Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэмбилэг: Өөрийгөө өртэй гэж сэтгэх нь хүнийг бүтээлч, хөдөлмөрч болгодог


Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт сүндэрлэх Майдар бурханы хөшөөт цогцолбор бүхий “Их Майдар” төслийн  ерөнхий зураач Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа.

-Хүмүүс бид зовлон жаргал гэгч хоёр энгийн шалтгаан дунд амьдардаг. Зовлонгийн үндэс нь нүгэл, жаргалын үндэс нь буян” гэж таны нэг ярилцлаганд хэлсэн үг сонирхол татлаа. Их Майдарыг урлах нь таны хэлээд байгаа тэр их буян юм болов уу гэж бодож байна. Таны хувьд?
-Хүн амьдралдаа зовох гэж бус жаргах гэж төрдөг гэдэг. Жаргал хэтрэхээрээ зовлон болдог, зовсон хүмүүс заримдаа жаргалд хүрдэг. Ямар ч юмыг хэтрүүлж болдоггүй хорвоо чинь энэ юм. Чи бид хоёрын яриад сууж байгаа нь миний хувьд бас нэг буян гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл чи надаас сонссон зүйлээ цаашаа гурван хүнд ярина, гурван хүн есөн хүнд гэх зэргээр буян арвижиж байгаа хэрэг. Жаргал хэтрэхээрээ зовлон болдгийн жишээг бид оддын амьдралаас харж болно. Алдар нэр, мөнгө төгрөг, эрх мэдэлд хүрсэн дэлхийн болоод Монголын одонцоруудын амьдралын зовлонг гэрт нь орж үзээгүй болохоор бид мэдэхгүй жаргаж байгаа л гэж боддог.  Гэтэл мөн чанартаа жирэмсэн найз охиноо хөтлөөд Баянхошуу руугаа алхаж байгаа залуу хосыг Зайсанд амьдарч буй өндөр дээд албан тушаалтнууд буюу эд мөнгө баялгийн оргилд хүрсэн хүмүүс, тэдгээрийн гэр бүлд болж буй хэрүүл тэмцэл, зовлонтой харьцуулахад бараг эсэргээрээ шинэхэн хосуудын амьдралд атаархахаар байдаг. Үүнийг ойр дотно амьдарч байгаа хөрөнгөлөг, чинээлэг нөхдүүдийнхээ амьдралаас харж л байна. Бэлхэн жишээг өнөөдрийн манай улс төрийн хүрээнийхэн, авлига болоод эд хөрөнгө шамшигдуулсан хэргээр баригдаж хоригдон, ял шийтгэл хүлээж, тэдгээр хүмүүсийн гэр бүлд болж буй эмгэнэлт байдлаас тодхон харж болно. Монгол гэлтгүй гадаад улс орнуудад эгэл биш амьдралаар зовж яваа оддуудын амьдралаас ч ийм олон  жишээ харж болно. Майкл Жексон үхэхийнхээ өмнө туйлын хүнд байдалд орж, байх газраа олж ядан тарчлан яваад эмийн тунгаа хэтрүүлэн нас барж буйг жаргалын туйл зовлон болж дуусч байгаа жишээ гэхээс өөр яалтай. Ингээд бодохоор одоо байгаа амьдралдаа хангалуун байх шиг жаргал байхгүй болов уу.

-Майдар бурхан бол энэхүү зовлонт амьдралаас гэтэлгэгч гэдэг биз?
-Майдар бурхныг бүтээх хүсэл, тэрхүү ажил үйлсэд оролцохыг хүссэн хүмүүсийн мөрөөдөл одоо л биелж байна.Байгаль дэлхийгээ сүйрүүлж эргээд тэрэндээ хорлогдон мөхөх энэ тавиланг зөгнөж бичсэн сургааль номлолд Майдар бурхан бол тэрхүү зовлонт амьдралаас гэтэлгэгч гэж байдаг юм. Хэдийгээр бид Майдарыг бурхан гэж хүлээж байгаа ч хүний биеэр төрөх, бурхан Будда Шагжамүний адил эцэг эхээс төрөх жирийн л нэг хүүхэд, хүн байх юм. Гагцхүү тэр гэгээрч, эвтэй байх,энэрэнгүй байх, асрах сэтгэлийн тухай сургаалийг айлдах юм. Тэгэхээр энэ бол ямар нэгэн бурхан биш. Энэ нь ирээдүй цагт хүн төрөлхтний дунд гарч ирэх их соён гэгээрүүлэгч юм. Үүнийг хоёр мянга 500 жилийн тэртээгээс зөгнөж, судар номд бичиж ирсэн хүлээлттэй байгаа бурхан буюу товчхондоо бурханлиг, гэгээрсэн хүн юм. Буддын шашинд бурхан гэж төгс гэгээрсэн хүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Ийм учраас Майдарын сургааль номлолыг хүмүүс бид одооноос амьдрал ахуйдаа хэрэглэж, энэ ертөнцөд залрах цаг үеийг олон түмэнд таниулах нэг хэлбэр нь хөшөө дурсгалыг нь босгох, үүнээс улбаалан ном судрыг уншиж тайлах, судалж шинжлэх, одоо байгаа байгаль нийгмийнхээ үзэгдэлтэй холбож өөрийнхөө амьдралд эдгээрийг ашиглаж тусгаж явбаас зөв сайхан амьдарч болно гэдгийг нотлох нь чухал байгаа юм. Ер нь ч зарим нэг энгийн эгэл хүмүүсийн амьдрал тэдний бүтээл үүнийг нотолсоор л байгаа.

-Төгс гэгээрсэн хүнийг бурхан гэнэ. Тэгвэл хүн бурханлиг төрдөг гэдэгтэй та санал нийлдэг үү?
-Хүн тэр дундаа хүүхэд бол гурав, дөрвөн нас хүртлээ бурханлиг байдаг. Чи их зөв асууж байна. Хүн ямарваа нэгэн сургууль, үзэл суртлын дунд орохоороо хууччуулын ярьдгаар хүнээ байдаг. Өөрөөр хэлбэл хүн бурханлиг буюу хүнээрээ байх нь биологийн хэлээр 0-4 насны хооронд үргэлжилдэг. Ингээд л байгаль дэлхий орчноосоо маш их мэдээлэл авч эхэлдэг. Нэг ёсондоо маш том эерэг ба сөрөг мэдээллийн дунд орчихдог. Тэгэхээр бодьгалийн хүүхэд нас гэдэг бол ерөнхийдөө хамгийн сайхан гэгээлэг үе юм. Асар их мэдээллийн орчинд орж ирсэн хүн зөвийг нь өөртөө шингээн, бурууг нь ялгаж салгах дархлаа нь устаж эхэлж байгаа хэрэг. Уг дархлааг хадгалж явах, хүнээрээ байх ганц сургааль бол Буддизмын сургааль гэж боддог. Майдар төсөл маань уламжлал, ёс заншил, соёлын үнэт өвийг сэргээх бас оюуны дархлааны төсөл юм. Хүн орчин үед өндөр нуруутай, сайхан бие хаатай, тарган цатгалан, фитнесст явдаг булчин шөрмөстэй,биеийн дархлаатай болсон хэдий ч оюуны дархлаа нь маш их суларчээ. Энэ оюуны дархлааг сэргээж буцаан гэгээн байдалд нь оруулж байгальтайгаа ойр байлгах сургааль нь Буддизмын сургааль. Ийм ч учраас манай төслийн гол зорилго нь монголчуудыг оюуны дархлаатай байлгах гэж ойлгож болно.

-Ерөнхий бүтээн байгуулалт болох Суварган байгууламж, Майдар бурхны хөшөө нь 2014 онд ашиглалтад орж нээлтээ хийнэ гэсэн. Цогцолборын ажил 100 хувь дуустал ойролцоогоор хэдий хугацаа зарцуулах бол?
-Цогцолборыг бүтээх тухай 2006 оноос яригдсан. Хөрөнгө санхүүгийн боломж бололцоо нь 2010 онд шийдэгдэж зураг төслийн ажил нь дуусч байна. Бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байгаа. Энэ ажлын дараа цогцолборын хүрээнд “Майдар эко сити” төсөл хэрэгжинэ. Мөн гурав дахь төсөл болох цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжинэ. Ийм гурван үе шат бүхий томоохон төсөл байгаа юм. Одоогийн байдлаар дөнгөж хөшөө дурсгалын ажил хийгдэж байна. Энэ нь 2016 онд дуусна. “Майдар эко сити”-гийн зураг төслийн ажлыг Берлин хотод хийж байгаа бол цөлжилтийн эсрэг “Майдарын ногоон морь” төслийн судалгааны ажлыг Ерөнхийлөгчийн ивээл дор гадаад дотоодын судлаачдаас бүрдсэн баг энэ жилээс эхлүүлж байна. Нийт төслийн ажил гурван үе шаттай явагдана. Тэгэхээр хугацааг хэлэхэд хэцүү,  маш олон жил үргэлжилнэ. Цаг хугацаанд шахагдахгүй Монгол Улсын цаашлаад олон улсын оролцооны төсөл болж байгаа учир яг таг тэдэн жилийн дараа бэлэн болно гэж ам гарах боломжгүй, гэхдээ хэрэгжинэ.

-Зам дагаж хөгжил гэдэг шиг их бүтээн байгуулалтыг дагаад хот суурин бий болно доо?
-Сүүлийн үед ногоон эдийн засаг гэж их ярьж байгаа нь сайшаалтай. Майдар бурхныг дэлхий дээр ногоон морь хөлөглөн заларна гэж ном сударт бичигдсэн байдаг. Ногоон эдийн засаг, эко орчин, ногоон бүсийг нэмэгдүүлж байгаа нь үүнийг зөгнөн хэлжээ гэж ойлгож болно. Тийм учраас ногоон хүлэг буюу байгальд ээлтэй төслүүдээ сойж бид дэлхийн хөгжилд оролцохоос өөр замгүй. Тэгэхгүй бол байгаль экологийн тэнцвэр алдагдах, хэт уул уурхайгаас хамааралтай болж, цөлжилт, дулаарлын шинж тэмдгүүд ихээр илэрч байгаа болохоор ногоон эдийн засгийг хөгжүүлэхээр монголчуудаас гарч буй хамгийн том төсөл бол “Майдарын ногоон морь” болно.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт бүтээн байгуулалт нь хийгдэж байгаа төсөл маань “Нью Ком” группийн салхин цахилгаан станцын төсөлтэй нэг нутгаас эхэлсэн нь бэлгэшээлтэй сайхан учрал болсон. Ард иргэдийн зүгээс манай төсөлд оролцохоор маш их санал хүсэлт ирж байна. Энэ нь эдийн засаг, дэд бүтцийнхээ талаас их үр өгөөжтэй, хөгжлийн зөв голдирол дээр гарч ирж байгаа төслийн анхдагч нь “Их Майдар” болж байгаа болов уу гэж харж байна даа.

-Ямар ямар компани, албан байгууллагууд хамтран ажиллаж байгаа вэ?
-Канадын ой модны яамнаас цөлжилтийн талаар туршлага судлахаар бидэнтэй хамтран ажиллах санал тавьсан. Мөн их сургуулиуд, Швецарийн байгаль орчны байгууллагууд оролцож байна. Япон, солонгосууд их сонирхож байгаа. Төсөл маань олон улсын шинж чанартай болсон учраас Монгол Улсын төр засаг дэмжиж оролцох болов уу.

-Цөлжилт, байгалийн үзэгдэл гэдэг хил хязгааргүй газар нутгийг хамарсан асуудал болчихсон. Тийм болохоор олон улсын сонирхлыг татаж байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Бид ярьдаг шүү дээ. Монголын шар шороон шуурга хойноосоо урагш нүүдэллэдэг учраас өмнө зүгийн электрон үйлдвэрлэлд муугаар нөлөөлдөг гэж. Тэр үйлдвэрлэл энэ тэр нь яамай гэхэд манай улсын эдийн засаг, байгаль орчинд маш их сөрөг нөлөөтэй. Тэр тусмаа Монгол шиг ногоон бүс багатай улсын хувьд цөлжилтийн аюул Богд уулын урд хормойд тулж ирээд байна. Бид үүнийг зүгээр хараад сууж болохгүй учраас Майдар төсөл санаачлагдсан гэж хэлж болно. Энэ төсөл цөлжилтийн эсрэг тэмцэлд хошуучлагчаар оролцоно.

-Майдарын эринд сав ертөнцөд хэмжээлшгүй амар амгалан ноёлно гэдэг. Таны хувьд амар амгаланг юу гэж ойлгодог вэ?
-Амар амгалангийн эрин гэдэг нь асрал хайрын эрин гэсэн үг болов уу. Бид асралгүй болчихоод байна. Асрал гэдэг нь ээж ааваа асрахаас гадна байгаль дэлхийгээ асрахыг бас хэлэх байх. Байгаль дэлхий асрал хайрыг үгүйлж байгаа нь байгалийн гамшигт үзэгдлүүдээр илэрч байгаа . Ер нь, амар амгалан байна гэдэг нь бидний сэтгэлд буй юм. Сэтгэлдээ хоосон чанарыг үүсгэж, амьдралын буюу хүний амьдрах мөчлөгийн утга учрыг ойлгож, таниж чадвал амар амгаланд хүрч байгаа хэрэг. Энгийнээр хэлбэл шуналгүй байх. Шуналын сэдэл нь хүнийг амар амгалангүй болгодог болохоор ядаж үүнээс ангижрах хэрэгтэй. Энэ бол арван хар нүглийн дөнгөж нэг нь. Сүүлийн үед эд материалын сонирхол ихтэй болчихсон хүмүүс өөрөө өөрсдийгөө амар тайван байх ямар ч нөхцөлгүй болгоод байна. Үүний эсрэг ерөндөг бол шуналын сэдлийг оюун ухаанаасаа авч хаях. Үүнээс эхлэн амар амгаланг аяндаа мэдэрнэ. Цаашид бусад есөн нүглээс бага багаар ангижирч чадвал амар амгаланг бие сэтгэлээрээ бүх нийтээрээ мэдрэх боломжтой.

-Сонин хэвлэлд өгсөн ярилцлагаас тань харвал таныг их бясалгагч, шашинлаг хүн юм уу гэж ойлгосон?
-Би бурханч, бясалгагч хүн бол биш. Миний өөрийн мэргэжил зураач, дизайнер мөн уран баримал сонирхдог. Уран бүтээлч хүн сэтгэлгээний бүтээл тууривалд их оролцдог болохоор чиний хэлснээр бясалгагч, бурханч мэт харагддаг байж магадгүй. Гэхдээ хүний бүтээл бурханлиг сүнслэг байх ёстой гэж ойлгодог. Хийж буй уран бүтээлийн судалгаанаас хамаарч бага сага бурханы ном судар харж, лам хуврагуудаас асууж судлах юм гардаг л даа. Жүжигчин хүн дүрээ аваад судалдаг шиг, би ч гэсэн хийж буй ажлаа л судалж байгаа хэрэг. Энэ төслөөс гадна давхар ажиллаж буй төслүүд бий. Зураг, баримлаас гадна автомашины загвар дизайн хүртэл хийж байна. Мөн л машинаа судлана шүү дээ. Энэ мэт хийж буй бүтээл болгоноо их бага хэмжээнд судалдаг учраас Майдар төслийн хүрээнд бурхан шашны ном судар харах хэрэгтэй л болж байна.

-Майдар бурхны хөшөө нэлээдгүй өндөр болно.Аливаа юманд хэмжээ чухал байдаг ч, зарим зүйлсэд ялангуяа бурхны зүйлд тийм ч чухал биш юм шиг?
-\Инээв\ Зөв, хэмжээний хувьд зарим нэг хөшөө дурсгалаас өндөр, том байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь тэдгээрээс өндөр хийж, дээр нь гарах гээд байгаа юм биш л дээ. Манай Майдараас өндөр бурхан багшийн хөшөө дурсгал Хятад, Японд бий. Монументал гэдэг урлагийн чиглэл байдаг. Энэ нь сүрлэг уран бүтээл гэсэн үг. Сүрлэг байлгах гэсэндээ уран бүтээлч хүн бүр өндөр том хийх гэж зорьдог. Энэ ч утгаараа бид өөрсдийн боломж бололцоогоор, чадах чинээгээрээ том, сүрлэгийг хийж байгаа юм. Нөгөө талаас бурхан багш, Майдарын хөшөөг том хийж буй нь хүн өчүүхэн амьтан юм шүү гэдгийг мэдрүүлэх шаардлагаас үүдэлтэй. Хүний биеийг олсон бид ихэд аархаж, хүч омгийг үзүүлэн байгаль дэлхийг сүйтгэж байгаа учир байгалийн сүр хүчний өмнө бид ийм өчүүхэн гэдгийг илэрхийлэх гэсэн дохио тэмдэг. Майдар гэдэг маань өөрөө байгалийн төлөөлөгч учир томоор хийвэл олон түмэнд сэтгэгдэл төрүүлэх болов уу гэж бодож байна.

-Манайхан суваргыг жижиг томоор нь зөндөө л барьж байгуулдаг. Майдар төслийн хувьд бурханы сэрэг дүрийг суваргын хамтаар хийх гэж байгаа нь шинэлэг болж байгаа мэт санагдлаа?
-Суваргын хувьд дэлхийд эхний гуравт орохуйц хэмжээний болно. Олон ч янзын суварга байдаг бөгөөд хэдий чинээ том байна төдий чинээнд энерги татах, түгээх нь сайн байдаг гэж ярьдаг. Суварга нэг талаасаа сайн мэдээллийг түгээж, татдаг геометрийн бүтэцтэй зүйл юм. Тиймээс бид уг суваргыг 108 метр өндөртэй хийж байгаа бөгөөд дотор нь 108 мянган Майдар бурхан зална. Эдгээр бурхныг хийхэд 108 мянган айл өрх хандив өргөх боломжтой. Суварганы тэн хагасаас дээд хэсэгт хүн гарахгүй ба тэнд маш хүчтэй ариун ном судар байршина. Ер нь, суварга нэг талаараа номыг татагч, хадгалагч гэсэн утга агуулдаг юм байна лээ. Дашрамд хэлэхэд номыг уншихгүй ч гэсэн хадгалж байхад энерги нь тэр айлдаа түгэж байдаг. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн тэдгээр номыг уншиж таарна. Өөрөө уншихгүй юм гэхэд үр хүүхэд нь уншдаг. Бүрэн уншилгүй гүйлгээд харахын төдий энерги нь шингэдэг их сонин зүйл шүү. Үүнийг манай эрдэмтэн судлаачид тайлахдаа “Би мэдэхгүй байж болно, билэг оюун таалж байгаа” гэсэн байдаг. Тийм учраас номыг ихэд дээдлэх ёстой. Энэ суварга нэлээн том номын сан болох юм. Мөн мянган лам цуглан хуралдаж болохуйц заал танхим ч байгуулагдана.

-Цогцолборын нийт талбай 108 га гэсэн. Өмнө нь та Цонжин болдогийн Чингисийн хөшөөт цогцолборыг барьж байгуулсан хүний хувьд газар сонгох, газрын асуудал хэцүү байдаг байх?
-Тийм шүү. Хот байгуулалтынхаа онол номлолоор гэдэг ч юм уу манай Улаанбаатар хотод хэдэн сүм дуганаа эс тооцвол урлагийн бүтээл хэлбэрийн барилга байхгүй  нь харамсалтай. Угтаа урлагийн үнэт бүтээлүүдээ хот сууриндаа барих ёстой боловч ерөнхий төлөвлөгөө нь алдагдаад үнэ цэнэ муутай, шилэн, бетонон, төмөр голдуу байшин Улаанбаатар болчихож. Эдгээрийн дунд урлагийн бүтээл хөшөө баримал байх ямар ч аргагүй. Цонжин Болдогийн хөшөө ч гэсэн хэмжээний хувьд чамгүй том болохоор хотод барихад хэцүү байсан. Тиймээс хөдөө тийш, Чингис хааныхаа төрсөн нутгийн зүгт барихаар болсон юм. Майдар бурханыг ч гэсэн хотод хийе гэхээр газрын асуудал хүндрэлтэй байсан. Энэхүү хөшөөг Өндөр гэгээн Занабазарын хийсэн Майдарын баримлыг дуурайлган хийж байгаа болохоор зай талбай, дэглэлт муутай хотод баривал бараг бүтээлээ гутаасан хэрэг болно гэж бодсоны үүднээс Төв аймгийн Сэргэлэн сумыг сонгосон. Мөн зориуд цөлжилт их явагдаж буй хэсэг рүү харуулж байгуулах гэж байгаа нь цаагуураа давхар утга, зорилготой юм.

-Майдар төсөлтэй хамт эхлүүлсэн Морин хуур цогцолборын ерөнхий зураг төсөл, төлөвлөгөө хийгдчихсэн гэсэн?
-“Морин хуур” бол миний гурав дахь төсөл. Энэ төслийн төлөвлөгөө, зураг төслийн ажил Майдар цогцолбортой зэрэг хийгдэж эхэлсэн. Морин хуурын хэлбэртэй энэ цамхаг харин газрын хувьд Улаанбаатар хотод байхаас өөр бололцоогүй. Яагаад гэвэл аливаа улс орны нийслэлийг өндрөөс харах байгууламж байх нь зүйн хэрэг. Тийм ч учраас энэ талаар бодолцон зураг төсөл, эскизээ гаргасан. Морин хуурынхаа хоёр чихийг шилэн байгууламж болгоод, тэр дотроос хотыг бүхэлд нь харж болох юм байна гэсэн санаа орж ирсэн. Харамсалтай нь тухайн үед хотод газар олдохгүй байсаар хоёр ч жилийг алдуулсан. Саяхнаас газрын асуудлыг шийдэж өглөө.

-Цасан дээр мөртэй цаасан дээр нэртэй гэдэг. Майдар, Чингисийн хөшөө, Морин хуур цамхаг гээд таны бүтээл туурвилууд Эрдэмбилэг гэдэг хүний үлдээх томоохон ул мөр болох нь?
-Санхүүгийн болоод сэтгэл санааны байнгын дэмжлэг өгч байгаа Х.Баттулга сайддаа их баярладаг. Өсгөж төрүүлсэн ээж аавдаа ч гэсэн баярлаж, тэднээрээ бахархдаг. Миний хувьд өөрийгөө олон зүйлийн өмнө их өртэй хүн гэж бодож яваа. Ер нь, хүн өөрийгөө өртэй гэж бодож явах хэрэгтэй юм. Хүмүүн биеийг олж төрсөн энэ ховор хувь заяанд өөрийгөө өртэй гэж сэтгэх нь хүнийг бүтээлч, хөдөлмөрч болгодог. Архи дарс уун хөлчүүрхэж, авгай хүүхдээ зовоож, ажилгүй байгаа энэ олон залууг хараад ганц олдох өрөөлийн болоод өөрийн амьдралыг сүйрүүлж байгаад нь харамсдаг. Төрүүлсэн эцэг эх, байгаль дэлхийнхээ өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь бүүр ч эмгэнэлтэй. Би өртэй хүн. Миний хийж бүтээж байгаа, үлдээж байгаа бүхэн миний хүн болсон өрөө төлж буй хэлбэр юм. Тэрнээс биш надад мөнгө төгрөг, овойж оцойсон эд хөрөнгө хэрэггүй. Хүн амьдарч байгаа л бол энэ алдхан биеэ нийгэм, бусдын сайн сайхны төлөө зориулах ёстой. Юмыг бүтээгч босгогч байна гэдэг бол хамгийн их аз жаргал, сайхан чанар.

0 Сэтгэгдэл
Амархан сайн байна уу эрхэм дүү минь.Ийм сайхан ажил үйлсэд өөрийнхөө мэдлэг мэргэжил, хөдөлмөрөө зориулж байгааг тань өнөөдөр олж мэдлээ. Цаашдын ажил хөдөлмөрт улам их амжилт хүсэхийн ялдамд танай гэр бүл,үр хүүхдэд, мөн ээжид нь эрүүл энх, аз жаргал, амар амгаланг ерөөе.
Хамгийн их уншсан