Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчноо хэрхэн ногооруулах вэ?

“Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралтыг урьж танд болоод таны үр хүүхдүүд хамгийн шаардлагатай цэвэр ногоон орчныг та өөрөө хэрхэн бүрдүүлж болохыг сонирхлоо.

-Гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөр нийслэлээс хэрэгжүүлж эхэлснээр хүмүүс орон сууц гэхээсээ илүүтэйгээр байшин барьж тэндээ өөрийн ая тухтай байх бүхий л боломжийг бүрдүүлэхийг хичээх болж. Тэгэхээр энэхүү ногоон орчинг бий болгохын тулд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?
-Иргэд, өрх бүр өөрсдийн амьдарч буй орчин тойрноо ногооруулах хүсэл, сонирхол жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ ямар мод, зүлэг, цэцэг тарихаа төдийлөн мэддэггүй төдийгүй, энэ талаар туршлага нийтээрээ хомс байгаа.
Ер нь орчны тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийхийн өмнө мэргэжлийн байгууллагатай уулзаж, зайлшгүй зураг, төсөв хийж төлөвлөх хэрэгтэй.
Манай Монгол оронд ургадаг олон төрлийн гоёлын болон жимсний мод бутыг айл бүр орчиндоо тарималжуулан ургуулах боломжтой.
Ерөнхийдөө хашаандаа эдийн засгийн ач холбогдол бүхий жимсний болон гоёлын мод, бутыг тарих нь илүү үр ашигтай, өнгө үзэмжтэй юм. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэд Туул голын унаган ургамал болох өрөл, монос, долоогоно, чацаргана, үхрийн нүд гэх мэт жимсний мод, агч, голт бор /сирень/, тэхийн шээг, нохойн хошуу, гацуур, нарс гэх гоёлын мод хослуулан тарьж, шар хуайс, хайлаас мэтийн бутлаг ургамлаар ургамлан хашлага хийж таривал их зүгээр байдаг.

-Мэргэжлийн байгууллагыг зорьж зөвлөгөө авахаасаа өмнө тодорхой хэмжээний бэлтгэл хийх шаардлагатай байх л даа?
-Цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийхийн өмнө усалгааны асуудлыг хэрхэн зохицуулах талаар шийдсэн байх ёстой.
Мөн тухайн мод тарих газрын хөрс нь шим тэжээл муутай, бохирдолтой бол мод тарих нүхний хөрсийг солих шаардлагатай. Манайхны хар шороо гэж ярьдаг хөрс нь шаварлаг нягт тул заавал элстэй хольж сийрэгжүүлэх шаардлагатай.
Мод, бутыг сонгохдоо заавал гарал үүслийн тодорхойлолттой, буцах эзэнтэй, мод үржүүлгийн газарт бэлтгэгдсэн тарьц, суулгацыг сонгож, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, заавар авч тарих нь зүйтэй. Модыг 1-3 настай тарьц, суулгац байх үед нь шилжүүлэн суулгадаг. Түүнээс хөгшин, өндөр, том модыг шилжүүлэн суулгахад амьдрах чадвар их муу байдаг.

-Ногоон байгууламжийг арчлах гэдэг яг үнэндээ энгийн иргэний хувьд хэрээс хэтэрсэн их ажил л даа. Та энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай орон эрс тэс уур амьсгалтай, агаарын чийглэг маш багатай тул хамгийн гол нь мод бут тарьсан эхний жилийн усалгааны асуудалд онцгой анхаар. Усалгааг хийхдээ мод, бутны үндсэнд ус хүрсэн байхаар нэвчүүлж услана. Орчин үед маш олон төрлийн усалгааны систем зах зээлд байгаа. Тухайлбал дуслын, намираа, бороожуулагч, мананжуулагч гэх мэт бий.
Манай орны нөхцөлд хөх бууц болон сангасыг модны хөрсөнд хийхээс гадна, усанд уусгаж шингэрүүлэн мод, бутаа бордох боломжтой.
Мөн хавар навч, нахиа соёолохоос өмнө мод, бутыг хэлбэржүүлэн таналт, тайралт хийх шаардлагатай. Мод, бутыг таналт, тайралт хийснээр залуужихаас гадна, хурдан өндөр, саглагар болгох ач холбогдолтой.

-Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд ногоон байгууламжийн хамгийн оновчтой шийдэл хүлэмж юм шиг санагддаг?
-Ургамал ургах хамгийн таатай нөхцөл бол гэрэл, дулаан, чийг гурав юм. Энэ бүх нөхцөлийг бүрдүүлэхэд хүлэмжний ашиг тус өндөр. Хүлэмжинд тарьсан үр, тарьц, ногоо, ил талбайд тарьсан ургамлаас харьцангуй өсөлт сайтай байдаг.
Манай байгууллага өрхийн тариаланд зориулсан өртөг хямдтай, хулсан болон төмөр карказан бага, дунд оврын хүлэмжийг зах, зээлд нийлүүлж байна.

-Бидэнд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа танай байгууллагын талаар иргэд сонирхож байгаа. Хэрхэн та бүхэнтэй холбогдож болох вэ?
-Бид  2005 оноос байгаль орчныг хамгаалах, цөлжилт,элсний нүүдлийг бууруулах, ойжуулалт, цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Ойн мэргэжлийн байгууллага”-ын тусгай зөвшөөрөлтэйгөөр ажиллаж байна.

Бидний үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ecobirj.mnвэб хуудсаар болон 99116763, 99614895 утсаар авч болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан