Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИЕ ЗАСАХ ГАЗАР ШИГ ТОХИЖИЛТТОЙ ЦАЙНЫ ГАЗРУУД МООДОНД ОРЖЭЭ

Хятадад 00 өрөө буюу бие засах газар шиг засч чимэглэсэн цайны газар, кафе ихэд моодонд орж байна. Ийм өвөрмөц сүлжээ кафе Бээжин, Шанхай, Ханжоу гэх мэт хотод олноор нээгджээ. Хамгийн сүүлд гэхэд л Тайваньд нээгдсэн бөгөөд дунд сургуулийн сурагчид, оюутнуудын орж тухлах хамгийн дуртай газрын нэг болсон аж.

Ийм кафены ширээ нь угаалтууртай төстэй бол суудлууд нь зөөлөвч тавьсан шаазан суултуурууд. Цайны газрын дотор талыг нь угаалгын өрөөнд байдагтай адил жижиг хавтангаар чимж амны алчуурын оронд ариун цэврийн цаас ширээн дээр тавьж. Тасалгааны гэрлийн бүрхүүл нь шүршүүр хэлбэрээр хийгдсэн төдийгүй тасалгаан дотор гишгүүртэй хогийн сав олныг байрлуулсан аж.
Ийм өвөрмөц дотоод засалтай кафены хоол унд нь ч 00 доторхи зарим зүйлтэй төстэй. Жишээлэхэд, бор өнгөөр хийсэн зайрмагийг жижигхэн шаазан суултуур шиг аяган дотор хийж өгдөг.
Бээжинд нээгдээд удаагүй “Pian pian Ву” нэртэй зоогийн газрын цэсийг хөрвүүлэх нь бүү хэл уншихад ч заримдаа нүүр улайм гэнэ. Зоогийн газрын нэрийг нь орчуулбал “Хорголоор дүүрэн байр” юм байх. Дотор нь зарагддаг этгээд гаж нэртэй хоолны үнэ нь боломжийн болохоор элдэв хорио цээрийг үгүйсгэх дуртай дүрсгүй хүүхдүүд, оюутнууд орж хоол идэх дуртай. Тухайлбал, энэ зоогийн газрын зайрмаг нь 26 юань байдаг гэнэ.
Энэ мэт өвөрмөц газар, өвөрмөц маягаар зассан орон байранд кафе, цайны газар, зочид буудал барих нь сүүлийн хэдэн жил зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн олон оронд газар авах хандлагатай болжээ. Тухайлбал, Австралийн Тасмани мужийн хуучин сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эмнэлгийн цогцос хадгалах өрөөг  засч янзлан зочид буудал байгуулсан байна. Сэтгэцийн хүнд эмгэгтэй, хүний аминд хүрч байсан хүмүүс хоригддог, тэдний цогцсыг хадгалдаг байсан газар хоноглон эр зоригоо шалгах гэсэн хүсэлтэй хүн олон байгааг нэгэн бизнесмен ийнхүү ашиглахаар шийджээ.
Германы Кассел дахь хаягдсан шоронг мөн л зочид буудал болгон хувиргасан нь сониуч зантай хүмүүсийн хөлд дарагдсан тухай мэдээлж байна. Шоронгийн тасалгаа, цонхны тор, төмөр ширээ, төмөр суултуур гэх мэт зүйлийг өөрчлөөгүй тэр хэвээр нь хадгалсан тул өвөрмөц зочид буудалд хоносон хүн хоригдлуудын мэдэрч буйг мэдэрдэг гэнэ.
Японы Осака хотын Наканошима цэцэрлэгт хүрээлэнд байрладаг нийтийн бие засах газрын нэг өрөөг люкс зэрэглэлийн зочид буудлын өрөө болгон тохижуулжээ. Хоногийн 130 ам.доллар төлөөд 22 ам.метр талбайтай, шүршүүр, ортой, тусдаа ваннтай энэ өрөөнд тухлаж болно. Хамгийн хачирхалтай нь, нийтийн бие засах газар хэвийн ажилладаг болохоор өвөрмөц өрөөнд хоног төөрүүлсэн хүн ийм газар нь гардаг бүх л дуу чимээг сонсдог гэнэ.
Их Британийн Суссекс гүнлэгт илжигний жүчээг зочид буудлын өрөө болгон өөрчилжээ. Баггинс нэртэй илжигний жүчээг хоёр хүний ор, утасгүй интернэт, халаалт, ширээгээр тохижуулсан байна. Ийм өвөрмөц өрөөнд нэг хоноход 12 фунт. Библи сударт Христ нь ийм жүчээнд төрсөн гэж гардаг болохоор Зул сарын баяр ойртоод ирэхээр өвөрмөц буудалд хонож үзэх хүсэлтэй хүний тоо эрс нэмэгддэг аж. Зочид буудлыг байгуулагчид нь олсон мөнгөө цусны цагаан эсийн хорт хавдрын судалгаа хийдэг байгууллагын данс руу шилжүүлдэг аж.
Германы Берлин хотноо хуучин Ардчилсан Германы уур амьсгалыг харуулсан өвөрмөц зочид буудал байдаг. Энэ зочид буудлын ханын цаас, тавилга, эд хогшил нь тэртээ 1970-аад онд өдгөө үгүй болсон Ардчилсан Герман улсад үйлдвэрлэсэн жинхэнэ хуучны эд. Буудлын орны толгойд Ардчилсан Германы төрийн тэргүүн асан Эрих Хоннекерийн зургийг өлгөсөн гээд хонож байгаа хүнд цаг хугацааны машинд суугаад 20-30 жилээр ухрав уу гэсэн сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.
Харин Швейцарийн Готтхардад хуучин их бууны сумны агуулах байсан 250 метрийн гүнд байрладаг агуйг 17 өрөөтэй, номын сан, зоогийн газар, бассейнтэй тансаг зочид буудал болгон зассан байдаг. Гадны элдэв чимээ шуугианаас хол, нам гүм орчин болохоор орж тухлах дуртай хүн олон байдаг аж.
Шведийн Юккасярви нэртэй жижиг хотын ойролцоо, Хойд туйлаас ердөө 200 км-ийн зайтай газар жил болгоны 12-4 дүгээр сард цас мөсөөр барьсан өвөрмөц зочид буудал нээгдэн ажилладаг. Жил болгон зочид буудлыг барихдаа янз бүрийн уран барилгач, дизайнерийг урьдаг болохоор жилээс жилд өөр өөр хийц загвартай баригддаг. 30 мянган тонн цаас, 10 мянган тонн мөсөөр барьсан зочид буудлын өрөөнүүдэд тогтмол хасах 5-10 градус хүйтэн байдаг тул зочдыг нэгээс илүү хонуулдаггүй гэнэ.
Бразилийн Рио Негро голын эрэг дээр дээр төмөр мэт бат бэх халуун орны өндөр модон дээр, газраас 15 метрийн өндөрт зочид буудал байгуулсан байдаг. Найман том модны орой дээр байрласан зочид буудлын өрөөнүүдийг дүүжин гүүрээр холбодог.
Австрийн Оттенсхайм хотын цэцэрлэгт хүрээлэнд “Dasparkhotel” нэртэй өвөрмөц зочид буудал бий. Энэ буудлыг бохир усны шугам сүлжээ барихад ашигласан аварга том цементэн хоолойгоор барьжээ. Хоолойн дотор хоёр хүний ор, шүүгээ байрлуулан цахилгаан татсан бөгөөд хүмүүс дотор нь толгойгоо бөхийлгөлгүй явах боломжтой юм байна.
Нэгэн хэвийн байдлаас залхсан, байнга шинийг эрэлхийлж байдаг хүмүүс энэ мэт өврмөц дизайн бүхий онцгой кафе, цайны газар, зочид буудлаар үйлчлүүлэхдээ мөнгө хайрладаггүйн дээр дараа нь “Facebook”, “Twitter” дээрх өөрийн хуудсандаа зураг хөргөө байрлуулж сайрхах дуртай гэнэ. Улмаар ийм газрууд нь жуулчдыг ихээр татаж, хот, тосгоныхоо төсвийг ихээхэн зузаатгаж өгдөг болохоор хотын удирдлагууд ч бариулах дуртай байдаг аж.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан