Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексик Канад хоёрыг Америкийн нутаг гэв


Улстөрч хүн өөрийн улсын төдийгүй олон улсын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Гэвч зарим орны улс төрийн өндөрлөгүүд ийм мэдлэгтэй байх шаардлагагүй гэж үздэг бололтой.
Жишээлэхэд, Америкийн Калифорни мужаас сенатад сонгогдсон гишүүн Дайана Финштейн хоёр өдрийн өмнө Хууль зүйн хорооны хуралд илтгэл тавихдаа АНУ, Мексик, Канад гэсэн гурван өөр улсыг нэг улс болгож хэлснээс болж Үндэсний аюулгүй байдлын агентлаг донгодуулсан дуулиан дэгдэв.

Финштейн нь Үндэсний аюулгүй байдлын алба алан хядлагын эсрэг хэрхэн амжилттай тэмцсэн тухай ярихдаа гурван улсыг нэг өнгөөр будан нэгтгэсэн улс төрийн газрын зураг ашиглажээ. Ингэхдээ сенатын эрхэм гишүүн нь бодит байдал дээр огт байдаггүй энэ нүсэр том улсыг “Эх нутаг” гэж нэрлэжээ. Тэрээр “Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь надад энэ газрын зургийг өгсөн юм. Энд алан хядах ажиллагаа үйлдэхээр завдсан 54 цэгийг тэмдэглсэн байгаа. Эднээс манай эх нутгийн газар дээр 13, Европт 25, Африкт тав, Азид 11 нь байна” гэжээ.
Эрхэм сенатч тусгаар тогтносон гурван өөр улсыг нэг улс болгон “эх нутаг” гэж нэрлэхдээ цаанаа ямар санаа агуулсныг таах л үлдлээ. Харин энэ илтгэл интернэтээр цацагдсаны дараа хүчтэй шүүмжлэлд өртөж, зарим хэрэглэгчид Мексик ба Канадын иргэдэд хандан АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг наргиан маягаар уриалсан байна.
Үүний дараа сенатын гишүүнд бүдүүлэг алдаа бүхий газрын зураг өгсөн агентлагийг хөрш зэргэлдээ орнуудын тусгаар тогтнолыг үл тоомсорлолоо гэж “хатуу донгодсон” аж.

Америкийн улстөрчид энэ мэт дэлхийн улс төр ба газар зүй, үндэстэн ястны талаар ямар ч мэдлэггүй гэдгээ харуулан онигоонд орох нь цөөнгүй.
Тухайлбал, 2007 онд Ерөнхийлөгч Жорж Буш Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу “APEC”-ийн хуралдаанд үг хэлж байхдаа газрын тос экспортлогчдын байгууллага болох “OPEC”-тэй андуурч цугласан олныг хөгжөөгөөд авсан. Мөн тэрээр тухайн үеийн Австралийн Ерөнхий сайд байсан Жон Говардын Иракт хийсэн айлчлалын талаар тайлбар хийхдээ “Жон Говард өнгөрсөн жил ч Иракт байрласан Австрийн цэргийг эргэж очиж байсан” гээд онигоонд орсон. Ингэснээр Буш Австри ба Австрали хоёрыг андуурсан хэрэг. Австри биш харин Австрали Иракт цэргээ байрлуулсан гэдгийг мартсан хэрэг. 2002 онд Бразилийн Ерөнхийлөгчтэй ярилцаж байхдаа “Танайд бас хар арьстан байдаг юм уу?” хэмээн асуусан гэж байгаа. Португалийн колончлогчид, хар арьст боолууд, нутгийн индиан омгийнхон ба тэдний үр удам болсон мулатууд энэ улсыг байгуулсан байдгийг зөвлөхүүд нь хэлж амжаагүй бололтой.

2003 онд Вашингтонд үг хэлэхдээ “1989 оны яг энэ долоо хоногт Зүүн Берлин, Лейпциг хотуудад эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Ингэснээр оны сүүл гэхэд Төв Америк дахь бүх коммунист дэглэмүүд нуран унасан билээ” гэж айлдсан. Уг нь Төв Европ гэж хэлэх гэж байсан бололтой. Цаашлаад мань эр “Саддам Хуссейнд гараа тас цавчуулсан иракийн зоригт иргэнтэй гар барих гэж байна” гэж хэлсэн. Путинтэй нэгэн удаа ярилцаж байхдаа Словакийг Словенитэй андуурсан. Словени нь 1991онд Югославаас салж гарсан улс бол Словак нь 1993 онд Чехословак гэдэг холбооны улс задран унасны дараа тусгаар болсон байдаг ч Америкийн улстөрчдөд ямар хамаа байна. Гэхдээ олон улсын талаар ингэж төөрдөг нь бага Жорж Буш ганцаараа биш.Ерөнхийлөгч Обама 2008 онд үеэл өвөөгийн тухай ярихдаа “Аушвиц руу дайран бөөнөөр хорих газрыг чөлөөлсөн америкчуудын анхны бүлэгт байсан” гэсэн. Гэтэл Одоогийн Польшийн нутаг дээр байдаг Аушвиц хорих лагерийг Зөвлөлтийн Улаан армийн дайчид чөлөөлсөн юм. Харин Обамагийн үеэл өвөө нь Аушвиц биш Германд байсан Бухенвальдийг чөлөөлөхөд оролцож байсан ч америкчуудын хувьд онцын ялгаа байхгүй л дээ.
Цагтаа дэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан Сара Пэйлин олон улсын улс төр, газарзүй, шашны мэдлэгээрээ “гайхуулдаг” нэгэн. 2010 онд хоёр Солонгосын харилцаа ээлжит удаагаа хурцадсантай холбоотойгоор яриа өгөхдөө “Мэдээж бид өөрсдийн холбоотон Хойд Солонгосыг дэмжих шаардлагатай" гэчихсэн. Уул шугамандаа Америкийн холбоотон нь Хойд биш харин Өмнөд Солонгос юм. Пэйлин цагаан хоолтнуудын үзэл бодлыг шүүмжлэхдээ “Бурхан биднийг амьтдыг идээсэй гэж хүсээгүй байсан юм бол яах гэж тэднийг махаар бүтээсэн юм бэ” гэж хэлээд шашны талаарх чамгүй мэдлэгтэй гэдгээ харуулсан удаатай.

Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Жон Маккейн нь Америкийн пуужингаас хамгаалах системийн талаар ярихдаа ОХУ-ыг хориод жилийн тэртээ задарч үгүй болсон Зөвлөлт гэж нэрлээд авсан. Түүний хувьд ОХУ нь одоо ч Зөвлөлтөөс огт ялгаагүй бололтой. Өөр нэгэн мэдэгдэл хийж байхдаа Беларусийг Литватай андуурсан. Беларусьт авторитар дэглэм тогтоосон Лукашенког л шүүмжлэн ардчилсан Засаглалтай Литваг магтах гэж байгаад андуурсан нь энэ аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь олны өмнө үг хэлж байгаад Кырзыхстан ба Гүржид ардчилсан тогтолцоог дэмжин ажиллаж байгаа төрийн департаментын ажилтнуудаа магтсан юм. Гэтэл Кырзыхстан гэж улс огт байдаггүй харин Кыргызстан, Казахстан гэсэн хоёр тусгаар улс байдаг гэдгийг мартсан эсвэл хоёуланг нь нэгтгээд бөөндөж хэлвэл амар гэж бодсон байх.
Зөвхөн Америк гэлтгүй дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд нөлөөлдөг, тодорхой хэмжээгээр хянаж байдаг улстөрчид ийм алдаа гаргаж байгаа нь харамсалтай бас инээдэмтэй. Шууд хэлэхэд дэлхийн бусад орны талаар ямаршуу бодолтой явдгаа л харуулж байгаа хэрэг. Гэхдээ цэрэг, улс төр, эдийн засаг гээд бүх зүйлээрээ дэлхийн №1 гүрэн болохоор яалтай. Өндөрлөг нь ийм байхад жирийн иргэд нь ямар байх нь ойлгомжтой. Бостонд чечень гаралтай ах дүү хоёр Царнаев бөмбөг дэлбэлсний дараагаар жирийн иргэд ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг Чеченийг тусгаар тогтносон Чехтэй андууран будилж элдвээр хараан зүхэж эхлсэн тул Чехийн Элчин сайд нь албан ёсоор тайлбар мэдэгдэл хийхээс өөр аргагүй байдалд орж байсан юм. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ мэт будилааны талаар “Эрх чөлөөн дээр суурилж байдаг нь манай ардчиллын шалтгаан юм. Америкийн иргэн өөрөө сонголтоо хийсэн тохиолдолд тэнэг байх эрхтэй. Бас хүсвэл өөрийгөө бусдаас онцлон ялгах эрхтэй” гэсэн байдаг.
Сонголтоо гэж...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан