Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нараа хүлээсэн ургац, шимээ хүлээсэн тариаланчид

ҮХАА-н сайд Х.Баттул­гаар ахлуулсан холбогдох албаны хүмүүс болон сэтгүүлчдээс бүрдсэн баг ургац хураал­тын явц болон Дархан-Уул аймгийн аж үйлдвэрийн цогцолборын ажилтай танилцахаар Сэлэнгэ аймгийг зориод ирлээ. Төв аймгийн Баянбулаг сум өнгөрмөгц л алтан тариан түрүү давалгаалж уудам хөндийн цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалан явсаар их үдийн орчим эхний зогсоол болох Сэлэнгэ аймгийн Орхон сумын төвд ирлээ. Биднийг ирэх сургаар тариаланчид маань ургацын дээж болсон өнгө өнгөөр алаглах нарийн ногоогоо ширээ дүүрэн өржээ. Сумын төвөөс зүүн зүгт холгүйхэн байх жижигхэн толгой олны хөлд дарагдав. Хүнсний ногоо, жимсний чанамал, дарс тэргүүтнээр дүүргэсэн ширээ өнгө алаглана. Хөдөө нутгийн цэнгэг агаар, шинэ ургацын ногооны үнэртэй холилдон сэн хийх нь төв суурингийн бидэнд бал бурам мэт санагдана. Орхон сумын тариаланчдын хувьд төмс голцуу хүнсний нарийн ногоо тариалах бөгөөд зарим нэг нь өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй болжээ. Нэрс, хад, үхрийн нүд болон тэдгээрийн чанамал, тарвас, чацаргана мөн нарийн ногоо харагдах аж.  Эндээс тариаланчдын гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох зөгийн бал, чанамал зэргийг худалдан авах нэгэн ч байлаа.

Ургац хураалтын ажил, байдалтай танилцахаар яваа биднийг шинэ ургацын дээжээр дайлж цайлан нутгийн айраг ундаагаа ч гайхуулаад авсан. Бужигнасан олны дунд Орхон сумын тариаланч А.Туултай цөөн хором ярилцсан юм.

Тэрээр 30 гаруй жил газар тариалан эрхэлж байгаа нэгэн. “Энэ жил ургац тааруу, хавар зундаа бороо их орсон болохоор буудайн болц муу байна. Тийм болохоор ургац хураалт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад оройтжээ” хэмээсэн юм. Үнэхээр ч ургац хураалт өнгөрсөн жилүүдээс 20-иод хоногоор оройтож байгаа аж. Урьд жилүүдийг бодвол хур арвин байж малчдыг баярлуулсан ч тариаланчдад төдийлэн сайнаар нөлөөлсөнгүй бололтой. Хөрс тийм ч их халаагүй учраас үр тариа, хүнсний ногооны болц ч сайнгүй байгаа гэнэ. Төмс, байцаа, тарвас, лууван гэхчлэн өргөн хэрэглээний ногоо хэмжээний хувьд жижгэвтэр байгаа нь анзаарагдсан.

Давчуу цагт их ажил амжуулах болохоор Орхон сумаас хөдлөн замдаа гарч Сэлэнгэ аймгийн Жаргалант суманд ирсэн. Үтрэмийн талбайд аймгийн Засаг дарга болоод тариаланчид биднийг угтахаар цугласан байв. Хээрийн салхинд халиуран найгах тариан түрүү сэрчигнэн шуугиж, намар цагийн өнгө налгар дулаахан өдрийн нарны туяатай сүлэлдэх нь нэг л таатай. Хараа цуцам уудам хөндийд ургац хураан айсуй хүчит комбайн, таракторууд тэртээ алсаас зэрэглээтэн дөхөхийг харахад “ургацын талбайд шуугиан тасрахгүй...” хэмээдэг “Алтан намар” дууг өөрийн эрхгүй аялмаар.

Газар тариалангийн салбарт бодлогын чанартай хөрөнгө оруулалт хийж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болоод төр засаг, яам тамгын газраас багагүй дэмжлэг үзүүлсний үрээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж, цаашид экспортлох боломж олгож байгаа юм. Манай улс жил бүр дунджаар 700 гаруй мянган тонн ургац хураадгаас 400-470 гаруй мянга нь улаан буудай байдаг. Газар тариалангийн оргил үе гэгддэг 1985-1988 онд жилдээ дээд тал нь 640 мянган тонн буудай хураан авч байсан гэдэг. Энэ жилийн хувьд 490 мянга орчим тонн буудай хураахаар төлөвлөсөн нь дээрх тоонд хамгийн их дөхөж очиж буй билээ. Энэ жил улсын хэмжээнд 313.7 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянгад нь тосны ургамал нийтдээ 393.5 мянган га газар тариалалт хийсэн нь сүүлийн таван жилээс ахисан тоо юм. Жаргалант сумын нутагт саатах зуур тариаланчид салбарын сайдтай тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шаардлагатай гэж үзсэн асуудлыг цааш хэлэлцэхээр болсон юм.

Тариаланчдын хувьд намар болж сэрүү ормогц л тариа хураах ажилд хэрэглэх шатахуун, хураасан тариагаа хадгалах агуулах сав, техник хэрэгсэл тэдгээрийн засвар үйлчилгээ гээд тоймгүй олон зовлон тоочдог байсан бол энэ намар борлуулалтын асуудал л санааг нь зовоож байгаа аж. Болц муутай, чийгийн агууламж ихтэй үр тариа гурилын үйлдвэрүүдэд очихоор голж шилэх нь их байдаг аж. Жилийн гурван улиралд борви бохисгүй ажилласан тариаланчдын нөр их хөдөлмөр гурилын үйлдвэрүүдийн үүдэнд өөлүүлж гоочлогдсоор үнэ нь унадаг нь тариалан эрхлэгчдийн санааг ихэд зовоож байх шиг санагдсан. Сэрүү унаж, цас дарахаас өмнө тариагаа хураан авахад бэлэн болсон тариаланчид “Улаан буудайн чийгийн агууламж 17 хувьтай байна. Гэхдээ гурилын үйлдвэрүүд чийг ихтэй гээд үнийг нь унагах нь элбэг. Гэтэл бидэнд дэлгэж хатаахаас өөр боломж бололцоо, техник хэрэгсэл алга. Бид чинь байгаль, цаг уурын аяыг л харж ажилладаг хүмүүс шүү дээ” хэмээн өгүүлж байлаа. Үнэхээр ч бүтэн жил хөлс хүч, сэтгэл зүтгэлээ шингээн байж ургуулсан үр тариаг нь үйлдвэрлэгчид маань анх хэлсэн үнэнээс нь даруй 20-30 хувь бууруулдаг нь урмыг нь хугалсан хэрэг болдог аж. Хурааж авсан ургацаа үтрэмийн талбайдаа дэлгэж хатаахаас өөр аргагүй тариаланчидад гурилын үйлдвэрүүдтэй адил хатаах технологи байхгүй болохоор үнэ унах гол шалтгаан болдог аж. Хэдийгээр жил ирэх бүр арвин ургац хурааж, ургацын далайд умбаж байгаа ч тариа буудайгаа хэрхэн борлуулах вэ гэдэг нь тариаланчдыг ч тэр, Засгийн газрын ч шүдний өвчин болоод байна. Манай улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, түүнээс ч давуулан биелүүлэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэрүүдтэй. Жилдээ 240 мянган тонн гурил хэрэглэдгийн багагүй хувь нь импортынх байгаа нь хөндөх болсон сэдэв юм. Жишээ дурдахад, “Алтан тариа” ХК 140 мянган тоннын багтаамжтай ба дотоодын нийт хэрэгцээгээ дангаар хангаж чадах хүчин чадалтай ч ОХУ-аас улаан буудай авдаг нь иргэдэд хачирхалтай санагдах биз. Энгийнээр ойлгоход тонн тутмын үнэ болоод чанарын асуудал сөхөгдөнө. Хэрэгцээгээ хангаж чадахуйц байхад гадны тогоо руу өнгийдөг эл эгэл бус тогтолцоог нэг тийш болгохоор яам, Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч дотоодын буудайн тонн тутмын үнийг 300 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ нь дотоодын зах зээлээ хамгаалах, цаашид өөрсдийн бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлэх гэсэн бодлого юм.  Гэвч үр тариа гурилын үйлдвэрт очмогц 220, 230 мянга хүрэхтэй үгүйтэй болж хувирдаг нь тариаланчдад дарамт болж буй хэрэг. Тийм ч учраас Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа ч тонн буудайн нийт зардлаас хэтрэхгүй байх нь олонтаа. Өнгөрсөн жил л гэхэд тонн нь 230 мянган төгрөг болтлоо буурсан буудай энэ жил ч гэсэн зардлаа нөхөж чадахгүйд хүрэхийг хэн ч таашгүй. Тариаланчдын хувьд тариалан эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал олгож байгаа нь нэлээдгүй дэмжлэг болж буйг дурдаж байсан. Мөн энэ жилийн ургац хураалтад 1100 орчим комбайн ажиллах ба техник засвар үйлчилгээний ажил 90 гаруй хувьтай байгаа гэнэ.
Энэ үеэр ургац хураалт болон яамны зүгээс ямар бодлого барин ажиллах тухай ҮХАА-н сайд Х.Баттулгатай цөөн хором ярилцлаа.


Х.Баттулга: Хоёр хөршдөө буудай экспортлох боломжтой

-Ургац хураалт эхэлж байгаатай холбогдуулан тариаланчидтай уулзлаа. Тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Тариалангийн голлох бүс нутгуудаар явлаа. Ойрын үед бороо орохгүй цаг агаар тогтуун байна гэсэн мэдээлэл байгаа учир улаан буудайн болц гүйцчих болов уу гэж бодож байна. Харин тариаланчдын хувьд ургацаа хураачихдаг ч дараа нь борлуулах газар олдохгүй байх гэсэн болгоомжлол их байгаа бололтой. Энэ асуудлыг хүлээн авлаа. 

-Улсын хэмжээнд хэдий хэмжээний үр тариа агуулах боломжтой байдаг юм бол?
-450 мянган тонн тариа хураах урьдчилсан бланс гарсан. Аж ахуйн нэгжүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүд нийтдээ 500 орчим тонн үр тариа агуулах боломжтой.

-Энэ салбарт төрөөс ямар бодлого хэрэгжүүлбэл үр дүнтэй харагдаж байна?
-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг байдаг. Сүүлийн гурав, дөрвөн жил зүтгэсний эцэст газар тариалангийн салбар овоо сэргэх хандлагатай байна. Тийм ч учраас гадаад улс орнуудаас улаан буудай өгөөч гэдэг байснаа одоо танай улсад улаан буудай экспортолъё гэж хэлэхээр болсон байна. Энэ бол амжилт. Манай урд хөрш л гэхэд асар олон хүн амтай, хүнсний маш том зах зээл. Хойд хөрш маань ч ялгаагүй. Харин манай тариа будаа бордоо бага хэрэглэдэг эрүүл хүнс учраас хоёр хөршдөө буудай экспортлох санал тавьж болох юм гэж харагдаж байна.


Үйлдвэржсэн ирээдүй үндэсний дархлаа

Ургац хураалтын ажилтай танилцаж тариалан эрхлэгчдийн үгийг сонссон бид Дархан хотын зүг хүлгийн жолоо заллаа. Жаргалант сумаас 40 орчим км хатуу хучилттай замаар хурдлан давхисаар зорьсон газраа ирэв. Хотоос багахан зайд зүүн урд зүгт байрлах Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод дулааны цахилгаан станцыг түшиглэн баригдах арьс шир боловсруулах үйлдвэр барих газар ирсэн нь энэ билээ. Нийт 15 га газар хамран байгуулагдах аж үйлдвэрийн цогцолборын ажил тооцоо судалгааны шатандаа явж буй бөгөөд ирэх оноос барилга угсралтын ажил нь эхлэх гэнэ. Улаанбаатар хотоос гарч баруун зүгт 22-ын товчоо өнгөрмөгц л арьс, шир боловсруулах үйлдвэрүүд болон төв цэвэрлэх байгууламжийн хэцүү үнэр ханхалдгийг хэн хүнгүй мэднэ. Буруу төлөвлөлтийн балаг гэж хэлж болох дээрх байгууллагуудыг хотоос зайдуу барьж байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд эл ажлын эхлэл нь Дарханд баригдах арьс, шир боловсруулах үйлдвэр гэнэ. Улаанбаатарын баруун захыг эзэлсэн арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх нэг цэгт төвлөрүүлэх их бүтээн байгуулалтын эхлэл болж байгаа юм. Манай улс жилдээ 8-10 сая арьс, шир боловсруулдаг нь дэлхийн өөр хаана ч байхгүй үзүүлэлт аж. Мөн боловсруулах технологийн хувьд ч эртний уламжлал, туршлага байгаа нь энэ салбарт амжилт олоход томоохон нөлөө үзүүлэх юм. Гадаад улс орны жишгийг тандахад манай хагас боловсруулсан арьс, ширэн бүтээгдэхүүнээс импортлох сонирхол их байдаг нь эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэх боломжтой гэнэ.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай үйлдвэрийн хүчин чадал болоод ажлын байрны тухай ярилцлаа.


С.Насанбат: Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нэг дор төвлөрүүлснээр орон нутгийн дэд бүтцийн хөгжилд томоохон түлхэц болно

-Үйлдвэр жилд 8-10 сая арьс боловсруулах хүчин чадалтай гэсэн. Үүнийг дагаад ажлын байр төдий чинээ нэмэгдэх байх?
-Монгол Улсын Засгийн газрын долдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар дахь арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг Дархан хотод нүүлгэн шилжүүлэх тогтоол гаргасан. ҮХААЯ-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад үйлдвэрийн газар олгох тухай судалгааны ажлыг хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Үүний дагуу үйлдвэр баригдах газарт ирээд байна. Арьс ширний үйлдвэр нь уур, ус, эрчим хүчний эх үүсвэртэй ойр байх ёстой гэсэн шаардлагын дагуу цахилгаан станц болон төмөр замаа түшиглэн байгуулахаар болсон. Одоогоор холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Нийт 15 га газар олгох бололцоотой хэмээн үзэж зохих шийдвэр тушаалыг гаргасан. Эл үйлдвэр бий болсноор орон нутагт ажлын байр бий болох таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Орон нутгийн зүгээс анхаарах ёстой гол зүйл бол цэвэрлэх байгууламжийг анхааралдаа авч ажиллах нь чухал юм. Учир нь, энэ газраас 100 орчим км-ын цаана дэлхийн цэнгэг усны нөөц болсон нуур, голууд элбэг учир орон нутгийн засаг захиргаанаас явж байгалийн тогтоцод хэрхэн нөлөөлөх талаар судалж үзлээ. Түүнчлэн үйлдвэрүүдийг нэг дор төвлөрүүлснээр орон нутгийн дэд бүтцийн хөгжилд томоохон түлхэц болно

-Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал ямар байх бол, мөн хөрөнгө оруулалт нь хаанаас гарах вэ?
-Яамны зүгээс Азийн хөгжлийн банкинд хандан 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр яригдаж байна. Төсөв хөрөнгийн тухайд ерөнхийд нь яам хариуцан ажиллана.

-Арьс шир боловсруулах үйлдвэрээс гадна Дархан хотыг түшиглэн үйлдвэр технологийн парк байгуулах тухай яригдаж байгаа?
-Техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, тендер нь зарлагдаад явж байна. Бид өнгөрсөн зургадугаар сард дэлхийн томоохон мэргэжилтнүүдийг урьж, Монголд техник технологийн паркийг хэрхэн нутагшуулах, тэр дундаа Дархан хэрхэх талаар зөвлөгөө заавар авч бодлогын чиг баримжаагаа тодорхойлсон. Энэ сарын 22-24-ний өдөр Солонгост болох Дэлхийн үйлдвэр, технологийн зөвлөгөөнд манай талаас оролцон туршлага судлахаар болсон. Ер нь, Дарханы үйлдвэр, технологийн парк нь төмөрлөгийн үйлдвэрлэлдээ суурилсан барилга, барилгын материалын үйлдвэрлэлээ түшиглэн бий болно гэсэн төлөв хандлагатай байгаа. Энэ нь үйлдвэржсэн ирээдүйг бий болгоход багагүй нөлөө болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан