Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таныг ажилгүй болгож мэдэх 10 таагүй хөдөлгөөн

Та ямар нэгэн ажилд орохоор танилцуулгаа өгчихөөд, тухайн байгууллага таныг ярилцлагад урьж байна уу. Эсвэл та дөнгөж ажилд орчихоод “шинэ цэрэг” байна уу. Ажилгүйдэл ихэссэн, мэдлэг мэргэжилтэй залуучууд олон болсон үед таньд өрсөлдөгч олон байгаа нь мэдээж. Нөгөө талаас алив байгууллагын дарга удирдагч, хүний нөөцийн ажилтнууд гэдэг өлөн нүдтэй, байгууллагадаа хэрэгтэй хүнийг л авна гэж бодож байгаа нь мэдээж. Тэд зөвхөн таны танилцуулга, өргөдөл, анкет төдийгөөр таны мэдлэг чадварыг мэдэхээс гадна таны яриа, гадаад төрх, тэр бүү хэл хөдөлгөөн бүрийг чинь анаж, энэ ер нь ямаршуухан хүн бэ гэж харж байгаа. “Уулзалтын анхны мөчөөс л хүний нөөцийн мэргэжилтнүүд тухайн хүний талаар өчнөөн олон мэдээлэл цуглуулж, олж харж чаддаг” гэж “Анх уулзахдаа хэл яриа, биеэрээ яаж таатай сэтгэгдэл төрүүлж болох вэ” гэдэг номондоо хэл яриа, биеийн шинжээч Патти Вуд бичсэн байдаг.
Энэ удаа ажилгүй хоцорч мэдэх 10 алдаатай хөдөлгөөний тухай өгүүлж байна.

Гарыг нь итгэлгүй сулхан барих
Таныг ярилцлагад урьсан бол тэр хүнийхээ нүд рүү хараад үл ялиг инээмсэглэж, гарыг нь нэг их хүчтэй ч биш, гэхдээ сул биш барь. “Гарыг нь итгэлтэй чангахан барь, гэхдээ базчих хэрэггүй. Хэргийн гол нь гарын алга гэдэг харилцааны эхлэл. Тэгэхээр алгаа нийлүүлээд чангахан барь. Гарын алгыг нь таван хуруугаараа бүтэн барьж атга” гэж өнөөх Патти Вуд бичсэн байна. Сулхан юм уу, хурууных нь үзүүрийг барина гэдэг өөртөө итгэлгүйн шинж.

Хэтэрхий тулж харьцах
Тухайн менежертэй хэт ойроос тулж, яг өөр лүү нь эгц битгий харьц. Тодорхой орон зайнаас хүндэтгэлтэй харьц.

Элгээ тэврэх
Гараа цээжиндээ зөрүүлж элгээ тэврэх нь ихэмсэг ч юм уу, үл тоомсорлосон байдал илэрхийлдэг. Үүний оронд гараа чөлөөтэй байлгаж ярихдаа дохио зангаа ашиглах нь дээр. Ингэвэл харин ч эрч хүчтэй, эрмэлзэлтэй харагдана. Нөгөө талаар дохио зангаа нь сэтгэн бодох болон дууны өнгө зэрэгт сайнаар нөлөөлдөг.

Үсээ илэх, толгойгоо маажих
Энэ бол мэдээж таныг бухимдангуй байгааг харуулахаас гадна хүүхэд шиг л харагдуулна гэж хэл яриа биеийн хөдөлгөөний шинжээч Патти Вуд хэлээд энэ чинь хүний нөөцийн менежерт огт таалагдахгүй гэжээ.

Буруу суух
Эгц, зөв суу. Сандал дээр хайш яйш суух нь ажил хэрэгч биш харагдахаас гадна яриа, сэтгэн бодоход чинь муугаар нөлөөлдөг.

Харааны харилцааны дутагдал
Ярьж байхдаа өөр тийш анхаарах нь хамгийн муу. Нүдний хөдөлгөөний тусламжтайгаар хүний тархины янз бүрийн хэсэг идэвхтэй ажилладаг. Тэгэхээр ярьж байгаа хүнийхээ нүд рүү, ялангуяа тэр хүнийг ярьж байхад нүд рүү нь харж бай. Нүд гэдэг харилцаа тогтоох гол багаж гэнэ.

Хайхрамжгүй байдал
Та анхаарлаа төвлөрүүлж, тухайн хүнтэйгээ л харилц. Ярилцаж байхдаа цагаа харах, гар утасныхаа дэлгэц рүү бүү анхаар.

Баргар царайлах
Таны нүүрэнд өчүүхэн ч төдий инээмсэглэл харагдахгүй байна гэдэг таныг бухимдуу, хөгжилтөй биш бас нөхөрсөг биш гэдгийг л харуулна. Ярилцлагын үед аль болох инээмсэглэхийг эрхэмлэ.

Аргаа барсан хөдөлгөөн
Ярилцаж байх үедээ нүүрээ илэх, халаасандаа гараа хийж тэнд байгаа зүйлсээр оролдох, хумсаараа оролдох, хэмлэх  нь маш том алдаа. Таныг нэг л тавгүй хүн юм уу даа гэж бодоход хүргэнэ.

Гараа ширээн доогуур оруулах
Гараа ширээн доогуур оруулж, өвдөг дээрээ тавьж хэрэггүй. Гараа ширээн дээр юм уу, суудлын хашлага дээр тавьж хэрэгтэй үед дохих зангах, хөдөлгөхөд чөлөөтэй байлга. Ер нь хүний нөөцийн ажилтнууд гарын хөдөлгөөнөөр таныг хэр нээлттэй, илэн далангүй хүн бэ гэдгийг хардаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан