Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жагсаалын солиорол

Улс оронд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх учиртай УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Олон хүн энэ чуулганыг хүлээж, чухал шийдвэрүүд гараасай гэж найдаж байгаа. Ингээд нэлээд сүр дуулиантайгаар хурал эхэллээ. Төрийн ордны дотор УИХ-ын ээлжит бус чуулган хаалгаа нээж, Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг хэлэлцэхээр УИХ-ын гишүүд ажилдаа ороод байв. Харин Төрийн ордны гадаа  “Гал үндэстэн” холбооныхон “урт нэртэй” хуулийг өөрчлөх болсонд дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал хийсэн юм. Гэтэл гэнэт буун дуу гаргаж, гар бөмбөг шидлээ гэх мэт мэдээлэл чуулганы нээлттэй зэрэгцэж, багагүй сандаргав.

Цагдаа, онцгойнхон, Төрийн тусгай хамгаалалтынхан гээд хууль, хүчний байгууллагыг түргэн авахуулсан уг үйл явдлаас болж Төрийн ордны ойр орчимд онц байдал зарлахад хүрэв. Хэсэг хугацаанд Төрийн ордон руу хэнийг ч оруулахгүй, мөн гаргахгүй хөл хорио тогтоосон.
Хэрэв тэдний шидсэн гар бөмбөг дэлбэрсэн бол гэсэн айдас Төрийн ордонд байсан олон хүнийг түгшээсэн. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Төрийн ордны хамгаалалтын албаныхныг эсэргүүцэхдээ Ц.Мөнхбаяр буу алдаж, гохоо дарсан ч гэв. Юутай ч, Төрийн ордон руу нэвтэрч, Ерөнхий сайдад шаардлагаа хүргүүлэх гэж явсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр буудсан учир түүнийг саатуулсан. Тэдний шаардлагад “Засгийн газрын 2012-2016 он хүртэл үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэх заалтыг сануулж БОНХ-ийн сайд С.Оюунд хүргүүлсэн тухай 2013.5.13-ны өдрийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг нэг цагийн дотор батлах, хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 30 минутын дотор татаж авахыг тулган шаардаж байна” гэж бичсэн байсан гэнэ.
Тэгвэл энэ үйл явдал болохоос өмнө сэтгүүлчид рүү утасдаж “Төрийн ордон, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Шангрилагийн өмнө тэсрэх бөмбөг тавьсан шүү. Болгоомжтой байгаарай” гэж хэлсэн тухай яриа гараад амжив. Үүнээс нь харвал тэд урьдаас зохион байгуулж, төлөвлөсөн бололтой. “Гал үндэстэн” холбооныхон буу, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэж, Төрийн ордон руу дайрахаар зэхэж байсан болж таарлаа. Хэдийгээр “урт нэртэй” хуулийг эсэргүүцэж байна гэх ч тэдний хийж буй үйлдэл хэр хэмжээнээсээ хэтрэв. Эсэргүүцлээ илэрхийлэх эрх нь нээлттэй ч зэр зэвсэг агсаж, олныг айдаст автуулах нь эрх чөлөөгөө хэтрүүлсэн үйлдэл гэж харагдаж байна. Зөвхөн Төрийн ордноор зогсохгүй өөр газарт тэсрэх бөмбөг байрлуулсан гэсэн мэдээлэл зөвхөн сэтгүүлчдэд бус цагдаагийнханд хүрч, хөл хорио тогтоон, шалгасан нь олон хүнийг түгшээсэн юм. Шалгалтаар тэсрэх бөмбөг илэрч, Төрийн ордны ойр орчмын байгууллагуудын үйл ажиллагааг зогсооход ч хүрсэн.   
Өмнө нь төв талбайдаа жагсаал цуглаан хийж, уриа лоозон барьж, эсэргүүцлээ тайван замаар илэрхийлдэг байсан цаг түүх болж, сүүлийн үед нэг л буруу үйлдэл газар авах нь. Ардчиллыг тайван замаар авчирсан гэж гайхуулдаг манай улсад иргэд буу барьж, босдог болтлоо бухимдалтай байгаа хэрэг үү. Хэдийгээр бухимдал байгаа ч илэрхийлж буй энэ аргыг яагаад ч зөвтгөж боломгүй. Азийн тайван орнын нэг Монголын нэр хүндийг л доош татах үйл явдал болсон нь тодорхой. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж хичээж байгаа энэ үед Төрийн ордон руугаа буудаж, гар бөмбөг шидэж, төрийн байгууллага, яам тамгын газартаа тэсрэх бөмбөг байрлуулсан талаархи мэдээлэл цагцагдахгүй өнгөрнө гэж үгүй. Тэгэхээр энэ бол хэн нэгэн, хэсэг бүлэг хүнийг ухвар мөчид үйлдлээс болж нийтээрээ хохирч мэдэх аюул дагуулж мэднэ.  
    
Ц.Мөнхбаяр гэж хэн бэ

Ц.Мөнхбаяр Монголын гол, нууруудын хөдөлгөөний тэргүүн, “Онги гол” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч. Гэхдээ түүнийг Онги голоо аврах хөдөлгөөн өрнүүлж, тэмцэж чадснаар олон улсын нэр хүндтэй шагналын эзэн болсноос нь хойш илүүтэй мэдэх болсон. 2007 онд тэрээр байгаль орчны чиглэлийн дэлхийн хамгийн нэр хүндтэй Гольдманы шагналыг хүртэж байсныг мэдэх хүн цөөнгүй. Онги голын эхэнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай тэмцэж, иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулан усаа хамгаалсан гэж энэ шагналыг олгожээ. Шагналыг 125 мянган ам.доллар дагалддаг юм.    

Цэцэгээгийн Мөнхбаяр өдгөө 46 настай, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ-ын даргаар хоёр ч удаа ажиллаж байж. Мөн Дундговь аймгийн ИТХ-д ажиллаж байсан гэдэг. Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлзүйн дээд курсийг төгссөн, сумандаа телевиз байгуулж байсан тухай мэдээлэл бий. “Онги гол” хөдөлгөөнийг 2001 онд байгуулж, бусад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хөдөлгөөн, холбоог нэгтгэсэн юм.  Түүний нэгтгэн зохион байгуулсан хөдөлгөөнүүдийн нэгдэл “Гал үндэстэн” холбооныхон өмнө нь төв талбайд морьтой жагсаал хийж, Төрийн ордон руу нум сумаар харваж байсан удаатай. Түүнээсээ өмнө тэд тус холбооны тэр­­­гүүн Ц.Мөнхбаяр, гишүүн О.Самбуу­-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг нар бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэж, сүйтгэсэн гэх үндэслэлээр хоригдож ч байсан. Тэднийг Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамга” компанийн усан бууны генератор руу буудаж, бусдын эд хөрөнгөд халдсан хэмээн эрүү үүсгэн шалгаж байсан. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник рүү 22 удаа, “Сентерра гоулд” компанийн техник рүү гурван удаа буудсан хэрэгт татагдаж байв. Гэсэн ч шүүхээс тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Энэ бол 2011-2012 он дамжин болсон үйл явдал.
Уул уурхайгаас эдийн засгаа бүрдүүлдэг манай улсын хувьд сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, хүндхэн байдалд орсон. Хөрөнгө оруулалтын 74 орчим хувь нь зөвхөн уул уурхайгаас орж ирж буй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж “урт нэртэй” хуулиар уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан учир энэ бүхнээ нээлттэй болгох шийдэлд хүрээд байгаа. Эсэргүүцсэн болгоныг нь дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боох тусам улс орон маань хүнд байдал орж, нөгөө улиг болтол ярьсан Голланд өвчин гээчийг тусчихаад байна гэхэд буруудахгүй болов уу. Тиймээс өчигдөр болсон “Гал үндэстэн” холбооныхны тэмцэл “Голланд” өвчин нь сэдэрч, солиорол руу хөтөлж буйн нэг жишээ.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан