Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Нэргүй: Бид гүзээг гүзээ л гэж ойлгоод байна


Уран зохиолд өөрийн гэсэн орон зай эзлэх учиртай хүүхдийн зохиол, бүтээл хомс болж. Түүнийхээ хэрээр зохиолчид ч хэт ашиг хөөсөн цаг зуурын бүтээл туурвиад байх шиг. Бидний хөндөх ёстой сэдвийн нэг болсон Монголын хүүхдийн зохиол болоод зохиолчдын тухай МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, хүүхдийн зохиолч В.Нэргүйтэй ярилцлаа.


-Сүүлийн үед хүүхдийн чанартай зохиол бүтээл хомс болж. Та саяхан Монгол ардын үлгэрүүдийг нэгтгэн хэвлэхдээ шинэчлэн найруулсан гэж байсан?
-Тийм ээ. Монгол ардын 270 гаруй үлгэрийг өнөөгийн хүүхдүүдийн сэтгэхүй, цаг үед тааруулан шинэчлэн найруулж хэвлэсэн. Учир нь, манай Монгол ардын үлгэрүүд ихэвчлэн террорист талдаа өгүүлэмж, өрнөл, төгсгөлтэй байдаг болохоор тэр. “Аргай аргай түг аавын толгой хага” гэх мэт аавыгаа хөнөөх жишээний. Угтаа өнчин хүүхэд сайхан жаргахгүй шүү дээ. Мөн өдөр хоногоор бус цаг минутаар өсч торнидог нэг баатар эр гарч ирээд л арван таван толгойтой атгаалжин хар мангасын толгой бүрийг нь цавчаад, улмаар дайн тулаан хийж явсаар байгаад л дуусдаг. Миний хувьд эдгээр үлгэрийн эртний үг хэллэгийг зөөллөх, хүүхдийн хүмүүжилд яаж тусгах вэ гэдэг талаас нь дахин найруулж ажилласан юм.

-Борлуулалт сайтай байсан байх. Эцэг, эхчүүд номын дэлгүүрээс хүүхэддээ ном авч өгье гэхээр олигтой юм алга гээд гарахыг олон л харж байсан?
-Би үлгэрчилсэн хэлбэрээр хүүхдийн таван цуврал ном бичсэн. Бичих гэж нэлээн юм болсон. Бардам хэлэхэд, Монголын хүүхдийн зохиолчдын дунд над шиг хүүхдийн зохиол бичих гэж цэцэрлэгт сар болсон хүн байхгүй л болов уу. Хүүхэд өөрөө зохиол шүү дээ. Тэдэнтэй хамт байж орчинд нь зөв судалбал сая хүүхдийн зохиол туурвина гэхээс хүүхдийг бага балчир гэж дээрээс нь харж, мөнгөний ном биччихээд өөрийгөө хүүхдийн зохиолч гэж ярих нь буруу.Өнөөдөр Монголын номын зах зээлд хамгийн их борлуулалттай нь хүүхдийн ном. Тийм ч учраас зохиолчдын ихэнх нь хүүхдийн ном зохиол руу шуурч байна, мөнгө олох гэж хэрэгтэй, хэрэггүй юм бичиж байна. Гэхдээ тэд хүүхдийн сэтгэхүй, хүмүүжил, зан төлөвийг анзаардаггүйгээс зарим нэг зохиол нь хүүхдэд их сөргөөр нөлөөлөөд байх шиг. Зарим нь ч болж байна. Нэг эмгэнэлтэй юм хэлэхэд, мянгад гурав гээд барьчихаад хүүхдийн үлгэрийн ном зараад байдаг даа. Худалдааны төв, захаар зөндөө л байдаг. Нэгдүгээрт, эдгээр номонд найруулга гэж юу ч байхгүй. Хоёрдугаарт, тухайн номыг уншихаар мөнгөний ажил, мөнгөний ном гэдэг нь илт мэдэгдэнэ. Гэтэл эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгөөд л байх юм даа.

-Ер нь, таны хэлсэнчлэн энэ орон зай хоосорсноос мөнгөний гэх ажил нь цэцэглэсэн юм биш үү. Уг нь, хүүхдэд зориулагдсан номын стандарт гэж байна биз дээ?
-Байлгүй яахав. Манайхан л юу дуртайгаа хэвлээд байгаа болохоос угтаа хүүхдийн ном гэдэг маш нарийн стандарт хангасан байх ёстой. Манайд олон улсын стандартад нийцсэн нэг ч хүүхдийн ном байхгүй гэвэл хүмүүс гайхах байх.
Цаас, будагнаас эхлээд хаана хэрхэн яаж хэвлэгдсэн нь маш нарийн тодорхой байх ёстой юм. Эрүүл ахуйн шаардлагад хэр нийцэж байна гэхчлэн нарийн яривал олон ч зүйл бий. Учир нь, тухайн номыг хүүхэд хазна, иднэ, долооно, урна, өвөртөлж унтдаг.  Мөн номын агууламж санаа шийдэл нь ямар байх вэ, хэдэн насны хүүхэд уншиж хэрэглэх ёстой юм гээд маш өндөр шаардлага хангасны дараа л сая хэвлэх үйлдвэрээс гарч хүүхдүүдийн гарт очдог. Барууны орнууд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжил, эрүүл ахуйд ингэж л анхаардаг. Манайхан шиг бохир заваан гараас 1000 төгрөгөөр худалдаж авсан гурван номоо дөнгөж хэлд, хөлд орж буй хүүхэддээ бариулчихдаггүй. Гэтэл өнөөдөр Монголд хүүхдийн зохиолч бэлтгэдэг, сургадаг нэг ч газар байхгүй. Яахав, СУИС-д жүжиг киноны зохиол гэж хичээл ордог ч хүүхдийн зохиол гэсэн юм огт байхгүй. Бид хүүхдийн зохиол бүтээл бичихдээ хүүхдээ юмны учир мэдэхгүй жаахан гэж бодон дээрээс нь харж бичдэг. Үнэндээ, тэр хүүхэд чинь миний найз. Үүнийг л мэддэггүй, ойлгодоггүй хүмүүс хүүхдийн зохиолч гээд яваад байх юм. Японд хүүхдийн зохиолын баатарт хэзээ ч бодит нэр өгдөггүй. Манайхан шиг зохиолынхоо голд дүрийг Болдоо гэж шууд нэрлэдэггүй. Яагаад гэхээр, Нус Болдоо гэдэг зохиол байдаг. Тэгвэл энэ номыг уншсан хүүхэд ангийнхаа Болдоод нус гэж хоч өгдөг байгаа юм. Нөгөөх нь уурлаж хоорондоо зодолдож хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг учраас зохиолын баатар, гол дүрд нийтлэг, олны танил нэр өгдөггүй. Энэ мэт нарийн юм их бий.

-Нийгэм цаг үеэ дагаад хүүхдүүд интернэт, компьютер тоглоомыг  номоос илүүд үзэх болсон. Унших ном нь ч хомс байх шиг. Таны бодол?
-Нэг талаараа үнэн ч, нөгөө талаар огт худлаа. Өнөөдөр хүүхдүүд уншъя гэвэл маш их ном байна. Даанч бид өөрсдөө хүүхэддээ авч өгдөггүй болохоор яаж унших юм. Авч өгөхгүй болохоор л хүүхэд аавынхаа утсаар тоглоно шүү дээ. Мөн нас, насны ангилал гэж байна. Тухайн хүүхдийн насанд тохирсон номыг авч өгөхгүйгээс сонирхлыг нь татахгүй, уншихгүй байгаа хэрэг. Өнгөрсөн долоо хоногт болсон цэцэрлэгийн багш нарын сургалтад 27 багш хамрагдсанаас ганцхан хүн л гэртээ номын сантай байна. Хүүхэд хүмүүжүүлж байгаа хүн нь тийм байхад хүүхэд яаж ном унших вэ дээ. Тэрнээс биш унших ном байхгүй байна гэж хэлж болохгүй. Өнөөдөр манайд Германы хүүхдийн зохиолчдын ном орчуулагдан зарагдаж байна. Японых ч байна. Хамгийн гол нь, ямар ном яаж сонгож авч өгөх вэ, хүүхдээ номонд дуртай болгохын тулд яах вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулах ёстой юм шиг санагддаг. Манай охин гурван настай ч номын сан нь 40 гаруй номтой. Явдаг, дуулдаг, хаздаг, даавуун ном гэхчлэн. Би анх эхнэрээ төрөхөд нь охиндоо бүүвэйн дуу дуулдаг ном авч өгсөн юм. Тэр үеэс хойш л хүүхдэд зориулсан өвөрмөц, шинэ шинэлэг ном бүхнийг охиндоо авч өгдөг болсон. Одоо манай охин номын соёл гэж юу болох, ном уншихын сайхан, номтой хэрхэн харьцах вэ гэдгийг бүгдийг мэднэ.

-Сайн зохиол бичихэд юу чухал вэ?
-Монголд хүүхдийн зохиолч олон ч байна. Хүүхдийн зохиол бичээгүй зохиолч гэж ховорхон. Гэхдээ яг хүүхдийн зохиолч гээд ярихаар Сундуй ах, Батжаргал, Лхагвасүрэн эгч гэсэн цөөхөн хэдэн хүн л байна. Үнэн хэрэгтээ, урдаа барьж буй нь Сундуй ах. Яагаад гэвэл, Сундуй ах зохиол бүтээлээ бичих гэж цэцэрлэгүүдээр маш их явж, хүүхдүүдтэй найз нөхөр шиг нь ойр байж танин мэддэг. Гэтэл дийлэнхи зохиолч хулгай хийгээд л. Сайн зохиол бичихийн тулд хүүхдийн сайн найз нь бай.

-Дэлгүүрийн лангуу дүүр­тэл өрчихсөн өчнөөн олон гоё гоё зурагтай ном ном биш болчихоод байна. Мон­голын зохиолчдын уран бүтээл байхгүйгээс га­даадад хит болсон Харри Поттер, Тэргэл сар гэсэн киноны зо­хиол эзэлчихлээ. Хүүх­дүүд киног нь үзчихсэн уч­раас өдөөгдөн авч уншдаг юм шиг?
-Зөв л дөө. Манайд 2-6 насны, 6-10 насны хүүхдүүдэд унших ном бол бий. Харин 10-17 насныханд зориулсан нь байхгүй болохоор орчуулга л уншаад байгаа хэрэг. Ер нь, хэцүү л дээ. Жишээ нь, Манжин гэдэг үлгэрийг хоёр настай хүүхэд ойлгохгүй байхад хоёр нас гурван сартай нь ойлгодог. Хүүхдийн сэтгэхүй сар, сараараа өөр болохоор тэр. Гурван нас нэг сартай хүүхэд, гурван нас таван сартай хүүхдийн тархины хөгжил огт өөр байдаг. Юм хүлээж авч, ойлгож, танин мэдэж байгаа гээд олон ч зүйлээрээ ялгаатай болохоор нас, насанд нь тохирсон ном зохиол гаргаж унших юмтай болгоно гэвэл нарийн судалгаа, дүн шинжилгээ хийх хэрэг гарна. Хоёрдугаарт, тэр дайны зохиол биччихээр өөдтэй, цог золбоотой аавын хүү манайд алга. Чөлөөтэй сэтгэчих тийм сэтгэхүйтэй хүн байхгүй. Одоо бичиж байгаа манай хүүхдийн зохиолчдын бүтээлийг нэг бүрчлэн унших юм бол авах юм нэг ч байхгүй. Би нүүр бардам хэлнэ. Үлгэрээ барьж авсан, үлгэрчилсэн тийм хоёрын хооронд юм хөөсөн л юм яваад байна. Тэрнээс биш, нэг сайхан гүнжийн тухай ч юм уу, суурьшмал нийгэмд таарсан дөрөвдүгээр ангийн хүүхдийн дүртэй тийм хөөрхөн зохиол байхгүй. Хийж чадахгүй байна. Хийх санаа сэтгэл, сэтгэлгээтэй тийм хүн алга. Эндээс нөгөө хүүхдийн зохиол маань мөнгө, бизнес болчихсон нь харагдаж байгаа юм. Наймаас доош насныхан ээж, ааваасаа нэхэж байгаад үлгэрийн ном авахуулчихдаг учраас энэ насныханд зориулж юм хийгээд байна. Гэтэл тэрнээс дээш насныханд зориулсан юм байхгүй. Боловсролын яам, Соёлын яамнаас жил болгон хүүхдийн зохиолын уралдаан зарлаад байгаа ч төрсөн зохиолууд нь хүүхдүүдийн дунд Ганнам стайл шиг тарж, тархаж чадахгүй байна. Энэ л үнэхээр сонирхолтой байгаа юм.

-Тийм шүү, сонирхолтой санагдаж байна. Улсын хэм­жээнд шалгарсан зо­хиол бүтээл яагаад олны хүртээлд муу хүрдэг юм бол. Магадгүй, сайн зохиолоор кино ч хийж болмоор?
-Үнэхээр л тийм мундаг сайн зохиол нь түрүүлсэн юм бол өдийд бэстселлер болчих нь яасан юм. Нөгөө талаас, сайн хүүхдийн зохиол биччих чадалтай аавын хүү байхгүй гэвэл Монголын утга зохиолынхон тэр чигээрээ намайг үзэн ядаж барьж иднэ. Зарим нь сэтгэл санаагаар унаж гомдоод бараг намайг алах гэж ирэх байлгүй. Гэхдээ л чин үнэндээ ийм л байна. Бид гүзээ дотор сэвс байдаг л гэж боддог. Гэтэл гүзээнээс сэвсийг нь гаргаж хаячихаад алт алмаз ч хийж болно. Эсвэл элэг уушгийг нь ч  юм уу. Тэр гүзээн дотор орчлон ертөнцийг ч гэсэн бүтээчихэж болно шүү дээ. Тэгж сэтгэчих хүн л байдаггүй. Гэтэл гүзээг гүзээ чигээр нь л ойлгоод, хараад байх юм. Энэ л хамгийн том эмгэнэл байхгүй юу. Чи бод л доо. Яагаад Харри Поттер хүүхдүүдийг татаад байна гэхээр тэр нэг духан дээрээ сорвитой, нүдний шил зүүсэн давжаа биетэй хүү ямар нэг юмны учрыг тайлах гээд, учир битүүлэг зүйлийг хайгаад яваад байгаа ч очсон газар бүхэнд нь гайхалтай уран сэтгэмжит үйл явдал өрнөж, уулзаж буй дүр бүхэнд нь танин мэдэхүй нуугдаж байна. Цоо шинэ зүйлээр дүүрэн. Шинэ мэдээлэл, шинэ тэмүүлэл, шинэ танин мэдэх хүсэл гээд л. Өнөөдөр Харри Поттерийг хүүхдүүд үзэхээс ч өөр аргагүй. Хүүхэд болгон баатар болохыг хүсдэг, хүүхэд бүр л сайн хүн болохыг хүсдэг. Тэгтэл манайд тэр хүсэлд нийцсэн өрнөлтэй, өгүүлэмжтэй зохиол алга. Бид ядаж хүүхдийнхээ тэр сайн хүн болох, баатар болох тэр мэдрэмж, тэмүүлэл, хүсэл мөрөөдлийг нь өргөсөөр ч болтугай хатгаж, өдөөж өгч байх ёстой байхгүй юу. Бид, эцэг эхчүүд, томчууд залхуу, худалч байна. Үнэн хэрэгтээ, би ч гэсэн чамд хүүхдийн зохиол ийм, тийм байна гээд л худлаа яриад сууж байгаа байхгүй юу.

-Худлаа ярихгүй байж болохгүй юу?
-Надад хүүхдийн зохиол бичээд хэвлүүлэх санхүү алга. Тэрнээс биш надад хоёр, гурван биччихсэн ном байна. Хүүхдийн зохиол өртөг өндөртэй гардаг. Тийм учраас эргээд мөнгө, бизнес болоод байдаг байж магадгүй юм.

-Үүнтэй холбоотой нэг хөндөх асуудал бол бодлого. Манайхан хүүхдийн хөгжил, хүмүүжил гэж их ярих болж. Бодлого боловсруулж хүүхэд хүмүүжүүлнэ гэх юм. Гэтэл том бодлого жаахан хүүхдүүдэд яаж хүрдэг юм бол?
-Харин тийм. Угаасаа тэнэг шүү дээ. Тав, зургаан жилийн өмнө байх аа. Боловсролын яамнаас “Хүүхэд хаанаас гардаг вэ” гэсэн ном гарч байсан юм. Би Хүүхдийн номын ордонд яах гэж ч билээ явж байгаад тэр номыг нь олоод харчихсан. Эхний хуудсанд нь бэлэг эрхтэнээ навчаар халхалсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний нүцгэн зураг байна. Дараагийн хуудсанд нь хүүхнийхээ дээр эрэгтэй нь гараад хэвтчихсэн. Хамгийн гол тайлбар нь юу гэхээр “Аав, ээжийн дээр гарч хэвтээд, бэлэг эрхтэнээ ээжийнх рүү хийнэ” гэж байгаа юм. /Инээв/

-Хэдээс хэдэн насныханд зориулсан ном юм бол?
-Цэцэрлэгийн бага насны­ханд зориулсан. Дараагийн хуудсуудад бүүр ч дэлгэрэнгүй тайлбартайгаар эр эмийн ажлыг бичээд төгсгөлд нь “Энэ хоёр ингэсэн учраас би гарсан” гээд л хүүхдийн ном. Би яг энэ асуудлаар, тэр номын тухай Боловсролын яаманд хэлж байсан юм. “Ийм юм хийгээд сууж байгаадаа та нар ичээч ээ” гэж. Тэгэхэд Германд, яг үүнтэй адил “Хүүхэд хаанаас гардаг вэ” гэсэн ном байна л даа. Уг ном яаж эхэлж байна гэхээр, нэг жаал хүү бөмбөг өшиглөж гүйж байгаад бөмбөгөө жалга руу унагачихаж л дээ. Хүү бөмбөгөө авахаар орох гэтэл урдаас нь нэг жирэмсэн эмэгтэй гараад ирж гэнэ. Тэгтэл хүү уурлан “Чи миний бөмбөгийг залгичихсан байна” гэж л дээ. Харин хүүхэн маш эелдэг, энгийнээр тайлбарлаж байна гэнэ. “Миний гэдсэнд бөмбөг биш маамуу байгаа. Гэхдээ энэ маамуу одоохондоо миний гэдсэнд том болохоо хүлээж байгаа” гэх мэтээр хүүхэд хэрхэн бий болдог тухай тайлбарлаж өгнө. Төгсгөлд нь “Удахгүй гараад чам шиг ингээд бөмбөгөөр тоглоод гүйнэ” гэхчлэн хүүхдийн сэтгэхүйд таарсан байдлаар тайлбарлаж өгсөнөөр номын гол агуулга гарч ирдэг. Гадаад тэр дундаа германчууд хүүхдийн хүмүүжилд ийм хөнгөхөн ханддаг л даа. Ялангуяа, хүүхэд ухаан орж юмсыг танин мэдэж эхлэх тэр цаг буюу 5-10 насны хооронд мэдсэн сурсан зүйлээ насан туршдаа мартдаггүй. Тэр нь хүүхдийн насан туршийн амьдралын хар ухаан, боловсрол, мэдлэгийнх нь үндэс суурь болдог учраас тэдэнтэй болгоомжтой, хөнгөн харилцах нь чухал. Бид хүүхдэдээ өргөс авахыг нь бус хатгуулахыг нь зааж өгөх ёстой юм л даа. Сэтгэлзүйч хэлж байна. “Бид гүйж байгаа хүүхдээ уналаа, ойчлоо гэж орилж хашгирч харааж загнасаар байгаад л унагачихдаг. Харин хамаагүй гүйхээр бус болгоомжгүй гүйвэл унадаг гэдгийг ерөөсөө ойлгуулж чаддаггүй”  гэж. Энэ үнэн. Бид хүүхдийн хүмүүжилд ингэж л хандах хэрэгтэй.

-Кино урлагийг уран сайхны, баримтат, хүү­хэлдэйн гэж гурав ангилдаг. Урлагийн энэ гайхамшигт төрөлд хүүхэлдэйн киног багтааж байгаа нь гарцаагүй зүйл гэж ойлгодог. Харин Монголын утга зохиолд хүүхдийн зохиол ямар байр суурь эзэлж байна?
-Сүүлийн үед хүүхдийн зохиол ийм, тийм байна гээд нэлээн л ярьж байна. Ер нь, хүүхэлдэйн кино гэдэг нь хүүхдийн зохиол юм. Хэдийгээр аль алиныг нь манайхан оролдож байгаа ч төдийлөн сайн болж чадахгүй л байна. Мөн л хуулбарлаж, хулгайлж байна. Сэтгэхгүй байна. Өөрсдийн гэсэн өнгө аяс, арга барилтай кино ер гарахгүй байна. Хийж байгаа юм нь дандаа л бэлэн дүрүүдийг аваад байх юм. Том Жэрри хоёрын хулгана муур гэх мэт хулгана, муур, нохой, туулай..,

-Ишиг?
-Аан тийм, нөгөө л нэг эрх цагаан ишиг, хурга, гөлөг мөн баавгайн бамбарууш гээд л.., хэдхэн амьтны дүртэй. Өөр юм байхгүй. Санаа нь ихэвчлэн хуулчихсан. Худалч хүнд техник технологи, компьютер график өндөр хөгжсөн өнөө үеийн хүүхэлдэйнүүдээс дээхнэ үеийн Эрх цагаан ишиг, Өвгөн арслан хоёр гэх мэт кинонууд хамаагүй илүү байсан юм. Одоогийн хүүхэлдэйнүүд хэтэрхий явцуу, өгүүлэмжгүй, өрнөлгүй, сургамжгүй. Гэхдээ манай 25 хүртэлх насны энэ салбарын залуус шинийг сэдэж сэтгэж, арай өөр шатанд аваачих хандлага анзаарагдаж байна. Гайхалтай зурдаг залуус ч олон байна. Гагцхүү сайн зохиол, сайн дүр алга. Ядаж л “Бөгжний эзэн” киноны Смигал шиг дүр гаргаад ирэх хүн байхгүй л байна шүү дээ.

-Магадгүй, тэр дүрийг амилуулж Маша Миша хоёроос ч илүү дурлаж үзэх кино зохиол бичих бидний сэтгэлгээ хэтэрхий хумигдмал, баригдмал болчихсон юм шиг?
-Үнэн үнэн, чиний ингэж хэлж байгаа чинь зөв. Бид сэтгэлгээгээ задалж чадахгүй өдий хүрлээ. Угтаа цаг нь болчихсон мэт санагдавч үгүй байгаа биз. Бид чиний хэлснээр хэт баригдмал бол­чихож. Дэндүү ядуу сэтгээд байна.

-Тархины тураал гэж үү?
-Яг тийм. Японы судлаач л ингээд хэлчихсэн болохоор хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэрэг. Үнэндээ ,тураал нь бүр өлсгөлөн болчихсон шүү дээ.

-Өлсгөлөнг яаж гэтэлбэл зохих бол?
-Ном  унш. Би байтугай надаас өмнөх өч төчнөөн суут хүмүүс хэлж байсан. Ном сайн унших хэрэгтэй гэж. Одоогийн хүүхдүүдийн дунд ном уншиж, номтой нөхөрлөдөг нэг давхарга үүсээд байна. Нийт хүн амтай харьцуулахад цөөн юм шиг санагддаг. Би ч гэсэн ном муу уншдаг байлаа. Хаа нэг Оросын сонгодог зохиолуудыг уншихаас шальдаггүй. Нэг удаа Дөнгөтийн Цоодол гуай надаас Антон Чеховын юу ч билээ нэг богино өгүүллэгийг уншсан уу гэж асууж байна. Би ч уншаагүй болохоор үгүй л гэлээ. Тэгсэн төд удалгүй дахиад л нөгөө номыг уншсан уу гээд асууна. Би ч үгүй ээ л гэлээ. Хоёр, гурав асуухад нь уншаагүй гэж хэлээд гайхан суутал “Хөөрхий тэр зохиолд гардаг бүсгүй, шарласан навчин дээр тогтсон шүүдрийн дуслыг уначих вий гэж дор нь алгаа тосоод зогсдог. Гандсан даашинзтай, өөрөө уйлчихсанаа ч анзаарахгүй навчин дээр байгаа шүүдэр хайрлаад л байдаг” гэж хэлмэгц нь л би нөгөө номыг нь уншмаар санагдаж байхгүй юу. Угтаа би ном унших сэдлийг олж авсан хэрэг. Түүнээс биш “чи амьгүй албатыг уншсан уу” гэвэл “үгүй” гэж хэлчихээд л яваад байна биз дээ. Миний охин орой болгон үлгэр яриулдаг юм. Би ч дуу хураагчаа асааж дэргэдээ тавиад дуртай нь аргагүй ярина даа. Дараа нь охин маань “Алаг бөмбөг”-ийг сонсоё гэвэл би урьд ярьснаасаа өөрөөр ярьж болохгүй биз дээ. Өөрчлөөд ярьчихвал хүүхдийн итгэл үнэмшил байхгүй болчихно. Анхны дурлаж сонссон сэдлийг нь үгүй хийхгүйн тулд дуу хураагчинд хурааж байгаа нь тэр. Хожим нь өөрөө сонсоод сууж байхад шинэ зохиолын санаа ч орж ирдэг.

-Ном гаргах нь маш их буян үйлдсэнтэй дүйнэ гэдэг. Тэр тусмаа хүүхдийн ном гэдэг бүр ч илүү болов уу. Буян үйлдэхэд бэрхшээлтэй зүйл юу байдаг вэ?
-Бэрхшээлтэй зүйл байлгүй яахав. Дээр хэлсэнчлэн, хүүхдийн ном өртөг өндөртэй бүтдэг л дээ. Одоогоор надад хоёр зохиол байна. Даанч хөрөнгө мөнгөний асуудал хүндхэн. Манай хэвлэх үйлдвэрийн эздүүд ч хэт их ашиг хөөцөлдөөд байх шиг санагддаг. Саяхан ээжийн маань бие муудаад багагүй мөнгө хэрэг боллоо л доо. Тэр үед таван цуврал номоо хэвлэлийн компаниудад эзэм­ших эрхийг нь худалдчихъя гэтэл 500 мянгаас илүү үнээр авахгүй гэх мэтээр хандсан. Уг нь муу  сайн ч гэсэн оюуны өмч шүү дээ. Тухайн жилдээ оны шилдэг авч байсан таван цуврал байсан юм л даа. Гадаадын янз бүрийн ном орчуулж гаргах хэрнээ хэд­хэн зохиолчоо дэмжин ажил­лаж чадахгүй байгаа нь харамсалтай.

-Сүүлийн асуулт. Хүүх­дийн зохиолч хүний хувьд хүүхдийг та юу гэж ойлгодог вэ?
-Хүүхэд бол хамгийн ариун гэгээн, бурханлиг бодьгал юм. Бидэнд бараагаа ч харуулаагүй тэр шавран, алт мөнгөн бурхдаас ч илүү их аз жаргалыг бэлэглэдэг бурхад юм.

0 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та одоо бөөрний бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байна уу, имэйл: doctorcollins3@gmail.com.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та одоо бөөрний бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байна уу, имэйл: doctorcollins3@gmail.com.
Сайн ярилцлага байна. Ялангуяа насанд хүрэгчид, хүүхдийн зохиолчдод их өгөөжтэй санагдлаа
Хамгийн их уншсан