Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАРУУН ЦАНХИАС ГУРВАН САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОЖ, ЭКСПОРТОЛНО

Манай улсыг нэг өрх гэж үзвэл өрнөөс өрний хооронд зутруухан амьдарч буй айл юм. Ингэж хэлэх учир байна. Монгол Улс дэлхийн зах зээлд худалдсан алт, зэс, нүүрсээсээ энэ жил ямар ч ам.доллар эргүүлж авахгүй. Өмнөх УИХ, Засгийн газрын үед мөнгийг нь урьдчилж аваад хэрэглэчихсэн уч­раас дэлхийн зах зээлд ма­най экспортолдог ашигт малт­ма­лын ханш унасан ч тэр үнээрээ бүтээгдэхүүнээ гаргана. Эдийн засаг тогтворгүй байх олон шалтгааны нэг нь энэ. Өөрөөр хэлбэл, нүүрс, зэс, алтны ханш олон ул­сын зах зээлд буурсан нь Монголын эдийн засагт таа­гүй нөлөө авчирсан. Уул уур­хайн салбар манай эдийн зас­гийн 20, төсвийн орлогын 40, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг. Он гар­саар алт, мөнгө, зэс, цайр, молибден, төмрийн хүдэр, нүүрс зэрэг манайхаас хам­гийн их экспортолдог бүтээг­дэ­хүүний үнэ ханш олон ул­сад өмнөх хоёр жилээс харь­цангуй унажээ. Харин өнгөрсөн хоёр жи­лийн хугацаанд манай эдийн засаг огцом сэргэсэн нь нүүрсний үнийн өсөлт байсан гэнэ.
Энэ нь, өмнөд хөрш болон олон улсын зах зээлийн өөрчлөлтөөс хамаарсан түр зуурын үзэгдэл гэж салбарын яам тайлбарлаж байна. Одоо бодит байдалд тохирсон, зар­дал хэмнэсэн өрсөлдөх чадварт түшиглэсэн бодлого баримтална гэх. Өдрөөс өдөр ирэх тусам эдийн засгийн нөх­цөл байдал амаргүй болж, өр­гөн хэрэглээний барааны үнэ тэн­гэрт хадаж, үнийн өсөлт ард түмний нуруун дээр ачаа болж ирж байхад салбарын яам нь байдаг л зүйл, одоо өрсөлдөх чадварт түшиглэсэн бодлого баримтална гээд нүдэн балай, чихэн дүлий сууж болмооргүйсэн. Тэд бүр энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 3.4 тонн алт экспортолж, 143 сая ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 тонн алт илүү экспортолсон гэх. Харин зэсийн баяжмал өмнөх оны мөн үетэй харь­цуулахад төдийлэн өөрчлөлт гараагүй аж. Гэхдээ Оюу толгойн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнээр оны эцэст зэсийн экспорт нэмэгдэнэ хэмээн ярьж байна. Алтаа өмнөх жилээс илүү экспортлон ашиг олсон юм бол нүдэнд харагдаж, нийгэмд мэдрэгдмээр юм. Нөгөөтэйгүүр, улсын төсвийн орлого өдий төдий тэрбумаар тасалдаж, доголдолгүй хэвийн явж байхсан.
Энэ оны долдугаар са­рын байдлаар манай улс найм орчим сая тонн нүүрс экс­пор­тол­сон нь өмнөх оны мөн үетэй харь­цуулахад хоёр сая тонн нүүр­сээр дутуу. Өөрөөр хэл­бэл, нүүрсний экспорт 20 гаруй хувиар буурч, үнийн дүнгээр хоёр дахин унажээ. Манай улс өмнөд хөршийн “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж, “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэдэд тараасан. Үүнийхээ хариуд нүүрс өгөхөөр болсон ч дэлхийн зах зээлд нүүрсний ханш унаж, бидэнд хор хохирол дагуулсаар байна. Өмнөх Засгийн газрын үед эрх баригчдын гаргасан хуудуутай шийдвэрийн үрээр бид нүүрсээ хамгийн хямд тарифаар нийлүүлж эхэлсэн. Өрний үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ ондоо багтаан дуусгана хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдэгдэж бай­на. Ямартай ч, энэ сараас эх­­лэн “Чалко” компанитай бай­­гуул­сан худалдах, худал­дан авах гэрээний дагуу нүүрс­ний экспортыг дахин сэр­гээж, он дуустал 4.5 сая тонн нүүрс нийлүүлж өрөө да­рах гэнэ. Эрдэнэс Таван тол­гой энэ онд Зүүн цанхийн уур­хай­гаас 4.5 сая, Баруун цан­хиас гурван сая тонн нүүрс ол­бор­лох аж. Баруун цанхийг ийн ашиглалтад оруулснаар “Чалко” компанид өрөө бүрэн төлж барагдуулахаас гадна 200 сая гаруй ам.долларын экспортын орлого олох боломжтой гэж үзжээ.
Манай улс өнгөрсөн сарын 9-нөөс Оюу толгойн зэсийн баяжмал гаргаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд дөрвөн мянга гаруй тонн баяжмал экспортлоод байгаа аж. Гэтэл тус компани далд уурхайгаа зогсоосон. Үүнийгээ дахин санхүүжилт хэрэгтэй хэмээн тайлбарлаж буй. Тэгвэл энэ асуудлыг тус компанийн ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурал шийдэх аж. Учир нь, Компанийн тухай хуульд ТУЗ, хувь нийлүүлэгчид энэ асуудлыг шийдэх боломж­той гэж заажээ. Гэрээнд “Хөрөнгө оруулалтын гэрээ­ний бүрэлдэхүүн хэсэг бо­лох төслийн ТЭЗҮ-д далд уур­хайд шаардлагатай хөрөн­гө оруулалтыг борлуулалтын орло­гоосоо санхүүжүүлэх ту­хай” заажээ. Анхны хөрөнгө оруу­лалтын зардал өссөн шалт­гааныг тогтоохоор гурван сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, урьд­чилсан байдлаар баримтаар нотлогдоогүй хоёр тэрбум гаруй ам.долларын асуудлыг хянан шалгаж байгаа. Энэ нь, зардлын 40 орчим хувьтай дүйж буй юм. Нөгөөтэйгүүр, манай улсын төсвийн 6-7 сарын орлоготой дүйцэх хэмжээний мөнгө. Ямартай ч, ажлын хэсгийн дүгнэлтийг хаа хаанаа хүлээж байгаа аж. Мөн Оюу толгой баяжмалын борлуулалтаас олсон орлогоо Монгол Улсад бүртгэлтэй дотоод, гадаадын банкны дансаар дамжуулан гүйлгээ хийхээр талууд тохиролцсон байна. Далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид саадгүй явуулах чиглэлээр ярилцахаар Рио Тинто компанийн Зэсийн группийн Ерөнхий захирал Жин Себастиан Жак өнөөдөр манай оронд ирнэ.

С.Заяа

0 Сэтгэгдэл
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан