Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЛТАА АВДАРЛАХ УУ, АЛДАХ УУ

Алт олборлолт чамла­хааргүй байгаа ч төв банкинд тушааж буй нь багассан асуудал үүсгээд буй. “Bloomberg”-гийн мэдээнээс үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголбанк 1.5 тонн алт худалдан авч, алтны нөөцөө 5.8 тоннд хүргэсэн байдаг. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Алт тушаалт энэ оны эхний хагас жилийн байдлаар 55 хувиар нэмэгдсэн” хэмээсэн.

Төв банкны мэдээллээр өнгөрсөн долдугаар сарын байдлаар 2.6 тонн гаруй алт худалдан авчээ. Хөрөнгө оруулалтыг бүхий талаар дэмжиж, урин дуудсан хууль үйлчилж алтны уурхай борооны дараахь мөөг шиг нээгдэж байх үед Монгол Улс жилд 24 тонн алт олборлож байсан удаа бий. Гэвч 2006 оноос хойш алт олборлолт жил бүр буурч ирсэн. Ингээд 2010, 2011 онд 6-5 тонн болж буурав.
Энэ бол Ашигт малтмалын газраас алт олборлогчдын уулын ажлын тайлан буюу жилд хийх ажлын төлөвлөгөөнөөс тоо­цон гаргасан судалгаа. Харин Монгол­банкинд тушаасан алтны хэмжээ олборлосноосоо бага байгаа юм.
Тухайлбал, 2011 онд 2.5, өнгөрсөн жил 1.5 тонн алт төв банкинд тушаасан мэдээлэл бий. Алт тушаалт буурсан нь 2006 онд гарсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, хүмүүсийн нэрлэж заншсан гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас үүдэлтэй.

Уг хууль төрөх үед унци алт 700 ам.долларт хүрч байв.  Энэ хуулиар унци алтны зах зээлийн үнэ 500 ам.доллараас илүү гарвал гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах болсон билээ.  Төд удалгүй унци нь 1000 ам.доллар хүрэх үед уг босго үнийг 800 ам.доллар болгож өөрчилсөн. Чухам энэ үеэс л төв банкинд тушаах алтны хэмжээ буурч,  далд наймаа эхэлсэн түүхтэй. Үнийн өсөлтөөс авах энэ татварын хууль 2011 он хүртэл үргэлжилсэн. Гэвч дээрх хууль хүчингүй болсон ч, араас нь  Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль /урт нэртэй хууль/  батлагдаж, дарин дээр давс нэмсэн явдал болсон билээ.  Энэ хууль төрсөн цагаасаа л олон лицензийг цуцлах болж, төсвийн мөнгөнөөс нөхөх олговор олгоход хүрлээ хэмээн маргаан үүссэн юм. Нөгөө талаар, хууль хэрэгжихгүй байна гэсэн асуудал ч босч ирэв.

Тухайлбал, уг хуулийг 2009 оны долдугаар сарын 16-нд баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээс таван сарын дотор хориглосон бүс нутагт байгаа лицензүүдийг цуцлахаар заасан байдаг. Гэтэл хуулиар хориглосон талбайн хил заагийг тогтоох ажил удааширсан тул нэг заалт нь хэрэгжихгүй удах шалтгаан болжээ. Эл хуулиар хориглосон хил заагт  хайгуулын 909, ашиглалтын 427 лицензийн талбай бүхэлдээ болон хэсэгчилэн багтжээ.  Үүнээс гадна цуцлагдах ёстой алтны шороон ордын 242 лиценз эзэмшигчдийн нэхэмжилсэн 222.5 тэрбум төгрөгийн нөхөх олговор, түүнд аудит хийх зардлын санхүүжилт байсангүй. Иймд уг хууль хэрэгжилгүй гацаанд орсон хэрэг. 

Лицензийн төлбөр, хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал нь 659.5 тэрбум төгрөг гэж гарлаа. Тэгэхээр дээрх лицензүүдийг цуцлах тохиолдолд улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө дор хаяж гарах нь. Энэ мөнгөн дүнг задлаад үзвэл хайгуулын лицензийн төлбөр 155.5, ашиглалтынх 52.2 тэрбум төгрөг. Мөн хайгуулын ажилд зарцуулсан мөнгөн дүн  нь 451.8 тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгөн дүнг гаргахдаа нэг  ам.долларыг  1480 төгрөгөөр тооцжээ.  
Уул уурхайн салбарт орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалт 33 хувиар буурсан тооцоо бий. Үүний 6.6 хувь нь урт нэртэй хуульд ногдсон судалгаа гарав. Ашигт малтмалын үнэ хямдарч, улсын төсөв бүрдэлт муудсан. Гэтэл лиценз нь цуцлагдахаар үйл ажиллагааг нь зогсоосон алтны шороон ордуудаас орж ирэх орлого 20 хувиар буюу 30 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан байна. Тэгэхээр, урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дараахь эерэг үр дагвар гарна хэмээн үзэж байгаа юм. Тухайлбал хууль хэрэгжихгүй байгаа гацаа арилна, улсын төсвөөс  нөхөх олговрын мөнгө гарахгүй болно, хуулиар хориглосон талбайд лиценз олгохгүй уурхайн үйлдвэрлэлд өртсөн байгаль орчинг нөхөн сэргээнэ, хуулийн үйлчлэл тодорхой болсноор хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилах ажээ. Товчхондоо, гол ус ширгээж буй хариуцлагагүй уул уурхайг зогсоох, цаашдаа ойн санг сүйтгэхгүй байх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

Үүнээс гадна Алтны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх тухай хуулийн төсөл ч УИХ-д өргөн бариад байгаа. Эл хууль батлагдсанаар алт тушаалт эрс нэмэгдэнэ хэмээн үзэж буй юм. Уг хуулийн төсөлд нөөц ашигласны төлбөр таван хувь байсныг 2.5 болгон бууруулахаар тусгажээ. Энэ нь, алт тушаалт нэмэгдэх нэг алхам болно. Гэвч алт олборлогч компаниудын Ашигт малтмалын газарт гаргаж өгдөг  тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлд нь хяналт тавих механизм тодорхой болоогүй. Иймд тухайн компани хэдэн тонн алт олборлоод хэдийг нь тушааж буй нь бүрхэг хэвээр үлдэх магадлал бий аж.  
Хэрэв энэ хоёр хууль батлагдвал Монголбанкинд алт тушаах нь нэмэгдэж, улсын төсөвт алтны уурхайгаас орох орлого тодорхой хэмжээгээр өснө гэсэн үг.  
Мөн бүрэн хэрэгжилгүй гацаанд урт нэртэй хууль үүргээ гүйцэтгэх боломж бүрдэх юм. Товчхондоо, алтаа алдах бус авдарлах ажээ. Угтаа, улсын  алтны нөөц, экспорт нэмэгдэнэ гэдэг нь валютын сан хөмрөг зузаарч эдийн засгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэх юм.

0 Сэтгэгдэл
МАНАЙ ТӨР ЗАСАГ КОМПАНИУДААР ГАЗРАА УХУУЛЖ АЛТ ОЛБОРЛУУЛЧИХААД АЛТАА УЛСЫН БАНКИНДАА ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙЖ БАЙГАА. ТЭД ӨГӨХ БОЛОВУУ? ЯАХ БОЛ?
Хамгийн их уншсан