Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Беларусь Монгол хоёр хамтарсан үйлдвэр байгуулна


Беларусь улсын Ерөнхий сайд Михаил Мясникович Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Беларусь нь 1992 онд буюу Зөвлөлт задран унасны дараагаар тусгаар болсон жилдээ манай улстай дипломат харилцаа тогтоосон цагаас  хоёр улс энэ удаагийнх шиг өндөр дээд, өргөн хэмжээний уулзалт хийж байсан түүх үгүй. Беларусийн Ерөнхий сайдыг дагалдан Боловсролын сайд, Зэвсэг техникийн хамтын ажиллагааны хорооны дарга, Гадаад хэргийн сайд, бизнесийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн нь тус улс манай улстай найрсаг, харилцан ашигтай хамтран ажиллахад ямаршуу ач холбогдол өгч байгааг харуулсан явдал.

Энэ уулзалтаар хоёр улсын  иргэдийг харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурав. Мөн боловсролын салбар, цэрэг техникийн болон хил гаалийн салбарт тодорхой чиглэлүүдээр хамтрах санамж бичиг, гэрээнүүдэд хоёр улсын Ерөнхий сайд нар болон холбогдох яам, албадын сайд дарга нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Шинээр байгуулсан гэрээний хүрээнд манай улс нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт Беларусьтай хамтарсан компани байгуулах, дээд сургуулиудтай харилцаагаа өргөжүүлэх төдийгүй тус улсад үйлдвэрлэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн техникийг угсрах үйлдвэрийг энд байгуулах талаар ярилцан тодорхой тохиоролцоонд хүрсэн байна. Беларусийн талаас Монголын мал аж ахуй болон уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах, ноос ноолуурын бүтээгдэхүүнийг худалдан авахад таатай нөхцөл бүрдүүлэхээр боллоо.

Беларусь гэхээр манайхан тэр бүр сайн мэддэггүй. Үүнээс болоод энэ улстай хамтран ажиллах хэрэг байна уу, ирээдүйтэй юу уу  гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Зөвлөлт задран унасны дараагаар үлдсэн олон ядуу, буурай орны нэг биз гэх хүн ч гарах биз. Тиймээс энэ улсын талаар тодруулга өгөх нь зүйтэй.
Социализмын үед хөдөө орон нутагт хамаг л хүнд хүчир ажлыг нугалдаг байсан “Беларусь” трактор, ачааны “МАЗ” машин, Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр дээр ажилладаг “Белаз” маркийн аварга том өөрөө буулгагч гэхээр бараг бүгд мэднэ. Найдвартай, бат бэх, засвар хийхэд хялбар эдгээр техник одоо ч ажиллаж л байгаа. Харин дийлэнх нь эдгээр техникийг Зөвлөлтийнх гэж мэдэхээс үйлдвэрлэдэг байсан улс нь Беларусь гэдгийг тэр сайн мэддэггүй байлаа.
Зөвлөлт задран унасны дараагаар 1992 онд тусгаар тогтнолоо олсон Беларусь манай улстай олон зүйлээр төстэй. Манайхтай адил 1990-ээд онд эдийн засаг, улс төрийн гүн хямралд орсон. Далайд гарцгүй, газрын тос, шатахуун гээд чухал зүйлсээрээ Оросоос бүрэн хамааралтай. Зөвлөлтийн үед өндөр ачаалалтай байдаг үйлдвэрүүд нь захиалгагүй зогсож, хөдөө аж ахуй ба хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай нь хямраад хэцүүдсэн. Гэвч долоо дордож найм сэхдэгийн үлгэрээр хөл дээрээ тогтож чадсан гэж болно.

Беларусийн эдийн засгийг авч явдаг гол салбарууд нь газрын тосны боловсруулалт, калийн бордоо олборлолт, уул уурхай, төмөрлөг ба хөдөө аж ахуйн машин механизмын үйлдвэрлэл.

Гэхдээ Беларусь нь онцлогтой. “Гаалийн холбоо” нэртэй эдийн засгийн байгуулагын гишүүн орон юм. Энэ холбоонд Беларусиэс гадна ОХУ, Казахстан ордог болохоор Европын холбооны хилээс манай урд хөрш хүртэл үргэлжилсэн асар өргөн уудам нутгийг хамардаг. Гаалийн холбооны гишүүд хоорондоо гаалийн татварыг арилган, бусад улсуудын хувьд нэгдсэн татвартай. Иймээс холбооны дотоодод бараа бүтээгдэхүүний эргэлт хурдсан өрсөлдөөн идэвхжсэнээр чанар дээшлэх, газрын тос ба шатахууны үнэ багассанаар тээврийн зардал буурах гэх мэт давуу талтай. Беларусь энэ холбоонд нэгдэснээр хэд хэдэн давуу талтай болжээ.

Тухайлбал, Оросоос гаалийн татваргүйгээр нийлүүлсэн газрын тосоор өөрийн боловсруулах үйлдвэрүүдийг бүрэн ажилтай болгосон. Ингэснээр дотоодын зах зээл дээрх шатахууны үнийг хямдруулсан. Харьцуулахад, манай улс энэ холбооны гишүүн улс биш болохоор Оросын тал нийлүүлж байгаа шатахуундаа маш өндөр татвар ногдуулдаг. Тиймээс ч бидний хэрэглэж байгаа шатахууны үнэ Беларусийнхээс өндөр. Гэхдээ цаашид, газрын тосны хараат байдлаас гарахын тулд Венесуэль гэх мэт улсуудтай гэрээ хийн түүхий эд авах, эдгээр улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэрээ байгуулж чадсан. Тиймээс хамгийн багадаа л газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах дээр туршлагыг нь судлах боломж байна.

Төмөрлөгийн үйлдвэрүүд нь түүхий эдээ Орос, Казахстанаас галийн татваргүйгээр оруулж ирэх боломжтой болсон. Ийм байдал мэдээж үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт эергээр нөлөөлж байгаа нь ойлгомжтой.
Цэрэг техникийн хамтын ажиллагааны хувьд Беларусь  бидэнд маш олон оронтой хамтран ажилладаг. Тухайлбал, Вьетнамын армийнхантай уулзан ярилцаад нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэх, тусгай зориулалтын компьютерийн үйлдвэрлэл, радио илрүүлэлт, радио электрон тагнуулын төхөөрөмж хамтран үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээ тавьж байсан юм. Одоогоор Беларусьт үйлдвэрлэгдсэн, байлдааны техник, зэвсэгийн 70 хувь нь экспортлогддог.
Уул уурхайн болон хөдөө аж ахуйн машин механизмын үйлдвэрлэлийн хувьд дээр дурдсан. “Белаз” компанитай манай улс одоо ч хамтран ажиллаж худалдан авдаг төдийгүй техник үйлилчгээний мэргэжилтнүүдээ Беларусьт сургаж байна. Уул уурхай, хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх зорилттой байгаа манай улсын хувьд Беларусьт үйлдвэрлэсэн хүнд техник нь үнийн сонголт хийх боломжийг гаргаж байгаа юм.

Төмс, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлэхэд дэлхийн хэмжээнд маш өргөн ашиглагддаг калийн бордооны нөөцөөр Беларусь нь дэлхийд гуравдугаарт ордог. Тиймээс энэ чиглэлэээр ч хамтран ажиллах бүх боломж бидэнд байна.
Энэ мэтээр манай хоёр улсын хооронд харилцан ашигтай ажиллах, ирээдүйтэй маш олон салбар байсаар ирсэн одоо олон салбар шинээр бий болж байна гэж болно. Газар нутгийн байрлалын хувьд алс хол байрласан, харилцаа сул байсан улсууд гэхэд манай хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн жилд гэхэд 112 сая ам.доллар болж байв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг боломжтой үедээ Беларусть айлчлах урилга хүлээн авсан болохоор удахгүй энд байгуулсан гэрээгээ баталгажуулах, илүү нарийн судалгаа хийх боломж бидэнд гарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан