Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймшигтай халуун айсуй


Дэлхийн дулаарал, түү­нийг дагасан байгалийн олон хачин үзэгдлийн талаар уншигч та нэг бус удаа сонсч байсан байх. Тэгвэл тэр бүх таагүй үзэгдлүүд бодитоор биелээд эхэлчихэж. Жишээлэхэд, Америкийн Аризона мужийн төв Феникс хотод +47 хэмийн халуун болоод дөрөв хонож байна. Хотын эрх баригчид оршин суугчдынхаа амь нас, эрүүл мэндэд санаа зовсондоо агаар чийглэж сэрүүцүүлэгч төхөөрөмжөөр тоноглосон тус­гай хөргөх төвүүд байгуулж эхэлжээ.
Ийм хэт халуунаас болоод хотын агаарын тээвэр зогсч магадгүй гэж эрх баригчид эмээж байгаа юм байна. Учир нь дийлэнх тийрэлтэд онгоцууд +52 хүртэлх хэмийн халуунд нисэх чадвартай бөгөөд +47 хэмийн халуун нь онгоц нисэх, буухад маш хүнд нөхцөл бүрдүүлдэг аж. Иймд нисэх компаниуд тус мужийн цаг агаарыг маш нарийн хянаж байгаа гэнэ.

Аризона мужийн Скотс­дейл хотын оршин суугч Майкл Федо “ВВС” сувагт ярилцлага өгөхдөө өдрийн цагаар гэрээсээ гарахаасаа больсон, дэлгүүр орохын тулд шөнө дунд л гэрээсээ гардаг болсон гээд “Манайхан энд дөрвөн үеэрээ амьдарч байгаа юм. Тэгэхээр хэр баргийн халуунаас бид айхгүй болсон гэж болно. Гэтэл өдөртөө +45 хүртэл хэм халахаар амьсгалахад ч өвддөг юм байна шүү дээ” гэжээ.

АНУ-ын Үндэсний цаг агаарын алба нь баруун өмнөд мужуудын оршин суугчдад энэхүү огцом халалтын талаар анхааруулав. Гэхдээ ингэж огцом халах болсон шалтгааныг тодруулж чадаагүй байна. АНУ-ын хилийн алба нь Мексикийн хилээр хууль бусаар нэвтрэгчдийг аврахын тулд нэмэлт хүчийг хил руу явуулж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт +40 хэм гарсан халуун байхад зөвхөн Аризона мужид гэхэд л хууль бусаар хил давж яваад халуунаас болж амиа алдсан долоон мексик хүний цогцос илрүүлсэн байна.

Нэмэлт хүч явуулснаар хэт халуунаас болж амь насанд нь аюул учирсан хууль бус хил зөрчигчдөд туслах боломжтой болно гэж үзэж байгаа аж. Ер нь, сүүлийн хоёр сарын турш Аризона мужид аймшигтай халуун байгаа бөгөөд хил хамгаалах албаныхан Мекси­кээс хууль бусаар хил нэвтрэн орж ирээд халууныг даалгүй бие нь муудсан 170 гаруй хүнд яаралтай тусламж үзүүлжээ. Орчин үеийн дэлхийн түүхэнд бүртгэгдэж байсан хамгийн өндөр температурыг Америкийн Калифорни муж дахь Үхлийн хөндийд 1913 онд бүртгэсэн байдаг юм. Тэр үед агаарын халуун 56,7 хэм хүртэл халсныг дулаан хэмжигч төхөөрөмжөөр бүртгэн авсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан