Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дамба: Бид нүүрсээ угааж экспортолбол илүү ажил болно




-Ашигт малтмалын үнэ уналтын байдалд байна. Тэр дундаа нүүрсний үнэ доод цэгтээ хүрлээ гэсэн. Нүүрсний салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?
-Дэлхийн эдийн засгийн байдлаас шалтгаалж ашигт малтмалын үнэ уналаа. Тэр дундаа Хятадын үйлдвэрлэл буурсан нь манайд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр нүүрсний үнэ ханш буурсан ч бид алдагдлаа багасгах, зардалаа танаж чадвал бага ч гэсэн нүүрс борлуулах боломж байсаар л байгаа.
Энэ талаар төр засгийн хийх ажил ч их бий. Жишээлбэл, нүүрсний зардал бууруулах худалдааны асуудал гээд зохицуулах учиртай зүйл олон.  Хятадын Засгийн газартай манай Засгийн газар нүүр­сээ борлуулах гэрээ хэл­цэл, уулзалтууд хиймээр байна. Манай улс урд хөршөө стратегийн түнш гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээнд хоёр орны хоорондын худалдаа тэр дундаа ашигт малтмалаа  бор­луулах, үнэ ханшийг тогтвортой байлгах, хоёр талдаа хууль эрх зүйн орчиноо сайжруулах яриа хэлцэл хийх ёстой гэж бодож байна.
Мөн хоёр тал олон янзын татвараа багасгах, хилийн шалган нэвтрүүлэх чадамжаа нэмэгдүүлэх олон асуу­дал байгаа юм. Хамгийн гол нь нүүрсний өртөг зардалаа бууруулахын тулд тээврийн асуудлаа шийдэх ёстой.  Үүний тулд төмөр замаар нүүрсээ тээвэрлэх юм. Төмөр замын асуудлыг олон жил ярилаа. Засгийн газар саяхан хилийн хоёр боомтоор нарийн царигтай төмөр зам гаргах тухай шийдвэр гаргасан.

-Нүүрс борлуулах, үнэ ханшийн талаар Хятадтай нэлээд ярилцсан гэсэн. Ямар тохиролцоонд хүрсэн бэ?
-Манайхан зардалаа л багасгах ёстой. Хятад улсын нийт импортолж буй нүүрсний өчүүхэн хувийг манай улс эзэлж байгаа. Иймд ганцхан манай улсын эрх ашгийн үүднээс бидний нүүрсийг өндөр үнээр авах боломжгүй. Гэхдээ нүүрсний худалдааны талаар ямар нэг гэрээ хэлцэл хийх ёстой. Хоёр талын хувийн хэвшлийнхэн бие биеийнхээ зовлон жаргалыг сонсох учиртай.
Энэ үүднээс манай ассоциац, Хятадын нүүрс импортлогчдын холбоотой хамтарч  өнгөрсөн сард Хөх хотод Монгол, Хятадын нүүрсний худалдааны талаар хурал зохион байгуулсан. Үүнд төрийн байгууллагуудын төлөөллийг нэлээд оролцуулсан. Хурлын үеэр хоёр талдаа шийдвэл зохих асуудал нэлээд байгаа нь тодорхой болсон. Нөгөө талаар манайхан нүүрсийг угааж экспортлох тухай их ярьдаг. Гэтэл хятадууд түүхий нүүрс авах сонирхолтой байдаг юм. Уг нь, бид худалдан авагчийнхаа эрх ашигт тохирсон бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой шүү дээ.

-Яагаад. Хямдхан боло­хоор тэр үү?
-Хятадууд хилийн цаана нүүрс угаах маш олон үйлдвэр барьсан. Тэгээд л манайхаас түүхий нүүрс  аваад байгаа юм. Манай угаагаад экспортолж буй нүүрсийг авахгүй гэсэн бодлоготой. Хятадын нутаг дэвсгэр дээгүүр манайд угаасан нүүрс тээвэрлэвэл өндөр татвар авдаг болсон. Тэгэхээр бид нүүрсээ угаасан ч түүхийгээр зарсан ч ялгаагүй болж байгаа юм. Нэг ёсондоо бид нүүрсээ угаавал илүү ажил хийнэ л гэсэн үг. Цаад тал угаасан нүүрс авахгүй гээд өндөр татвар тавиад байхад бид угаасан нүүрс экспортолно гэж зүтгээд байж болохгүй. Иймд худалдан авагчтайгаа зохицож наймаагаа тогтмол, ашигтай хийх учиртай. Ер нь ашигт малтмалаа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож өртөг шингээх ёстой гэсэн үзэл баримтлал байдаг. Гэвч юм болгонд үүнийг хатуу баримтлах шаардлагагүй. Харин зэс, төмрийн хүдрээ боловсруулж баяжмал болгож экспортлох зайлшгүй шаардлагатай.

-Та дээр хэллээ. Шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа гэсэн. Жишээл­бэл, ямар ямар асуудал байна вэ?
-Олон асуудал байдаг. Гэхдээ өнгөрсөн сард болсон тэр уулзалт шийдвэр гаргах төвшнийх биш. Төр засгийн байгууллагууддаа хандаж бэрхшээлтэй асуудлаа тавья л гэж тохирсон. Ингээд бид ашигт малтмалын хууль эрх зүй, татварын орчноо боловсронгуй болгох санал төр засагт тавьсан. Үүнд Ашигт малтмалын тухай хуулиа хурдан батлах, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болох тухай асуудал орсон. Мөн Хятадын тал ч, манайх ч  ялгаагүй татвараас гадна олон төрлийн төлбөр, хураамж авдаг. Үүнийг цэгцлэх учиртай юм. Жишээлбэл манай улсад л гэхэд ГЕГ гаалийн бүрдүүлэлт гэж нэг тонн нүүрснээс 1500 төгрөгийн хураамж авч байгаа нь асар их мөнгө. Жилд 25 сая тонн нүүрс экспортолоход хэчнээн төгрөг болох билээ дээ. Бас тээвэрт явсан авто машин бүр хураамж төлдөг. Энэ мэтээр шийдвэрлэвэл зохилтой олон асуудал бий.  Тэгэхээр ашигт малтмалын нөөц ашигласан татвар нь байж байг. Харин төрийн захиргааны байгууллагын гаргаж ирсэн олон татвар хураамжийг цөөлөх санал тавиад байгаа юм.  Ялангуяа нүүрсний үнэ ханш муу байгаа өнөө үед ийм жижиг сажиг дарамт бага байлгаасай л гэж хүсч байна. Нөгөө талаар хил худалдааны асуудлаа чөлөөтэй болгоё. Манай хилийн шалган нэвтрүүлэх чадамж их хэцүү. Наад зах нь 24 цагийн ажиллагаатай болгох шаардлага бий.

-Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгчид олширч өрсөлдөөн нэмэгдсэн гэсэн. Манай улс аль хавьд нь явна вэ. Хойд хөрш ч бас нүүрс нийлүүлж эхэлсэн гэсэн?
-ОХУ Хятадад нүүрс нийлүүлдэггүй байсан. Саяхнаас нүүрс экспортолж эхэллээ. Энэ бол зах зээлийн чөлөөт өрсөлдөөн. Бид яалтай билээ. Зах зээлийн жам, бизнесийн зарчимаараа явахаас өөр арга байхгүй. Оросууд Хятадад нүүрс нийлүүлж байгаа нь манай нүүрсний экспортод ихээхэн дарамт ирж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл манайд өрсөлдөгч гарч ирлээ.  Тэгэхээр бид амгалан тайван суугаад байлгүй төр засаг нь ч, хувийн хэвшил нь тэр өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх талаар ажиллах ёстой. Наад зах нь жишээлбэл оросууд нэг тонн нүүрсээ 50 ам.доллараар өгч байвал бид 49 ам.доллараар өгч байж өрсөлдөөнд ялна шүү дээ. Орос улс нүүрсний асар их нөөцтэй тул манай том өрсөлддөг  ч байх үндэслэлтэй. Яагаад гэвэл Хятадтай хоёр талаар маш өргөн нутаг дэвсгэрээр хиллэдэг.

-Манай нүүрсийг далайд гарахад Хятадын тал туслалцаа үзүүлнэ гэсэн яриа бий. Энэ талаар ямар нэг үр дүнд хүрсэн зүйл байна уу?
-Одоохондоо энэ яриа хэлцэл нэг ахисан зүйл алга. Учир нь, үнэ ханш унасан үед нүүрсээ бид далайд гаргахад түвэгтэй болсон. Тээврийн зам урт болж зардал нь нэмэгдэнэ. Нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсөхөөс нааш боломжгүй юм. Ер нь, энэ талаар нэлээд ярьж байгаа. Гэвч Хятадын талтай бас л сайн тохироо хийх, уян хатан бодлого явуулах учиртай. Ямар нэг байдлаар мөчөөрхөлцөөд суугаад байж таарахгүй. Манай­хан урд хөршийн төрийн өмчийн “Чалко” компанид хатуурахсан явдал бий. Хуульдаа өөрчлөлт оруулаад ирэхээр биднийг бас чангалж эхэлсэн. Тэгэхээр ийм байдал үүсгэхгүйн тулд яриа хэлэлцээрийн журмаар харилцан зохицох хэрэгтэй гэж бодож байна.  Бид тэдэнтэй муу байж нутгаар нь дамжуулж нүүрс тээнэ гэж байхгүй юм. Энэ бол ойлгомжтой.

-Бид коксжих нүүрсээ экспортолж байна. Гэтэл эрчим хүчний нүүрс нь үлдэж байгаа. Үүнийгээ ашиглах талаар ямар нэг бодлого хэрэгжүүлж байна уу?
-Хятад эрчим хүчний нүүрс авах сонирхол байхгүй. Өвөрмонголын нутагт эрчим хүчний нүүрс их бий. Тэгэхээр бид цахилгаан станц байгуулах нь хамгийн үр дүнтэй, ашигтай. Мөн ойрын хугацаанд нүүрсээ шингэрүүлж шатахуун, хийн түлш гаргах технологи нэвтрүүлэх, үйлдвэр байгуулах шаардлагатай юм. Ер нь, дэлхий даяараа ийм үйлдвэр байгуулах, технологи нэвтрүүлэхэд анхаарч байгаа. Товчхондоо эрчим хүчнийхээ нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолоход гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Цахилгаан үйлдвэрлэвэл дотоод­ын хэрэгцээгээ бүрэн  хангаад зогсохгүй Хятадад экспортлох боломж бий.

-Хүрэн нүүрс боловс­руулах, шингэрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах төсөл, судалгаа нэлээд эрчимтэй хийгдэж байсан. Одоо ямар шатандаа явна вэ?
-Нүүрс олборлож буй аж ахуйн нэгжүүд мөнгөгүй болоод тэр ажил нь гацаж байна. бид эхлээд нүүрсээ зарж байж мөнгө олно. Түүгээрээ дараагийнхаа ажлыг хийнэ шүү дээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалт татах учиртай. Үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо өөрчлөх шаардлага гарч ирсэн. Өнгөрсөн оны хавар УИХ-аар батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль нэлээд балаг тарилаа. Энэ хуулиас болж гадаадын маш олон хөрөнгө оруулалт зогссон. Монголоос гарсан нь ч бий. Иймд энэ хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй байгаа юм.  Гадаадын хөрөнгө оруулалт татахгүй бол хэд хэдэн томоохон цахилгаан станц барих мөнгө монголчуудад алга. Жишээлэхэд,  “ТЭЦ-5” барина гээд хэдэн жил болж байгаа билээ. Гол нь хөрөнгө мөнгөгүйдээд байна.  Хэнтий аймгийн Чандаганы хүрэн нүүрсний ордыг түшиглээд АНУ-ын нэг компани цахилгаан станц барья гэж байгаа. Үүнийг дэмжээд цахилгаан станцыг нь бариулах хэрэгтэй гэж би боддог. Ийм алхамуудыг зоригтой шийдэхгүй ингээд яах гэж байгаа нь мэдэгдэхгүй суугаад байж таарахгүй. АНУ-ын тэр компани нүүрсний нөөцийн тооцоо хийгээд дууссан, ТЭЗҮ нь бараг бэлэн болсон юм билээ.  Ингээд байхад дэмжихгүй байгаа нь л манай улсыг ургаш гишгэхэд саад болоод байна л даа.  Үүнээс гадна Төгрөг нуур, Цайдам нуурын хүрэн нүүрсний ордууд байна. Тэднийг түшиглэж цахилгаан станц, хий, шингэн түлшний үйлдвэр барих учиртай.

-Нүүрсний талаар хэрэгжиж буй дорвитой бодлого, чиглэл бий юү?
-Урьд нь, “Монгол нүүрс хөтөлбөр” гэж хэрэгжиж байсан. Одоо ямар хэмжээнд явж байгаа нь бүү мэд. Энэ хөтөлбөр нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах учиртай. Монгол орны хамгийн их баялаг бол нүүрс. Энэ их баялаг нөөцөө одоо л ашиглахгүй бол хэзээ ашиглах вэ дээ. Зарим нь хойч үедээ үлдээе гэдэг. Магадгүй шинжлэх ухаан технологи хөгжиж буй өнөө үед 30, 40, 50 жилийн дараа нүүрсийг хэрэглэхээ больчихвол яах билээ. Хэрэглээ өндөр байгаа үед нь ашиглаж ард түмнийхээ амьдралыг сайжруулах хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэхэд бидэнд мөнгө хэрэгтэй байна. Бидэнд өөр хурдацтай хөгжсөн, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл алга. Байгаа нөөц баялгаа зарж л мөнгөтэй болох гарц бий. Нүүрсний салбарт төрөөс цэгцтэй зөв сайн бодлого явуулж чадвал их мөнгө олох боломж манай улсад байгаа.

-Уул уурхай гэхээр байгаль орчин, нөхөн сэргээлт дагаж хөндөгддөг. Одоо нөөц нь дуусч хаагдаж байгаа уурхай хэр олон байдаг юм бол. Ялангуяа нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийн талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Нөхөн сэргээлтийн асуудал нэлээд яригддаг болсон. Урьд нь төр засаг энэ талаар анхаарал муу, аж ахуйн нэгжүүд ч хариуцлагагүй байлаа. Энэ зуунд байгаль экологийн асуудалд дэлхий нийтээрээ анхаарч байна. Гэхдээ уул уурхайгаа бооми­лоод бай гэсэн үг биш. Хэт их туйлширч уул уурхай байгаль орчин сүйтгэлээ гэх нь эргээд улс орны эдийн засагт муугаар нөлөөлж байгаа жишээ олон. Тухайлбал ой, усны тухай “урт нэртэй” хууль. Энэ хуулиар маш олон уурхай хаагдаж, лиценз цуцлагдсан. Эцсийн эцэст үүнээс ашиг гарсан уу гэвэл гараагүй. Ялангуяа алтны  хаагдсан уур­хайд тодорхой хэмжээний нөөц үлдсэн. Үүнийг нь хувиараа алт олборлогч “нинжа” нар орж нөгөө байгаль орчныг бүр илүү сүйтгэж нөхөн сэргээлт хийхэд замбараагүй болгоод орхилоо. Тэгэхээр тэр хуулийг гаргахдаа уг асуудлыг нь давхар шийдэх ёстой байсан юм. Олон жил ашигласан уурхайнуудад өндөр шаардлага тавиад үлдсэн нөөцийг нь ашиг­луулсан бол арай өөр байхсан гэж бодож байна.  Ер нь, нинжа нарын тоог л өсгөсөн. Яг хэдэн уурхай хаагдах эсэхийг мэдэхгүй. Алтны шороон ордууд нөөц бага байдаг тул дээд тал нь 10 жил ашиглаад дуусдаг. Нөхөн сэргээлтээ хийгээд хүлээлгэж өгсөн нь бий. Бас дутуу ашиглаад зэрэмдэглээд орхисон газар байгаа. Үүнд нь нинжа нар ороод сүйтгээд орхисон уурхай ч байдаг. Жишээ нь, Төв аймгийн Заамар, Өвөрхангайд ийм газар олон.

-Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлоготой болно гэж байгаа. Үүнд аж ахуйн нэгжүүдээс санал авсан уу?
-Энэ бодлогыг олон жил ярилаа. Манай төр засаг их удаан ажилладаг. Аль эрт хэдэн жилийн өмнө л шийдчих байсан юм. Үүнээс болоод уул уурхайн үйлдвэрлэл зам­бараагүй, бүтээгдэхүүний арил­жаа нь нэгдсэн бодлогогүй, байгаль орчин нөхөн сэргээлт хоцрогдсон, хаягдсан гээд олон сөрөг үр дагвар гарсан. Тиймээс  нэгдсэн бодлого зайлшгүй шаард­­­­­­лагатай юм. Бодлого  боловс­руулаад Засгийн газар, УИХ-д өгсөн. Үүнд УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Удахгүй, энэ намрын чуулганаар хэлэлцэгдэж батлагдах байх. Аль болох хурдан батлагдаж байж уул уурхайн салбарын цаашдын ажил тодорхой болно. Биднээс санал авсан. Ийм бодлоготой болж байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ ямар бодлого гарч ирэх вэ гэдэг нь чухал. Нөгөө ой, усны тухай “урт нэртэй” хууль шиг улам дордуулах зүйл гарвал хэрэггүй юм. Тэгснээс бодлоггүй байсан дээр. Үнэхээр сайн чамбай, зөв бодлого гарвал ард түмэн, улс орон, уул уурхайнханд хэрэгтэй шүү дээ.  Манайхны зарим нь бодлогын баримт бичиг гэхээр хууль, журам ч юм шиг зүйл яриад байдаг. Ийм нарийн зүйл тусгавал бодлого биш болно. Бодлого гэдэг нь ерөнхий зарчим юм.

0 Сэтгэгдэл
хятад импортын татвар хүртэл авч байхад бид яагаад экспортоосоо татвар авахгүй гэж? бидэнд ашиггүй юм бол нүүрсээ өгөөд яах юм бэ?
Чи яахаараа хятадуудтай очиж хэлцээр хиидэг юм. Чинии монготой хунд уйлчлээд улсаа хохироогоод явдагыг бугд мэднэ. Алгаа нохойтойгоо тэврэлдээ хэвтэж байна биз. Хааяа хуцчихаад
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Мөн Хятадын тал ч, манайх ч ялгаагүй татвараас гадна олон төрлийн төлбөр, хураамж авдаг. Үүнийг цэгцлэх учиртай юм. Жишээлбэл манай улсад л гэхэд ГЕГ гаалийн бүрдүүлэлт гэж нэг тонн нүүрснээс 1500 төгрөгийн хураамж авч байгаа нь асар их мөнгө. Жилд 25 сая тонн нүүрс экспортолоход хэчнээн төгрөг болох билээ дээ. ЁСТОЙ ЭГДҮҮ ХҮРЧИХЛЭЭ ХЯТАДУУД АВААД МАНАЙХ АВАХГҮЙ ХЭРЭГ ҮҮ
Хамгийн их уншсан