Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН БАЙРШЛЫГ БАТАЛЛАА

НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн байршлыг дахин төлөвлөлтөд багтаан баталлаа. Үүнд, СХД-ийн 28 дугаар хороо, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Дарь-Эхийн орчим, Баянзүрх дүүрэг дөрөвдүгээр хороо Сансар СӨХ  Мамбадацан хийд орчим мөн тус  дүүргийн хоёр,   Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаалан хийд,  Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хороо Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо,  Багануур дүүргийн нэг, тавдугаар хорооны нутаг дэвсгэр гээд найман газрын байршлыг шинээр баталлаа. Энэ удаагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдийн өөрсдийн санаачлагаар хийж буй нь өмнөх төлөвлөлтөөс онцлог гэнэ. Мөн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усанд хямд зардлаар холбогдох боломжтой бөгөөд дэд бүтэц нь ч бэлэн байгаа байршлууд гэнэ. Тухайлбал, СХД-ийн 28 дугаар хорооны 3.8 га газар өмнө нь амины орон сууц барих ажил өрнөж байсан бөгөөд иргэд нь инженерийн  шугам сүлжээнд холбогдьё гэж  олон жил хөөцөлджээ. Дулаан хангамжийг 105 дугаар сургуулийн цэцэрлэгийг халааж байгаа сургуулийн зуухнаас холбох бололцоотой гэнэ. Харин Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо  Дарь-Эхийн  амины орон сууцны хороолол.  Өмнө нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төлөвлөлт хийгдэж  дэд бүтэц  татагдсан аж. Мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаалан хийд орчим  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэр, бохир  усны суваг татсан ч хагас дутуу ажилладаг. Энэ нь технологийн горим алдагдсан,  хэрэглээ хэт бага гэдгээс ажиллахгүй байгаа гэв.
Баянгол дүүргийн арав, 11 дүгээр хороо бичил ормыг дахин төлөвлөлтөд оруулах болсон шалтгаан нь энэ орчим нь зам дагуу хөл хөдөлгөөн ихтэй учир төлөвлөлтгүйгээр барилгажиж эхлээд байгаа юм. Иймээс нэгдсэн зохион байгуулалтад оруулж Бичил  долдугаар хороолол хэмээн төлөвлөхөөр шийдсэн байна. Харин нийслэлийн өмнө зүгт Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо орчим орон сууцнууд сүндэрлэж байгаа бөгөөд цахилгаан, эрчим хүчийг гуравдугаар станцаас авах боломжтой гэнэ. Энэ хэсэгт ТОСК  хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлгэе гэж санал гаргажээ. Учир нь,  энэ хэсгийг дахин төлөвлөлтөд оруулахдаа ТОСК Буянт-Ухаа хороололд тухайн газарт байсан айлуудын шилжүүлж оруулаад орон сууцны хороолол барихад өртөг, зардал бага тусч байгаа аж.  Энд 12 давхар орон сууц  16 ширхэг, 1-6 давхар худалдаа үйлчилгээний барилга, амины орон сууц, сургууль, цэцэрлэг гээд томоохон цогцолбор баригдах ажээ. Цаашдаа эдгээр байршлыг НИТХ-аар оруулж хэлэлцүүлэх юм байна. Үүний дараа батлагдсан байршилд аж ахуйн нэгж иргэдтэй  хамтарсан төлөвлөлт  хийнэ. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 байршилд хийх нь.

Н.Нацагдорж: Эдгээр байршлыг иргэд өөрсдөө санал болгосон  

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржоос зарим зүйлийг тодруулав.

-Энэ удаагийн дахин төлөвлөлтийн байршлыг ямар шалгуураар сонгож авсан бэ?
- Эдгээр байршлыг иргэд нь өөрсдөө дахин төлөвлөлтөд оруулах хүсэлт гаргасан. Энэ нь  төлөвлөлт хийхэд амар байсан бөгөөд гүйцэтгэгч компаниудтайгаа тохироход ч цаг алдахгүй байх нь тодорхой. Ер нь өмнөх төлөвлөлтийг харж байхад иргэд гүйцэтгэгч компанитайгаа санал нийлэхгүйн улмаас хугацаа алддаг. Мөн энэ удаад бид дахин төлөвлөлт хийгдэж байгаа газруудад таун хаус хэлбэрээр төлөвлөлт хийе гэхээр иргэд нийтийн орон сууц болгох хүсэлт гаргаж байгаа. Иймээс зарим газар нь  таун хаус болон  нийтийн орон сууцыг хамтад барихаар тусгаж  томоохон төлөвлөлттэй газруудад сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв төлөвлөсөн.
-Тэгэхээр гэр хорооллын иргэд дахин төлөвлөлтөд орьё гэсэн  санал гаргах эрхтэй гэдгээ тэр бүр мэдэхгүй байгаа болов уу. Ер нь төлөвлөлт хийлгэе гэсэн ч  буцаагдсан тохиолдол гарсан уу?
-Буцаагдсан газар бий. Энэ нь оршин суугчид нь  санал нэгдээгүй дахин төлөвлөлт хийх боломжгүй гэсэн шалтгаантай  байсан. Төлөвлөлт  хийх боломжгүй газар гэдэгт ерөнхий төлөвлөгөөнд орсон газрууд багтана. Мөн тухайн байршил дээр 20 айл нийлээд хүсэлт гаргасан байлаа гэхэд 20 айлд төлөвлөлт хийх биш 100-200 айлыг хамарсан төлөвлөлт хийж байгаа. Учир нь 20, 20 айлаар төлөвлөлт хийх бололцоогүй. Инженерийн шугам сүлжээ, ашиглалтын зардал маш их гарах учраас цөөн айлд хийдэггүй. Ашиглалтын зардлыг нь дүйцэхүйц байлгахын  тулд 200-300 айлыг багтааж төлөвлөлт хийдэг. Төлөвлөлтөд хамрагдах иргэд саналаа нэгтгээд  Гэр хорооллын  дахин төлөвлөлтийн  нэгжид хандах хэрэгтэй. Ер нь иргэд төлөвлөлтийн талаар харьцангуй  сайн ойлголттой болсон байна билээ.
-Барилгажилтын ажил хэдийгээр эхлэх вэ. Өмнөх байршлуудын ажил нь одоо хүртэл эхлээгүй л байгаа?
-Дахин төлөвлөлт хийхэд эхлээд НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар орж батлагдах ёстой дараа нь  НИТХ-аар хэлэлцээд  гүйцэтгэгч аж ахуйн нэгж иргэдтэй тохирно. Үүний дараа барилгажилтын ажил эхлэх  учир энэ журмаараа л явна. Тиймээс одоогооср яг тэдэнд ажил эхэлнэ гэж хэлэх эрт байна. 
Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
sain bn
ok tolovlolt
heazgaargui tolovlo
Хамгийн их уншсан