аз болоход яг жилийн өмнө С.Молор-Эрдэнэ доктор бидэнд туслах санал тавьснаар ажил маань эрчимтэй урагшилсан. Философийн ном учраас яах аргагүй мэргэжлийн хүний тайлбар, дэмжлэг туслалцаагүй бол барахгүй юм билээ. Молор-Эрдэнэ доктор Германд ухаан ба тархи судлалын хүрээлэнд судалгааны ажил хийж байсан, жинхэнэ энэ чиглэлээр нарийн мэргэшсэн хүн байсан нь давхар давхар азтай хэрэг болсон юм. Ингээд бидэнд номын бүтцийг нь гаргаж өгөөд, бид цааш нь ажилласан. Хагас сайн болгонд уулзаж ангийн ажил хийгээд, гэрийн даалгавар аваад тардаг нэг жилийн философийн дамжаа шиг л байсан даа. Бид энэ номноосоо маш ихийг сурч, өөрөө өөрсөдтэйгөө танилцлаа гэдгээ нуух юун.  Энэ номыг унших хүн бүр яг бидэн шиг өөрийгөө танин мэдэх сонирхолтой аялал хийх болно гэж бодохоос баяртай байна. Гэхдээ уншиж эхлэхээсээ бэлтгэлтэй ороорой. Гайхах, зөрчилдөх, уурлах, аливааг харах өнцөг өөрчлөгдөж магадгүй шүү. Наад зах нь л монгол хэл рүү буруу орчуулагдсан мэргэжлийн нэр томьёонуудыг бид залруулахыг оролдсон. Буруу орчуулагдсаныг хэрэглээд бүр хэвшчихсэн тул толгой их эргүүлж байсан. Гэхдээ л хэчнээн хэцүү ч гэлээ засч залруулахаас өөр арга байгаагүй.

-Номын нэр их анхаарал татлаа. “Би хэн бэ?” гэдгээ хүн бүхэн л мэддэг биш гэж үү?
-Философи бол танин мэдэхүй. Хамгийн түрүүнд, өөрийгөө танин мэдэх л чухал шүү дээ.  Би яг хэн бэ гэдэг бол үнэндээ маш хэцүү асуулт, энэ асуултад хүн төрөлхтөн хариулт хайсаар ирсэн. Орчин үеийн тархи судлал, мэдлэгийн салбарынхан энэ тал дээр ямар түвшинд явж байгааг энэ номноос олж мэднэ. Жишээ нь, сармагчны толгойг шилжүүлэн суулгадаг болж байна. Та бид хоёрын толгойг солиод суулгадаг цаг ирэх нь байна шүү дээ. Гэтэл монголчууд хүн төрөлхтний мэдлэгтэй хэр ойрхон байгаа билээ. Ядаж л тархи, оюун ухаан судлалын чиглэлийн мэргэжлийн нэг ч байгууллага хүрээлэн алга байна шүү дээ. Хүний тархи бол компьютерийн хардвейр нь, ухаан бол программ нь. Программ сайн ажиллахын тулд байнга л шинэчилж сайжруулах хэрэгтэй болдог шүү дээ. microsoft Windows  гэхэд л анх гарснаасаа хойш хэдэн удаа шинэчлэгдэв. Анти-вирус программ бас зайлшгүй хэрэгтэй. Монголчуудын тархи яг л анти-вирусны программгүй компьютер шиг болчихож. Энэ бол үнэхээрийн гамшиг шүү. Төрийн хар хайрцагны бодлого хаа байна! Аль кинонд гардаг билээ, хүү нь ааваасаа “Аав аа, манайх улс шиг улс уу?” гэж асуухад  аав нь “Тиймээ, манайх чинь юм юмтай улс шиг улс ” гэж хариулдаг шүү дээ. Бид XXI  зуунд амьдарч байгаа мөртлөө оюуны түвшинд эргээд мухар сүсэгт автаад, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрох аюултай нүүр тулаад байна. Ийм байхад монголчуудын оюуны дархлаа алга болж байгаад гайхах юм алга. Уг нь, улс шиг улс, үндэстэн шиг үндэстэн байхын тулд юм юмтай л байх хэрэгтэй шүү дээ. Нэн тэргүүнд, монгол хүний ухаан, идентитийн асуудлыг хариуцсан жижигхэн ч болов,  судалгааны ч болов нэгж хэрэгтэй.  Энэ асуудал огт эзэнгүй байж бол яавч болохгүй.

-Философийн тухай яриа эхэлснийх манайд энэ шинжлэх ухааныг юу гэж ойлгоод байна. Ихэнхдээ орчуулгын ном гардаг. Тэдгээрийг харахаар нэг л их учир битүүлэг эсвэл сул орчуулга яваад байх шиг санагддаг юм?
-Философийг социализмын үед үзэл сурталд ашиглан марксизм-ленинизмээс бусдыг нь хорьж байсан тул өнөөдөр монголчууд философи гэхээр хүн ойлгохын аргагүй, амьдралд ямар ч хэрэггүй, цагийн гарз гэж маш буруу төсөөлдөг. Уг нь, философи бидний амьдралд хаа сайгүй байна шүү дээ. Дээрээс нь мэргэжлийн үгсийг буруу орчуулснаас болж маш их төөрөлдөх болж. Зүй нь мэргэжлийн үгийг тухайн мэргэжлийн хүн л орчуулах хэрэгтэй. Цэвэр хэлээр дагнасан орчуулагч хүн ганцаараа мэргэжлийн үгсийг зөв орчуулах ямар ч боломжгүй юм байна гэдгийг хатуу ойлгосон. Аливаа мэргэжлийн үгийн цаана бүхэл бүтэн цогц ойлголт, ихэнх тохиолдолд онол хүртэл байдаг тул зөвхөн тухайн мэргэжлийн хүн л үнэн зөв орчуулах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан