Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” үйлдвэрийн цэнгүүн эгэл ажилчдын баяр боллоо


Нар хур тэгширсэн намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 11-нд буюу өнгөрсөн бямба гарагт зууны уурхайчид “Эрдэнэт” үйлдв эрийнхээ 35 жилийн ойн баярыг цэнгэлдэх хүрээлэнд ёслөл төгөлдөр тэмдэглэлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 35 жилийн ойд зориулсан “Бид зууны уурхайчид” цэнгүүн, “Гэгээн өглөөний бахархал”, “Гэрэлт өдрийн омогшил”, “Цагаан үдшийн түрлэг” нэртэй гурван хэсгээс бүрдсэн юм. Энэ өдрийн үйл ажиллагаа Байгаль орчны хэлтсээс хэрэгжүүлж буй “Ногоон төгөл” төслийн нээлтээр эхлэв. Үйлдвэрийн болон аймгийн удирдлагууд, цех, хэлтсийн дарга нар ургах нартай уралдан парк музейн самбарын урд байгуулсан ногоон төгөлийн цэцэрлэгт цуглалаа. Хүн бүр ногоон малгайтай, хүндэтгэлийн ширээ нь ногоон бүтээлэгтэй, эх орны хөрсөнд ургасан гоёмсог цэцэгсээр хүрээлүүлсэн замтай, навчин сандалтай төгс бүрдэл бүхий орчин тэднийг угтсан. “Ногоон төгөл” төслийн нээлтэнд Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар оролцож, Шинэчлэлийн Засгийн газрын “ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг дэмжиж “Гавшгай 15 залуу”-г ажиллуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад Хөдөлмөрийн сайд, Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн талархлын бичгийг гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч мод тарих өдөртэй болохыг зарлигдсанаас хойш Эрдэнэтийнхэн үйлдвэрийнхээ бүсэд 115 мянган мод тарьжээ. Мөн “Эко Ази” компанитай хамтран 23 га газар биологийн нөхөн сэргээлт хийсэн бөгөөд зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэр цаашид манлай нөхөн сэргээлттэй, ногоон бодлоготой компани болохын төлөө зорьж ажиллана гэж Ерөнхий захирал хэлсэн үгэндээ онцолсон. “Ногоон төгөл”-ийн 30 га талбайг цэцэрлэгжүүлэх хайлаас, гүйлсийн анхны 70 тарьцыг төслийн нээлтэнд оролцогчид мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр суулгасан нь сайхан өдрийн тааламжтай эхлэл байсан юм. Эндээс бид цэнгэлдэх хүрээлэнг зорилоо.

Одон тэмдгээ энгэртээ гялалзуулсан гоёлын дээл, хувцастай анхдагчид, ажиллагсад үр хүүхдүүдээ дагуулан цэнгэлдэхийн зүг хөвөрч байв. Гэсэн ч “Бид зууны уурхайчид” цэнгүүн эхлэх цаг хэдийнэ болсон ч хүн цөөхөн цугласан харагдав. “Эрдэнэт” үйлдвэрийн аливаа үйл ажиллагаа цагтаа эхэлдэг заншил ёсоор цэнгүүн эхэллээ. Улаан даашинз, цагаан хослолтой хөтлөгчид Монгол, Орос хэлээр “Эрдэнэт” үйлдвэр хийгээд уурхайчид, баяжуулагчдыг магтан дуулсан яруу эгшиглэнт үгс урсгаад баярын сүрт жагсаал талбайд орж ирэхэд цэнгэлдэх хүрээлэн цөөн хүнтэй байгаагийн учрыг сая ойлгов. Үзэгчид болох ажиллагсад бүгд баярын жагсаалд эгнэжээ. Хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд, төрийн дээд одон медиальтнууд, хүндэт дэвтэрт бичигдэгсэд, Тюряковын шагналтнууд ар араасаа баяр ёслолын байдалтай орж ирсний хойноос цагаан толгойн үсгийн дарааллаар Авто тээврийн байгууллагаас цехүүдийн жагсаал эхэллээ. Геологи хайгуулын ангийнхан, ерөнхий захиргааны үйлчлэгчид, засвар механикийн заводын төмрийн бурхад, цагаан нөмрөгт эмнэлэг сувиллынхан, “Эрд сүлж”-ийн үйлчид, Шинжилгээний төв лабораторийн хүрээ хүүхнүүд, Дулааны цахилгаан станцын ажил хэрэгч хувцастай гал манагчид, Төмөр замын цехийн ган замчид, “Хангарьд”-ын тамирчид, Цахилгаан цехийн үндэсний хувцастай жагсагчид содон байлаа. Түүнээс гадна Дотоодын цэрэг, Гэрээт цагдаагийн тасаг, Онцгой байдлын ангийн сүрт жагсаал нь “Эрдэнэт” үйлдвэр улсын онцгой объект гэдгийг илтгэнэ. “Зил- 130” машинтай “Илгээлтийн эзэд”-ийн дүрд хувирсан үйлдвэрийн ажиллагсад хийгээд “Уурхайчин” соёлын ордны жүжигчдийн үзүүлбэр олны сонирхлыг ихэд татсан.

“Бид зууны уурхайчид” цэнгүүний нээлтийн үйл ажиллагааг “Уурхайчин” соёлын ордны найруулагч Д.Одончимэг “дэглэсэн” нь юун аймгийн наадам, юун Аглуу... Манайхан чинь ийм чадвартай юм уу гэх үг чих дэлсэв. Цэнгүүний нээлтийн ёслолд “Эрдэнэт” үйлдвэрийн тугийг Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Д.Жигмэдцэрэн, гавьяат уурхайчин Т.Батсайхан нар цэнгэлдэх хүрээлэнд тусгайлан зассан хүндэтгэлийн индэрт залж авчирлаа. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монгол Улсын хөгжил дэвшилд оруулсан олон жилийн хувь нэмрийг өндрөөр үнэлж Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК- ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэсэн зарлигийг сонордуулж, төрийн дээд одонг “Эрдэнэт” үйлдвэрийн туганд хүндэтгэлтэйгээр зүүсэн нь гэрэлт өдрийн ЖИНХЭНЭ омогшил байв. Цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон түмэн, “Эрдэнэт” үйлдвэрийн баялаг бүтээгч ажиллагсад одонгоо уухайн түрлэгтэй, баярын нулимстай хүлээн авсан юм. Монгол, Оросын төрийн далбаа тэнгэрт мандаж, төрийн дуулал эгшиглэлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ:
-Их ой тэмдэглэнэ гэдэг өнгөрснөө дүгнэн цэгнэж, ирээдүйн ажлаа тодорхойлон төлөвлөх торгон агшин байдаг. Геологи хайгуулын ангийн хөгжлийг өндөр түвшинд гаргаж, лицензтэй талбайг ашиглалтанд оруулах замаар хүдрийн нөөцийг өсгөж үйлдвэрийнхээ насыг уртасгах, 2014 онд багтаан үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар өнөөдрийн хүчин чадлыг өсгөн 35 сая тоннд хүргэх, цаашид цэвэр зэсийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулах гээд биднийг олон ажил, их хөгжил, гэрэлт ирээдүй хүлээж байна гэж онцлов.

Зууньг уурхайчдын цэнгүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Төрийн өмчийн хорооньг дарга Д.Цогтбаатар, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул А.В.Федулов нарын албаны хүн оролцож үилдвэрийн ажиллагсдад хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүдрийн ил уурхайн автогрейдерчин Д.Даваа Гавьяат уурхайчин, Авто тээврийн байгууллагын хэсгийн дарга Р.Жанчивдорж, Эрчим хүчний цехийн засварчин Ч.Нямдалай, Технологийн сургуулийн мэргэжлийн сургалт хариуцсан орлогч Л.Батаа нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр, Авто тээврийн байгууллагын хэсгийн дарга Д.Чадраабал, Засвар механикийн заводын гагнуурчин Т.Санах, Чанар хяналтьгн хэлтсийн чанар шалгагч Ч.Тэрбиш нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, “Алтан гадас одон”-гоор 40 гаруй хүн энгэрээ гоёлоо. Цехүүдийн асрыг талбайн дотор байрлуулсан нь тун оновчтой шийдэл болжээ. Наадмын эхний даваанууд үзэгчгүй явагддаг уламжлал энд давтагдсангүй. Ажиллагсад цехийнхээ асарт дайлуулангаа өөрийн бөхөө дэмжин уухайлж сууцгаах нь тааваараа сайхан. Бай шагналыг ажиллагсдадаа олгож баярлуулах зорилгоор гаднаас бөх барилдуулаагүй нь наадмыг улам сонирхолтой болгосон. Тэр цехийн залуу бөх гээд зарлахад 40 орчим насны, өмнө нь зодог шуудаг өмсч байгаагүй болов уу гэмээр нөхөр гарч ирээд эв дүй муутайхан дэвж шавах нь олныг хөгжөөнө. “Бид зууны уурхайчид” баярын цэнгүүнд зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг улс, аймаг, цэргийн цолтой болон  цолгүй залуу бөх зодоглосон. Энэхүү барилдааньг их шөвөгт Эрчим хүчний цехийн мастер, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Монгол улсын харцага Н.Саранцогь, Булган аймгийн Бугат сумын харьяат, Дотоодын цэргийн харуул, сумын заан Д.Эрдэнэсайхан нар шалгарч тус бүр нэг сая төгрөг, өргөмжлөл, дурсгалын медаль хүртлээ. Тус барилдаанд Дотоодын цэргийн 58 дугаар салбар ангийн ажилтан, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн заан Д.Гантөмөр түрүүлж, Засвар механикийн заводын диспетчер, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, аймгийн арслан Я.Адъяасүрэн үзүүрлэлээ. Түрүүлсэн аймгийн заан Д.Гантөмөр өргөмжлөл, алтан медаль, гурван сая төгрөг хүртсэн бол үзүүрлэсэн аймгийн арслан Я.Адъяасүрэнг өргөмжлөл, мөнгөн медаль, хоёр сая төгрөгөөр байлав. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг өндөрт өргөж яваа тамирчдыг компанийн 35 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар мөнгөн шагналаар шагнав. Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд түрүүлсэн БФ-ийн ажилтан, Улсын хошой мэргэн Л.Отгонбаярыг 10 сая, шагналт байр эзэлсэн спортын мастер Н.Өлзийхутагийг таван сая, Улсын баяр наадмаар харцага цол хүртсэн Д.Оюунболдыг 10 сая, Улсын начин цолоо баталсан Э.Энхбатыг хоёр сая төгрөгөөр тус тус шагналаа. Цэнгүүний үеэр явагдсан “Хөгжилтэй буухиа” тэмцээнд 27 цехийн 270 ажилтан оролцов. Тэмцээний нэгдүгээр байрт Дулааны цахилгаан станцын баг шалгарсан бол удаах байрыг Авто тээврийн байгууллага ,Эрчим хүчний цехийн баг эзлэв. Мөн сагсан бөмбөг шидэлтийн тэмцээнд 29 багийн 145 ажилтан оролцсон бөгөөд Эрчим хүчний цехийн ажиллагсад багийн дүнгээр түрүүлж, Дулааны цахилгаан станц, Геологи хайгуулын ангийн баг удааллаа.

Цэнгүүн цагаан үдшийн түрлэг шоу тоглолтоор үргэлжилж “Хурд”, “ЕХТАСҮ”, “Оutlaw” хамтлаг, дуучин Баярцэцэг, Солонго болон “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Эхлэлээсээ төгсгөл хүртлээ ажиллагсдаа баярлуулсан цэнгүүний үйл ажиллагаа гайхамшигг ёслолын буудлагаар өндөрлөлөө.

М.ОДГЭРЭЛ, Т.БАТЧУЛУУН

Гэрэл зургийг: Ж.ОЮУН, А.БАЯСГАЛАН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан