Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” АХИАД Л АСУУЛТ ДАГУУЛАВ

“Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн үйл ажиллагаа дахин доголдсон тухай мэдээлэл гарлаа. Эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийн хариуд удирд­лагууд албан ёсны тайлбар хэлсэнгүй. Засгийн газар, Уул уурхайн болон Эдийн засгийн яамнаас ч мэдээлэл өгөөгүй байна. “Эрдэнэс Таван толгой” компанийн угтан авагч нь хүртэл утсаа авахгүй байгаа нь тус компани ажиллахгүй, тэг зогсолт хийсэн нь үнэн гэх хардлага төрүүлнэ. Тэгвэл юуны учир Таван толгойн хоёр уурхай ажлаа зогсоосон бэ гэх асуултын хариуг бодит байдалд үндэслэн таамаглаж болох юм. Иргэн бүрт эзэмшүүлэх нэг сая төгрөгийн хувьцаа ганцхан жилийн дараа нэгж бүрийн үнэ цэнэ гурав дахин өснө хэмээн улстөрчид амлаж байсан нь 365 хоногийн өмнөхөн. Анх IPO хийхдээ сүр дуулиантайгаар хувьцаагаа тараасан ч эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй учраас хэний ч тоохгүй зүйл болж хувирсан. Нэг хүн 1072 ширхэг хувьцаа нэр дээрээ хадгалж болно, зарахыг хүсвэл зөвхөн Засгийн газарт л тушаах ёстой. Гэвч “үхмэл” хувьцаатай Таван толгой хөрөнгийн зах зээлд гараад ч амжилт олсонгүй. Харамсалтай нь, уурхайгаа ажиллуулж, бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах цагаар өөр нэг хүндрэл учирсан. Хүний хөгжлийн мөнгө тараах тул хөрөнгө мөнгө босгох шаардлага гарлаа. Чалко компаниас 350 сая ам.доллар зээлж иргэддээ тараасан нь Эрээн рүү даваад Хятадын өмч болов. Дээрх их мөнгөний барьцаанд Таван Толгойн Зүүн Цанхийн уурхайн нүүрсийг шууд нийлүүлэхээр тохирсон. Төр, засаг ч ялгаагүй 350 сая ам.долларынхаа хариуд Чалкогийн зуух руу Зүүн Цанхийн нүүрсийг хүрздэх болсон юм.
Компанийнхан дараагийн аргачлалаа боловсруулж хоёр дахь уурхай Баруун Цанхийг ашиглалтад оруулаад одоо л нэг ашгаа олж, иргэдийн гарт буй хувьцаагаа үнэлүүлье гэтэл бас болсонгүй. 2012 оны аравдугаар сард шинэ уурхайн нээлт болж, хөрс хуулалтын ажил үргэлжилсээр энэ жилийн эхээр нүүрсээ олборлож эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор 2.5 сая тонн нүүрс гаргаж, борлуулах ёстой. Ажил хэрэг 128.6 мянган тонн буюу дөнгөж таван хувьтай үргэлжилж байна.
Компани үнэхээр аварга том хөдөлгүүртэй автосамосволуудынхаа ажлын зардлыг төлж дийлэхгүй болчихоод зогсчихов уу. Он гарсаар Таван толгойн хоёр уурхайгаас нийт 962.9 мянган тонн нүүрс олборложээ. Үүний 128.6 мянган тонн нь бидний ашиг гаргаж худалдаалах нүүрс. Бусад буюу дийлэнх нь Чалкод хүргэж өгөх өр юм. Тэгэхээр 962.9 мянган тонныг олборлосноос ердөө 10 гаруй хувиас нь ашиг олж байгаа гэсэн үг. Нэг алим зараад олсон ашгаараа дахиад есөн алим авах гэж буйтай адилхан. Ийм нөхцөлд дампуурал, эргэлтийн хөрөнгөгүй болох магадлал тун өндөр хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ийм байдалд  буй компани 10 хүрэхгүй аварга самосволоо хэрхэн “тэжээх” нь ойлгомжтой. “Терекс МТ-4400” маркийн хүнд даацын машины шатахууны багтаамж нь л гэхэд 1300 галлон буюу 4.8 мянган литр. 240 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай лут том машинаар нэг удаадаа л 11.2 мянган ам.долларын нүүрс тээдэг аж. Ийнхүү тооцоолохын учир нь Уул уурхайн яамнаас нүүрсний ханш тонн тутамдаа 47 ам.доллар байгаа хэмээн мэдэгдсэн юм. 11.2 мянган ам.доллараас 4800 литр шатахууны үнийг хасахад хэдий хэмжээний ашиг гарах вэ. Тэр ашиг нь цаашид Таван толгойн хоёр уурхайн үйл ажиллагааны зардал.
Өөр нэгэн тооцоо хийж үзвэл, Таван толгой хэдий хэмжээний өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж буйг тоймлож болно. “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь өнгөрсөн сард “4-5 сарын дотор 170 сая ам.долларын өрийг тэглэх боломжтой. Чалкотай дахин таван жилийн гэрээ байгуулна” хэмээн хэлж байсан. 120-150 хоногт тонн бүр нь 47 ам.долларын ханштай нүүрс экспортлоод 170 сая ам.долларыг төлнө гэвэл нийт 3 617 021 тонн нүүрс олборлох шаардлагатай. Үүнийг хоногийн тоонд хувааж үзвэл өдөрт дунджаар 24-30 мянган тонн нүүрс олборлож байгаа гэсэн үг юм. Энэ мэтээр “Эрдэнэс Таван толгой” компанийн санхүүгийн хүндрэл юунаас болсон гэх таамаглал урсаад байж болно. Сурагчдын дунд зохион бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулж, оюутнуудад тэтгэлэг олгож, мэргэжил эзэмшүүлж нийгмийн хариуцлагаараа бусдаас дутахгүй гэдгээ вэб хуудсаараа үргэлж нотолдог. Гэвч улс орны өмнө, эдийн засгийн төлөө хүлээсэн хариуцлагаа умартаж, хэдхэн машинаа бензинээр хангаж чадахгүй суучихсан нь ямар шалтгаантай вэ. Иргэн бүрт эзэмшилтэй, төрийн оролцоотой компанийн ажил зогссон учрыг 1072 хувьцаатай хүн бүр асууж байгаа тул, хариу өгөхийг хүсье. Саяхан “Автосамосволын эвдрэл засах техник, үйлчилгээ хариуцсан хоёр инженер ажилд авна” гэх зар түгээснийг ч өө болгож, хардах хүн байна. Улс орны үүц хэмээн нэрлэгдэх том компани машинаа засч чадахгүй гацчихна гэж баймааргүй юм. Компанийн 482 ажилтнаас 345 нь уурхайн талбайд ажилладаг аж. Өнгөрсөн баасан гарагт Таван толгойн уурхайд усны машины жолооч осолдож, ажлын талбайд анхны тусламж хүргэх эмч байгаагүй тул нас барсан хэрэг гарсан гэх. Түүнээс болж компанийн удирдлагууд үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн гэж хэвлэлээр мэдээлсэн.
Компанийн удирдлагууд, албаны эх сурвалжтай холбогдож тодорхой нөхцөл байдлын талаар мэдээлэл авах гэсэн ч хариу өгөх хүн олдохгүй байгаа нь сэтгэлд ургасан хардлагын галыг улам бадраана. Компанийн ажил зогссоноос үүдэж үйл ажиллагааг хэрхэн сэргээх, Чалкогийн өрийг хэзээ, хэрхэн барагдуулах, Уул уурхайн сайд, Сангийн сайдын үг хоорондоо яагаад зөрөлдсөн гээд цөөнгүй асуулт урган гарч байна.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
boroo gould shig
Хамгийн их уншсан