Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор-Өвөрхангайг холбосон хатуу хучилттай замыг маргааш нээнэ

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ жил зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөсөн. Үүнээс Өмнөговь, Хөвсгөлийн замд ажил гүйцэтгэж байгаа хоёр аж ахуйн нэгжийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж хасч, шинээр компани оруулахыг Засгийн газрын хуралдаанаас Зам тээврийн сайд Л.Гансүхэд даалгасан. Энэ талаар салбарын сайд Засгийн газрын бүтээн байгуулалтын цаг дээр ярихдаа, “Дорнод аймгийн замын явц долоо хоногийн дотор 11 хувийн өсөлттэй байна. Үүнд “Насны зам” компани ажиллаж байгаа. Тус компанийнхан бичгээр мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд цаг агаарын онц хүндрэл тохиолдохгүй бол арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгана” гэж мэдэгджээ. Дундговь аймгийн замд 40 км зам дутуу байсныг 20 км-т нь Хятадын хөрөнгө оруулалттай Шиньжан Жингуан гэдэг компани гүйцэтгэхээр болжээ. Үлдсэн 20 км-т орон нутгийн чадавхи сайтай компанийг оруул гэсэн ч яамнаас тавьсан шаардлагыг хангаагүй учир “Тэнжинь Шинэ гүүр замын бүтээн байгуулалт” компанийн нэрийг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа явуулжээ. Дээрх хоёр компанийн нэрийг Хөгжлийн банкинд хүргүүлсэн байна. Хөгжлийн банкныхан материалтай нь танилцаад ажлыг нь эхлүүлэх аж. Хөвсгөлийн замд зам барьж байгаа HKB гэдэг хятадын компани үргэлжлүүлэн зам барихаар болжээ. Ингэснээр техник, тоног төхөөрөмж зөөж хугацаа алдахгүй ажил гүйцэтгэх аж. Харин маргааш Баянхонгор, Өвөрхангай аймгийг холбосон хатуу хучилттай замыг нээх юм бол Улаанбаатар-Сайншандыг холбосон хатуу хучилттай замыг ирэх сарын 5-нд нээх аж.
Энэ жилийн тухайд төмөр зам болон хатуу хучилттай зам барихад нийтдээ 603,9 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Үүнээс 455.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар буюу Чингис бондын мөнгөнөөс гаргасан байна. Үүнд 7200 ажлын байр шинээр бий болжээ.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан