Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол наадам” цогцолборын зарим хэсэг бэлэн боллоо


Баяр наадмаар Хүй долоон худагт хурдан морьдын уралдаан үзэхэд тоос шороо их, орчны тохижилт, автомашины хөдөлгөөн, зогсоолын зохион байгуулалт муу гэх мэт олон талын хүндрэл гардаг байсан. Харин энэ жилээс эдгээр хүндрэлийг арилгаж, иргэдээ тав тухтай баярлуулах боломж бүрдүүлэх зорилгоор “Монгол наадам” цогцолбор байгуулах ажлыг эхлүүлээд байгаа. Тэгвэл бүтээн байгуулалтын ажлын зарим хэсэг бүрэн дуусч ашиглалтад ороход бэлэн болжээ. Тухайлбал, худалдаа үйлчилгээ явуулах зориулалт бүхий 12.5 га хэмжээтэй хоёр хэсэг хатуу хучилттай талбайг бэлэн болгосон байна. Голдоо  зүлэгтэй тойрог хэлбэрийн энэ хоёр талбайн нэг нь хоол хүнсний худалдаа үйлчилгээний зориулалттай бол нөгөөд нь урлагийн тоглолт, шоу үзүүлбэр зохион байгуулах юм.

Түүнчлэн, төмөр замын 361 дүгээр гармаас морь барианы хэсэгтэй шууд холбосон 8.5 км хатуу хучилттай авто зам тавьсан учраас Хүй долоон худаг болон нийслэл хоорондын замын ачаалал эрс буурах боломжтой болж байна.
Харин 20 га талбайд эко хавтан хучилт бүхий 7000 мянга гаруй автомашины зогсоол байгуулахаар төлөвлөснөөс энэ жил 5800 автомашины зогсоолыг бэлэн болгоод байгаа юм. Хугацаа давчуу байсан учраас зогсоолын ажил бүрэн дуусаагүй аж. Энэ ажлыг наадмын дараа үргэлжлүүлэн гүйцээх юм байна.  
Үүнээс гадна морь барианы зурваст 3000 үзэгчийн зөөврийн суудал шинээр байрлуулжээ. Өмнө нь 1000 гаруй суудал хэрэглэж байсан учраас одоо 4000 гаруй хүн хурдан морьдын уралдааныг суудалд тухлан үзэх боломжтой гэсэн үг. Дараа жилээс “Монгол наадам” цогцолборт 8000 суудал бүхий саран хэлбэрийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэ жил 50 метр тутамд хогийн сав байрлуулж, ариун цэврийн шаардлага хангасан бие засах газруудыг хангалттай хэмжээнд шийдэж өгчээ.

Эдгээр ажил нь Үндэсний их баяр наадмаар иргэд цэвэр цэмцгэр орчинд тав тухтай баярлан цэнгэх, баяр наадамтай холбоотой аливаа үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэйгээр явуулах олон талын ач холбогдолтой болохыг Засгийн газрын гишүүд болон Нийслэлийн удирдлага онцолж байна.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан