Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨГРӨГИЙН БАТАЛГАА ДОЛЛАРАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТЭТГЭХСЭН

Малаар баян, талаар баян, сэтгэлээр баян хүмүүс бол монголчууд. Харамсалтай нь мөнгөгүй. Эдийн засгийн харилцаанд эргэлдэж, эрүүл мэндийг нь хангаж байдаг мөнгийг цус гэж үзвэл өнөөдөр манай эдийн засаг цусны дутагдалд ороход тун ойрхон явна. Монголбанк төгрөг хэвлэх эрхтэй байхад юу хэлнэ вэ гэж эргэлзэх хүн байж болох юм. Гэвч хэвлэсэн төгрөг бүрийн ард гадаад валютын нөөц буюу баталгаа байдаг. Дэлхийн зах зээлд эргэлдэж, үнэ цэнээ найдвартай хадгалах ам.доллар, евро алин ч бай Монголд валют байж гэмээнэ бидний төгрөг сая цаас биш мөнгө байх учиртай. Өнөөдөр Монголбанкинд 3.3 тэрбум ам.долларын нөөц бий. Гэвч энэ нь багасах цаашид зогсох эрсдэл ойрын 2-3 жил отож байгаа аж. Үүний цаад шалтгаан нь Монголын хилээр орж ирэх валютын нийлүүлэлт буюу экспортын орлого буурсантай холбоотой. Цөөхөн хэдэн үйлдвэрээсээ экспортолдог бүтээгдэхүүнийх нь ханш дэлхийн зах зээлд унасан нь валютын урсгалыг сааруулсаар. Валютгүй болчихвол яах билээ, төгрөг цаас болж хувирна. Бидний мэдэхээр ам.долларын ханш чангарч, төгрөгийн үнэ цэнэ улам буурах учиртай. Энгийн зах зээлийн хуулиар эд зүйл багасч, ховордох тусам үнэ нь нэмэгддэг шүү дээ.
Ирэх урсгал нь саарчихсан ам.долларын ханшинд бас нэгэн хүнд цохилт болж буй нь импорт. БНХАУ-ын Эрээн хотоос авдаг жимс, чихэр, гутал, хувцас гээд 70 хувийг эзэлж буй гадаад худалдаа ам.доллар улам багасахад нөлөөлнө. Байгаа төгрөгөө валютаар арилжаад, тухайн валютаараа гадаадаас жимс авна. Энэ нь, Монголбанк дахь 3.3 тэрбум ам.доллараас хороосоор байгаагийн илрэл. Үүний хажуугаар импортын хэмжээ тогтмол нэмэгдэж буйг мартаж болохгүй. Дээр өгүүлсэн зүйлийг дүрсэлж үзвэл, экспорт буюу гаднаас орж ирэх ам.долларын урсгал багасч, импорт буюу хилийн цаана аваачиж өгөх ам.долларын хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн үг. Ингэснээр гадаад худалдааны нөхцөлийг улам муудуулж, төгрөгийн ханш буурах нөхцөл үүсгэсээр байна. Мал сүргээр, тал нутгаар баян монголчууд өнөөдөр л арга хэмжээ авахгүй бол “Тамирын голыг долоох шахам байж” цуглуулсан валютаа хоёрхон жилийн дараа хоосолчихоод суух магадлалтайг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа. Тэгвэл одоо яах вэ?

Бас нэг том асуудал

Ноолууран цамц, арьс шир төдий экспортын бүтээгдэхүүнтэй монголчууд дэлхийн үнэ ханшид нөлөөлж чадахгүй. Үнэ нь өсөөсэй гэж залбирч суухгүй гэвэл бидэнд өөр нэг гарц бий. Дэлхийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх буюу үйлдвэрлэлээ тэлэх арга. Нэг бүтээгдэхүүний үнэ 10 хувь уначихсан байлаа ч хоёр дахин илүүг нийлүүлээд ашиг олж болох юм.
Үүний тулд шинэ тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө шаардлагатай. Даанч бид мөнгөгүй шүү дээ. Голоос ус авах тэрэггүй хүн хөршийнхөөсөө гуйна. Мэдээж, зүгээр хэрэглэчихээд, баярлалаа гээд өнгөрч болохгүй учраас нэг саванд нь ус авч өгөх хэрэгтэй. Хоёр талдаа ашигтай тохиролцоо. Яг үүний адил түүхий эд, бараа материал байлаа ч бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа бидэнд хөрөнгө оруулалт шаардлагатай. Манай улсад гурван төрлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий. Нэгдүгээрт, дотоодоос хоёрдугаарт, Хятадаас эсвэл бусад орноос. Өнөөдөр Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг уул уурхайн салбар эзэлдэг. Тэгвэл хөрөнгө оруулалтыг жижиг, дунд үйлдвэрлэл рүү хэрхэн чиглүүлэх вэ гэдэг бодох л асуудал. Ер нь, манай улс хуучин ЗХУ-аас өөр гадаад хөрөнгө оруулалттай байж үзээгүй, энэ чиглэлд өөрийн бодлоготой явж ирээгүй. Ардчилал мандсанаас хойш өөрийн мөнгөгүйгээ мэдэж, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулагчдыг татаж болдгийг харсан. Гэвч өнөөдрийг хүртэл алдаж, онож, муудалцаж, маргалдсаар цөөн хэдэн тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалт татаж чаджээ. 2012 оны тавдугаар сард Стратегийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гадаад хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталж, хэрэгжүүлсэн нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэхэд болно. Тухайлбал, 2012 оны эцсийн дүнгээр гадаад хөрөнгө оруулалтаа 2011 оныхтой харьцуулж үзжээ.
-Нэг сая ам.доллар хүртэлх жижиг хөрөнгө оруулалт 32 хувь буурсан.
-34 сая ам.доллар хүртэлх хэмжээтэй жижиг-дунд хөрөнгө оруулалт 24 хувь буурчээ.
-35-190 сая ам.доллар хүртэлх дунд хөрөнгө оруулалт өссөн.
-190 сая ам.доллараас дээш хэмжээний их хөрөнгө оруулалт мөн өссөн дүн гарсан байна.
Их, дунд хөрөнгө оруулалт нэмэгдсэн байхад жижгүүд нь багасахад яах вэ дээ гэж хэлэх хүн байж болох юм. Гэтэл аливаа эдийн засагт орж ирсэн жижиг хөрөнгө оруулалт өргөжсөөр дунд руу дэвшин, дундаасаа амжилт олбол их хөрөнгө оруулалт болдог байна. Харин 2012 оны сүүлчээр жижиг хөрөнгө оруулалт багассан нь яваандаа дунд төвшний хөрөнгө оруулалт тасалдах, улмаар их хэмжээний хөрөнгө оруулалтгүй хоцрох төлвийг илтгэх аж. Дээр өгүүлсэн хоёр жилийн хойно бид ам.долларын нийлүүлэлтгүй гацах вий гэх айдас дахин тодорч байгаа юм.
Үүнээс гадна бас нэгэн чухал зүйлийг эдийн засагчид онцолж байна. 2009 онд монголчууд түүхэндээ хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэсэн нь Оюу толгой төсөл. Хөрөнгө оруулалтын хэмжээг 2011-2012 оныхтой харьцуулбал тус төслийн 35 хувийн бууралттай дүн гарчээ. Хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал болж, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нөлөөлж, гэрээ байгуулахдаа хэлэлцсэн тохироо шинэ хуулиараа эвдэгдээд ирэхэд хөрөнгө оруулалт шууд буурсаныг харуулна. Нөгөө талаас хамгийн том хөрөнгө оруулагчийн эрх ашигт төр төмөр нүүрээ харуулах нь их, дунд, бага хэмжээний гадаад хөрөнгө оруулагчдыг “айлгаж” буй хэрэг. Эдийн засагчдын үзэж буйгаар хуулиа өөрчлөх, шинэ хуулийнхаа зүйл заалтыг тайлбарлаж, олон нийтэд тодорхой болгохгүй байгаа нь “Бидэнд мөнгө хэрэггүй, баярлалаа, баяртай” гэснээс ялгаагүй ажээ. Товчхондоо, хууль эрх зүйн орчны тодорхой бус байдлаа өөрчлөхгүй бол 2011 оны есдүгээр сараас хойш байнга алдагдалтай валютын нөөц бүр багасч, төгрөгийн ханш улам суларна гэсэн үг. Тэгээд одоо яалтай билээ?

Төрийн түшээдийн анхааралд

Монголбанк зээлийн хүүг бууруулах бодлого барим­талж буйг сүүлийн хэдэн сарын мөнгөний бодлогын мэдэгдлээс харж болно. 2013 оны нэгдүгээр сард бодлогын хүүг 0.75 нэгжээр бууруулсан. 2013 оны дөрөвдүгээр сард мөн нэг нэгжээр буулгав. Өнгөрсөн сард ч нэг нэгжээр багасгаж бодлогын хүү өнөөдөр 10.5 хувьтай хэрэгжиж байна. Энэ бүх мэдэгдлээ нэгэн ижил өгүүлбэр харж болно. Өнөөдөр та төв банкны вэб хуудсаар ороод мөнгөний бодлогын мэдэгдлүүдийг үзвэл “...гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдлыг харгалзан...” гэх үгс олж харах юм. Энэ нь төр, засаг, парламент гадаад хөрөнгө оруулалтын хуулиа сайжруулах, нөхцөл бололцоог талуудад тэгш хүртээмжтэй олгох, чөлөөтэй байдлыг бий болгох, үл ойлгогдох зүйл заалтыг тайлбарлаж таниулах, хөрөнгө оруулалтын тогтвортой байдал буюу урт хугацааны баталгааг өгөх шаардлагатайг сануулж ирснийг нотолно. Хэрэв он гармагц дээрх шаардлагыг биелүүлчихсэн бол зээлийн хүү 0.75-1 нэгжээр бус хоёр, түүнээс ч дээш нэгжээр буурах боломжтой байсныг мэргэжилтнүүд хэлдэг. Зээлийн хүү буурах нь хэнд ашигтай вэ? Мэдээж, иргэн бүрийн зээл, санхүүгийн дэмжлэг авах эх үүсвэр сайжирна гэсэн үг.
Гадаадын шууд хөрөнгө оруу­лалтын тогт­­вортой байдлын гэрээ байгуулсан ганцхан тохиолдол нь одоогоор Оюу толгой төсөл ажээ. Монгол дахь хамгийн том төслийн хөрөнгө оруулалт шинэ хуультай холбогдон буурсан. Гэвч одоогоор үйл ажиллагааг нь зогсоож, хяналт шалгалт хийх хэрэгтэй гэх үгс төрийн удирдлагуудаас гарсаар байгаа. Энэ нь өнгөрсөн сард анхны экспортоо хийж, нээлтийн ёслол үйлдэнэ гэх төлөвлөгөөг нураасан юм. Зочиддоо урилгаа тараачихсан хэрнээ нээлтээ хойшлуулах нь энгийн нэгэн компанийн бүтэлгүйтэл мэт харагдавч хилийн цаанаас ажиглаж буй хөрөнгө оруулагчдад өөрөөр харагдаж байгаа. Хөрөнгөө оруулчихдаг, үйлдвэрээ байгуулчихдаг, хийх ажлаа төлөвлөөд, эхлүүлэхийн даваан дээр элдэв шалгалт, хяналт, байцаалт, утгагүй шаардлагаар үйл ажиллагааг хязгаарлачих юм байна... Ийм айдас “эмзэгхэн” хөрөнгө оруулагчдад маш том хаалт учраас бид мөнгөтэй гадаадынхныг бүрэн алдахаас өмнө эрх зүйн орчноо сайжруул гэж төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүдэд өглөө бүр сануулах үүрэгтэй. Эс бөгөөс ирээдүйд элгээрээ хэвтсэн эдийн засаг, эргэлтэд ордоггүй үнэгүй төгрөгтэй хоцорч болзошгүй. Нөгөө талаас, Оюу толгой хэчнээн асуудал үүсгэж, проблем дагуулсан ч үйл ажиллагааг зогсоож, завсардуулдаг нь хамгийн том алдаа. Экспортын уналттай энэ үед хэдэн тэрбумыг нэг дор татах Оюу толгойн бүтээгдэхүүний экспорт цус сэлбэх донор л гэсэн үг.
Зөвхөн Оюу толгой төсөлд тогтвортой байдлын гэрээ байгуулах бус Монгол орны аль ч газарт хөрөнгө оруулагчдад ижил нөхцөлтэй байх эрх зүйн орчин хэрэгтэй аж. Эдийн засагчдын хэлж буйгаар нэг сая ам.доллартай хөрөнгө оруулагч ч Оюу толгойн хөрөнгө оруулагчтай ижил нөхцөлөөр ашиг олж, ажлаа хийх боломж хамгийн чухал гэнэ. Нэн түрүүний энэ нөхцөлөө гүйцэлдүүлсэний хойно Монголын экспортлох бүтээгдэхүүнийг солонгоруулах ажил хэрэгжих боломжтой. Зөвхөн уул уурхайн зэс, нүүрснээс хараат экспортоо мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр сүлэх шаардлага монголчуудад бий. Гэвч тийм үйлдвэр байгуулахын төлөө өнөөх л мөнгө бидэнд хэрэгтэй, ялангуяа ашиг хайсан хөрөнгө оруулагчдын хэдэн сая ам.доллар...
Гадаадын хөрөнгө оруу­лалтын эрх зүйн орчноо л бүгдэд ойлгомжтой болгочих юм сан, түшээд минь.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан