Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Норвеги уул уурхайн орлого, татвараас 7 хоногт нэг тэрбум доллар хуримтлуулдаг

Бараг Европ даяар бүсээ хэрхэн чангалах тухай бодож байх хооронд Норвеги харин уул уурхайн салбараас олж, цааш хийсэн мөнгөө хэрхэн зарцуулах тухай толгойгоо ажиллуулж сууна. Газрын тос, байгалийн хийгээс орж ирсэн мөнгөө  хадгалж, ухаалгаар хөрөнгө оруулсны ачаар өдгөө тус улсын бие даасан хөрөнгийн сан ижил төрлийн сангуудаасаа дэлхийд хамгийн томд тооцогдох болж, ердөө долоон жилийн дараа буюу 2020 он гэхэд нэг триллион ам.долларын хөрөнгө чинээтэй болохоор байна. Харин одоогийн тооцоогоор бол Норвегийн санд 670 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдэж байна. Үүгээр бол Норвегийн хөрөнгө оруулалтын сан улсынхаа нийт эдийн засгаас 40 хувиар давжээ. Энэ тоо хэтэрхий их сонсогдож байна уу.
Гэхдээ тэд энэ их мөнгийг хуримтлуулж босгохын тулд хөрөнгийн зах зээлд толгой заран тоглосон юм. Тэд зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2011 онд Apple компанид эзэмшдэг хувьцаагаа 20 хувиар бууруулж, Vodaphone, ExxonMobile зэрэг компанийн хувьцаанаас ч  нэлээд хэсгийг зарсны ачаар үүрч болзошгүй эрсдлээс сангаа хамгаалжээ. Хамгийн сүүлчийн жишээ хэлэхэд л Facebook-ийн хувьцаа байна.  Facebook компани хувьцаа гаргах тухай зарламагц Норвегийн хөрөнгийн сангийн шинжээчид тус компанийн гаргах хувьцааны давуу болон сул талыг судалж, олох ашиг, болзошгүй эрсдэл алдагдал бүхнийг сайтар тооцож үзсэн байна. Ингээд тэд хувьцаа худалдан авсан. Гэвч Facebook-ийн хувьцаа эхэндээ ямар асуудал үүсгэснийг уншигчид санаж буй биз ээ. Худалдан авагчид илүү их алдагдал хүлээхээсээ өмнө хувьцаагаа зарахаар сандарч тэвдсэн бол норвегичууд харин яарсангүй. Түүний дүнд тэд Facebook-ийн хувьцаанаас огтхон ч алдагдал хүлээгээгүйгээр барахгүй харин ч өнөөдөр сангаа арвижуулахад нь багагүй хувь нэмэр оруулж. Норвегийн тэтгэврийн сан/Норвеги бие даасан хөрөнгө оруулалтын сангаа ингэж нэрлэдэг/-гийн мэргэжилтэн шинжээчид эрсдэлийг урьдчилан тооцож байсан учраас бүх зүйлд бэлтгэлтэй байж.
Долоо хоногт хэдэн тэрбум ам.доллараар гүйлгээ хийдэг энэ сангийн Норвеги дахь төв оффист 200, Нью-Йорк, Лондон, Шанхай, Сингапур зэрэг дэлхийн санхүүгийн төвд 100 гаруй мэргэжилтэн шинжээчид ажилладаг байна. Тэдний ажлын уур амьсгал Уолл Стритийн хөрөнгө оруулагчдаас хамаагүй өөр, илүү тайван, бодолтой, бага зэрэг академик ч гэж хэлж болно. Тэд зах зээлийн элдэв чимээ шуугианд автаж, яаран сандран хувьцаа авч, зардаг хүмүүс биш ажээ. Тэдний үүрэг бол газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалын нөөц дууссаны дараа ч улс орноо цааш аваад явахуйц хөрөнгө мөнгийг босгох.
Норвеги өнөөдөр  газрын тос, байгалийн хийн салбарын татвар, орлого зэргээрээ Газрын тосны сандаа долоохон хоногийн дотор нэг тэрбум ам.доллар хуримтлуулж байна. Тэд энэ их мөнгийг зүгээр л хав дараад суусангүй. Тэд дэлхий дээр худалдаалагдаж буй нийт хувьцааны нэг хувийг эзэмшиж байна. Харин Европт бол хөрөнгийн биржид бүртгэлтэй бүхий компанийн хувьцааны хоёр хувь нь тэдний мэдэлд очжээ.
 Норвегийн сан ингэж амжилттай ажиллаж байгаа нь үе үеийн Засгийн газар, эрх баригчид нь газрын тосноос олсон орлогыг нэгдсэн сандаа төвлөрүүлэх ёстой гэдэг байр суурийг тасралтгүй баримталж, энэ талаар хэзээд нэг санаа бодолтой байсны үр дүн.
Норвегийн сан зөвхөн мөнгө олохын тулд ажилладаг газар биш ээ. Тэд хөрөнгө оруулалтын тодорхой стратеги болоод хэрхэн ажиллахыг нь тодорхой заасан зарчимтай. Тэдний зарчмаар бол сан урт хугацаанд ашиг өгөхөөр, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, нийгэм тэр аяараа үр шимийг нь хүртэхүйц төсөлд хөрөнгө оруулах ёстой. Тийм ч учраас тэд хөрөнгө оруулахаар хамтран ажилладаг компаниудаа хүүхдийн хөдөлмөрийн эсрэг зогсох, хүүхдийн эрхийг хамгаалах талаар ажиллахыг давхар шахаж шаарддаг байна. Иймэрхүү ажлын үр дүн хэдэн жилийн дараа ч биш, бүр хэдэн арван жилийн дараа гарах гэлээ ч бид зүгээр нэг мөнгө босгохын тулд хүчээр ажиллах бус харин утга учиртай ажилладаг гэж сангийн гүйцэтгэх захирал ноён Слингстад ярьж байна.
 Норвегийн бодлого боловсруулагчид хөрөнгийн сангаа цаашид яаж аюулгүй, эрсдэлгүй авч явах дээр одоо ухаан зарж байна. Тэдний зарим нь хөрөнгийн сандаа бүтцийн өөрчлөлт хийж,  нэг том биш нэлээд хэдэн сан болгох хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь, Норвегийн ирээдүйг даатгасан тэр их хөрөнгө мөнгийг ганцхан санд төвлөрүүлсэн хэвээр байвал ялихгүй ганц алдаа ч улс орны ирээдүйд нөлөөлөхөд хүрнэ гэж тэд тайлбарлаж байгаа юм. Норвегийн парламентын сонгуульд ялж, олонх болоод байгаа Консерватив намын лидерүүд ч энэ талаар бодож үзэж байгаа гэдгээ мэдэгдэж байна. Тус намын дарга Эрна Солберг хэлэхдээ “Нэг биш хоёр юм уу гурван сантай болох тухай бид нухацтай ярилцах болно. Мэдээж, өрсөлдөөнд бий болговол үр дүн нь ч сайжрах болно” гэсэн байна.
Тэгэхээр норвегичууд ойрын үед хөрөнгө оруулалтын сангаа цааш хэрхэн ажиллуулах талаар түүхэн гэж хэлж болох шийдвэр гаргах бололтой. Зарим шүүмжлэгчид санг хэтэрхий их хувьцаа худалдан авч байна, түүний оронд дотоодынхоо дэд бүтцийг сайжруулах, судалгаа шинжилгээ хийхэд хөрөнгө оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Гэвч дотооддоо хэтэрхий их хөрөнгө оруулах нь эдийн засгаа халаах эрсдэлтэй юм. Норвегичууд ийнхүү хэдэн зуун тэрбумаар тоологдох уул уурхайн хөрөнгөө хаана, юунд хэрхэн зарцуулах вэ хэмээн бодол болж байхад Европын бусад хэсэгт зардал төсвөө яаж багасгах вэ гэж толгойгоо гашилгасаар.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан