Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.АЛТАНХУЯГ: БИД СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ АЖИЛЛААГҮЙ

Долоо хоног бүрийн пүрэв гарагт Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй 30 минут ярилцдаг билээ. Ээлжит хурлын үеэр тэрээр сэтгүүлчдэд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа ярьж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Тэрээр ийн ярилаа.

-Наадмын төсөв нэмэгдсэн гэсэн. Хэчнээн төгрөгөөр нэмэгдэв?
-Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Бид жилд ганц удаа болдог монгол наадмынхаа нээлтийг сэтгэлд хоногштол хийхээр төлөвлөсөн. Энэ ажлыг Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж байгаа. Нээлтийн ажиллагаанд төлөвлөсөн зардал дээр 150 орчим сая төгрөг нэмж олгохоор болсон. Наадмаар гурван газарт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-“Чингис” бондын хөрөнгөнөөс хэдийг нь зарцуулаад байна вэ. Бондын хүүнд хэчнээн төгрөг төлсөн бэ?
-“Чингис” бондын хөрөнгөнөөс 400 сая ам.долларыг юунд зарцуулах талаар хараахан шийдээгүй байна. Ямар төсөл хөтөлбөрт зарцуулах вэ гэдэг чиглэлээ гаргасан. Наадмын өмнө бондын зөвлөл хуралдаж, зарим шийдвэрээ гаргана. Нэг төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн 30 хувийг л бондоос гаргаж, үлдсэнийг нь тухайн компани гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, бид бага мөнгөөр том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн  эргэлтэд оруулах юм.
-“Цэвэр агаар” сангийн захирлыг цагдан хорьсон. Уг сан Засгийн газрын тусгай санд багтдаг. Өмнө нь,  гүйцэтгэх засаглал энэ санд ямар хяналт тавьж ажиллаж байсан юм бэ?
-“Цэвэр агаар” сангийн удирдлагуудыг хорьсон тухай С.Оюун сайд надад хэлсэн. Энэ сан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын харьяанд байдаг юм. Ямар учраас хорьсон талаар С.Оюун сайдаас тодруулахад “Тодорхой мэдээлэл алга” гэсэн. Албан ёсны мэдээлэл авсны дараа хэлээрэй гэлээ. Өнөөг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна. Ч.Улаан сайдаар ахлуулсан ажлын хэсэг Засгийн газрын тусгай санг цэгцлэхээр ажиллаж байгаа. Энэ талаар боловсруулсан хуулийн төслөө УИХ-ын ирэх намрын чуулганаар өргөн барих байх.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө та “Бид нэг тийш харж ажилламаар байна” гэж байсан. Энэ биеллээ олж чадах уу. Учир нь, Ерөнхий сайд, хотын мэр хоёр таарамжгүй харилцаатай байгаа гэсэн яриа гарсан байна. Нөгөөтэйгүүр, АН-ын бүлэг, фракциуд хөдөлгөөнд орж эхэллээ гэж ч ярьж эхэллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би таван жил намын дарга хийж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын зүгээс цэцэг бэлэглээд сүйд байсан шүү дээ. Манай нам дотор тийм маргаан байхгүй. Бид маш олон удаа уналтад орж, их зүйлийг туулж байж өнөөдрийн амжилтад хүрсэн. Одоо бидэнд эвдрэлцэж, талцаж байх цаг зав алга. Шинэчлэлийн Засгийн газар ажлаа илүү сайн хийх гээд хүнтэй муудалцах завгүй байгаа.   
-Ус сувгийн салбар уналтад орлоо гэх яриа байна. Одоогийн байдлаар 113 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар ямар бодлого баримталж  байна вэ?
-Хөвсгөл аймагт ажиллаж байхад нийтийн аж ахуйн салбарынхан зээл аваад газар доогуур шугам сүлжээ тавьсан боловч мөнгөө төлж чадахгүй байна. Энэ мөнгийг Засгийн газраас хөрөнгө оруулалт болгож өгөхийг хүссэн. Бид энэ талаар шийднэ. Нөгөөтэйгүүр, ус сувгийн газарт асуудал бий. Үнээ нэмэхгүйгээр олон жил ажилласан нь алдагдалд орох шалтгаан болсон. Энэ мэт шалтгаанаас үүдэн зарим байгууллага алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэх бус барих, хямдруулах чиглэлээр ажиллаж байгаа.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр одоогоор хэдэн хувийн биелэлттэй явж байна вэ?
-Мөрийн хөтөлбөрийг би хувьлах дургүй. Өмнөх Засгийн газарт байхад мөрийн хөтөлбөр нь 50 хувьтай гэсэн хэрнээ иргэдэд хүрсэн зүйл байдаггүй байсан. Тиймээс би тооны хойноос хөөцөлдмөөргүй байна. Харин болохгүй байгаа зүйлээ бүгдээрээ гаргаж тавьмаар байгаа юм. Бүтээн байгуулалтын ажлаа яаравчилъя. Энэ ажил сонгуулийн шоу биш. Зарим хүн тэгж бодож байгаа бол бид дөрвөн жил шоу хийнэ. Бид сонгуульд зориулж ажиллаагүй. Дөрвөн жилийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөр 150 хувиар биелнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Төрийн орон сууцны корпораци байгуулах гэж байгаа гэсэн. Энэ корпораци ОССК-аас юугаараа ялгаатай юм бэ?
-ОССК-ийг өмнөх Засгийн газрын үед байгуулсан. Энэ газар ажлаа хийж чаддаггүй, өөх ч биш, булчирхай ч биш болчихоод байгаа. Үүнийг төрийн орон сууцны корпораци болгож, өөрчлөн байгуулж буй юм. Уг корпораци орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн газрын асуудлыг нь шийднэ. Орон сууцны үнийн хөөрөгдлийг багасгах зорилготой. Хувийн хэвшлийн компаниуд орон сууц барьж, түүнийгээ өндөр үнээр худалддаг. Харин энэ корпораци харьцангуй хямд өртөгөөр орон сууц барих компанитай тохиролцох юм. Ингэснээр байрны үнэ огцом өсөхгүй байх давуу талтай.
-Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд урьдчилгаа 30 хувиа төлөх ёстой гэсэн шаардлагыг Монголбанкнаас тавьсан. Урьдчилгааг уян хатан болгох боломж бий юү?
-Банкны зээлээр орон сууцтай болсон иргэдийг найман хувь руу шилжүүлэхэд амар хялбар байгаагүй. Гэхдээ моргейжийн зээл цаашид үргэлжлээд явна. Урьдчилгаа нь 10-30 хувь байхаас өөр аргагүй. Чухам хэдэн хувийн урьдчилгаа авахыг банк шийднэ. Мөн зээлдэгч этгээдийн сарын орлогоос ч хамаарах юм. Ажилтай, орлоготой байвал 10 хувийг нь авч болно.
-Амгалан дулааны цахилгаан станц барих газрыг чөлөөлж чадахгүй байгаа гэсэн. Гэтэл айлууд  нь биднээс болоогүй гэж байсан?
-Амгалан дулааны цахилгаан станцын газар чөлөөлөх асуудлыг нийслэлийн удирдлагууд мэдэж байгаа. Засгийн газар шийдвэрээ  өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан.
-Оюутнуудыг түр хугацаагаар цэргийн алба хаалгах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийн хэрэгжилт ямар шатандаа яваа вэ?
-Зарлиг хүчин төгөлдөр болсон. Холбогдох яамд журмыг нь боловсруулж байгаа.  

С.Заяа

0 Сэтгэгдэл
Эрхэм сайдаа сонгуульд зориулж ШОУ хийсэнийг чинь юм ойлгодог хун л бол мэдэхээр байна шдээ. Битгий ИРГЭД БИДНИйг тэнэг гэж бодоод байл даа.
Хамгийн их уншсан